• Өнөөдөр 2025-11-01

Б.БАЯНДҮҮРЭН: ЭСГИЙ УРЛАГТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 30 ЖИЛ БОЛ МИНИЙ БАХАРХАЛ

2025-09-20,   1482

     Зураач Б.Баяндүүрэнгийн "Гэгээ" үзэсгэлэнд зочилж, түүний эсгий урлалаар туурвисан уран бүтээлтэй нь танилцлаа. Монголын уламжлалт гар урлалыг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан хөгжүүлж яваа тэрбээр 1980 оноос эсгий урлаг, сэргээн засварлагч, Дүрслэх Урлагийн дээд сургуульд багшаар ажиллаж байсан төдийгүй 2005 оноос чөлөөт уран бүтээлч болсон юм. Эсгийгээр зураг зурах нь ноосны ширхэг бүрээр дүр төрх бүтээж, хэлбэрийг нь хадгалах гээд өндөр ур чадвар шаарддаг бөгөөд энэ нь түүний уран бүтээлийн онцлох хэсэг юм. Мөн Орос, АНУ, Энэтхэг, Тайван, Саха Якут зэрэг улсын 80 гаруй үзэсгэлэнд эсгий уран бүтээлээрээ амжилттай оролцсон билээ. Ингээд зураач Б.Баяндүүрэнтэй ярилцсанаа хүргэе.

–Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эсгий урлагаар хэдий хугацаанд бүтээлээ туурвиж байгаа вэ?

         -Би уран зураач мэргэжилтэй, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, чөлөөт уран бүтээлч. Эсгий урлагтай амьдралаа холбосноос хойш өдгөө 30 жил болж байна. Энэ хугацаанд тасралтгүй уран бүтээлээ хийсээр ирсэн. Энэ жил 30 жилийн ойгоо тохиолдуулан томоохон хэмжээний үзэсгэлэн гаргаж байгаа. Мөн гэр бүлийн гишүүн болох хүү маань ч бас уран бүтээл туурвидаг. Багаасаа миний хийж буйг харж өссөн нь нөлөөлсөн хэмээн боддог.

–Багаасаа л зураач болохыг мөрөөдсөн болов уу?

        -Дөрвөн настайгаасаа зурах дуртай байсан. Ах дүү, хамаатнууд ирэхэд тэднийг хараад, заалгаад зурдаг байлаа. Ээж маань намайг их дэмждэг байсан. 10 жилд байхад зургийн дугуйланд оруулсан нь миний хувь заяаг шийдсэн юм. Уг нь би бүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч зураг намайг соронз мэт татаж, ингэж уран зураач болсон доо. 1974-1978 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг уран хатгамал, гобелены ангиар төгссөн. 1984-1988 онд Улсын Багшийн Их Сургуульд уран зургийн анги дүүргэж, ардын зураач Одон багшийн отгон шавь нь болсон. Сүүлд Дүрслэх урлагийн дээд сургуульд багшилж, олон шавь төрүүлсэн.

–Тэгвэл эсгий урлаг руу хэрхэн хөтлөгдөж байсан бэ?

        -1995 онд Соёлын өвийн төвд ажиллаж байхдаа олон улсын эсгий урлалын симпозиумд оролцсон. Тэндээс анхны эсгий бүтээл болох эмэгтэй хүний малгай хийж сурсан. Түүний дараа “Цэцэгтэй натюрморт” гэх анхны эсгий зураг маань бүтсэн. Тэр зураг бол миний уран зургийн мэдлэг, ноостой ажиллах нарийн ажиллагаа хосолсон, бүтэн сар гар өрөөгөө чөлөөлөөд сууж байж хийсэн бүтээл. Яг тосон зураг шиг өнгө ялгалт, уран бичилт хийхийг зорьсон. Хүмүүс тэр үед гайхаад “Энэ юу вэ?”, “Оёсон юм уу?”, “Наасан уу?”, “Ноос уу, хатгамал уу?” гэж асуудаг байлаа. Тэгэхэд л би өөртөө: “Эсгий уран зураг бол шинэ зам юм байна” гэж ойлгосон.

–30 жилийн турш юу эсгий урлаг руу таныг ингэтлээ татсан юм бол?

          -Эсгий бол маш зөөлөн, уян материал. Хийх тусам илүү сонирхолтой болдог. Гар хүрэх болгонд шинэ санаа төрнө. Тэгээд чи дахин дахин өөр бүтээл хийхийг хүсдэг. Эсгий бол зөвхөн хэрэглээний зүйл биш, уран сайхны өндөр түвшинд хөгжих боломжтой урлаг. Би зүгээр л эсгий зураг хийгээгүй, зулмал уран зураг, тусгай рельеф бүхий 3D зураг, баримал хэлбэртэй бүтээл, эсгий хувцасны орчин үеийн загвар, интерьерийн хэрэглээ гээд олон технологийг туршиж, хөгжүүлсэн. Эсгийгээр хана, дуу чимээг зөөллөх интерьер хийц, загварын шоуны хувцас, тоглоом, хүүхэлдэй, бэлэг дурсгал гээд олон төрөлд ажиллаж ирсэн.

–Энэ хугацаанд хэдий хэрний үзэсгэлэн, томоохон арга хэмжээг дурдвал?

          -1980 онд “Хүүхдийн жил”-д зориулсан "Жаргалант ирээдүй" бүтээлээрээ үзэсгэлэнд оролцсон нь миний уран бүтээлийн гараа байсан. “Хавар”, “Намар” зэрэг МУЭ-ийн ээлжит үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцсоор ирсэн. 1997 онд Монголдоо анхны эсгий урлалын хамтарсан үзэсгэлэн гаргасан. 1998 онд Киргиз улсад олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсон. Үүний дараа Герман, Франц, Норвег, Швед, Япон, АНУ, Тайвань, Хятад, Энэтхэг, Буриад, Саха Якут, Финланд гээд нийтдээ 20 гаруй оронд өөрийн биеэр болон бүтээлээрээ оролцсон.

–Та олон улсын симпозиум ч өөрөө зохион байгуулсан гэдэг?

          -Тийм ээ, 2005, 2006, 2007 онуудад Монголд олон улсын эсгий урлалын симпозиумыг 3 жил дараалан зохион байгуулсан. “Байгаль дахь эсгий урлаг” болон танхимын үзэсгэлэн хэлбэрээр болж, дэлхийн олон орноос зураач, урлаачид оролцсон.

–Зөвхөн зураг гэхгүй өөр ямар нэг өөр чиглэлээр амжилт гаргаж байсан уу?

            -Эсгий хувцасны загварын чиглэлээр олон жил ажилласан. Хамгийн сүүлд Якут улсад болсон олон улсын загварын шоунд оролцож, 1-р байр эзэлсэн. Энэ бол миний хувьд бахархам амжилт. СУИС-д багшилж байх хугацаандаа хэд хэдэн шавьтай болсон. Мэргэжлийн уран бүтээлчид ч бий, зүгээр сонирхлоороо суралцсан хүмүүс ч бий. Одоо ч цэцгээ усалж байгаа мэт шавь нараа сургаж байна. Миний хувьд энэ соёлыг ирээдүй үедээ өвлүүлж, зөвхөн гар урлал биш, монгол урлагийн нэг салбар болгож хөгжүүлэхийг зорьж байна.

–Таны бодлоор эсгий урлалын үнэ цэнэ юунд оршдог вэ?

         -Эсгий бол монголчуудын язгуур соёлын нандин өв. Манай нутаг дэлхийн эсгий урлагийн эх орон гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүннүгийн үеэс улбаатай, 3000 гаруй жилийн түүхтэй энэ өвийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэх нь миний үүрэг гэж боддог. Эсгий урлаг бол хийж эхэлмэгцээ хүнийг өөртөө татдаг гайхамшигтай урлаг. Гар хүрэхээс эхэлж, зүрхэнд оршдог бүтээл болдог.

-Ярилцсанд баярлалаа.

         -Баярлалаа.


Б.БАЯНДҮҮРЭН: ЭСГИЙ УРЛАГТАЙ ӨНГӨРҮҮЛСЭН 30 ЖИЛ БОЛ МИНИЙ БАХАРХАЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-17 12:16:40
    С.Тамир: Үнэхээр л эсгий урлалыг "Эсгий урлаг" -т хүргэсэн,шанг татсан бүтээлч хүн дээ миний эгч. Монголын анхны эсгий зураг "Цэцэгтэй натюрморт" бүтээл нь гайхалтай өнгө будгийн бүтээл мөн шүү. Эгчдээ улам их амжилт хүсье
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-17 12:06:57
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-17 12:06:57
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-09-17 12:06:57
    DR. ADITY: IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00USD CONTACT THIS HOSPITAL EMAIL: [email protected]
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188