• Өнөөдөр 2024-10-06

Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман

2021-09-11,   6938

-ЭХЭМҮТ-ийн мэс заслын өрөөнөөс хийсэн тэмдэглэл-

Хорт хавдартай 13 настай охин

Өндгөвчний хорт хавдар гэх аюулт өвчин туссан гэх оноштой охин мэс засалд орохоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн үүдэнд ээлжээ хүлээж сууна. “Ээж ээ, охин нь  мэс засал хийлгээд амьд гарч ирж чадахгүй бол яах юм бэ. Миний зүрх өвдөөд, айгаад байна” гээд уйлаад л байх. Дөнгөж 40 нас хүрч байгаа болов уу гэмээр хосууд охиныхоо гараас атгачихаад “Миний охин битгий ай. Эдгэрээд л гараад ирнэ. Их мундаг эмч нар миний охинд хагалгаа хийх юм байна лээ” гэж тайтгаруулах. Амьдралыг гэгээнээр харж, сайн сайхан болгон руу тэмүүлж яваа, дөнгөж 13-хан настай охин хорт хавдартай гэдгээ мэдээд сэтгэл санааны хямралд орсон нь царай төрхөөс нь тодорхой харагдаж байлаа. Сүүлийн хэдэн сар бие нь өдөр ирэх тусам сульдаад, байнга унтаад байдаг болжээ. Мөн хэвлийгээр нь үе үе хатгуулж өвдөөд байгааг тоолгүй яваад л байж. Гэтэл саяхны нэг өдөр гэдэс нь мушгирч, хүчтэй өвдсөнөөр Хэнтий аймгийн эмнэлэгт яаралтайгаар хүргэгдсэн байна. Эмч “Олгой нь үрэвссэн” гэх оноштойгоор охиныг мэс засалд оруулжээ. Аймгийн мэс заслын эмч мухар олгойг нь авч байхдаа өндгөвчнийх нь хажууд том хэмжээтэй хавдар байгааг илрүүлсэн байна. Ингээд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс засалд яаралтай бичиг хийлгээд явуулсан гэнэ. Улмаар нарийн шинжилгээ хийлгэж, эход харуулаад хорт  хавдар гэдгийг эцэслэн оношилсон юм байна. Охин аав, ээжээсээ “Гадаа гоё дулаахан байх шиг байна. Гурвуулаа хамтдаа гадаа гарчихаад, наранд хоёрхон минут зогсчихоод мэс заслын өрөөнд очьё” гэж гуйх.

Охин мэс заслаа даахгүй байж магадгүй гэж бодоод аав, ээждээ эрхэлж, хэдхэн хором минутыг ч болов хамтдаа өнгөрүүлэх гэж зүтгэж буй нь энэ бололтой. Тэдний хажууд таван сартай охиноо тэвэрсэн ээж  “Яахаараа ийм нялх хүүхэд элэгний хорт хавдар тусчихдаг байна аа” гээд л толгой өөд татахгүй уйлах. Эдгээр хүмүүс дундуур зүсэж явсаар Ерөнхий мэс заслын тасаг руу яваад орлоо. Цэндээ эмч ажилдаа хэдийнэ ирчихсэн, халатаа өмсөөд тасагтаа хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийнхээ биеийг асуугаад тойрч явлаа. Замд тааралдах ажилтнуудтайгаа “Миний хүү, сайхан хоносон уу. Гэртээ очоод сайхан амарч чадсан уу” гээд л мэнд мэдэлцээд яваад байх. Бас болоогүй эмч, сувилагч нараа явуулж, шоолж инээгээд хөгжилдөхөө ч мартахгүй. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч, клиникийн профессор А.Цэнджавын өглөөнөөс орой хүртэлх борви амсхийх завгүй ажлын нэг өдөр ийм л дүр төрхтэй эхэлдэг юм байна. Цэндээ эмч өнөөдөр дөрвөн том хагалгаатай. Элэгний хавдартай таван сартай охин, цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охин, өндгөвчний хорт хавдартай 13 настай охин, бөгснийх нь хуниас идээлж, шулуун гэдэс нь үрэвсчихсэн хүүд мэс засал хийх ёстой.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Цэндээ эмч рүү залгалаа. Түүнд “Таны нэг өдрийн ажил хэрхэн өрнөж байгааг сурвалжилмаар байна. Би хэзээ, хэдэн цагт танай эмнэлэг дээр очих вэ” гэсэнд мань эр “Надад яриад байх юм юу байх вэ. Хэдэн хүүхэдтэйгээ шөнө өдөргүй ноцолдож сууна. Баасан гарагт гурав, дөрвөн хагалгаатай байгаа. Чи 07:30 цагт ажил дээр ирвэл ир” гэж хэлчихээд утсаа салгачихлаа. Цэндээ эмч завгүй үедээ утсаа хурдан салгадаг гэдгийг мэдэх учир дахиж залгаж төвөг учруулсангүй. Товлосон ёсоор баасан гарагийн өглөө ажил дээр нь явж очоод сурвалжилгаа эхлүүлж  байгаа минь энэ. Сүүлийн үед хүүхдүүд хорт хавдараар өвчлөх нь эрс нэмэгдсэн. Бас ургийн гажиг, бусад төрлийн мэс заслын өвчтэй хүүхэд мянга мянгаараа өвчнөөсөө салах гэж эмчийн гарыг харан өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байгааг ЭХЭМҮТ-өөс харж болно.


08:45 цаг

            Тэрбээр “Та нар мэс засал хийж байгааг харж чадах юм уу. Бидний өдөр тутамд хийдэг ажил. Харин өөр мэргэжлийн хүмүүст эвгүй сэтгэгдэл төрж, айж эмээж мэдэх юм. Эр улсууд юм чинь асуудалгүй биз дээ. Амьдралынхаа 25 жилийг энэ л тасагт, хүмүүсийн үр хүүхдийг эрүүл саруул болгох гэж, мэс заслын өрөөнд өглөөнөөс орой болтол, заримдаа үдшийн бүрийгээс үүрийн гэгээ цайтал үзэж тарж байна даа” хэмээн яриагаа эхэлсэн юм. Эмчийн гар утас дуугарч, тэр “За одоо дээшээ гарлаа” гэж богинохон хариулав. Цэндээ эмч “Хагалгаа хийх цаг болчихлоо. Эхлээд энд байгаа эмнэлгийн хувцсыг өмсчих. Дээр гараад мэс заслын өрөөнд өмсдөг өөр хувцас өмсөнө” гэв. Түүнийг даган алхсаар дөрвөн давхарт гарлаа.

Биднийг ийн ярилцан алхаж явтал шилэн хүзүү рүү ямар нэгэн юм цацах шиг болоод л явчихлаа. Эргээд хартал 60 гаруй насны эмэгтэй гартаа цаасанд боосон элс барьчихсан, түүний араас өөр нэг эмэгтэй нэг гартаа буудай, нөгөө гартаа арц уугиулчихсан зогсож байх нь тэр. Биднийг хараад зогтусаад итгэл муутайхан инээд алдах шиг болов. Цэндээ эмч инээд алдчихсан “Цагтаа элс, шороогоор булуулж л явлаа. Сүүлийн үед элсний хэмжээ нь багачихаад байгаа юм. Түүнээс атга атгаар л араас цацаад байдаг юм. Лам, бөө нар эмч рүүгээ энийг цац гээд баахан юм өгдөг шиг байгаа юм. Нөгөөдүүл нь ингээд цацаад байдаг юм. 20 гаруй жил хагалгааны өрөөнд орох болгондоо шороо цацуулж байна шүү дээ” гээд инээв. Бидний араас шороо цацсан эмэгтэй амандаа маани мэгзэм тасралтгүй уншаад, бүр сүү, архи хүртэл өргөж зогсоо харагдсан.

Мэс заслын өрөөний үүдний хэсэгт байх жижигхэн өрөөнд орж, ариутгасан хувцас сольж өмслөө. Ингээд тусгай кодоор онгойдог өрөөнд орж, мөн гараа ариутгалаа. 1990 оны үед мэс заслын эмч нарт гар ариутгах бодис битгий хэл саван ч олддоггүй байсан гэдэг. Одоо харин юм өөр болж, тусгай өрөөнд ариутгал хийж байгаа нь сайхан юм.  Ингээд мэс засал хийх өрөөнд оров. Өвчтөн мэс заслын орон дээр хэвтэж байх. Унтуулгын эмч, сувилагч нар, мэс заслын туслах сувилагч, хоёр залуухан эмч багаж хэрэгслээ бэлдчихсэн зогсож байв. Цэндээ эмч мэс заслын тусгайлан бэлдсэн хувцас, ариутгасан бээлийг өмсөөд ажилдаа шуурхайн орлоо. Эхний ажилбар бол элэгний хавдартай таван сартай охинд хийх хагалгаа. Хорвоод мэндлээд дөнгөж 150 гаруйхан хонож буй нялх охины элэгний зүүн дэлбэн хэсэгт хавдар бий болж, элэгний ойр орчим нь тэр чигтээ уйланхайтаж, усаар дүүрчээ. Энэ удаад охинд нээлттэй хагалгаа хийхгүй гэнэ. Явуулын эхоны эмч ирж дахин нарийн үзлэг хийж, яг аль аль хэсэгт хатгалт хийж, усыг нь соруулж авах, эдийн шинжилгээг хавдартай хэсгээс хэсэгчлэн тасдах зэргийг дахин баталгаажуулав. Таван сартай охины овог нэр, өвчнийг хэлээд мэс ажилбар эхэллээ. Бяцхан охины элэгнээс 300 гаруй грамм шар ус гарлаа. Жишвэл, бяцхан охины толгойтой тэнцүү шахам хэмжээний их ус юм. Мөн хавдар бүрэлдсэн хэсгээс эдийн шинжилгээ авч, тусгайлан бэлдсэн саванд хийв.

Цэндээ эмч “Хайран хүүхэд. Хорт хавдар мөн байна л даа. Гэхдээ нарийн шинжилгээнд оруулж, оношийг нь маш тодорхой болгох ёстой” гэв. Түүнээс бага насны хүүхдүүд яагаад хорт хавдар тусаад байгааг асуулаа. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд сард арав гаруй хүүхэд, цус, бөөр, элэг, тархины хорт хавдартай нь оношлогдож, хагалгаанд орж байна. Хорт хавдартай хүүхэд манай эмнэлэгт хагалгаанд ордог юм. Хүмүүсийн амьдралын хэв маяг, идэж ууж байгаа зүйлс, хэрэглээ, агаарын бохирдол зэргээс болоод хүүхдүүд хорт хавдар гэх айхтар өвчин тусаад байна. Энэ жил корона вирусээс болоод Японы эмч нар ирж чадсангүй. Японы эмч нартай хамтарч, манай элэг шилжүүлэн суулгах багийнхан 100 гаруй хүүхэд хагалгаа хийх ёстой байгаа. Тэр ажил хойшлогдоод тун тоогүй байна” гэв. Эхний мэс ажилбар амжилттай боллоо. Харин дараагийнх нь өглөөний үүдэнд таардаг, аав ээждээ эрхлэн туниж байсан хорт хавдартай охин.

 11:50 цаг

            Цаг, минут мэс заслын өрөөнд харвасан сум шиг л өнгөрөх юм. Хэн ч юу дуугарахгүй тус тусынхаа ажлыг шалмаг гэгч нь хийх. Мэс заслыг гардаж буй эмч л ярих. “За бүх зүйл бэлэн биз дээ. Зүрхний цохилт, бусад зүйлсийг сайн хянана шүү” гэж хэлэх зуураа  гарынхаа бугуйг хэдэн удаа хөдөлгөж, сарвуугаа нь атгаж тавиад, дараагийн мэс заслын ажил эхэллээ. Ямар ч мэс засал хийсэн өвчтөний төрсөн он, нас, овог нэрийг хэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн андуурал гарахаас сэргийлж, ийнхүү хэлж, тулгах ёстой байдаг ажээ. Мэс заслын багийнхан өвчтөнийг тойроод зогсчихсон байх. Охины хэвлийн хэсгээс хөндлөн зүсэлт хийв. Цус алдахаас сэргийлж байгаа бололтой. Зориулалтын тусгай багажаар түлж, тэр хавиар нэг хиншүү хярвас үнэртэнэ. Эмч гараа хөдөлгөх төдийд шаардлагатай багаж, хэрэгслийг сувилагч гарт нь атгуулах юм. Юуны багаж, хэдийг, хэзээ өгөх вэ, ямар багаж нэхэж байна вэ гэдгийг сувилагч эмчийнхээ үйл хөдөлгөөнөөс л мэддэг. Өөрөөр хэлбэл, багаараа сайн ажиллаж байж өвчтнийг аюулаас салгаж, мэс засал амжилттай болно.

Хүний арьс, мах их зузаан юм байна. Давхарга бүрээр нь зүссээр хэвлийг тэр чигт нь нээлээ.  Гар ороход төвөггүй болгож байгаа бололтой хоёр талаас нь багажаар тэвхдэж байгаад хавдрыг зайчлав бололтой. Нам гүм дундаас “Яасан том хавдар вэ. Эртхэн үзүүлж байхгүй, томруулчихсан байна” гэх нь тод сонсогдоно. Мэс заслын хурц хутгаар хорт хавдарыг бага багаар зүсэж, угаар нь салгаж авах ажиллагаа үргэлжилж байлаа. Юунд ч яарч болохгүй, тэсвэр, тэвчээр, ур шаарддаг мэргэжил ажээ, мэс заслын эмч.  Хэсэг газарт зүслэг хийчихээд тэр хэсгээ түлээд байх. Удирдагч эмч хамгийн хүнд, хэцүү бүхнийг гардан хийдэг юм байна. Хүн урмаар явдаг гэдэг нь үнэн бололтой. Туслах эмч нар “Сайн байна. Өө мундаг шдээ” гэх зэргээр нэгнийгээ урамшуулах нь үе үе сонсогдоно. Хэвлийд бага зэргийн цус алдаж байгааг бинтээр арчиж, түүнийгээ зориулалтын саванд хаяж байлаа.

Ийнхүү цаг орчмын дараа охины хавдарыг гаргаад ирлээ. Зангидсан гар шиг том хэмжээтэй, хар хүрэн өнгөтэй хавдар. Хорт хавдарыг тусгайлан бэлдсэн гялгар уутаар ороож, жигнэж үзлээ. 364 грамм хорт хавдарыг охин хэвлийдээ “тээж” явжээ. Мэс засал үргэжилсээр. Хэрэглэсэн бинтээ тооллоо. “15 ширхэг бинт байна” гэж туслах сувилагч хэлэх.  Ахлах сувилагч “Тоо таарч байна” хэмээн хариу хэллээ. Ингэж нягт нямбай тулгаж байхгүй бол алдаа гаргаж, бинт төдийгүй мэс заслын хутга, хайчаа ч өвчтнийхөө хэвлийд үлдээх эрсдэл бий. Түүнээс урьдчилан сэргийлж ийнхүү багаж хэрэгслээ нарийн тоолдог ажээ.

Нээсэн, зүсэлт хийсэн болгоноо эргүүлэн оёж байлаа. Туслах эмчийн гар үл ялиг чичирч байгааг хашир эмч андсангүй. “Яах гээд байгаа юм бэ. Сэтгүүлч ирсэн гээд түрүүнээс хойш чимээгүй байхад” гэх нь сонсогдлоо. Мэс засал болгонд залуухан эмч нараа дагуулан орж, туршлага суулгаж, ирээдүйд энэ хариуцлагатай ажлыг нуруундаа үүрэх алтан гартныг дадлагажуулж, туршлагажуулдаг ажээ. Энэ тасагт бойжсон эмч болгон шилдэг мэс засалч болдог гэнэ. Хаана ч очсон, хэнд ч гологдохгүй ур чадвартай мэс заслын эмч энэ л тасгийн ахмад эмч нарын дунд өсөн торниж, өдөлж нисдэг юм байна. Мэс засал дуусч, Цэндээ эмч өвчтний түүхийг тэмдэглэж дууслаа. Түүнийг “Ар Монголын алдарт мэс засалчин Цэндээ”, эсвэл Мэс заслын өрөөний атаман гэж эмч, сувилагч нар авгайлан дууддаг юм байна. Үнэхээр ч мэргэжлийн ур чадвар, туршлагаараа бусдаас хавь илүү учир атаман байхаас ч арга байхгүй. “Мэс засал бол ур чадвар, мэдрэмж, тэсвэр тэвчээртэй хүний хийдэг ажил юм байна даа” гэх бодол тээн зогсох надад хандан тэрбээр “Одоо хэсэгхэн завсарлаад дараагийн хагалгаандаа орно шүү” хэмээн сануулав.

 Мэс засалд орох гэж байгаа хүүхдүүдийн аав, ээж, ар гэрийнхэн үнэхээр өрөвдөлтэй харагдах. Мэс заслын өрөөний үүдэнд ах дүүс нь бөөгнөрөөд зогсчихсон байх. Аав нь хана налчихсан, хэнтэй ч юу ч ярихгүй, нүдээ аниад л зогсоод байх. Ээж нь хүлээлгийн сандал дээр толгой өөд татахгүй уйлаад л байх юм. Харин эмээ, эгч нар нь мэддэг, чаддаг маани мэгзэмээ уншиж, “За багшаа, манай хүүхэд хагалгаанд орсон шүү. Та арыг нь сайн даагаарай” гээд л хэн нэгэн рүү хэд хэдээрээ ээлжлэн залгах юм. Хүн аргаа барахаараа лам, бөөд очдог, хувь тавилангаа даатгадаг гэдэг нь үнэн бололтой. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн мэс заслын тасгийн өрөөний үүдээр эмч гарч ирээд “Хагалгаа амжилттай болсон” гэж хэлэх шиг сайхан үг энэ хорвоод үгүй ажээ. Цэндээ эмч түүний багийнхны ийн хэлэхийг хэдэн мянган ээж, аав сонсоод баярлан уйлж, эмчийн ур чадвар, мэргэжлийн сайхныг бахдан биширч байсан бол. Бас хэчнээнхэн хүүхэд энэ өрөөнөөс буцаж “гарч ирээгүй” бол хэмээн бодогдох ажээ.  Бид энэ удаад цөсний хүүдий нь тэр чигтээ чулуужиж, элэг, нойр булчирхай нь үрэвссэн 14 настай охиныг өвчнөөс нь салгахаар мэс заслын өрөө рүү орлоо.

 Үргэлжлэл бий

Алдах эрхгүй миллиметр буюу мэс заслын өрөөний атаман
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 15
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-08-25 22:57:31
    Marina: Grazie Dottore, Lei è un vanto per il mondo tutto. Tashi Delek.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-11 09:30:37
    Зочин: Амжилт хүсье! Ёстой нүдээ олсон шагнал шүү .цаашдын эжилд нь улам их амжилт хүсье! Мянга мянган хүүхдийн эрүүл энхийн төлөө зогсох таньд мөргөе
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-10 21:34:19
    Зочин: Тандаа үргэлж талархаж явдаг шүү.Хүүгийн минь алтан амийг аварсан тандаа талархаад баршгүй
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-07 00:06:27
    Г.Отгонбаяр: Сайхан мэргэжилыг маш сайн хашиж яваа энх цагын баатар болсон эмчийн тухай уншаад нулимс дуслууллаа ай сайхан эмч юмаа ЭХ НЯЛХСИЙН ТӨВ ЭМНЭЛЭГИЙН МЭС ЗАСАЛЧ ЭМЧ СУВИЛАГЧ НАРТ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:30:32
    Цогзолмаа: Мундаг эмчид амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:30:32
    Цогзолмаа: Мундаг эмчид амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:30:31
    Цогзолмаа: Мундаг эмчид амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-02-06 19:30:18
    Цогзолмаа: Мундаг эмчид амжилт
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-01-01 15:48:18
    Зочин: Хөдөлмөрийн баатар жүжигчин, мэдээ уншдаг гавьяатын дэргэд наад эмч чинь тун өчүүхэн шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-11-01 16:14:23
    зочин: Ийм мундаг эмч нараа алдаршуулж байх хэрэгтэй . Тангараг өргөсөн ч гэсэн алдаршуулж, шагнаж байх ёстой хүмүүс шүү дээ. Алдах эрхгүй, ажилбар бүрийг амжилтанд хэргэдэг мэс засалчид байдаг бол тэр гавьяат баатар маатарыг харамлахгүй өгөх хэрэгтэй. авьяастай эмч нартаа баярлалаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-22 10:06:36
    зочин : Байн байн бичиж олонд таниулмаар сэдэв. Бахархаж байна мундаг эмч нараар. Бас сайхан ч бичиж.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-10-10 12:14:09
    zochin: suuri , baaz unecheeriin sain schuu ter chuuchnii Anagaach uchaanii deed surguuliin , tegeed manai emch nar zorigtoi chadvarlag , mundag emch nartaa eruul enchiig chusen erooe
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-02 19:20:57
    sunjee: manai emch uneheeriin mundag shuu
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-26 13:32:56
    test: asdasd
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-10-26 13:32:02
    hatnaa: mundag bna
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188