• Өнөөдөр 2025-08-04

ТӨРЛИЙНХНӨӨ ТӨСВИЙН ТЕНДЕРЭЭР “ТЭЖЭЭДЭГ” Л.ЭНХ-АМГАЛАН

      “MCS”-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан төрд түшээ болж суугаад 13 жил улирч байна. УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, Боловсрол шинжлэх ухаан бас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын сэнтийг сэлгэж заларсан.

Түүнийг ийнхүү түшээ, тэгээд төрийн сайд болж сууснаас хойш эхнэр нь ч, эгч, ах нарынх нь хүүхдүүд ч тендерийн “эрлэг”-үүд болцгоожээ. Тэгээд болоогүй, дархан цаазат Богдхан уулын ам бүрд шахуу га-гаар яригдах газартай болцгоосон байна. Хэд хэдэн хотхон ч барьж, худалдаад амжжээ. УИХ-ын гишүүн ахтай, ханьтай байх ямар ашигтайг яг түүний гэр бүлээс л харж болохоор байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН АХ Л.ХҮЧИТБААТАРЫН ЭХНЭР, ХҮҮХДҮҮД ЭРДЭНЭТ, ДАРХАН, ДОРНОДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕНДЕРҮҮДЭД “НОЁРХОЖ” БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн төрсөн ах Л.Хүчитбаатарын эхнэр Дашзэвгийн Нансалмаа, охин Х.Дэлгэрцэцэг хоёр нь “Металл-Индустриал” ХХК-ийг хамтран эзэмшдэг.  “Металл-Индустриал” ХХК нь Эрдэнэтэд ган, ширэм, төмөр хайлуулах үйлдвэртэй, хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээрмийн ган бөмбөлөг, экскаваторын шүд, бульдозерын хутга, тээрмийн хуяг, алх зэргийг үйлдвэрлэж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-д, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДЦС-3” ТӨХК-д нийлүүлдэг. Тухайлбал,

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д Үрлэн тээрмийн бронь нийлүүлэх 90 сая төгрөгийн тендер

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Зуух тээрмийн сэлбэг нийлүүлэх 150 сая төгрөгийн тендер

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д ШБМ бронь нийлүүлэх 176 сая төгрөгийн тендер гэх мэтээр зургаан тендер авчээ.

      Харин Л.Энх-Амгалангийн авга дүү буюу төрсөн ах Л.Хүчитбаатарынх нь хүү Х.Дэлгэрмөрөн нь “Дэлгэр их эрхэт” ХХК-ийг эзэмшдэг. Х.Дэлгэрмөрөн нь 2019 онд АНУ-ын Bellevue коллежийг төгсөж ирээд, 2020 оноос “Дэлгэр их эрхэт” ХХК-аараа Дорнод, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудын тендерүүдийг дангаараа шахуу түүж буй. Жишээ нь, “Дэлгэр их эрхэт” ХХК нь

2025 онд

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Тээрмийн алх нийлүүлэх 227.5 тэрбум төгрөгийн тендер

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн алх нийлүүлэх 113.1 сая төгрөгийн тендерт тус шалгарсан.

2024 онд

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Тээрмийн алх нийлүүлэх 328.6 тэрбум төгрөгийн тендер

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн ган бөмбөлөг нийлүүлэх 223.7 сая төгрөгийн тендер

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн ган бөмбөлөг нийлүүлэх 185.0 сая төгрөгийн тендер тэргүүтэй найман тендерт шалгарсан.

2023 онд

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн ган бөмбөлөг нийлүүлэх 162.0 сая төгрөгийн тендер тэргүүтэй найман тендерт шалгарсан.

2022 онд

“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн бронь нийлүүлэх 195 сая төгрөгийн тендер

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн бронь нийлүүлэх 150 сая төгрөгийн тендер тэргүүтэй гурван тендерт шалгарсан.

2021 онд

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д Хамар хуяг нийлүүлэх 15.2 сая төгрөгийн тендер

“Эрдэнэс критикал минералс” ТӨХК-д Алхагч экскаваторын шүд нийлүүлэх 18.6 сая төгрөгийн тендер тэргүүтэй дөрвөн тендерт шалгарсан.

2020 онд

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-д Тээрмийн бронь нийлүүлэх 98.1 сая төгрөгийн тендерт шалгарсан.

Цаашилбал, Л.Хүчитбаатарын эхнэр Дашзэвгийн Нансалмаа нь “Разнотранс” ХХК-ийг эзэмшдэг.

Разнотранс” ХХК нь 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-аас 800 сая төгрөгийн тендер авчээ.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ЭГЧ Л.БОЛОРМААГИЙН ОХИН, ХҮРГЭН ТӨСВИЙН ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ ЭХЭЛЖЭЭ

             УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн төрсөн эгч нь Л.Болормаа гэж бий. Харин Л.Болормаагийн нөхөр Ш.Бадрах нь “Ханан суварга” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. “Ханан суварга” ХХК нь 2009 оноос хойш “MCS”-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн уурхайн бүтээн байгуулалтын барилга, угсралтын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Жишээ нь, Ш.Бадрахын “Ханан суврага” ХХК “Энержи ресурс” ХХК-ийн Тавантолгойн нисэх буудлын барилга, “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” дахь оффисын барилга, “Энержи ресурс” ХХК-ийн уурхайн хүнд даацын техникүүдийн засварын гражуудын барилга, мөн Ж.Оджаргалын эхнэрийн “Орчлон” сургуулийн салбарыг Цогтцэций сумын төвд барьсан. Өөрөөр бол, Л.Энх-Амгалан хүргэн ах Ш.Бадрахынхаа “Ханан суврага” ХХК-аар “Ухаа худаг”-ийн уурхайн бүтээн байгуулалтад оролцож ирсэн гэсэн үг.

Тэгвэл Л.Энх-Амгалангийн төрсөн эгч Л.Болормаагийн охин Бадрахын Бүжинлхам нь “Залуус оюу арав” ХХК-ийг эзэмшдэг.

“Залуус оюу арав” ХХК нь 2023, 2024 онд

“Тавантолгой” ХК-д Ус нөөцлөх сав нийлүүлэх 351.5 сая төгрөгийн тендер

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын сургуулийн сургалтын орчинг сайжруулах 160 сая төгрөгийн тендер

Өмнөговь аймагт Сорилын төв барих 500 сая төгрөгийн тендерт тус тус шалгарчээ.

Харин Б.Бүжинлхамын нөхөр Өлзийтогтохын Нямдаваа нь “Биндэр алтай оюу” ХХК-ийг эзэмшдэг.

“Биндэр алтай оюу” ХХК нь

Төв аймгийн Заамар сумын I сургуульд их засвар хийх 1.6 тэрбум төгрөгийн тендер

Хэнтий аймгийн Биндэр суманд 20 ортой эмнэлэг барих 2.1 тэрбум төгрөгийн тендер

“Тавантолгой” ХК-д Ойжуулалтын талбайн хамгаалалтын хашаа барьж өгөх 400.2 сая төгрөгийн тендер

Өмнөговь аймгийн Бүсийн оношлогооны төвийн амаржих газрыг засварлах 500 сая төгрөгийн тендер тэргүүтэй 24 тендерт шалгараад буй ажээ.

Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ЭХНЭР М.СЭРЖМЯДАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТЕНДЕРҮҮДИЙГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-аараа эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг эзэмшиж ирсэн. Эрүүл мэндийн салбарт энэ компанийн оролцдоггүй, шалгардаггүй тендер гэж бараг л байхгүй. Тиймдээ ч “Мед импекс интернэшнл” ХХК нь төрөөс 202 тендер аваад буй. Ялангуяа “Ковид-19” цар тахалтай тэмцэлдсэн хоёр жилд л гэхэд “Мед импекс интернэшнл” ХХК нь 9.5 тэрбум төгрөгийг төсвөөс “халаасласан” баримт бий. Товчхондоо, нөхөр нь сайдын сэнтийн авлагатай, эхнэр нь төрийн тендерийн даллагатай мэт л байдаг, энэ гэр бүл.

Л.Энх-Амгалангийн “Мед импекс интернэшнл” ХХК-ийн төрөөс авсан 202 тендерийг нэг бүрчлэн таницуулахад цаг, цаас их орох учраас зөвхөн 2020 оноос хойших, тэгэхдээ тэрбум давсан том төсөвтэй тендерүүдээс нь сорчлон цухас танилцуулъя. Тухайлбал,

Эрүүл мэндийн яаманд Тоног төхөөрөмж худалдан авах 3.3 тэрбум төгрөгийн тендер

ХСҮТ-д Дуран оношилгооны тоног төхөөрөмж, лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх 1.5 тэрбум төгрөгийн тендер

АШУҮИС-д Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер

ЭХЭМҮТ-д Дурангийн оношилгооны багц тоног төхөөрөмж нийлүүлэх 2.6 тэрбум төгрөгийн тендер

 “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах төслийн нэгжид Дурангийн оншилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх 1.2 тэрбум төгрөгийн тендер

ЭМДЕГ-т Дурангийн оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлэх 5.1 тэрбум төгрөгийн тендер

Улсын эмнэлгүүдэд нийтэд нь Автоклав нийлүүлэх 2.2 тэрбум төгрөгийн тендер

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэх 1.0 тэрбум төгрөгийн тендер

“Эрдэнэс тавантолгой” ХК-д Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэх 2.1 тэрбум төгрөгийн тендер

ДАРХАН ЦААЗАТ БОГДХАН УУЛЫН АМНЫ ГАЗРУУДАД Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН НАГАЦ ДҮҮ, ҮЕЭЛ ДҮҮ НАР ЭЗЭН СУУЖЭЭ

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Байгаль орчны яамны Ч.Батсансар гэж хүн хаана байна. Гурван үсэгтэй компанийн гар хөл, утсан хүүхэлдэй болсон нөхдүүд аятайхан байна шүү. Би бүгдийг нь мэдэж байгаа шүү. Хатуу сануулъя, төр гэж байгаа шүү. Энэ Ч.Батсансар гэх хүнийг төрөөс зайлуулах хэрэгтэй” гэж байсан удаатай. Мөн Л.Оюун-Эрдэнэ “Богд уулын амны газруудаар хагартлаа хөлжсөн Байгаль орчны яамны хурган дарга нарын дунд бөмбөг тэсэлнэ” гэж ч мэдэгдэж байсан удаатай.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярианд дурдагдсан “Гурван үсэгтэй компанийн хүүхэлдэй” Ч.Батсансар гэгч одоогийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн багын найз. Хамгийн ноцтой нь, Л.Энх-Амгалан Ч.Батсансарыг Байгаль орчны яаманд 2014-2019 онд таван жил Тусгай хамгаалалттай газрын даргаар ажиллуулахдаа төрсөн эгч нарынхаа хүүхдүүд, үеэл дүү нараа цөмийг нь Богдхан уулын аманд газартай болгосон маш ноцтой баримт байна.

      Богдхан уулын амны газруудыг “хулгайлах” Л.Энх-Амгалан, Ч.Батсансар хоёрын төлөвлөгөө хэрхэн эхэлснийг эхнээс нь танилцуулъя. Л.Энх-Амгалан 2013 онд багын найз Ч.Батсансартайгаа “Хөвсгөл аймгийн малчин тариаланчдын холбоо” ТББ-ыг хамтран үүсгэн байгуулсан. Ингээд Ч.Батсансар нь “Хөвсгөл аймгийн малчид тариаланчдын холбоо” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн, байгаль орчны судлаач гэж малчид, тариаланчдад өөрийгөө танилцуулан жил тойрон Хөвсгөлөөр, хөдөөгөөр “тэнэсэн”. Улмаар жилийн дараа 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан багын Ч.Батсансарыгаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга болгож томилуулсан. Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга гэдэг нь Тусгай хамгаалалттай Богдхан уулын амны газруудыг хариуцах эрх мэдэлтэй. Тиймээс ч Л.Энх-Амгалан Ч.Батсансарыг зориуд энэ албан тушаалд зүтгүүлж суулгасан.

       Ингээд Л.Энх-Амгалан Ч.Батсансарыг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан тушаалаа авснаас зургаан сарын дараа буюу 2015 оны тавдугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн эгчийн хүү В.Баяржаргал, үеэл дүү Г.Тэгшбаяр нарын нэр дээр “Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, IV хороо, Вива Сити, 3/23, 5-5 тоот” гэх нэг хаяг дээр “Эм Зэт санрайс тур” ХХК, “Амирлан тур” ХХК, “Мандах нар тур” ХХК, “Үйлст тур” ХХК гэсэн дөрөн компанийг нэгэн зэрэг байгуулсан. Мөн Л.Энх-Амгалан төрсөн эгчийнхээ хүү В.Баяржаргалын нэр дээр “Монгол фармасютикал корпораци” ХХК,  “Ногоон байшин” ХХК-ийг, үеэл дүү Г.Тэгшбаярын нэр дээр “Жи Эн саншайн скуэр” ХХК, “Интер нутришн импорт” ХХК-ииг, төрсөн эгчийнхээ охин Б.Чимэдлхамын нэр дээр “Болор эрхэст хязгаар” ХХК-ийг тус тус нэмж байгуулсан. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан нийт есөн компани байгуулсан байгаа юм. Улмаар Л.Энх-Gмгалан Ч.Батсансараар дамжуулан дээрх есөн компанийн нэр дээр Богдхан уулын амуудад асар их хэмжээний газар авсан байдаг.

Тухайлбал,

- “Амирлан тур” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд "Аялал жуулчлалын бааз" зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар 0.3 га, 2016 оны долдугаар сарын 7-ны өдрийн А/220 дугаартай тушаалаар 0.2 га, нийт 0.5 га газар,

- “Мандах нар тур” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны наймдугаар сарын 6-ны өдрийн тушаалаар 1181 м2 газар,

- “Эм зэт санрайс тур” ХХК-ийн нэр дээр "Аялал жуулчлалын бааз" зориулалтаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны зургадугаар сарын 9-ний өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн IV хороо, Зайсангийн аманд 3344м2 газар,

-“Үйлст зул тур” ХХК-ийн нэр дээр “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын III баг, Улаан асга хэмээх газарт 10.1 га газар,

- “Жи Эн саншайн скуэр” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Налайх дүүргийн VI хороо, Горхи тэрэлжийн цогцолбор газарт “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 5.2 га газар,

- “Интер нутришн импорт” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн IV хороо, Арцатын аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 5.0 га газар,

- “Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн тушаалаар Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар 4140 м2 газар авсан. Энэ газар дээр “Монгол фармасютикал корпораци” ХХК-ийн захиалгаар “Нутгийн буян групп” ХХК “River palace” нэртэй тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон барьж байгаа.

- “Ногоон байшин” ХХК-ийн нэр дээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны наймдугаар сарын 5-ны өдрийн тушаалаар Баянзүрх дүүргийн XI хороо, Залаатын аманд “Аялал жуулчлалын бааз” зориулалтаар  6.5 га газар авсан.

- “Болор эрхэст хязгаар” ХХК-ийг байгуулсан. Улмаар Налайх дүүргийн VI хороонд 30.066 м2 газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан.

Ийнхүү Л.Энх-Амгалан багийн найз Ч.Батсансарыгаа 2014-2019 онд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажилуулахдаа бүх компаниа Тусгай хамгаалалттай газарт газартай болгож амжжээ. Нэгэнт, Богдхан уулын тусгай хамгаалалттай газруудыг Л.Энх-Амгалангийн компаниудад хуваарилж өгөөд дууссан Ч.Батсансар 2020 оноос БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар шилжин томилогдсон байдаг.

Л.ЭНХ-АМГАЛАН ТЕНДЕРИЙН АШИГ, “ГАЗРЫН НАЙМАА”-НЫ ОРЛОГОО ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛГОЖ “УГААЖ” БАЙГАА ЮУ

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийн нагац дүү В.Баяржаргалын “Интер констракшн” ХХК нь 2021 онд Баянзүрх дүүргийн XII хороо, Хууль сахиулах их сургуулийн замын урд, Монгол-Японы хамтарсан эмнэлгийн ард тус бүр 10 давхар, есөн блок барилга бүхий 380 айлын “Ботаник центр” хотхоныг барьж худалдсан. “Ботаник центр” хотхоны орон сууцнууд нь дунджаар 45.6м2 талбай бүхий хоёр өрөөтэй, 125 сая төгрөгөөр зарагдсан. Тэгэхээр 380 айлын орон сууцыг В.Баяржаргал 47.5 тэрбум төгрөгөөр зарсан гэсэн үг. Түүнчлэн В.Баяржаргалын “Прогресс цамхаг групп” ХХК нь 2023 онд Эрдэнэт хотод “Гранд гарден” нэртэй 78 айлын орон сууцны барилгыг барьж худалджээ.

Товчхондоо, төрсөн ах, эгч нарынхаа хүүхдүүд болон эхнэрийнхээ компаниудаар төрөөс хэдэн арван тэрбум төгрөгийн тендер авч, мөн Богдхан уулын амуудад олон тооны газар авч хөлжсөн Л.Энх-Амгалан тендерийн ашиг, “газрын наймаа”-ны орлогоо орон сууцны хотхон болгож угааж эхэлсэн дүр зураг харагдаж байгаа юм.

СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТДЭЭ СЭТГЭЛ ЧИЛЭЭДЭГГҮЙ ЦОР ГАНЦ ГИШҮҮН

Эцэст нь, Л.Энх-Амгалангийн хувь, хувьсгалын халаас нэгтэй хамтрагч, хагацашгүй найз “MCS”-ийн Ж.Оджаргалыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Ж.Оджаргал 2012 онд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн болгосноосоо хойш сонгууль бүрийнх нь санхүүжилтийг бүрэн дааж ирсэн. Сонгуулийн санхүүжилттээ санаа чилээж, сэтгэл зовнидоггүй Л.Энх-Амгалан шиг түшээ төрд үгүй байх.

Өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиар Л.Энх-Амгаланд “MCS”-ийн Ж.Оджаргалын 16 охин компани тус бүр 30 сая төгрөг буюу 470 сая төгрөг, “Энержи ресурс” ХХК-ийн гурван захирал тус бүр 10 сая төгрөг буюу 30 сая төгрөг, нийт 500 сая төгрөгийн хандив өгчээ. Ингээд Л.Энх-Амгалан Ж.Оджаргал найзынхаа хагас тэрбум төгрөгөөр сурталчилгаа хийгээд УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдсон. Хандив өгсөн компани, хувь хүний жагсаалтыг нь танилцуулъя.

 “Энержи ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат 10 сая

“Энержи ресурс” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Д.Үүрцайх 10 сая

“Энержи ресурс” ХХК-ийн толгой компани “Монголиан майнинг корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл 10 сая

 “Эрчим сүлжээ” ХХК 30 сая

“Агар энержи” ХХК 30 сая

“Скай инфра групп” ХХК 30 сая

“М Си Эс эстэйт” ХХК 30 сая

“Чингис эко тур” ХХК 30 сая

“Энержи ресурс” ХХК 30 сая

“Тавантолгой нисэх буудал” ХХК 30 сая

“Тавантолгой цахилгаан станц, ус хангамж” ХХК 30 сая

“Юнайтед пауэр” ХХК 30 сая

“Ухаа худаг ус хангамж” ХХК 30 сая

“Интернэйшнл медикал цент” ХХК 20 сая

“М Си Эс проперти” ХХК 30 сая

“М Си Эс пропертийз холдинг” ХХК 30 сая

“М Си Эс интернэйшнл” ХХК 30 сая

“Бьюлдинг мэйнтэнэнс сервисэс” ХХК 30 сая

“Юнисервис солюшн” ХХК 30 сая төгрөг тус тус хандивласан байна.


ТӨРЛИЙНХНӨӨ ТӨСВИЙН ТЕНДЕРЭЭР “ТЭЖЭЭДЭГ” Л.ЭНХ-АМГАЛАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188