• Өнөөдөр 2025-08-20

ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН

Өнгөрсөн жилийн долдугаар сарын 30-нд Онон голд урьд хожид болж байгаагүй үер болсныг сонсоогүй хүн ховор биз ээ. Онон голын ойр орчмоор зусаж байсан айлууд болон малчдын өвөлжөө үерт юу ч үгүй урсжээ. Энэ тухай нутгийнхан “Байгалийн гамшигт үзэгдэл гэдэг ёстой аюултай юм билээ. Онон гол дагаж зусландаа гарсан болон ойр орчимд нь байсан олон айл эд хөрөнгөөрөө хохирсон. Үерийн усанд өвөлжөө, хаваржаа урсах энүүхэнд байлаа. Хөндий дүүрэн ус цэлэлзээд мөн ч айхтар байв даа. Нүдэн дээр байшин нуран яах ийхийн зуургүй урсаж байсан. Айл саахалт, манай танай хамаагүй мал үерийн усанд толгой өргөөд амь тэмцэж байгааг харна гэдэг хүсэх юм биш. Энэ гамшигт үзэгдэлд золоор эрдэнэт хүний амь хохироогүй. Гэхдээ дөрвөн хүн үерт урсахын даваан дээр манай Ч.Мөнхбат өөрийгөө үл хайхран зүтгэж байж аварсан даа” хэмээн ам уралдан ярьцгаана. Тиймээс бид дөрвөн хүний эрдэнэт амийг аварч, нутгийнхныхаа хүндлэл, хайрыг хүлээсэн Ч.Мөнхбат гуайг онцлохоор зорьж очлоо.

Улаан хүзүүвчтэй хоточ банхар эздэдээ зочин ирсэн чимээ өгөн хуцна. Дүнзэн байшингаас гэрийн эзэгтэй гарч ирэн биднийг дотогш орохыг уриад, нохойгоо уяв. Гэрт орвол өрхийн тэргүүн Ч.Мөнхбат гуай мэнд мэдээд “Би “Холоос зочид ирнэ ээ” гэж хэлээгүй юү. Алив сайхан бууз жигнэ” гэлээ.  ...Тэрбээр бурхныхаа урдаас “Эгэл баатар” гэсэн бичигтэй шилэн цом аваад “Ах нь оны өмнө “Эгэл баатар” боллоо. Сум, орон нутгаас өгсөн юм аа. Шагнал авсандаа биш, хүний амь аварсныг минь нотлох юмтай болсондоо баяртай байгаа” гээд цомоо бидэнд үзүүлээд, янжуур асаан хэдэнтээ сорлоо. Бид хөөрөлдөөнөө 2024 оны долдугаар сарын 30-ны өдөр юу болсон талаарх яриагаар эхлүүлсэн юм. Ч.Мөнхбат гуай дахин нэг янжуур асаагаад “Өнгөрсөн оны долдугаар 30-ны өдөр уулсын ам даган их хэмжээний үерийн ус орж ирснээр Онон гол савнаасаа халин хөндий дүүрэн догшин ус юу юугүй цэлэлзээд ирсэн. Энэ тухай дурсах нь бүү хэл, бодох төдий л айдас төрөх шиг болдог юм. Байдал бишдээд ирэхээр нь бид Онон голын урд зусланд гараад байсан хадмынх руугаа давхисан. Тэднийгээ автомашиндаа суулгаж аваад, буцаад иртэл гүүрэн дээгүүр үерийн ус даваад хальж байсан. Ухрах ямар ч зам байгаагүй. Учир нь, хаа хаанаас юу юугүй нэлийсэн ус ороод ирсэн. Тиймээс юу л болбол болог гээд урагшаа зүтгэчихсэн. Машины хамар дээгүүр ус халиад үнэхээр сүртэй байв. Мэддэг маани, мэгзэмээ уншаад зүтгээд байлаа. Тэгж, тэгж нэг юм гүүрний цаад захад гарсан даа.

-Онон голын гүүрээр гарч байгаа хэрэг шүү дээ, тэ?

            -Тийм, гүүрний наахна нь манай зуслангийн машин байдаг. Тэндээ ирээд удаагүй байтал байшин руу ус ороод эхэлсэн. Барагцаагаар 15:00 цаг өнгөрч байсан болов уу. Тиймээс хүүхэд, хөгшчүүлээ аваад шавар, усан дундуур туучсаар нар жаргах үед сумын төвийн гэртээ хүрсэн. Хүмүүсээ буулгаад ханьтайгаа буцаад явлаа. Шөнийн 23:00 цагт Онон голын хойд дэнж дээр иртэл н.Гүрцогийнх үерт автчихсан байсан. Өвөлжөө, байшин нь усаар дүүрчихсэн үнэхээр аймшигтай. Аль чадахаараа туслаад байж байтал голын цаад захаас машины гэрэл гарсан. Тэдэнд “Гүүрээр гарч болохгүй шүү” гэж хэлэх санаатай наанаас нь гүйтэл машинтайгаа юу юугүй цүл пал хийгээд урсаад явчихсан. Бид ч “Ээ халаг, ээ халаг” гээд үглэхээс өөрийг хийж чадахгүй зогсож байтал гүүрний доор байдаг бургасанд өнөөх машин тэгэлээд зогслоо шүү. Тэгээд л тэр хавийн айлуудаар гүйж, Ундрах гэдэг залуугийнхаас олс, Гангантөгс гэдэг өвгөнийг завьтай нь аваад нөгөөдүүл рүү давхилаа.

-Автомашинд хэдэн хүн байсан бэ?

              -Хоёр хүн байсан. Намайг олс, завь аваад хүн дагуулаад ирэхэд нөгөө хоёр машин дээрээ гараад бургаснаас зүүгдчихсэн сууж байлаа. Үерийн хүчтэй урсгалд машин нь хотолзоод “Амь авраарай” гэж орилолдоод тун ч бэрх байсан даа. Хоржигнотол урсах их усан цаанаасаа л айдас хүргэм юм билээ. Би жин ихтэй болохоор завин дээр суух ямар ч боломж байгаагүй. Учир нь, завь дийлэхгүй, дийллээ ч цоорох, ус хальж орж ирэх гээд эрсдэл өндөр байсан. Тиймээс хөнгөн хүн суулгаад, өөрийгөө модтой сайн гэгч нь бэхлээд, завинаас олсоо уяж урсгал дагуу аажмаар урсгасан. Нэлээд хугацаа өнгөрсний дараа завь машинд тулж очсон. Өнөөх хоёр хүн айсан байсан болохоор машин дээрээсээ буухгүй, бургаснаасаа тавьж өгөхгүй хугацаа нэлээд алдсан. Үерийн хүчтэй урсгалд завь нь хөмөрчих гээд хэцүүхэн байлаа. Тэгж, тэгж нэг юм хоёр хүнээ завиндаа суулгаад, буцаагаад урсгал сөргүүлэн татсан. Гурван хүн суулгасан завь хүчтэй урсгал сөргүүлээд татна гэдэг амар юм биш байна лээ. Усанд удаан зогсохоор хөлийн шөрмөс татчихдаг юм билээ. Хөлөөрөө газар тулж, татах гол хүчээ авч байгаа болохоор тун бэрх. Тухайн үед гарын шөрмөс татсан бол олсоо алдаад завиа хөмрүүлээд гурван хүний амь эрсдэх байсан, одоо бодоход. Олсоо сулруулахгүй татсаар байгаад завьтай хүмүүсээ эрэгт гаргаад ирлээ. Усанд удаан байгаад айчихсан хүмүүсийн чичрэх хэчнээн өрөвдөм байсан гэж санана. Завьтай очсон залуу олсоор татсан би ч ялгаагүй бөмбөгнөтөл чичирч байлаа.

-Та сум, орон нутгийнхаа онцгой, удирдлагуудад машинтай хүмүүс живлээ гэж хэл дуулгасан уу. Амийг нь аварсан хүмүүс танай нутгийнх уу?

                      -Нутгийнхаа удирдлагуудад “Машинтай хүн усанд живчихлээ” гэж хэлж л амжсан. Сумаас тусламж иртэл хүлээсэн бол хоёр сайхан хүн амиа алдах байсан. Тиймээс хүлээж чадалгүй аврах арга хэмжээ авсан нь тэр. Аюул холдсоны дараа сумаас тусламж үзүүлэх хүмүүс ирсэн. Үерт машинтайгаа урсдаг хүмүүс манай нутгийн Сайнжаргал, Түвшин-Онон нар байсан. Тэд RAV4 маркийн автомашин унаж явсан” гэлээ.

Гэрийн эзэгтэй “Манай хүн Дадал сумынхаа Хилийн цэргийн ангид галч, жолооч, жижүүрээр олон жил ажилласан хүн дээ. Залуудаа мөн ч сайхан барилддаг байсан. Сумын заан цолтой хүн шүү дээ. Хүнд үгүй гэж хэлж чадахгүй нь заримдаа хэцүү байдаг юм. Хүний өөрийнгүй ийм ч юм ингээд өг, тийм ч юм тэгээд өг гээд манайхаас салахгүй. Заримдаа би өмнөөс нь “Манай хүн завгүй, чадахгүй” гээд хэлчих тохиолдол бий” гэлээ.  Ч.Мөнхбат гуай яриагаа үргэлжлүүлэн намайг хоёр хүний амь аварсныг дуулаад С.Оюунхүү гэдэг залуу хийлдэг завь, хантааз бэлэглэж, урмын үг хайрласан. Урмын үг сонсохоор сэтгэл сэргээд сайхан болчихдог юм билээ” гэснээ хоолойгоо засан “Онон гол үерлэсний хоёр дахь хоног. 2024 оны долдугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш. Тэнгэрт хуралдсан үүлсийн цоорхойгоор хаа нэг нарны туяа гялалзаад өнгөрч байлаа. Сумаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан тул би тэр хавьдаа эргүүл хийж байсан юм. Барагцаагаар 17:00 цагийн үед голын урдаас хоёр морьтой хүн наашилж яваа харагдсан. Гэтэл юу юугүй л голын усанд цүл хийтэл ороод алга болчихсон. Удалгүй нэг морь нь уснаас толгой өргөн явсаар эрэг рүү гарсан. Нөгөө нь тэр чигтээ урсчихсан. Хоёр хүн нь харин модноос зуурчихсан “Амь авраарай” гээд орилж байсан шүү. Би тухайн үед хүргэнтэйгээ эргүүлд явж таарсан. Хүргэндээ “За, миний хүү тэр харагдаж байгаа хоёр айлын бүх хошлонг /бүслүүр/ тайлаад бушуухан аваад ир” гээд өөрөө өнөөх хоёр руугаа шалавлалаа.

-Гэрийн бүслүүрээр олс хийх гээд хүргэнээ явуулав уу. Урд шөнө нь хоёр хүн уснаас гаргахдаа хэрэглэсэн олс нь хүрэхээргүй байв уу?

              -Урд шөнө нь хэрэглэсэн олс хүнийх байсан болохоор эзэд нь буцаагаад аваад явчихсан юм л даа. Тэгээд гар мухар үлдсэн нь тэр. Арга ядахдаа эсгий гэртэй айлын бүслүүр аваад ир гэх вэ дээ. Хүүгээ ирэнгүүт гэрийн бүслүүрүүдийг холбож залгаад, С.Оюунхүү дүүгийн бэлэглэсэн хийлдэг завийг өөртөө сайн гэгч нь бэхлээд “За, миний хүү завинд суугаад тэр хоёр хүнийг чиглээд хөв. Аав нь олсны үзүүрийг алдана гэж байхгүй” гээд өөрийгөө модтой бэхлээд хүүгээ завиндаа суулгаад явуулсан. Тухайн үед Хөвсгөл аймгийн 20 гаруй аялагч тэрүүхэнд хараад зогсож байв. Тэд “Та хоёр больсон нь дээр. Ингэж өөрсдийнхөө амийг эрсдэлд оруулж яах гээд байгаа юм. Сум, орон нутгийн чинь онцгой байдлын хүмүүс ирж аварна шүү дээ” гэж хашгирч байлаа. Би “Иргэнийхээ үүргийг биелүүлж байна. Онцгойнхон иртэл энэ хоёр тэсэхгүй” гэж хариулсан гэж хэлээд амжсан. Хэдийгээр тэдний зөв ч гэлээ “Амь авраарай” гээд үхэлтэй тэмцэж байгаа хүмүүсийг хараад зүгээр сууж чадахгүй шүү дээ.

         Би тухайн үед “Хүний цогцос хайж явахгүй юм шүү, заавал аварна” гэж амандаа үглэж байлаа. Хүргэн маань хөвж явсаар нөгөө хоёр дээр очсон ч завиндаа суулгаж бардаггүй. Хүйтэн салхитайд, хүйтэн усанд удаан байсан хүн хамаг биеэ чангалаад тас зуурчихаараа дийлддэггүй юм байна лээ. Тэгээд арга ядаж байтал Л.Ганбатын хүү Анхаа ойрхон явж таарсан. Тиймээс “За, Анхаа тэр хоёр хүн үхэх гэж байна. Хийлдэг завин дээр хүргэнтэй хамт суугаад яв. Би энэ олсны үзүүрийг алдана л гэж байхгүй. Тиймээс битгий ай” гэж хэлээд хүргэнээ эргүүлэн татаж, Анхааг нэмж суулгаад хөвүүлсэн. Тэр хоёрт сэлүүр хийчих алд хэрэм мод хайх ч завдал байгаагүй. Урсгал дагаад хөвөхөөс өөр боломж байхгүй. Шуугин дайвалзах их усыг удаан харахаар толгой эргээд, чихэн дотор ус хоржигнож дуугараад хэцүү байсан, үнэндээ. Гэхдээ надад нэг л айдас байв. Тэр нь олсоо алдчих вий гэх айдас. Би олсоо алдах юм бол хоёр хүний амь аврах биш, дөрвөн хүний цогцос хайна шүү дээ. Арайхийж очсон ч манай хоёр бас л нөгөө хүмүүсээ завиндаа суулгаж чаддаггүй. Усанд удаан байгаад шөрмөс нь татаад, хөшчихсөн болохоор хөдөлж ч чадахгүй байгаа хэрэг л дээ. Тэгэхээр нь би хажуудаа байсан хүмүүст “Тэр харагдаж байгаа өвөлжөөнөөс мод олоод ир” гэлээ. Хүмүүс ч гялс гүйлдээд, алд хэртэй шургааг аваад ирэхээр нь нөгөө хоёртоо өгөөд дахин хөвүүлсэн. Хүргэн хүү, Г.Анхаа хоёр эхнийхээ хүн дээр очин шургаагаа салтаагаар нь оруулж, дээш өргөөд завин дээрээ тавьсан. Хөөрхий минь, завин дээр дээш харж хэвтээд “Ёох” гээд санаа алдсан гэнэ лээ. Удаах хүнээ ч адилхан аргаар суулгасан. Ингээд хийлдэг завин дээр суусан дөрвөн хүнийг татах хүндхэн үүрэг надад ирлээ. Би “Татаж дийлэхгүй бол ядаж хүмүүс иртэл торгооно доо” гээд шүд зуугаад бага багаар татсан. Нэлээд удаан ноцолдож байж эрэг дээр гаргаж иртэл осолдохоо дөхсөн нөгөө хоёр хүн чинь манай нутгийн Доржоохой, Цогтоо хоёр байсан. Анд явж байгаад буцаж байсан нь тэр юм билээ. Хамаг бие нь дагжин чичрээд, шүд нь хавиралдаж, зуурчихаад хэцүү байсан. Тиймээс бүх хувцсыг нь тайлж, өөрсдийнхөө дээлээр ороогоод, хүүгээ “Шимийн архи халаагаад ир” гээд айл руу явуулсан. Хүү ч төд удалгүй халуун архитай давхин ирээд, аманд нь бага багаар хийсээр, нөгөө хоёрын биеийн хөшингө ч гарсан. Ингэж л нэг юм амийг нь аварсан даа.

Энэ үед гэрийн эзэгтэй уур нь савссан бууз ширээнд тавиад “Ханийн маань аварсан дөрвөн хүн ус уух хувьтай болоод л заяа нь түшиж, бүгд амьд гарцгаасан гэж боддог юм. Тэр явдлаас хойш нөхрийн минь бие чилээрхэж, хөл гар нь хавагнаж, бүх шөрмөс нь татаад нэг хэсэг эмнэлгээр явсан. Аргагүй биз дээ, хүйтэн усанд бараг хоёр өдөр зогссон хүн чинь” гэлээ. Цайлж дуусаад Ч.Мөнхбат гуайгаас 

-Амийг нь аварсан дөрвөн хүн танд баярласан сэтгэгдлээ нүнжигтэй илэрхийлсэн үү?

            -Доржоохой нь л баярлалаа гэж дахин дахин хэлсэн. Бусад нь ч амьд гарсандаа л баярласан байх. Ер нь “Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан” гэдэг үнэн юм билээ. Ах нь одоо хүртэл тэр хүмүүсээс баярлалаа гэдэг үгийг нь хүлээгээд байдаг юм, сонин. Нутаг нэг болохоор худаг, дэлгүүрт хааяа таардаг л юм. Бараг мэнд мэдэхгүй шахам л зөрөөд явчихдаг. Доржоохой л “Уснаас мэнд гаргасанд баярлалаа” гээд тэр өдрөө хоол унд авчирч, үерт боогдсон аялагчдыг дайлж, цайлж, “Яаж туслах вэ, Мөнхбат аа. хэрэгтэй юм байвал хэлээрэй” гээд хэд хэд эргэж тойрсон. Хүн баярлаж байгааг харахаар сэтгэл хөөрөөд, дагаж баярлаад байдаг юм билээ.

-Онон голын ойр орчимд байсан бүх айл үерт автсан уу?

              -Тэгэлгүй яах вэ. Бүгд л их бага хэмжээгээр хохирол амссан. Ононгийн гүүрний доох нь байдаг айлын бүх тавилга нь таазандаа тулчихсан байсан гэсэн. Бичиг, баримтаа арайхийн аваад амьд гарцгаасан гэж ярьж байсан. Усанд автсан дүнзэн байшин мөөгөнцөртөөд хүн амьдрах ямар ч аргагүй болдог юм билээ. Үер татарсны дараа Хилийн цэргийнхнийг гуйж, Онон голын ойр орчмыг цэвэрлэсэн. Айлуудын авдар савыг цуглуулж өгөх, малын сэг зэмийг булах, шатаах гээд хэд хоногийн ажил болсон доо.

Ах нь Онон голын гүүрний шалган нэвтрүүлэх товчоонд зундаа ажилладаг юм. Манай нутагт үер болж л байсан. Гэхдээ түрүү зуных шиг айхтар үер үзээгүй. Ирэх зун болгоомжтой байхгүй бол үүнээс айхтар юм болж юу магад. Аливаа эрсдэлийг тааж мэдэхгүй учраас болгоомжтой байх хэрэгтэй юм билээ. Ахыг нь шинэ оны босгон дээр Дадал сумын удирдлагууд “Эгэл баатар” гэдэг шагналаар шагнасан. Нутгийн зон олон надад баяр хүргэж, халуун дулаанаар тэврэх нь хамгийн сайхан байсан даа. Тэр үед хүмүүсийг дахин аварсан юм шиг л сайхан мэдрэмж авсан. Онгирч, огшмоор болдог л юм билээ. Би яах вэ, иргэний үүргээ л биелүүлсэн төдий. Миний оронд хэн ч байсан тэр хүмүүсийг аврах л байсан” гээд  Ч.Мөнхбат гуай дөрвөн хүний амь аварсныг нь нотлох цомоо  дахин дахин хараад баяртай сууна лээ.

 


ЭГЭЛ БААТАР Ч.МӨНХБАТ:ХҮЙТЭН УСАНД ХӨЛИЙН ШӨРМӨС ТАТАХ ҮЕД ЗАВИНААС УЯСАН ОЛСОО АЛДЧИХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙСАН Ч ШҮД ЗУУСААР ДӨРВӨН ХҮНЭЭ АВАРЧ ЧАДСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188