• Өнөөдөр 2025-11-18

“ULAANBAATAR MUSIC FESTIVAL- 2025”-д 50 гаруй уран бүтээлч оролцоно

2025-09-18,   865

             “ULAANBAATAR MUSIC FESTIVAl-2025" хөгжмийн наадмын зохион байгуулагчдын зүгээс хэвлэлийн бага хурал хийлээ.  
 
    “ULAANBAATAR MUSIC FESTIVAL-2025”  хөгжмийн наадам “Social Pay’’ паркад 2025 оны есдүгээр сарын 20-нд анх удаагаа болох гэж байгаа билээ. Хэвлэлийн бага хуралд “Event X” компанийн захирал, тоглолтын ерөнхий зохион байгуулагч Б.Чулуунбаатар, МУГЖ дуучин С.Наран, УГЗ, хөгжмийн продюсер Н.Халиун, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, Төрийн шагналт, УГЗ Ц.Чулуунбат нар зохион байгуулагч талаас оролцлоо. Тоглолтын хувьд 50 гаруй уран бүтээлчийн 140 гаруй уран бүтээл тайзнаа тоглогдох бөгөөд тоглолт “Өдрийн Улаанбаатар” ба “Шөнийн Улаанбаатар” хэмээх хоёр хэсгээс бүрдэж байгааг тоглолтын ерөнхий зохион байгуулагч Б.Чулуунбаатар онцоллоо. Мөн тоглолтын үеэр хамтлаг, дуучдын “Merch” буюу хувцас, хэрэглэл зарагдах байна.
 
         УГЗ, хөгжмийн продюсер Н.Халиунын хувьд тэрбээр тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа бөгөөд “ULAANBAATAR MUSIC FESTIVAL 2025” хөгжмийн наадам нь бүх насны, өөр өөр цаг үеийн олон тооны уран бүтээлчдийг хамруулсан гэдгээрээ онцлогтой ба тайзны техник технологийн талаас Монгол болон гадаадын шилдэг компаниудтай хамтран ажиллаж эл хөгжмийн наадмыг дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд зохион багуулалтын баг хамт олон шаргуу ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Хэвлэлийн бага хурлын туршид яригдсан нэг гол санаа нь “ULAANBAATAR MUSIC FESTIVAL 2025” бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо дэлхий дахинд сурталчлах, түүх нийгмийн талаас буюу урлаг тэр дундаа хөгжим хэрхэн хотын соёлтой холбогдон сүлэлдэж өдийг хүрсэн тухай хотын иргэддээ таниулах үндсэн зорилготойгоор жил бүр зохион байгуулагдах тухай байв. 
 
        УГЗ, төрийн шагналт Ц.Чулуунбат “Орон даяар маш олон Festival явагдаж байна. Улаанбатар хот өөрийн гэсэн Festival-тай болох цаг ирсэн” гэв.
Э.Өгөдэй

“ULAANBAATAR MUSIC FESTIVAL- 2025”-д 50 гаруй уран бүтээлч оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188