Тэр кино зургийн талбайд гарч, камерынхаа ард суухаараа дийлдэшгүй зоргоороо нэгэн. Дургүйгээ хүрвэл хатуухан хэдэн үгээ шулуухан хэлж, бодсон санаснаа гүйцээхээс нааш зогсдоггүй нэгэн. Тиймдээ л тэр социализмын хаалттай, бүрэг ичимхий нийгэмд “Би чамд хайртай” гэж цэнхэр дэлгэцээр зоригтой хэлж, нуурын эрэг дээрх жижигхэн суурин атлаа шударга бус, хүнд сурталтнуудаар дүүрчихсэнд багтран бачуурахдаа тэсэлгүй үнэнийг нь хэлчихдэг Галбадрах, түүнд дурлаж буй хөл муутай Ариунаа охины тухай “Илүү сартай зун” киноны зохиолыг бичсэн байх.
.jpg)
Цаашлаад нийгэм, хүмүүс хэрхэн галзууран доройтож байгаа талаар “Эргүүлэг” гэх зохиол бичиж, найруулагч Ч.Жумдаан кино болгон дэлгэцнээ амилуулсан. Ерөөс Б.Балжинням найруулагчийг эмчтэй зүйрлэбэл нийгэм, хүмүүст халдаж буй “өвчин”-ий оношийг зөв олж, бугласан идээ бээрийг нь шахаж, уран бүтээлээрээ дэлгэн тавьж, тун эелдэгээр дахин тэрхүү өвчин тархахаас урьдчилан сэрэмжлүүлдэг байжээ гэдгийг эндээс эхлээд л харж болохоор байна. Нэг ёсондоо түүний бүтээлүүдийг өнгөц харвал зөөлөн намуун урсгалтай зүйрлэж болох ч “Энэ нийгэм буруу булхай бүхнээр дүүрлээ. Хүмүүс мөн чанараа алдаж, энэ бүхний хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд болж дууслаа. Нэгнээ хайрлаж, хүнлэг байцгаая” гэж хатуухан загнах нэгэн зогсож буй юм.
Кино зураглаачийн хувьд ч тэр шинэ бүхний анхдагч болж, өөрөөр сэтгэсэн. Үүний ганцхан жишээ гэхэд түүний зохиолыг нь бичиж, зураглаачаар нь ажилласан “Говийн зэрэглээ” уран сайхны кино. Онгоцноос алим унагана гэдгийг тэр л бодож олно.
.jpeg)
Ховд аймгийн Чандмань сумын малчин Аюурын Дэрэм гуай отгон хүүгээ сургуульд оруулахаар тэмээ унаад сумын төв орлоо. Хүүдээ дээл оёж, цоо шинэ орос бакаль ч зэхлээ. Ээжээс нь хойш арван хүүхдээ цөмийг нь ингэж сургууль, ажилд хөтөлсөн ч отгон хүү нь сургуульд орох гэж буй нь цаанаа нэг онцгой баяр төрүүлнэ. Анх удаа сургууль гээчтэй танилцаж, сурагч болох гэж буй дэлдэн чихтэй, шөмбөгөр бор хүү аавынхаа зэхэж өгсөн шинэхэн хувцаснуудыг өмсөөд догдолж байгаа гэж жигтэйхэн. Сумын төв дээр түүнтэй хамт том ахынх нь хүү А.Баярмагнай сургуульд суух гэнэ. Ахынх нь хичээл өглөө, түүнийх өдөр орох хуваарьтай. Сургуульд сурна гэхээс тэсгэл алдаж, хичээл эхлэхээс өмнө очсон тэрбээр хүүхдүүдтэй тоглож, өнөөх гоё хувцас, гутлаа шороодож, аавдаа зэмлүүлснээр сурагч болж байсан түүхтэй гэсэн. Ингээд нэгдүгээр ангиа онц дүнтэй төгсөж, хоёрдугаар ангид дэвшив.
Гэсэн ч түүний намтарт Чандмань сумын сургуульд сурсан хугацаа нэг жилээс хэтрэхгүй аж. Учир нь, сургуульд орсны дараа жил нь аймгийн сонины эрхлэгч гэж өндөр шар хүн ангид нь орж ирээд “Эсэргүүний үр удмыг сургуулиас хөөсүгэй” гэсэн бичиг дуудсанаар Б.Балжинням халуун намраар гэрийн зүг буцаж байжээ. Хүү хэдийгээр сурах урам зориг дүүрэн байсан ч гэртээ харих болсондоо туйлаас баярлав. Энэ бол Монголын ирээдүйн нэртэй том найруулагчийн үргэлж яардаг, хамгийн баяр хөөр, догдлол дүүрэн зам. Сургууль сайхан газар ч хөгшин аавдаа эрхэлж, Үзүүрийн бууцандаа хонио хотлуулж, дотны найзтайгаа тоглохын жаргалын хаана ч хүрэхгүй. Ийн тэр сургуулиас хөөгдөж байсан түүхтэй.
Нэрт найруулагч маань тийм нялхдаа яагаад “эсэргүү” гэгдсэн тухай уншигч та мэдэхийн тулд түүний дурсамжийн номд бүрэн эхээрээ бичигдсэн дараах сонины бичигт анхаарал хандуулаарай. “За нөхөд өө! Та бидний дунд “эсэргүү” бүгэж байсан байна аа, Чандмань сумын малчин Дэрэм гэгчийн хүүхэд Балжинням гэгч! Энэ хүний эцэг угийн нударган баян бөгөөд ядуу дорд дөрвөн айлыг зарцлан хонь малаа маллуулж, бусдын хөдөлмөрийг олон жил мөлжин сууж байна аа. Өвөг эцэг Бошигт болон Аюур нь нэрт зандалчин Жа ламын гар хөл бологчид байсан. Тэд нь манай хуулийн хурц хараанаас мултарч чадалгүй зохих цээрлэлээ амссан бөгөөд одоо тэдний үр сад нь бидний дунд зогсож байна. Энэ сонин дээр тов тодорхой бичжээ. Ийм юм байж болох уу нөхөд өө! Ийм учраас энэ Дэрэм овогтой Балжиннямыг сургуулиас хөөсүгэй!” хэмээжээ. Дээрх бичигт өгүүлсэн өвөг эцэг Бошигт бол Б.Балжинням найруулагчийн ээжийн аав, нутаг хошуундаа алдартай эрдэм номтой хувилгаан хүн. Ийнхүү үр удмаараа хэлмэгдэж буй нь тэдний тусч энэрэнгүй сэтгэлээс үүдэлтэй. Учир нь, 1910 онд Дамбийжанцан гэх богд тэдний нутаглаж буй Зэл гэх газарт ирж, Ховдын шар сүмд номлон сууснаар А.Дэрэм гуай хөтөчийн алба хашиж, мал аж ахуйг нь адуулдаг байсан байна. Энэ байдал Жа богдын гар хөл бологч гэх хэлмэгдэлтийн шалтгаан болсон байдаг. Хэдий ийм түүх энэ айлын намтарт бий ч эрдэм номтой, ажилсаг хичээнгүй, тусч энэрэлт сэтгэлтэй хүмүүсийн үр удмаас Монголын нэртэй найруулагч төрж, кино урлагийн салбарт олон сайхан гал цогтой этгээд мөртлөө утга уянга баялаг бүтээлүүд төрүүлсэн нь үнэн билээ.
...Хүү нь ийн эсэргүү гэгдсэн ч аав Дэрэм нь “Сургуулийн насны хүү хөдөө, аавдаа эрхлээд байгаад байж болохгүй. Юутай ч Ховд аймгийн төв орж, Д.Бэгз ахынд хэсэг байж байхад учир олдоно” хэмээн түүнийг төв бараадуулжээ. Хэлмэгдэж, сургуульгүй болсон дүүгээ дэргэдээ байлгаж, өөрөөрөө овоглож, эрдэм номын мөр хөөлгөсөн хүн бол Д.Бэгз юм.
“Магсаржав” кино театрын жолооч, кино механикч ажилтай ахындаа байх хугацаа бол Балжинням хүүгийн хүсэл мөрөөдлийн жигүүр ургасан он цаг байв. Орос, монгол кинонуудыг ёстой л нэг шавайгаа ханатал үзэж, хүүхдүүдтэй дүрд нь хувирч тоглодог байж. Болоогүй ээ, кино хэрхэн бүтдэгийг нүдээр үзэж, Монголын нэртэй том найруулагч Д.Жигжидийн кино зургийн аппаратны нүхээр “шагайж” амжсан үе хүртэл түүнд байсан гээч. Энэ золтой учралын тухай уншигч та түүний дурсамжийн номоос уншчих учир энд давталгүй үлдээе.

Д.Бэгз ах нь тэр жилдээ дүүгээ аваад Говь-Алтай аймгийн айл болж, түүнийг сургуульд орууллаа. Ерөөс Б.Балжинням найруулагч “нүүдлийн шувуу” шиг л амьдарч ирж. Бага боловсролоо Алтайн сургуульд дүүргэчихээд, Өвөрхангай руу шилжиж, есдүгээр ангиа төгсөөд, нийслэлийн хоёрдугаар сургуульд арван жилийн боловсролоо дүүргэсэн байна. Б.Балжинням найруулагч сурагчийн ширээнээс шууд Москва яваагүй юм билээ. Сургуулиа төгсөөд Польшийн кино, урлагийн дээд сургуульд явах хуваарь авсан боловч өөр хүн оронд нь явахаар болоод өнжсөн гэдэг. Ингээд “Үнэн” сонинд ажилтай Д.Шагдарсүрэн ах нь Кино үйлдвэрт албан тушаал хашиж байсан өндөр Алтайн том зохиолч Ч.Лодойдамба гуай дээр түүнийг дагуулан очсоноор тэнд туслах оператороор орсон байдаг. Ингээд “Энэ хүүхнүүд үү” кинонд туслах оператороор ажиллаж, жижиг дүрд орж аваад дараа жил нь Москваг зорьсон байна.
“...Урт хар үс, хөөрхөн алаг нүдтэй, нүдэнд дулаахан охин сэтгэл татна. Нэг мэдэх нь ээ, бид нэгэндээ захидал бичин хайраа илчилж эхэллээ. Сургуулиа ч төгсөж, Ц.Надмид эдийн засгийн сургуульд сурахаар түрүүлээд Москваг зорилоо. Жилийн дараа сэтгэлийн дотор нэгэнтээ “үүрлэсэн” хүсэл мөрөөдөл, дурлалт бүсгүй хоёр нь түүнийг Москвад угтаж, цас малгайлан орох гудамжаар хайртай бүсгүйтэйгээ сугадан алхахын сайхныг юутай ч зүйрлэшгүй. Москвад өнгөрүүлсэн он жилүүдийн юм бүхэн сэтгэлд дотнохон агаад бодох тусам зүрх сэтгэл догдлуулж, халуун залуу насны оргилуун дарс шиг өдрүүд нүднээ тодорно.
Сурагчийн ширээнээс ичингүйрч танилцсан бидний хайр Москвад хамгийн сайхнаар цэцэглэж, хоёул оюутан болчихоод хамтдаа алхахыг хэчнээн мөрөөддөг байлаа. Тэнд өнгөрүүлсэн он жилүүд ямархан сайхан, үлгэрийн мэт байсан гээч. Тэр дундаа шинэ жилийн үдэшлэг ямархан тансаг болдог гэж санана. Охидын цангинасан инээд, гоёлын даашинз, хундага харших чимээ гээд үгээр хэлэхийн аргагүй. Ийм сайхан гэрэлт өдрүүдийн араас бид ууган хүү Амарсанаагаа өлгийдсөн юм. Ингээд 1969 онд сургуулиа төгсөөд, эх орондоо ирлээ” хэмээн ирээдүйн эрхэм найруулагч дурсамж номондоо бичсэн байдаг.

“Исмэл тайжийг толгойг нь үлдээгээд бул” гээд Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн биеийг далд ортол шороогоор булж байгаад зураг авдаг тэс хөндлөн сэтгэгч бол тэр. Хэний ч санаанд оромгүй өнцөг, санаа түүний тархи, мэдрэмжинд ургаж, хүссэн зургаа авахаас нааш юу ч сэдэж мэдэх содон зураглаач. Байнга л “Зургаа яаж авах вэ” гэх асуултыг өөртөө тавьж, зохиолоо давтан уншиж, төсөөлж, зургийн талбайгаа сайтар ажиглаж явдаг эрэлч нэгэн байжээ. Тэр бүхэн нь амьдралд ойр, хүмүүст сонин байдаг. Он цаг жил жилээр улирахад тэр киноноос киноны хооронд зураг авсаар, нэг мэдэх нь ээ кино зохиол бичдэг болов. “Сүхболдын яриа”, “Дэгдээхэй нас”, өнөө алдарт “Говийн зэрэглээ” киноны зохиолыг бичиж дууслаа.
“Говийн зэрэглээ” киноны зохиолыг бичих санаа Москвад найруулагчийн дээд курсэд сурч байхад нь төрсөн гэдэг. Тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан тэрбээр хөдөө, орон нутагт ажлаар явах үед таарч, уулзсан хүмүүсээ нэхэн бодож байтал Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд танилцсан клубын кино механикч Арслан гэж хүнийг санажээ. Эндээс санаагаа баяжуулан кино зохиол бичсэн нь “Говийн зэрэглээ” нь аж.
Кино үйлдвэрийн ерөнхий оператор Б.Балжинням ерөнхий найруулагч болов. Эндээс л тэр жинхэнэ нэрийн хуудас болсон лутуудаа хийж эхэлнэ. Монголчууд тун удахгүй түүний найруулгаар “Гарын таван хуруу”, “Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрөө”, “Сүүдэр”, “Мандухай цэцэн хатан”, “Хачин хүн”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэх бүтээлүүдтэй учран золгож, тэд цөм үзэгчдийн хайртай бүтээл болно. Хашхүү захирал, Номин хоёрын хайр дурлал, Арслангийн хөгийг ярьж дуусаагүй байхад мөнхүү говь нутгийн сайхныг бахдаж ханаагүй байтал Шагдар гэх эр таван хүүхэд, эхнэрээ орхин өөр хүнтэй суусан олхиогүй дүр гараад ирлээ. Бүгдийн яриа “Гарын таван хуруу” руу шилжлээ. Энэ бүтээл Москвагийн олон улсын кино наадамд оролцож, тусгай байр хүртэв. Найруулагч, зураглаач нь Б.Балжинням. Үүнээс гурван он улирсны хойно “Тань руу нүүж явна” гэж үзсэн бүгдийн сэтгэлийг эмтэлж, нулимсыг дуслуулсан кино дэлгэцнээ гарав. Эндээс л үзэгчид дүрүүдийнхээ сэтгэлийн доторхыг уудлан дэлгэдэг найруулагч гэдгийг нь олзуурхан харж, дахиад түүнээс “Ямар бүтээл төрөх бол” гэж хүлээж эхэлсэн байх.
Тэр хэнийг ч удаан хүлээлгээгүй. Ердөө дараа жил нь “Би чамд хайртай” уран сайхны киногоо бүтээж, хүн бүрийн зүрх сэтгэлийн угт оршдог ч ил, чангахан хэлж болдоггүй хаалттай, хатуу нийгэмд тэр л тэрхүү ариун нандин үгийг дэлгэцнээ чангын чангаар, ахин дахин хэлж чадсан юм.
Охин Амаржаргал нь “Аав киноныхоо зохиолыг бичихээс эхлээд гэрийнхэндээ ярьдаг байсан. Тэр дундаа ээжтэй санал бодлоо байнга хуваалцдаг байлаа. Хүүхдүүдтэйгээ ч их илэн далангуй. Тухайлбал, аав намайг есдүгээр ангид байхад И.Нямгаваа найруулагчийн бичсэн “Би чамд хайртай” киноны зохиолыг уншуулж, ямар сэтгэгдэл төрснийг асууж байсан. Гэхдээ тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил одооныхоос ондоо байсан болохоор би зохиолын нэрнээс нь эхлээд л аавд хэлэхээс ичээд байсан. Тиймдээ ч “Яагаад заавал "Би чамд хайртай” гэсэн нэртэй юм аав аа” гээд асуучихаж билээ. Есдүгээр анги төгсөх жил кино зураг авахаар Хөвсгөл явахад нь би аавтай хамт явж байлаа. Кинонд тоглож үзмээр байгаагаа хэлэхэд, аав надад зориудаар шуудан зөөгч охины хэсгийг гаргаж өгсөн байгаа юм.
Тэр нь өнөө “Сайн байна уу, Дамба гуай. Дэлгэрт захиа ирсэн байна” гэдэг хэсэг шүү дээ. Гэхдээ кинонд тоглох бодсоноос амаргүй зүйл байсныг тэгэхэд л би ойлгож билээ. Дараа нь кино гарахад өөрийнхөө хэсгийг харж чадахгүй ичээд байсан” гэсэн нь бий. Найруулагч аав нь охиныхоо үеийн залуусын хайр дурлалыг харуулсан кино хийх гэхдээ “Охиндоо зохиолоо уншуулъя, юу гэх бол” гэж тандах, тэр нь тэгээд монголчуудын хайртай уран бүтээл болох хувь төөрөг хүн бүрд байхгүй шүү дээ. Эрэгтэй атлаа эх хүний уян зөөлөн сэтгэл шиг бүтээлүүдийг дэлгэцнээ бүтээдэг учрыг нь түүний охин тайлахдаа “Эрт ээжээсээ өнчирч, эхийн хайрыг гүн гүнзгий мэдэрч чадаагүйтэй нь холбоотой байх” гэж хоолой зангируулан өгүүлсэн юм.
Б.Балжинням найруулагч урлагийн "хэц"-нд хүний сэтгэлийн доторхыг онгичин тэмтэрсэн мөртлөө нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг хөндөн гаргасан олон сайхан бүтээл өлгөсний дотор хуурамч мөнгөний асуудлыг ил болгосон "Ацаг шүдний зөрөө", дайны хайр сүүдрийн хор уршиг хүний хувь заяанд хэрхэн нөлөөлж буйг "Сүүдэр"-ээр, хүнд суртал, шударга ус байдал ил цагаандаа гарч, үнэнийг дуугарсан, зөвийн талд зогссон хүн бурууддаг гэдгийг "Илүү сартай зун" киноны зохиолоор илэрхийлжээ. Үүн дээр тэр зохиолыг нь бичиж, найруулагчаар нь ажилласан кинонууд ийнхүү ар араас нь мэндэлж, Монголын кино урлагийн Алтан сан хөмрөгт өнгө, хийц нь тохирсон, ганган дээл мэт өдгөө ч хадгалагдсаар байна.
Хатан Мандухай "Сатай ах аа, та юунд хий нь гарсан гүзээ шиг болж орхив. Хаан эзэн энэ улсыг захирч байгаагийн хувьд бага хатан буулгаж байгаа нь харин ч миний сэтгэлийг баярлуулж байна" гэж хэлээд аягатай цайгаа цалгилуулан ууна. Үймэрч балмагдсан өөрийгөө барьж ядан байгаа бүсгүйн сэтгэлийн их давалгаа ямархнаар долгилж, хүн хүнийхээ өмнө харц, үйлдлээрээ хэрхэн өмрөн бөмбөрч буйг эл тоглолтоороо тэр эмэгтэй сайн үзүүлсэн болов уу гэж үзэгчийн хувьд боддог юм.
.jpg)
Б.Балжинням найруулагч "Мандухай цэцэн хатан" киног найруулах болсон учрал бас л их сонин. Угтаа бол түүнийг наймтай байхад Ховд аймгийн Чандмань сумын Зэл гэх газарт нутаглах аавынд нь кино зураг авахаар ирсэн алдарт найруулагч Д.Жигжид гуай уг киног найруулах байсан юм билээ. Гэвч бие нь өвдсөн учир уг үүргийг Б.Балжиннямд Намын төв хороо оноож л дээ. Тэр шийдвэр гарсан өглөө Б.Балжинням найруулагч "Карловы Вары" кино наадамд "Би чамд хайртай" киногоороо оролцож, Чехийн Комсомолын тэргүүн шагналыг авчихаад Улаанбаатарт бууж байжээ. Эхэндээ "Би яалаа гэж Жигжид гуайн хийх гэж байсан киног авах гэж" хэмээн татгалзсан байна. Яваандаа харин учир начрыг нь ойлгож, зохиолтойгоо танилцахаар болж. Мань эр бүх зүйлийг шинээр эхлэхээр шийдсэнээ тухайн үеийн Соёлын сайд Б.Сумъяад учирлаж, 1988 онд "Мандухай цэцэн хатан" гэж дөрвөн бүлэгт кино Монголын кино урлагийн санд нэмэгдсэн түүхтэй. Уг бүтээлээрээ Б.Балжинням найруулагч Мандухайн дүрийг бүтээсэн Н.Сувд гуай болон бусад уран бүтээлч Төрийн шагнал хүртсэн юм. Мөнхүү киногоороо Токиогийн олон улсын кино наадамд оролцож, Азийн шилдэг арван киноны нэгээр шалгарч байв.
Энэ тухай Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд "Мандухайн дүрийг надаас гадна тэнд ажиллаж байсан бүх хүн тал талаас дэмжин өргөж, туслаж бий болгосон. Б.Балжинням найруулагч их зориг гаргаж, энэ дүрд намайг авсан гэж боддог" хэмээн ярьсан байдаг. Харин түүнийг энэ дүрд сонгосон тухайгаа эрхэм найруулагч "Анхнаасаа л Н.Сувд байсан. Жигжид гуайг "Мандухай сэцэн хатан"-ыг хийхээр явж байхад ч би байнга Сувдын тухай "Сувд, Сувд л Мандухай" гэж хэлж байсан. Тоглоом шоглоомоор нэг хэлнэ. Уран сайхны зөвлөлийн хурал дээр албан ёсоор санал оруулна. Үргэлж л янз янзаар ятгаж хэлж байсан. Би алдаагүй. "Мандухай" дээр алдах эрх байгаагүй" гэж ярьсан байдаг.
1990 он. "Өдгөө кино салбарт мандаж байгаа нь хэн байна вэ" гэхэд гарцаагүй цөм Бэгзийн Балжинням гэж нэгэн дуугаар хэлэх үе. Ардчиллын салхи сэвэлзэн байхуйд тэр Соёлын сайдаар нэг жил ажиллаад авлаа. Мөнхүү үүнтэй зэрэгцэн нэр алдраа үргэлжлүүлэн мандаах "Мөнх тэнгэрийн хүчин дор"-оо ч бүтээж дуусгалаа. "Чингис хаан"-ы зохиол дээр тэр "Мандухай цэцэн хатан" гарах жилээс буюу 1988 оноос суусан байдаг. Түүнтэй хамт "Малын хөлийн тоос", "Наран тогоруу", "Хойд насандаа учирна" тэргүүтэй үргэлжилсэн үгийн нэрт мастер Сэнгийн Эрдэнэ, "Газар шороо" романы зохиолч Дүгэржавын Маам, монгол ахуй, сэтгэлгээ, мөн чанар, гэгээн сайхныг илэрхийлэгч Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр нар хамтран "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зохиолыг бичилцсэн байна. Үргэлжилсэн үгийн гурван том зохиолчтой хамтарна гэхээр ямар бүтээл төрөхийг төсөөлөөд үз л дээ. Хүмүүний бүтээл туурвил гэгч агуу агаад эгэл санаандгүй нь энэ гэмээр. Одоо харин дүрүүдээ сонгож, кино зураг авалтаа эхлэх цаг. Монголын нийгэм зах зээлд шилжиж байсан үе таарсан болохоор хамгаа шавхаж, хар толгойгоороо бүхнийг хариуцах хүндхэн өдрүүд түүнийг угтжээ.
Энэ тухай тэрбээр дурсамжийн номондоо "Зах зээлд шилжиж байсан үе болохоор цаг хэцүү байлаа. Монреалийн кино наадамд оролцоод, буцах замдаа Парист цөөн хоног саатсан юм. Тэр үед "Монгол даатгал" компанийн захирлуудтай таарч Чингис хааны тухай кино хийх гэж байгаа тухайгаа ярьтал тэд ихэд сонирхож, туслахаар болсон юм. Тэр хэцүү цагт хөрөнгө мөнгөөр дэмжлэг үзүүлж тусласан уг компанийнханд үнэхээр их баярласан билээ. Японы таван том компанийн оролцоотойгоор 1992 оны долдугаар сард кино дэлгэцэнд гаргасан" гэжээ.
"Мөнх тэнгэрийн хүчин дор" киног хийхээр зорихдоо аав нь амаргүй өдрүүдийг туулсныг түүний охин Б.Энхжаргал телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа "Аав энэ киног хийхийн тулд зээл авсан. Мэдээж тухайн үед хувь хүнд зээл өгөхгүй шүү дээ. Улс киноны санхүүгийнх нь 10 хувийг хариуцсан байдаг. "Мөнх тэнгэрийн хүчин дор" киног хийх гурван жилийн дотор улс орон их өөрчлөгдсөн. Хүмүүсийн бодол санаа ч өөр болсон. Кино хийхдээ зарцуулсан өрөө дарах гэж их ч зүйл болсон. Аав дотроо их шаналж, биднээс нуугдаж уйлж байсан. Монголчууд үзэгчдэд сайн бүтээл үлдээх гэж хичээснийхээ дараа тэр бүтээлээ хийсэн төлбөрөө төлөх гэж аав минь зовсон" гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчийн үзэгчдэд сайн сайхан зүйл үзүүлэх, үлдээх юм сан гэсэн сэтгэл ямар их эрсдэл, тэсвэр тэвчээр, золиос шаарддагийг түүний энэ түүх гэрчилнэ.
Тэр киноныхоо дүрийг сонгосон л бол эргэж, буцдаггүй найруулагч. Хэн ч, юу ч гэж байсан оноож олсон жүжигчнээ л тоглуулдаг онцлогтой. Түүний Монголын урлагт мөнхөлсөн давтагдашгүй дүрүүд бол Арслан, Номин, Хашхүү, Шагдар, Дулам, Дарьсүрэн, Баяраа, Дэлгэр, Үрэлээ, Галбадрах, Мандухай, Батмөнх даян хаан Тэмүжин, Хасар, Чилүгэн. Найруулагч Л.Лхасүрэнгийн бүтээсэн Шагдарын дүр ч давтагдашгүй. Түүний сонгосон уран бүтээлчид ингэж дүрээ үзэгчдийн сэтгэлд хүртэл бүтээж, үлдээж чадсан байдаг. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Намсрайн Сувд, МУГЖ, дуучин А.Энхтайван, Төрийн соёрхолт Д.Сосорбарам гээд цөм эдгээр дүрээрээ нэр алдарт хүрцгээж, өдгөө ч овоглож яваа. Чингис хааны дүрд А.Энхтайван дуучныг сонгосон тухайгаа Б.Балжинням найруулагч "Би А.Энхтайваныг санамсаргүй л харчихсан юм. Нэг өдөр Н.Жанцанноров "Хоёулаа дуурь үзье" гээд болдоггүй. Бид хоёр тэнд "Үүлэн заяа"-г үзлээ. Гол дүрд нь нэг залуу дуу дуулж байна, тоглолтын дараа би ойртож очоод харсан. Тэр өдөр зүгээр баяр хүргэж, гар бариад өнгөрлөө. Театрын даргад нь "Энэ залуугаа над руу нэг явуулаач" гэж хэлсэн. Тэгээд л тэр" хэмээсэн байдаг. Ингэж тэр Чингисийнхээ дүрийг олсон байна. Мөн түүний урлагт бүтээсэн уран бүтээлчдийн нэг бол Ардын жүжигчин Д.Гүрсэд. Тэр мөн жүжигчдээсээ гадна зохиолч, зураглаач, хөгжмийн зохиолч, эвлүүлэгч гээд бусад уран бүтээлчтэй гарамгай хоршигч. Н.Жанцанноров хөгжмийн зохиолч бол "Мөнх тэнгэрийн хүчин дор", "Мандухай цэцэн хатан", "Би чамд хайртай" тэргүүтэй олон сайхан киноных нь хөгжмийг гайхалтай бүтээсэн түүний хамтрагч билээ.
Б.Балжинням найруулагч нэг хүү, гурван охинтой. Том хүү Б.Амарсанаа нь аавынхаа үргэлжлэл болон кино найруулагчаар ажиллаж буй. Охин Б.Амаржаргал нь багш, орчуулагч, охин Б.Энхжаргал нь гэрэл зурагчин, продюсер. Харин бага охин Б.Оджаргал нь бизнесийн удирдлагаар төгссөн ч киноны гүйцэтгэх продюсер хийдэг гэнэ. "Бидэнд өөрийн эрхгүй урлагт татагдаж ордог зүйл байдаг юм болов уу гэж бодогддог. Урлагийн чиглэлээр мэргэжилтэй болоогүй ч ах маань өөрийн гэсэн олон сайхан кинотой. Ер нь аав биднийг урлагийн хүн бол гэж огт шахаагүй. Дэмждэггүй байсан гэж болно. Урлагийн хүн байх амаргүй гэдгийг хэлж байсан. Тэр ч үүднээс бид өөр мэргэжил эзэмшсэн. Харин манай ураг удмаас цэвэр урлагийн хүн гэвэл Японд кино зураглаачийн мэргэжлээр төгсөөд ирсэн манай хүү Б.Амар л байна даа. Хүү минь МУИС-д сурч байгаад "Ерөөсөө би өвөө шигээ зураглаач болно" гээд сургуулиа орхиод, Япон явсан. Одоо дөнгөж ажиллаж эхэлж байна" гэж агуу авьяастны үргэлжлэлийн тухай охин Б.Амаржаргал нь бидэнд ярьсан юм.
Судалтай цамц, цагаан малгай,жинсэн өмд, хар шил бол түүний гол имиж. Ингэж хувцаслаад л орчлонд юу эс болж байгааг умартан кино урлагт зүрх сэтгэл, авьяас, мэдрэмжээ бүрэн зориулсан хүмүүн бол тэр юм. "Хамгийн өндөр оргил юу вэ" гэж уулчин хүнээс асуувал авирч байсан хамгийн өндөр оргилоо нэрлэх байх. Харин уран бүтээлчээс асуувал магадгүй хүний сэтгэлийн өндөр оргил л гэж хариулах болов уу. Учир нь тэр өндөр оргилд бүтээлээрээ авирч чадсан хүн л жинхэнэ уран бүтээлч байх. Тэр тусмаа Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Бэгзийн Балжинням гуайн бүтээл бүр зөвхөн монгол хүний бус урлагт хайртай хүн төрөлхтний сэтгэлийн өндөр орилыг гарцаагүй "эзэлж" чадсан билээ.
Тийм ээ, зөвхөн түүний санаанд л Исмэл тайжийг аваачиж шороонд булъя гэх бодол төрж, тэр л Арслангийн дүрийг олж, хамаг бүхэн хаалттай, хориотой нийгэмд арван жилийн сурагчдын хайр дурлалын тухай кино хийж, тэднээр "Би чамд хайртай" гэж зоригтой хэлүүлж, Б.Балжинням найруулагч л таван хүүхдээ орхиод явж байгаа аавын дүрийг дэлгэцнээ гарган жигшүүлж, залуус хүний ёсноос гажиж эвдэрч, эрээ цээрээ алдаж буйд эмзэглэн, тэр санаагаа "Эргүүлэг" киногоор үзүүлэхдээ үерхэж байсан найз охиныхоо нүүрэн дээр буцалсан ус асгах санааг бодож олно. Тэгэхээр тэр содон уран бүтээлийн уйгагүй эрэлч, эрж олсноо хурц, тодхон илэрхийлдгээрээ гарцаагүй давтагдашгүй уран бүтээлч мөн байлаа.