• Өнөөдөр 2025-09-10

СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ

2025-09-10,   155

          ...”Энэ цагдаа заамддаг зураг ийм учиртай юм аа. Бид 21 ээжийг алдаршуулж, анхдагч гэсэн болгоныг аймаг, аймгаас эрж, хайлаа. Монголын анхны 21 хүүхэдтэй ээж, доктор, жолооч ээж гээд алдаршуулж болох бүгдийг л Монголын ахмадын чөлөөт холбооныхон минь Улаанбаатар авчирсан. Тэгээд тэр ээжүүдэд ахмадуудтайгаа нийлээд Соёлын төв өргөөнд концерт тоглож өгөөд, “Та бүхэн юу хүсэж байна вэ” гэж асуулаа. Тэд “Монгол хүн болсных Төрийн есөн хөлт цагаан туганд мөргөж үзмээр байна” гэсэн. Монголчууд бидний жирийн хэрнээ хамгийн үнэтэй хүсэл нь энэ байх. Бид ч дээш нь уламжилж, сар, өдөр, цагаа тохироод, Төрийн ордны хойд хаалгаар ээжүүдийг оруулахаар болов. Яваад очтол Монголын цагдаа дөрвөн эгнээ болж жагсчихаад оруулдаггүй. Би чинь монгол хүн, ээж хүн шүү дээ. Миний эгдүүцэл хүрсэн, үнэндээ. Төрийн хэмжээнд шийдэгдчихээд байхад Монголын цагдаа гартаа зэвсэггүй, энгэртээ сүүтэй ээжүүдийн өмнөөс тийм олон эгнээ болж жагссанд нь гомдсон.
 
     Тэгээд би “Төрийн есөн хөлт цагаан тугандаа ороод мөргө, ээжүүд минь” гэж хэлээд хаалга онгойлгоод өгөх сэтгэл та нарт байсангүй” гээд нэг цагдааг заамдаад авсан. Өөрөө ч мэдээгүй, нэг л мэдэхэд би тэгээд зогсож байсан. Ингээд л бүх юм дууссан. Төрийн ордон руу ээжүүд орж чадаагүй, сэтгэл гонсгор нутаг руугаа буцлаа. Харин би цагдаа зодсон хэрэгтэй баривчлагдсан даа. Тэр зурагны түүх нь ийм учиртай” гэсээр бид Ардчиллын ордны нэг давхрын дугаар тоотод байрлах “Өмгөөлөгч Г.Баасан” гэсэн бор хаалгаар яваад орлоо. Эндээс багш, тэмцэгч, хуульч, өмгөөлөгч Г.Баасангийн амьдрал үргэлжилнэ.  
 
 
БАГШ Г.БААСАН АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ТЭМЦЭГЧ БОЛСОН НЬ
 
1985 он
 
             Аав, ээж хоёр минь Ховдын цэнхэр хязгаарынх ч гэлээ Улаанбаатар хотод гэр бүл болсон. Миний хүүхэд нас Нисэхийн дэнжид мал маллаж, бусад хүүхдийн адил  өнгөрсөн. Бусдаас арай өөр байсан нь миний сониуч зан байх. Аав, ээж, ахмад хүмүүсийг хоорондоо үг солихоор нь анхааралтай чагнаад суучихна. Тэднийг “Цаашаа бай, Баасан гар” гэх тусам чихээ том болгоод, чагнамаар санагдана. Эндээс л би нийгмийн идэвхтэй нэгэн болж өссөн болов уу гэж боддог. Манай ургийн овог “Багшийнхан” гэдэг нэртэй. Аавын минь талынхан багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг юм. Энэ ч утгаараа би анхны мэргэжлээ багшаар сонгосон. Аав ч намайг “Миний охин багш болох ёстой. Удмынхаа үргэлжлэлийг хамгаалж, тасалж болохгүй шүү” гэж шахдаг байлаа. Тэгээд л би өөрийнхөө хүсэл, дээрээс нь аавын захиасаар аравдугаар ангиа төгсөөд, Багшийн сургуулийн хуваарь авч, багш болсон доо. 
 
     Төр бодлоготой байх үед би анхны мэргэжлээ эзэмшсэн. Улсаас хуваарилалт хийж, хүч тэнцвэрлүүлдэг байсан үе гэсэн үг. Багшийн сургуулийн III дамжааны оюутан байхдаа Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан, Дэлгэрхаан сум, Аварга тосон рашааны ойролцоо очиж зуны ажил хийсэн. Бид “Энх хөдөлмөр” оюутны отряд байгуулж, отрын бүсийн дагтаршсан хөрзөнг цэвэрлэж, малчдад дөрвөн хашаа барьж өгч байлаа. Тэр үед “Би Хэрлэнбаян-Улаан тосгонд заавал эргэж ирнэ ээ” гэж хэлээд зуны ажлаа өндөрлүүлсэн. Сургуулиа төгсөөд, эргээд очлоо. Хүний залуу нас гэдэг чинь гоё зүйл мөрөөддөг, бүтээхийн хүслэнтэй жигүүр шүү дээ. Тэр хүслээр жигүүрлэж, сургуулийнхаа пионерын удирдагч, бага ангийн багш, математик, дуу хөгжим гээд заагаагүй хичээлгүй, завгүй нэгэн болж хувирсан. Ийм л амьдралаар 10 гаруй жил ажиллаж, тосгоны хүүхдүүдийн төлөө өөрийнхөө залуу насыг зориулсан даа. 
 
1990 он
 
     Монгол Улс нийгмийн тогтолцоогоо сольж, Ардчилал руу шилжиж эхэлсэн үе. Үүнийг хөдөө, орон нутгийнхан маш сонин, содноор хүлээж авсан. Нэг намын тогтолцооноос татгалзаж байна гэсэн үг шүү дээ. Тэр үед миний аав энэ нийгмийг их л бахархал, баяртайгаар хүлээж авч байлаа. Тэр бүү хэл “Ийм  сайхан нийгмийн эхлэлийг үзнэ гэдэг” гээд хоолой нь зангирч байсан. Аавын хандлага, хэлсэн үгс нь надад маш хүчтэй нөлөөлсөн. Миний аав намайг Ардчилсан хувьсгал руу хөтөлсөн гэсэн үг. Хүн гэдэг санасан, бодсон зүйлээ чөлөөтэй илэрхийлэх нь хүлээс тайлагдаж байгаа юм шиг санагддаг юм билээ. Буруу, бусармаг бүхнийг хэнээр ч хааж боолгохгүйгээр хэлчихдэг нь миний зан. Шударга бус зүйлийг харж, өөгшүүлж чаддаггүй, чадах ч хүсэл надад байдаггүй. Миний өвөг, дээдсийн цус, ясаар өвлөгдөж ирсэн зан юм байлгүй дээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байна гэдэг чинь хүний амьсгалах агаартай дүйцэхүйц эрх чөлөө юм байна гэдгийг би тэр үед мэдэрсэн. Ингээд би Хэрлэнбаян-Улаан тосгондоо Ардчилсан хувьсгалын анхны галыг асаасан даа. Тэр үедээ бол буруу номтон, тэрслүү үзэлтэн болж байсан байх. Магадгүй, Улаанбаатараас ирсэн нэг эмэгтэй хүмүүсийг буруу зүйлд уриалж байна гэж үзэн ядаж байсан болов уу. Эсэргүүцэл, эгдүүцэлтэй бол бишгүйдээ тулсан. Сургуулийн багш нар намын хороо руугаа матаас бичнэ. Улсаас шалгалт ирнэ, өдөр, шөнөгүй шалгана. Багш нарын бичсэн матаас нь нотлогдохгүй байх үе зөндөө байсан. Хүн гэдэг чинь нэг талаасаа хатгуулж, мэрүүлж байж хурцлагддаг юм байна лээ. Байнгын сайн нэртэй, сайхан албатай байгаад байвал нэгэн хэвийн л байх болов уу. Тэндээс л би хүмүүсийн зан, чанар, харилцааг сурсан. Ярихад амархан хэрнээ ийм л замыг туулж би Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт анхнаас нь оролцож, Монголын ардчилалд хайртай, эрх чөлөөнд дуртай мянга, мянган хүний төлөөлөл болж үлдсэн. Би ингэж л тэмцэгчийн амьдралд хөл тавьсан гэх үү дээ. Түүнээс хойш үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсээр өнөөдөрт хүрлээ. 
 
1994 он
 
Улаанбаатар руу нүүлээ. Сургуулийн сурагч байхдаа танилцсан хүүтэйгээ гэр бүл болж, гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон. Хар нялхаараа учирсан бид  хөдөө, гадаагүй явсан. Тосгоноос сууринд ирсэн хүмүүсийг өөр орчин угтах нь тодорхой. Амьдралаа төвхнүүлэх гэж хэрэндээ л бас зүтгэлээ. Гүтгэлэг, гүжирдлэг дундуур бидний амьдрал  үргэлжилсэн. Өнөөдөрт хүрэхэд миний хань хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Хэрэв тэр намайг дэмждэггүй, тэмцлийг минь ойлгодоггүй байсан бол яах вэ. Хотод шилжиж ирээд нийслэлийн 44 дүгээр сургуульд багшаар ажил орлоо. Тэр үед багш нарын ажил хаялтын анхны жагсаал эхэлж байсан үе. Тэмцлийн эхэнд нь би хамт байгаагүй ч  үйл хэрэгт нь оролцсон. Тэднийг бодвол тэмцлийн А үсэгтэй болчихсон байсан юм. Талбай дээр яваад очтол жагсаал эхлүүлсэн хүмүүсийн ашиг сонирхол нь ондоо байлаа. Хүмүүсийн хоорондын тэмцэлд багш нарыг ашиглаж байсан гэсэн үг. Тэгэхээр нь “Уучлаарай, хоорондын тэмцэлдээ багш нарыг ашиглахаа зогсоо. Хэрэв тэмцэж байгаа бол багш нарын нийт эрх ашгийг хамгаалах ёстой” гэж хэлээд жагсаалыг нь өөр зүг рүү жолоодоод явчихлаа. Надтай хамт чин үнэнээрээ жагссан багш нар маань тэмцсээр байгаад багш нарын цалинг 20 хувиар нэмүүлж байсан. Гэхдээ тэрний дараа багшийн ажлаа хийхэд хэцүү болж, хавчигдаж эхэлсэн. Чин үнэнээр тэмцсэнийхээ төлөө боловсролын байгууллагаас шахагдсан гэсэн үг. Ингэж явсаар анхны эзэмшсэн мэргэжлээсээ татгалзаж, багшийн ажлаа 1997 онд хүлээлгэж өгсөн. Тэгээд л Монголын Ардчилсан холбооны аппаратад ажиллаж, тэмцэлд нь гар бие оролцож эхэллээ. Хөдөө тэмцэж байсан бол хотод ирээд үйл хэргээ үргэлжлүүлж, архивт сууж эхэлсэн. Гэхдээ тэнд тийм ч удаагүй. Шударга ёсыг уриагаа болгосон байгууллагад шударга ёс яриад хөөгдчихсөн. Хэрэв тэр үед “Ардчилсан хувьсгалыг бүтээлцсэн хүмүүсийг буудъя, хорооё” гэсэн үзэл суртал явуулсан бол Хэнтий аймгаас хамгийн түрүүнд буудуулах хүн нь би байлаа. Тийм ч учраас “1990 онд үхээгүй, 12 жил амьдарсан юм чинь одоо тэмцэж яваад үхэхгүй бол болохгүй нь” гэж бодоод Ардчилсан хувьсгалын анхдагчидтай хамтарч Монголын ардчилсан хувьсгалыг шинэчлэх “Шинэ давалгаа” хөдөлгөөнийг эхлүүлж байлаа. Эргээд бодохоор тэр том байгууллагыг шинэчилнэ гээд явж байдаг би мөн лут “том” хүн ээ. “Залуу хүний мэдэхгүй нь нэг тэнэг, мэдээд тэнэглэх нь нэг тэнэг” гэдэг яг л үнэн юм билээ. Би тэр үед “Зүгээр л шударга ёсны төлөө тэмцэж байна” гэдэг үгээр жигүүр, дэвүүр хийж явлаа.
 
 
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭН ӨДРҮҮД
 
2002 он
 
   Надад зүгээр суусан нэгээхэн ч өдөр байхгүй. “Хүний эрх зөрчлөөс хамгаалах төв” байгуулж, хүний эрхийн төлөө эрчимтэй тэмцэж эхэлсэн. Гэхдээ цалингүй, амьдралаа тэжээх хөрөнгөгүй, ТББ-ын тамга, гэрчилгээ цүнхэлчихээд гудамжаар “нисэж” явлаа. Гэтэл миний байгуулсан төвд эрх нь зөрчигдсөн хүн хэдэн зуугаараа хандсан. Тэр үед “Монгол Улсын шүүх, прокурор шударга ёсны төлөө ажиллаж байгаа мөртлөө л ийм олон хүнийг хохироодог юм байх даа” гэж гайхаж, эргэлзэж байсан. Хэдийгээр гэр орон маань ундуй, сундуй, нэг ч төгрөгийн цалингүй байгаа нь аюул ч гэлээ нийгэм ийм зэвхий, ороо бусгаа байгаа нь надад илүү аймшигтай санагдсан. Нийгмийг сайхан болгож байж л миний амьдрал гэрэлтэй болно гэдгийг ойлгочихсон байсан гэх үү дээ. 
 
ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ “ТҮҮНИЙХ”
 
      “Хүний эрх зөрчлөөс хамгаалах төв”-д ихэвчлэн ахмадуудаас өргөдөл ирнэ. Өргөдөлдөө “Би өлсөж байна. Сар болгоны сүүлийн өдрүүдэд хоосон хонож байна. Орон гэргүй, гудамжаар амьдарч байгаа. Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаагүй, тэтгэвэр багаар тогтоосон, ажилласан жилийн 30 хувийг тооцоогүй” гэсэн утгатай зүйлс хаяглана. Дайн дажинтай цаг биш байхад хүмүүс яагаад над руу ийм өргөдөл явуулж байгаа юм бол гэж их л гайхаж байсан даа. Дөнгөж 40 настай явсан учраас ахмадуудын зовлонг толгойдоо буулгаж чадахгүй  байсан юм билээ. Ганцхан “Миний аав, ээж хоёр амьд сэрүүн байсан бол ингэж зовж амьдрах байсан юм уу” гэсэн бодол сэтгэл гогдож, санаанд тороод ирсэн. Тэгээд өргөдөл бичсэн хүмүүс рүү яваад очлоо. Хамгийн түрүүнд “Би 41 жил нэгдэлд мал маллаж, улсыг өнчин ишигний хохиролгүй байлгасан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр 11 жил гэж бичсэн. Хөдөлмөрийн дэвтэртээ 41 жилээ бичүүлж чадаагүйдээ би гомдож явдаг” гэж надад захиа хаягласан эмээ рүү яваад очлоо. Тэр үед тэтгэвэр 34 мянган төгрөг байсан, харин тэр эмээд 20 мянган төгрөг олгож байсан юм билээ. Тэр эмээ ганц хүүтэй байсан, хүү нь зуурдаар хорвоогоос буцчихсан. Тэгээд надад “Би залуу насандаа олон хүүхэдтэй болохгүй яав даа гэж харамсаж байна. Би тэр үед нэгдэлд маш үнэнчээр зүтгэж байсан. Улс орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах нь миний үүрэг гэж зүтгэсэн. Гэтэл өнөөдөр төрдөө хаядчихаад байж байна” гээд уйлсан. Тэгээд “Тэтгэвэр 20, 30 мянган төгрөг байх нь хамаагүй. Харин 11-хэн жилтэй Хөдөлмөрийн дэвтэр харахаар миний гол харладаг. Үүнийг л үнэнээр нь бичүүлээд өгөөч” гэж надаас гуйсан. Хүн ийм л үнэн зүйлд дуртай. Ингээд нэгдүгээрт, нийгмийн даатгалын тогтолцоо, хоёрдугаарт, тэтгэвэр хэрхэн тогтоодог, гуравдугаарт, энэ хүний 30 жилийг яагаад бичээгүй юм бэ гээд архивын асуудлыг сонирхох шаардлага надад тулгарсан. Энэ эмээтэй уулзаад ийм гурван асуулттай гэрээс нь гарч байлаа. 
 
         Тэтгэврийн асуудлыг ахмадуудад ойлгуулахын тулд би тэдэнд хичээл зааж эхэлсэн. Анхандаа нэг нэгээр нь дуудаж, даатгалын дэвтрийг нь хараад тооцож өгдөг байлаа. Сүүлдээ тэр олон ахмадынхаа ард гарах бяргүй болж байгаа юм. Өглөөнөөс эхлээд үдэш хүртэл заагаад хүрэлцэхгүй. Тэгэхээр нь заал дүүрэн ахмадууд суулгаж байгаад “За, та нар ажилласан жилийнхээ 20 жилийг 45 хувиар бодоорой. 20 жилээс дээш гаргаснаа 1.5-аар үржүүлээрэй. Хамгийн өндөр цалин авсан таван жилээ нэмж байгаад 60 сард хуваагаарай. Хуваасан дүн чинь та нарын тэтгэврийн дундаж. Хоёр хариугаа хооронд үржүүлээрэй, энэ таны авах тэтгэвэр шүү” гээд л хичээл заасан. Тэр ахмадууд чинь хуугаараа “багш” болж байгаа хэрэг. Ингээд нөгөө ахмадууд чинь нутаг усандаа очоод ах, дүү, хавь ойрынхондоо тэтгэвэр тогтоохыг зааж өгч байгаа юм. Хэрэв буруу байвал заргалдана, өөрсдийнхөө төлөө явах замаа мэддэг болсон гэсэн үг. Ингээд тэтгэврийн асуудал Төрийн анхааралд орж, эх орныхоо төлөө зүтгэсэн ахмадууд бүтэн тэтгэвэр авдаг болсон доо. Өнөөдөр тэтгэврийн хэмжээ хэд болсныг надаар хэлүүлэхгүй гэрчлээд өгнө. Төрийн “чих” онгойж, тэтгэврийн шинэ тогтолцоог бий болгосонд би төрдөө баярлаж явдаг. Энэ бол иргэн Баасангийн санаачилга хэдий ч төр ажлаа хийсэн гэсэн үг. 

АХМАД ДАЙЧДЫН ТӨЛӨӨ ТӨВ ТАЛБАЙД ЗУРГААН ЖИЛ “АМЬДАРСАН” НЬ

     Дараа нь, гадаа хонож байгаа өвөөтэй очиж уулзахаар явлаа. Удтал хайсны эцэст Туулын бургасанд амьдарч байхад нь олсон. Тэр өвөө эх орныхоо төлөө дайнд оролцож, залуу халуун насаа зориулсан хүн байсан. Өвлийн цагт айлын хашаа олдвол гэр барьж өвөлждөг, дулааны цагт уулын бэлд амьдардаг. Настай хүний бяр барагдчихсан л байдаг юм байна лээ. Тэгээд сүүлдээ траншейнд хонодог, суугаагаараа унтвал нуруу нь татдаг, эсвэл доороосоо жиндээд өвдчихдөг байсан. Тэгээд би бодсон “Дайнд оролцож, сумны өөдөөс биеэ үл хайхран зүтгэж, өнөөдрийн Монгол Улсыг бүрэн бүтнээр авч үлдэхийн төлөө тэмцсэн ахмадууд яагаад гудамжинд байгаа юм бэ. Монгол Улс дайнд явсан ахмадуудаа бүртгэсэн үү,  ахмад дайчин гэж хэн юм бэ” гэж. Ингээд Баасанд асуулт нэмэгдэж, асуудалд арай өөрөөр хандах шаардлага тулгарсан даа. 
 
       Дайнд явсан ахмадуудаа судалж, тэдний нүд, чих болохоор тэмцэж эхэлсэн. Төрөөс дайнд оролцсон ахмадуудад 35 сая төгрөгтэй тэнцэх орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Ингээд 1200 ахмад дайчин орон сууц авсан даа. Үүний нэг нь миний хамгийн түрүүнд очиж уулзсан хээрээр гэр, хэцсээр дэр хийж явсан өвөө. Гэхдээ эхний 100 ахмад дайчин 35 сая төгрөг авсан. Гэтэл ахмад дайчид мөнгөө үр, хүүхдэдээ тарааж өгөөд өөрсдөө хоосон хоцорсон. Тэгээд мөнгө өгч болохгүй юм байна гэж шийдээд, орон сууцны түлхүүр олгож эхэлсэн. Энэ асуудлыг лицензийн асуудалтай холбосон. Монголын байгалийн баялгийг лиценз нэрээр 50 мянган төгрөгөөр худалдаж авч байгааг би хүлээн зөвшөөрөөгүй. Баялгийг нь ухаж, байгалийг нь сүйтгэчихээд эргүүлээд ус, ургамлаар нь малыг нь хордуулж байгаа Монголын цөлмөгчидтэй би тэмцэж эхэлсэн. Ингээд лицензийг асуудлыг хөндөж, “Ганц, хоёрхон хүн газарт буухгүй болтлоо баяжиж байхад дайнд оролцсон ахмадууд гудамжинд амьдарч байна. Энэ хүмүүсийг дулаан байранд амьдруулж, сүүлчийн өдрүүдэд нь санаа амар байлгачихаад та нар эх орноосоо хулгай хий. Хэрэв ингэхгүй бол та нарын энэ үйлийн үрийг үр удам чинь эдлэх цаг ирнэ ээ” гээд төрийн шийдвэр гаргадаг хүмүүст хэлээд орхилоо. Эхэндээ намайг “Харааж, ерөөж байна” гэж хэлж байсан ч сүүлдээ ойлгож, ахмад дайчдын орон сууцны асуудлыг хэлэлцэж, дөрвөн жилийн дараа шийдвэрлэсэн. Хамгийн харамсалтай нь, орон сууцны асуудал яригдаж, ахмад дайчдын бүртгэлийг явуулахад 3500 хүн хамрагдсан. Тэгээд шийдвэр гарах үед дээрх 1200 ахмад дайчин амьд үлдсэн байсан. Гавьяаныхаа орон сууцыг авч чадаагүй тэнгэрт одсон 2000 гаруй ахмад дайчин ямар амьдрал туулж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хэрхэн үдэж, эх орондоо хэчнээн гомдож байсан бол гэхээс миний гол одоо ч зурдаг. Гэхдээ 2008 онд Ерөнхийлөгчийн зарлиг “Энэ зарлиг гарах мөчид амьд байгаа бүх ахмад дайчинд хамаатай” гэж гарсан. Тэгээд л 2008 оны зургадугаар сарын 5-наас өмнө хорвоогоос буцсан ахмад дайчдын үр хүүхдэд хүртээлгүй болсон юм. Энэ тэмцлийн төлөө бид Төв талбайд зургаан жил “амьдарсан” юм шүү дээ. Одоо ярихад амархан юм шиг хэрнээ хахир өдрүүдийг яаж давсан гэж санана. Хөл, гар, хацраа хайруулж, өвлийн хүйтэнд тэнхээ мэдэн тэмцэхдээ төгсгөлийг нь харах гэж л зүтгэсэн. Би чинь 2005 онд Монголын чөлөөт ахмадын холбооны дарга болсон. Намайг энэ албыг авснаас хойш ахмадууд идэвхжиж, надтай нэг хүн шиг хамтаар ажилласан. Ахмадгүй залуу үе гэж байхгүй гэдгийг тэдэнд ойлгуулсан. Харамсалтай нь, 2016 оноос төр, засаг намайг энэ албанд ажиллах боломжгүй болгосон. Төрөөс дайнд оролцсон ахмадуудад 35 сая төгрөгтэй тэнцэх орон сууцны дэмжлэг үзүүлсэн. Ингээд 1200 ахмад дайчин орон сууц авсан даа. Үүний нэг нь миний хамгийн түрүүнд очиж уулзсан хээрээр гэр, хэцсээр дэр хийж явсан өвөө. Гэхдээ эхний 100 ахмад дайчин 35 сая төгрөг авсан. Гэтэл ахмад дайчид мөнгөө үр, хүүхдэдээ тарааж өгөөд өөрсдөө хоосон хоцорсон. Тэгээд мөнгө өгч болохгүй юм байна гэж шийдээд, орон сууцны түлхүүр олгож эхэлсэн. Энэ асуудлыг лицензийн асуудалтай холбосон. Монголын байгалийн баялгийг лиценз нэрээр 50 мянган төгрөгөөр худалдаж авч байгааг би хүлээн зөвшөөрөөгүй. Баялгийг нь ухаж, байгалийг нь сүйтгэчихээд эргүүлээд ус, ургамлаар нь малыг нь хордуулж байгаа Монголын цөлмөгчидтэй би тэмцэж эхэлсэн. Ингээд лицензийг асуудлыг хөндөж, “Ганц, хоёрхон хүн газарт буухгүй болтлоо баяжиж байхад дайнд оролцсон ахмадууд гудамжинд амьдарч байна. Энэ хүмүүсийг дулаан байранд амьдруулж, сүүлчийн өдрүүдэд нь санаа амар байлгачихаад та нар эх орноосоо хулгай хий. Хэрэв ингэхгүй бол та нарын энэ үйлийн үрийг үр удам чинь эдлэх цаг ирнэ ээ” гээд төрийн шийдвэр гаргадаг хүмүүст хэлээд орхилоо. Эхэндээ намайг “Харааж, ерөөж байна” гэж хэлж байсан ч сүүлдээ ойлгож, ахмад дайчдын орон сууцны асуудлыг хэлэлцэж, дөрвөн жилийн дараа шийдвэрлэсэн. Хамгийн харамсалтай нь, орон сууцны асуудал яригдаж, ахмад дайчдын бүртгэлийг явуулахад 3500 хүн хамрагдсан. Тэгээд шийдвэр гарах үед дээрх 1200 ахмад дайчин амьд үлдсэн байсан. Гавьяаныхаа орон сууцыг авч чадаагүй тэнгэрт одсон 2000 гаруй ахмад дайчин ямар амьдрал туулж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг хэрхэн үдэж, эх орондоо хэчнээн гомдож байсан бол гэхээс миний гол одоо ч зурдаг. Гэхдээ 2008 онд Ерөнхийлөгчийн зарлиг “Энэ зарлиг гарах мөчид амьд байгаа бүх ахмад дайчинд хамаатай” гэж гарсан. Тэгээд л 2008 оны зургадугаар сарын 5-наас өмнө хорвоогоос буцсан ахмад дайчдын үр хүүхдэд хүртээлгүй болсон юм. Энэ тэмцлийн төлөө бид Төв талбайд зургаан жил “амьдарсан” юм шүү дээ. Одоо ярихад амархан юм шиг хэрнээ хахир өдрүүдийг яаж давсан гэж санана. Хөл, гар, хацраа хайруулж, өвлийн хүйтэнд тэнхээ мэдэн тэмцэхдээ төгсгөлийг нь харах гэж л зүтгэсэн. Би чинь 2005 онд Монголын чөлөөт ахмадын холбооны дарга болсон. Намайг энэ албыг авснаас хойш ахмадууд идэвхжиж, надтай нэг хүн шиг хамтаар ажилласан. Ахмадгүй залуу үе гэж байхгүй гэдгийг тэдэнд ойлгуулсан. Харамсалтай нь, 2016 оноос төр, засаг намайг энэ албанд ажиллах боломжгүй болгосон. 

“АЛДАРТ ЭХИЙН ОДОН”-ГИЙН АВТОР

      Гуравдугаарт, олон хүүхэдтэй ээжүүдийн төлөөлөлтэй уулзсан. Дөрвөн хүүхэдтэй ээжүүдийг хар залуугаар нь тэтгэвэрт гаргачихсан байсан. Нэгэнт улсад “хэрэггүй” болсон тэр ээжүүд ганзагын наймаанд гараад явчихсан байгаа юм. Хүүхдүүдээ өлсгөхгүй, амьдралаа ядуугийн эгнээнд шилжүүлэхгүй гэж тэр шүү дээ. Тэгээд ээжийг ганзагын наймаанд явсан хойгуур аав архинд уруу татагдаж, хүүхэд эзэнгүй болж эхэлсэн. Ээжийн хайр, дулаан энергийг нөхөх хэн ч байхгүй. Ингээд траншейны хүүхэд нэмэгдсэн байгаа юм. Ажлын байргүй, амьдралын эх үүсвэргүй болгож, ээж нарыг яагаад ийм эрт тэтгэвэрт гаргасан юм бэ гэдгийг судлах хэрэгтэй болсон. Ингэж л миний хүний эрхийн төлөө тэмцсэн өдрүүд үргэлжилсэн. 
 
        Социализмын үед ээжүүдэд Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон олгодог, нэмээд 400, 750 төгрөгийн дэмжлэг үзүүлдэг байлаа шүү дээ. Гэтэл Ардчиллын “буян”-аар ээжүүд хоосон хоцорсон байгаа юм. Социализмын нийгмийг халж хаяхдаа ээжүүдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, “Алдарт эхийн одон” олгохоо больсон гэсэн үг. Ийм учраас би олон хүүхэд тээж төрүүлсэн ээжүүдэд “Алдарт эхийн I, II одонг нь олгож, мөнгөн дэмжлэгийг нь үзүүл” гэж тэмцсэн. Гэхдээ тэр үе мөнгө цаас болчихсон, 400 төгрөгөөр юу ч авч хүрэхээ больсон байлаа. Тийм ээ, би Монголын ээж нарын одонгийн асуудлыг тэтгэлэгтэй олгохыг шаардаж, түмэнд гаргаж тавьсан хүн байгаа юм. Монголын мянга, мянган ээж надтай ирж уулзаад “Ээж нарын хөдөлмөрийг үнэлэх хэмжээнд асуудлыг хэлэлцсэнд баярлалаа” гээд уйлж байсан юм шүү. Ээжүүдийг судалж, асуудлыг нь хөндөж явахдаа Монголын анхны гурван ихэр охиныг Улаанбаатарт авчирсан. Гурван ихрийн ээжийг Х.Чойбалсан дарга эмнэлгээс машинаараа гаргаж, улсаас тусгай ээж томилж хүүхдүүдийг нь өсгөлцөж байсан юм билээ. Гурван ихэр охиныг өсгөлцсөн улсын ээж нь Ардчилсан хувьсгалын анхны зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг агсны ээж Пагмадулам гуай байсан. Ингээд бид тэр гурван охиныг Улаанбаатарт авчирч алдаршуулсан. Ингэхдээ аймаг, аймгаас анхны гэсэн тодотголтой ээжүүдийг Улаанбаатарт авчирч, Төрийн ордон руу оруулах гэж яваад цагдаа заамдсан хэрэгт орсон. Дээр ярьсан яриа, зурагны учир нь энэ. Хүмүүс намайг зэрлэг догшин, боловсролгүй дээ ингэж байна л гэж бодсон байх. Гэхдээ гал, усан дундуур зүтгэсэн зүтгэлийн минь ачаар ээжүүд “Алдарт эхийн одон”-гоо энгэртээ гялалзуулж, монголчуудын тоо маш хурдан өссөн. Би одоо ч Төрийн ордноос “Алдарт эхийн одон”-гоо зүүгээд гарч байгаа ээж нарыг, залуухан бүсгүйчүүдийг харахаар сэтгэл догдолж, нулимс эрхгүй гардаг. 

МОНГОЛЫН БАЯЛГИЙГ МОНГОЛД НЬ ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ 

БИ ОДОО Ч ТЭМЦЭЖ ЯВАА

         Байгалийн баялгаа алга дарам цаасаар арилжиж байгааг эсэргүүцэх тэмцэлдээ би одоо ч зүтгэсээр яваа. Энэ асуудал одоо ч миний сэтгэлийг өвтгөдөг. Монголчуудын зан их хачин. Чимээгүй ажлаа хийхээр “Баасан чи яагаад дуугарахгүй байна вэ” гэж ам асууна. Тэмцэж, тэмцэлдэж явах үед нь “Энэ авгай юуны төлөө ингээд байгаа юм бэ. Наад авгайгаа алаач, хороогооч. Биеэ үнэлэгч, төлбөртэй жагсагч” гэж чичилнэ. Бүүр хэлэх хэлэхгүй муугаар доромжилж, хараана. Зарим хүн сэтгэл дотроо намайг дэмждэг л байсан байх. Гэхдээ ил хэлээд Баасантай хамт үхэж байхаар чимээгүй байж байя гээд гэртээ сууж байсан. Уучлаарай, би хэн нэгний төлөө тэмцэнэ гэж үүрэг аваагүй. Харин ирээдүйнхээ төлөө тэмцэх, нийгмийн гажуудлыг засахын төлөө явах үүрэг өөртөө өгсөн хүн шүү дээ. Хүмүүсийн араншин намайг мохоохыг оролддог байсан. Гэхдээ би нэг ч удаа тэмцлээсээ ухарч үзээгүй. Гал, ус, шуурга, салхи, бороог туулаад л өнөөдөрт хүрч байна даа. 
 
      Монголын цагдаа алгын чинээхэн эмэгтэйтэй хэчнээн тэмцсэн гэж санана. Анхны баривчилгаа 2006 онд байлаа. Аравдугаар сарын сүүлчээр гудамжнаас баривчлаад бариад явчихсан. Би хэдхэн хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 6-8-нд Бүх ард түмний хуралдай хийнэ гэж зарласан байсан. Тэрийг хийлгэхгүй гэхдээ намайг баривчилсан юм. Гэхдээ хамгийн инээдтэй нь үндэслэлгүйгээр шүү дээ. Тэгээд шүүхээс намайг хоёр хоногийн дараа сулласан. Үүний дараа дөрвөн удаа баривчилсан. Би хорихын өрөөнд ямар ч шалтгаан, үндэслэлгүйгээр 100 гаруй хоногийг өнгөрүүлсэн. Намайг 21 хоног саатуулагдаад гараад ирэхэд нэг сэтгүүлч “Та хаширсан уу” гэж асуусан. Би “Догширлоо” гэж хариулж байлаа. Баригдах болгондоо “Би зөв дуугарсан байна. Хатигны толгойг хатгасан юм байна. Одоо шахна даа” гээд төлөвлөгөө боловсруулж суудаг байлаа. Миний тэмцэл судалгаатай байснаараа ялгардаг. Баривчлагдаад явах болгондоо би гэрийнхээ хойморт залсан Төрийн сүлдэндээ мөргөдөг байлаа. Төв Азийн цээжинд орших агуу түүхтэй Монгол Улсын иргэн болж төрсөн минь аз тохиол шүү дээ. Ийм л зориг минь намайг энд хүргэсэн. Би хэрэг хийж, хүн гүтгээгүй, хууль зөрчөөгүй учраас шүүхийн тогтоол уншуулаагүй өнөөдөрт хүрсэн. Хэрэв буруудаж байсан бол өчнөөн баривчлагдахдаа шүүхээр орох л байсан байлгүй. Үнэн, худал ялгарч, намайг үргэлжийн мөнхөд үнэн нөмөрч байсан юм шүү. Ийм иртэй, зоригтой эх орныхоо төлөө ид тэмцэж явахдаа эгч нь олон ч хүний “шүдний өвчин” байлаа. Би Монгол Улсад амьдарч байгаа учраас Монголын төр хэрхэн ажиллаж байгаа нь надад хамгийн их хамаатай. Тийм учраас би улс, төр хоёрыг анхаарлынхаа төвд байлгадаг нь үнэн. 
 
      Намайг баригдаад явахаар ахмадууд маань өмгөөлөгч хайгаад явдаг юм байна л даа. Гэтэл нөгөө өмгөөлөгч нар нь “Баасанг өмгөөлж талхнаасаа салахгүй” гэдэг байсан юм билээ. Таван удаа баривчлагдахад хэн ч намайг өмгөөлж байгаагүй. Тэгээд би “Өөрөө өөрийгөө л өмгөөлөх ёстой юм байна. Төрийн шийдвэр гарагчдыг сөрөөд зогсож байгаа хүн чинь эрх зүйн мэдлэгтэй, хуульч болохгүй бол болохгүй нь” гэж шийдээд 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч өмгөөлөгч, хуульч болсон. 2016 оноос өмгөөллийн эрхээ аваад, бусдын төлөө ажиллах өрнөлөө шинэ түвшинд эхлүүлсэн. Үнэний дэнсийг олно гэдэг маш том хариуцлагын ажил байдаг. Буруу, зөв шийдвэрийн дундуур өөртэйгөө “байлдаж” явна шүү дээ. Хамгийн сүүлд, тагнуулын хэргээр баривчлагдсан тэмцэгч Ч.Мөнхбаярыг өмгөөлсөн. Гэтэл Монгол Улсын шүүх гаднын орны өмнөөс иргэнээ ялласан. Ямар ч нотлох баримтгүйгээр шүү дээ. Үүний төлөө би дуугарсан, тэмцсэн. Гэтэл Өмгөөлөгчдийн холбоо миний эсрэг гомдол гаргаж, хуралдаад миний өмгөөлөх эрхийг хоёр жилээр хасаад хаячихсан. Хачин байгаа биз, би ийм л хачин нийгэмд амьдарч байна. Гэхдээ энэ гажуудлыг засах ёстой, үгээ хэлэх ёстой. 
 
      1991 онд миний аав бурхан болсон. Ардчилсан хувьсгал хаашаа өрнөхийг харж чадаагүй хорвоогоос буцсан. Бид хоёрын хамгийн сүүлийн яриа ийм байсан. Аав минь “За, Баасан минь Ардчилсан хувьсгалыг их л жижиг дээр нь дараад авах шиг боллоо шүү. Нийтийн төлөө явж байгаа хүн нийтийн юмнаас нэг ширхэг зэвтэй атигар хадаас ч авч болдоггүй юм шүү” гэсэн. Би ч залуу байж дээ “Тэрийг авахаар яах вэ” гэж муу аавыгаа өнгөрөхөд нь асууж байлаа. Аав тэгэхэд “Хэзээ нэгэн цагт хариуцлага нэхдэг. Хүмүүс дээлээ нөмөрнө гэж чи мэдэх үү” гэхэд нь “Мэднэ ээ, шоронд орохыг хэлж байгаа биз дээ” гэсэн. Аав “Тийм ээ, шоронд орно гэсэн үг” гэж надад ойлгуулж байлаа. Тийм учраас би нийтийн өмч гэдэг харах нүд олонтой. Нийтийн өмчөөс нэг ширхэг чихэр ч авч болохгүй гэдгийг ой ухаандаа суулгаад 25 жил өнгөрч дээ. Би яг л 1990 оны сэтгэл зүрхээрээ зүтгэж яваа. Зүтгэсээр ч дуусах болно. Би өөртөө огтхон ч эргэлзэж байгаагүй” гэсээр бидний яриа өндөрлөлөө. 
 
...Тэмцэл, тэмцэж, тэмцсээр гэдэг үг түүний амьдралын 25 жилтэй хамт л яваа. Төв талбайг “эзэн”-тэй байлгаж, төрийн буруу шийдвэрийг засахын тулд цэл залуухан байхаасаа л зоригтой үгээ хэлж, түүнийхээ төлөө хэнд ч ялархахгүйгээр өнөөдөрт хүрсэн “тэмцэгч” Г.Баасангийн амьдралын түүх нь ийм ажээ. 

СӨРЖ ЗОГССОН ТЭМЦЭГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188