• Өнөөдөр 2026-06-16

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ

2026-06-16,   126

        Төрийн ордонд нийслэлийн төсөв, төсөл, тендерийн хулгайг хэлэлцэж буй. Хотын удирдлагууд хэдэн их наяд төгрөгөөр хэрхэн туйлж ирснийг төр, түмнээрээ сая л мэдэж буй мэт шаагьж, шуугицгааж байна. Өмнө нь Хотын дарга Д.Сумъяабазар, түүний орлогч Ж.Сандагсүрэн хоёрыг “Ногоон автобус”-ны хэрэгт холбогдоход яг л ингэж шаагилдаж, ял асуу гэж хашхирцгааж байсан. Гэвч төд удалгүй төр, түмнээрээ мартацгаасан. 
 
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдож, нийгэмд дүүжлүүлэх шахаж явсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн л гэхэд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх болоод хойморт заларчихсан. Хөмсөг зангидан ширээ шааж, хариуцлагын сэлэм ярих дуртай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл холбогдсон хэргийг нь огоорч, ордондоо зөвлөхөөр залчихаар хөөрхий ард түмэн бид яах ч билээ. 
 
        Хоржоонтой нь, Ерөнхийлөгчийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн найз Ж.Түвшинбаяр өдгөө нийслэлийн нийтийн тээврийн автобусны сэлбэг, тос, тосолын тендерүүдэд туйлж байна. Тэгээд болоогүй, “Тавантолгой түлш”-д л гэхэд 1.7 тэрбумаар автобус нийлүүлчихэж байна. 
 
       Тодруулбал, Ерөнхийлөгч зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн 2015 оны зургадугаар сард Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, өндөр настан Д.Жамсранжавтай “Өсөлт консалтинг” ХХК-ийг хамтран байгуулсан байдаг. Улмаар 2019 онд “Өсөлт консалтинг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Жамсранжавын зээ охин Д.Батчимэгийг нэмсэн. Харин 2021 оноос Ж.Сандагсүрэн “Өсөлт консалтинг” ХХК-ийг Д.Жамсранжавын охин Ж.Чимэдналжирмаатай хамтран эзэмшиж байгаа. Гэхдээ АТГ-ын ХОМ-ийн санд “Өсөлт консалтинг” ХХК-ийн 50 хувийг НИТХ-ын төлөөлөгч Жигжидсүрэнгийн Сандагсүрэн, 50 хувийг нь ХУД-ийн Орлогч прокурор Жамсранжавын Сандагсүрэн эзэмшдэг гэсэн бүртгэл бий. Өөрөөр хэлбэл, ХУД-ийн Орлогч прокурор Ж.Сандагсүрэн нь “Өсөлт консалтинг” ХХК-ийн 50 хувийг төрсөн эгч Ж.Чимэдналжирмаагаар дамжуулж эзэмшдэг гэсэн үг. 
 
Сонирхуулахад, ХУД-ийн Орлогч прокурор Ж.Сандагсүрэн нь Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга бөгөөд Ахлах прокуророор ажиллаж байхдаа М.Энхболд, Ц.Сандуй нарын алдарт “60 тэрбумын хэрэг”-ийг гэмт хэрэг биш гэж хаасан. Улмаар нэг хэсэгтээ л “М.Энхболдыг хэргээс мулталсан хонгилын прокурор” гэгдэж явсан зартай нэгэн. 
 
         Гол асуудалдаа оръё. НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнтэй “Өсөлт консалтинг” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулагч өндөр настан Д.Жамсранжавын хүү, одоогийн хамтран эзэмшигч ХУД-ийн Орлогч прокурор Ж.Сандагсүрэнгийн дүү нь Ж.Түвшинбаяр гэж залуу бий. Ерөнхийлөгчийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр хоёр дотно найзууд. Нэгхэн жишээ дурдахад, Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр хоёр “Амьдрал бэлэглэе” гэх цус хандивлах аяныг 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн байдаг. 
Тайлбар: Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр
Тайлбар: Аав Д.Жамсранжав, хүү Ж.Түвшинбаяр
Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн найз Ж.Түвшинбаяр нь “Тотал маркетинг эйжэнси” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Тотал маркетинг эйжэнси” ХХК нь Ж.Сандагсүрэнг НИТХ-д томорсноос хойш нийслэлийн автобус, автобусны сэлбэгийн тендерүүдэд туйлж байгаа. Тодруулбал, Ж.Түвшинбаяр “Тотал маркетинг эйжэнси” ХХК нь өнгөрсөн 2025 онд нийслэлийн өмчит “Зорчигч тээвэр нэг” АТҮГ болон “Зорчигч тээвэр дөрөв” АТҮГ-т 1.0 тэрбум төгрөгөөр автобусны тос, тосол  шүүр нийлүүлсэн. Харин 2024 онд “Тавантолгой түлш” ХХК-д 1.7 тэрбум төгрөгөөр ажилчдын автобус нийлүүлсэн бол ХУД-т 974 сая төгрөгөөр хог ачдаг машин нийлүүлжээ. Цаашилбал, нийслэлийн өмчит “Зорчигт тээвэр гурав” АТҮГ-т 1.5 тэрбум төгрөгөөр автобусны сэлбэг нийлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнгийн найз Ж.Түвшинбаяр нь нийслэлийн нийтийн тээврийн компаниудаас жилд багадаа л 1.0 тэрбум гаруй төгрөгийн тендер салгаж, түрийвчээ түнтийлгэдэг гэсэн үг.
 
       Цаашилбал, Ж.Сандагсүрэн, Ж.Түвшинбаяр хоёрын нийслэлийн нийтийн тээвэр дэх тендерийн хоршил ингээд дууссангүй. Ж.Түвшинбаярын “Тотал маркетинг эйжэнси” ХХК нь Хятадын Yuchai petronas группийн Монгол дахь албан ёсны борлуулагч болжээ. Хоржоонтой нь, Д.Сумъяабазар, Ж.Сандагсүрэн хоёрын Хятадаас оруулж ирсэн Golden dragon, Х.Нямбаатарын үед оруулж ирсэн Yutong маркийн автобуснууд нь бүгд дээрх Yuchai petronas группийн Yuchai брэндийн хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Тотал маркетинг эйжэнси” ХХК-ийн захаирал Ж.Түвшинбаяртай тусгайлсан уулзалт хийжээ. Өөрөөр бол, нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа бүх Golden dragon, Yutong маркийн автобуснуудын засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлтэд Ж.Сандагсүрэнгийн найз Ж.Түвшинбаярын “Тотал маркетинг эйжэнси” ХХК нь монопол тогтоох нь бололтой. Хятадаас анх автобус оруулж ирэхдээ л хожим сэлбэг хэрэгслийг нь  нийлүүлж ашиг хүртэнэ гэдгээ эртнээс тооцоолсон харагдаж байгаа биз. Магад, ийм ч учраас Ж.Сандагсүрэн найз Ж.Түвшинбаярынхаа өндөр настай аавтай нь, зээ дүүтэй нь, төрсөн эгч, ахтай нь өдий хүртэл “Өсөлт консалтинг” ХХК-ийг хамтран эзэмшиж, халаас нэгтэй байсаар ирсэн биз. 
 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ, НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Ж.САНДАГСҮРЭНГИЙН НАЙЗ “ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-Д 1.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВТОБУС НИЙЛҮҮЛЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188