• Өнөөдөр 2026-06-12

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН Г.САЙХАНБАЯРЫН ХАДАМ ДҮҮ, БАЗ ХҮРГЭН НЬ БХЯ, БХИС, ЗХЖШ-ЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА

2026-06-12,   160

        Дэслэгч генерал Г.Сайханбаяр Батлан хамгаалах яаманд 2000 оноос хойш 20 жил даргаар дархлагдаж, дөрвөн жил сайдаар нь сэтэрлэгдсэн. Тэгээд ч болоогүй, өнгөрөгч 2025 оноос Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Даанч, Г.Сайханбаярт Батлан хамгаалах яаманд дарга, сайдаар дархлагдсан 25 жилийн дардан намтар, дэслэгч генералын алтан мөрдэс нь хангалттай байгаагүй бололтой. 
 
        Батлан хамгаалахын сайд асан, Дэслэгч генерал Г.Сайханбаярын хадам дүү Б.Ганболд, баз хүргэн Л.Зоригтбаатар, эхнэр Б.Мөнхжаргалынх нь халаас нэгтэй хамтрагч Т.Бямбаа нарынх нь компаниуд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний батлан хамгаалах их сургууль гээд батлан хамгаалах салбарын тендерүүдийг хуу хамж, тэд ч хагартлаа хөлжсөн байна. Цэргийн бакал, цагаан хэрэглэл, аранз цүнх, асар майхан, саван сальфетка, тавилга, техникийн сэлбэг гээд бүгдийг нь тэдний компаниуд л нийлүүлж ирсэн. Саван сальфетка нийлүүлдэг төдийхөн компани нь алдарт “Петровис групп”-ийг ялаад, Цэргийн төв эмнэлэгт шатахуун “шахсан” жишээ ч бий. 
 
Цаашлаад, БХЯ-ны “Оюутан цэрэг” хөтөлбөр Г.Сайханбаярын хамаатан, хамсаатнуудын “хөлжих хөтөлбөр” маягийн болчихсон. Оюутан цэргүүдийн орны даавуу, хөнжил гудас, оо сойз, оймс бандааш, таавчиг, тэлээ, шампунь, шингэн саван гээд бүгдийг нь тэд л нийлүүлж ирсэн. 
 
1. Дэслэгч генерал Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалын төрсөн дүү Б.Мөнхзулын нөхөр нь Л.Зоригтбаатар гэж залуу бий. Баз хүргэн Л.Зоригтбаатар нь “Хансголд” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Хансголд” ХХК нь дээр дурдсанчлан, батлах хамгаалах салбарын тендерийн эрлэг гэж хэлж болно. Тухайлбал, “Ханс голд” ХХК нь Г.Сайханбаярыг Батлан хамгаалахын сайд болсны дараагаас буюу 2021 оноос хойш Цэргийн төв эмнэлгээс нэг, Зэвсэгт хүчний жанжин штабаас хоёр, харин Батлан хамгаалах яамнаас 3.1 тэрбум төгрөгийн есөн тендер авсан. Жишээ нь, өнгөрөгч 2025 онд л гэхэд “Ханс голд” ХХК нь Батлан хамгаалах яамнаас Цэргийн асар нийлүүлэх 1.6 тэрбум төгрөгийн тендер авсан. Харин энэ онд Олон улсын хээрийн сургуулилт, Энхийг дэмжих ажиллагаанд хэрэглэх цахилгааны сэлбэг хэрэгслийг нийлүүлэх 172 сая төгрөгийн тендерийг авчээ.
2. Дэслэгч генерал Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргал нь Төмөрсүхийн Бямбаатай “Шируку Мичи” ХХК-ийг 2017 оноос хойш хамтран эзэмшиж байгаа. Харин Ч.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалын төрсөн дүү Б.Ганболд нь Төмөрсүхийн Бямбаатай “Цэлмэг Сора” ХХК-ийг 2020 оноос хамтран эзэмшиж эхэлсэн. Энэхүү “Шируку Мичи” ХХК болон “Цэлмэг Сора” ХХК-иуд нь нэг хаяг дээр үйл ажиллагаая явуулдаг. 2024 оны УИХ-ын сонгуулиар Ч.Сайханбаярыг 1-р тойрогт нэр дэвшихэд сурталчилгааных нь санхүүжилтийг “Цэлмэг Сора” ХХК босголцсон байдаг. 
 
Тэгвэл “Цэлмэг сора” ХХК нь 2020 оноос эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабаас нэг тендер Цэргийн төв эмнэлгээс дөрвөн тендер, харин Батлах хамгаалах яамнаас таван тендер авсан. Жишээ нь, “Цэлмэг сора” ХХК нь 2024 онд л гэхэд Батлан хамгаалах яаманд найруулдаг кофе, пакеттай цай, жимсний чанамал, зөгийн бал, бяслаг, элсэн чихэр нийлүүлэх 275 сая төгрөгийн тендер, Ундаа, жүүс нийлүүлэх 600 сая төгрөгийн тендерийг авсан байгаа юм. 
 
        Цаашлаад, Зэвсэгт хүчний жанжин штабт 179 сая төгрөгийн орны цагаан даавуу нийлүүлсэн. Цэргийн төв эмнэлэгт саван, сальфетка, угаалгын нунтаг, белизна зэрэг угаалга цэвэрлэгээний материал нийлүүлэх 254 сая төгрөгийн дөрвөн тендерт шалгарсан. Бүр хоржоонтой нь, “Цэлмэг сора” ХХК нь саван, сальфетка нийлүүлээд зогсохгүй, “Петровис групп”-ийн охин компани болох бензин шатахууны 500 гаруй тендерт оролцсон туршлагатай “ “Петро стар” ХХК-ийг ялж, Цэргийн төв эмнэлэгт 43 сая төгрөгөөр Аи-92 бензин, дизель түлш “шахчихсан” жишээ ч байна. 
 
3. Дэслэгч генерал Г.Сайханбаярын баз хүргэн Л.Зоригтбаатар  нь “Миланд агро” ХХК-ийг эзэмшдэг. Энэхүү “Миланд агро” ХХК нь Г.Сайханбаярыг Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байх үеэс буюу 2018 оноос эхлэн Батлан хамгаалах яамны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хангамжийн тендерүүдийг авч эхэлсэн. Тэр ондоо буюу 2018 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргүүдэд 989 сая төгрөгийн тендерээс 95 сая төгрөгөөр бакал, 48 сая төгрөгөөр асар майхан, 86 сая төгрөгөөр ор, ширээ сандал, 147 сая төгрөгөөр оо сойз, саван, сахлын татуурга тэргүүтэй ахиун хэрэглэл нийлүүлж байлаа. Энэ мэтээр “Миланд агро” ХХК нь Батлан хамгаалах яамнаас долоон тендер, Үндэсний батлан хамгаалах их сургуулиар нэг тендер авсан байдаг. 
 
4. Дэслэгч генерал Г.Сайханбаярын эхнэр Б.Мөнхжаргалын төрсөн дүү Б.Ганболд нь “Тэппэн констракшн” ХХК-ийг эзэмшдэг. Б.Ганболд нь хүргэн ах Г.Сайханбаярыгаа Батлах хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга байх үеэс яамнаас нь тендер тоншиж эхэлсэн. Улмаар Б.Ганболд хадам ах Г.Сайханбаярыгаа Батлах хамгаалахын сайд болсноос ердөө хоёр сарын дараа л “Тэппэн констракшн” ХХК-иараа Батлан хамгаалах яамны Инженерийн техникийн сэлбэгийн 114 сая төгрөгийн тендер, Солонгос автомашины сэлбэг нийлүүлэх 38.2 сая төгрөгийн тендерийг тус тус авч байв. Өдгөө Б.Ганболд нь “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, судалгаа, хөгжлийн институтийн эрхлэгчээр ажилладаг. Төрд хурган дарга хийхийн сацуу “Тэппэн констракшн” ХХК-иараа барилгын зураг төсөл боловсруулах тендерүүдэд оролцдог болсон. Өнгөрөгч 2025 онд л гэхэд Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байгуулах Хүүхдийн зуслангийн зураг төслийг боловсруулах 750 сая төгрөгийн тендерт шалгарчээ. Сонирхуулахад, Г.Сайханбаярын хадам дүү Б.Ганболд нь өдгөө "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-т дарга, эхнэр Х.Сарнай нь "МИАТ" ТӨХК-д дарга хийдэг. 
         Энэ мэтээр Батлан хамгаалахын сайд асан, Дэслэгч генерал Г.Сайханбаярын хамаатан, хамсаатнууд л Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн тендерүүдийг хуу хамж байна. Хууль хяналтынхан нас, намтрынхаа туршид Батлан хамгаалах яаманд ямба эдэлж яваа Г.Сайханбаярын түнтийсэн түрийвчийг шалгах цаг нь болсон бололтой. 
 
Үргэлжлэл бий...
 

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН Г.САЙХАНБАЯРЫН ХАДАМ ДҮҮ, БАЗ ХҮРГЭН НЬ БХЯ, БХИС, ЗХЖШ-ЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188