• Өнөөдөр 2024-04-24

ЭРГЭЛТ.МН сайт 2020 оны ОНЦЛОХ ХҮМҮҮСИЙГ нэрлэж байна

2020-12-30,   2648

Хэдийгээр 2020 онд дэлхий нийт коронавирусийн улмаас хөл хорионд орсон ч амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, олон үйл явдал өрнөсөн жил байлаа. Улиран одож буй 2020 онд Монголын улс төр, нийгэм, эрүүл мэнд, урлаг соёл, спортын салбарт хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ олны анхаарлын төвд байж, ярианы гол сэдэв болж байсан 18 эрхэм, хоёр байгууллага, онцлох хоёр хүүхдийг ЭРГЭЛТ.МН сайт онцолж байна.

УЛС ТӨР

1.Ерөнхийлөгч Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бол өнгөрөн одож буй 2020 оны босгон дээр үе үеийн Ерөнхийлөгч нарын нэгэн хэв загварт цутгасан мэт агуулгатай шинэ жилийн мэндчилгээнд шинэчлэл хийж, анх удаа тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр болсныг он солигдох мөчид дуулгаж, түүнийгээ ч ажил хэрэг болгосон юм. Энэ нь 2020 оны хамгийн анхны томоохон мэдэгдэл байсан төдийгүй Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэг хэсэгтээ олны анхаарлын төвд аваачсан. Үүний дараа тэрбээр коронавирусээс үүдэн дэлхийд “ганцаардаад” байсан БНХАУ-д уг халдвар гарсны дараа айлчилсан анхны төрийн тэргүүн болж, ядарсан цагт нөхрийн чанар танигддагийн үлгэрээр 30 мянган хонь бэлэглэхээр болсон нь хоёр улсын найрсаг харилцааны хамгийн тол илрэл болж байлаа. Түүнчлэн хамгийн сүүлд Ерөнхийлөгч Х.Баттулга коронавирусийн халдварыг дотооддоо алдсантай холбоотойгоор өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан ч Засгийн газар дэмжээгүй юм.

 

 

2. Ерөнхий сайд У.Хүрэлсүх

Найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН үнэмлэхүй ялалт байгуулж, У.Хүрэлсүх гишүүдийн олонхын саналаар Ерөнхий сайдаар улиран томилогдсон. Хэлсэн үг, хийсэн мэдэгдлээрээ байнга олны анхаарлын төвд байдаг тэрбээр албан тушаалтнуудыг толгойтой нь ярина гэж айлгадгаараа, шударга ёсны илдээрээ алдартай ч түүний мэдэгдэлд олон иргэн дуртай байдаг. У.Хүрэлсүх  өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн л гэхэд “Нарантуул” худалдааны төвд бие хамгаалагч нараа “Хол бай” гэж загнаж, “Миний ард түмэн намайг хамгаална” хэмээсэн удаатай. Түүний удирдаж буй Засгийн газрын 2020 онд хийсэн хамгийн том ажил бол коронавирусийн халдвартай холбоотойгоор айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, ус, дулаан, хогны мөнгийг арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх долдугаар сарын 1 хүртэл тэглэсэн явдал байлаа.

 

 

3. УИХ-ын гишүүн Т.Доржханд

2020 оны УИХ-ын сонгуулиар МАН 62, АН 11, эвсэл болон бие даагч гурван суудал авсан юм. Тэгвэл эдгээр гурван хүний нэг Зөв хүн электорат эвслээс нэр дэвшин, сонгогдсон Т.Доржханд бол улс төрийн шинэ дүр. Тэрбээр гишүүний үнэмлэхээ гардахдаа пүүзтэй ирж, олны анхаарлын төвд өртсөн юм. Үүнээс гадна орон нутгийн сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намыг сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн гол хүмүүсийн нэг төдийгүй Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ухуулагчаар ажилласан.  

БҮТЭЛ МУУТАЙ УЛСТӨРЧИД

 

4. АН-ын дарга асан С.Эрдэнэ

Энэ онд улс төрийн хүрээнд хамгийн барцадтай байсан хүн бол АН-ын дарга асан С.Эрдэнэ. Түүний гаргасан шийдвэр бүхэн хана мөргөж, УИХ-ын сонгуульд намаа ялагдал хүлээхэд хүргэсэн. Иймээс ч тэрбээр хариуцлагаа хүлээж, АН-ын даргын тамга, тэмдгээ УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваанд гардуулсан юм. Харин энэ сарын 18, 19-нд АН-ын Х Их хурал болсон бөгөөд С.Эрдэнэ тус хурлыг дүрмийн бус хэмээн үзэж, “Би намын дарга хэвээрээ байгаа” гэж мэдэгдэж буй. Гэтэл АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан дүрмийн дагуу явж байгаа гэсэн тайлбарыг өгч, тус нам хоёр хуваагдаад байна.

 

5. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай

2020 оны УИХ-ын сонгуульд гадаадаас нэр дэвшиж, санал хураалтын өмнөхөн эх орондоо ирсэн ч тусгаарлалтад орсноор сонгуулийн сурталчилгаагаа хийж чадаагүй улстөрч бол Л.Гүндалай. Гэсэн хэдий ч тэрбээр онлайнаар сонгогчидтойгоо уулзаж, нулимс дуслуулан хөвсгөлчүүдээс чамлахааргүй санал авч чадсан юм. Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай тусгаарлалтын хугацааг үр дүнтэй  өнгөрөөхийн тулд онлайнаар англи хэлний хичээл хүртэл зааж, “багш” болж амжсан.

ЭРҮҮЛ МЭНД

6. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

 

Дэлхий нийтийг айдаст автуулж, олон сая хүнийг өвчлүүлж, олон хүний амь авч одоод буй коронавирустэй хүн төрөлхтөн тэмцэж байна. Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээр ахлуулсан эмч, сувилагчдаас бүрдсэн баг ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд жил орчим өдөр, шөнийг үл ялган ажиллаж байна. Тиймээс ч Д.Нямхүү эмч бол энэ цагийн од. Гэвч эмч, эмнэлгийн ажилтнуудын 10 гаруй сарын хичээл, зүтгэл талаар болж, өнгөрсөн арваннэгдүгээр сард дотоодддоо коронавирусийн халдвар алдсан.Тийм болохоор алдаа, оноо бүхэн нь ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг дагаж, тэрбээр хэвлэлийнхний бай болсоор багагүй хугацааг үдээд байгаа билээ.

 

 

7.  "Зүрх мартахгүй" Б.Болдсайхан эмч

 Дэлхий дахиныг хамарсан коронавирусийн улмаас олон улс хилээ хааж, хүнд өвчтэй хүмүүс гаднын оронд мэс засал хийлгэх боломжгүй болсон. Үүний улмаас олон улсын байгууллагаар дамжуулж, хилийн чанадыг зорих гэж байсан олон хүүхдийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн юм. Тэгвэл “Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан "Зүрх мартахгүй" төсөл  хэрэгжүүлж, хувь хүн, байгууллагуудын хандивын тусламжтайгаар хүнд өвчтэй олон бяцхан зүрхийг аварч буй. Одоогийн байдлаар тус төслөөр 90 орчим хүүхдэд хагалгаа хийгээд байна. Б.Болдсайхан эмч өглөө нь зүрхний өвчтэй хүүд ховдлын цоорхой нөхөх хагалгаа хийж, залгуулаад өөрөө зүрхний зүүн титэм судсандаа стент тавиулах мэс засалд орсон тухайгаа цахим хуудастаа нийтэлсэн юм. Тэрбээр хэвлэлд “Алслагдсан аймаг, сумдад сар бүр өөрийн биеэр очиж үзлэг хийж байна. Явах бүртээ 100-аад хүнд үзлэг хийхэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд илэрсээр л байна. Зарим хүүхдийн ээж, аав Улаанбаатар хот байтугай аймгийн төв ч орж үзээгүй байх нь бий. Эмнэлгийг хэзээ ч өөрөө зорьж ирэхгүй,  Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд байхад ч зарим хүн тоодоггүй. Энэ мэт олон шалтгаан бий тул 2026 он гэхэд зүрхний төрөлхийн гажигтай 1000 хүүхдийг эмчилсэн байхыг зорьж байна” хэмээн ярьжээ.

8. Хүүхдийн мэс засалч А.Цэнджав

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын эмч, клиникийн профессор А.Цэнджав хүүхдийн мэс заслын эмчээр тасралтгүй 20 гаруй жил  ажиллаж, өнгөрсөн аравдугаар Монгол Улсын шилдэг мэс заслын эмчээр шалгарсан билээ. Нярай хүүхдэд хутганы үзүүр хүргэх нь битгий хэл олигтой ч тэвэрч, гар хүрч болохооргүй тийм л эмзэгхэн, турьхан. Тэгвэл манай улсад өдөрт эхээс төрөхдөө ургийн ямар нэгэн гажиг, өвчин эмгэгтэй, мэс ажилбар хийхээс өөр арга байхгүй хэдэн зуун хүүхэд төрж байна. Мэс заслын хутганаасаа илүүгүй шахам улаан нялзрай хүүхдийн хэвлий, эсвэл зүрх, тархинд бүр хортой хоргүй хавдар, бөгс нь битүү төрснөөс эхлээд ургийн гажигтай нярайд тэр болон түүний баг мэс засал хийж, алтан амийг нь авардаг. Хэрэв эмч хурууны өндгөөрөө мэдэрч чадалгүй, гартаа барьсан мэс заслын хурц хутганыхаа торгон ирийг миллметр төдий зөрүүлэн хэмжээ алдаж, илүү ганц л хөдөлгөөн хийвэл хүүхэд амиа алдана. Ийм л хүнд хэцүү, тархины, гарын шандас сорьсон мэргэжлийг А.Цэнджав эмч эзэмшиж, гурван настай хүүхдээс хоёр килограмм хавдар авсан хүндхэн хагалгааг Монголдоо анх удаа хийж байсан. Мөн Монголд анх удаа хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг 2012 онд  багийхантайгаа хийж байжээ.

НИЙГЭМ

9. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал ажлаа аваад удалгүй хүндхэн сорилттой нүүр тулсан. Учир нь, тус аймагт коронавирусийн төмөр зам дагасан голомт бий болж, аймгийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, тэг зогсолт хийсний хүчинд голомтыг газар авахуулалгүй дараад буй. Мөн тэрбээр иргэн бүрийн санал хүсэлтийг хүлээн авч, утсаар ярьж, тэг зогсолтын үеэр хүнс, түлээ, эм, ус зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг хүргэлтээр хүргэж, айл бүрээс нэг хүнээс шинжилгээ авах гэх мэт үр дүнтэй арга хэмжээ авч, хэрэгжүүлж чадсан нь олны талархлыг хүлээсэн. Б.Азжаргал нь Дархан сумын ИТХ-ын дарга, орлогчоор тус бүр дөрөв, Засаг даргаар нь найм, нийтдээ сумандаа 16 жил ажилласан бөгөөд анх удаа Дархан-Уул аймгийг удирдаж байгаа юм.

 

 

10.  “Хүн бай” Ч.Ганжавхлан

Энэ онд манай улсад хүүхдийн хүчирхийллийн сэтгэл сэртхийлгэм олон хэрэг гарсан. Иймээс ч "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай" нөлөөллийн аян жагсаал зохион байгуулсан нь олон нийтийг хамарсан. Залуусын үлгэр жишээ төлөөлөл тэрбээр гэр хорооллын олон хүүхдийн мөрөөдлийг биелүүлж, сэтгэлд нь гал асааж, “Ид шидийн орон” хоёр төслийг хэрэгжүүлж, улстөрчдийн ч барьж авахаас халширдаг асуудлуудыг шийдэж чадсан юм.

 

 

11. "Монгол ТВ"-ийн хамт олон

“Оюуныг тэтгэж, жаргал бэлэглэнэ” уриатай тус телевизийн хамт олон дэлхий дахинаа коронавирусийн халдвар тархсан хүнд үед ч нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатайгаар биелүүлж, үзэгчдээ гэртээ тайван амгалан, аюулгүй, жаргалтай байлгах үүднээс шоу нэвтрүүлгүүдээ бэлтгэн хүргэсээр байгаа. “Монгол ТВ” үзэгчдийг байлдан дагуулсан "The voice of Mongolia", "Таван настнуудын нууцлаг ертөнц", "Эмч vs Интернэт", "Ардын буйдан", "DNA" зэрэг олон контентууд хийдэг. Хамгийн сүүлд  цацагдаж эхэлсэн “The apprentice Mongolia" шоу нэвтрүүлгээрээ тэд үзэгч олныхоо мэдлэг, боловсролыг тэлэхийн сацуу Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд ямар ямар боломж, гарц, шийдэл зэрэг байгааг харуулахыг зорьжээ. “The Apprentice” шоу нэвтрүүлгийн хувьд дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай зохион байгуулагдсан аж.

12. Төрийн албаны шалгалтад 100 оноо авсан залуус

            Монгол Улсын төрийн албаны ерөнхий шалгалтын анхны дээд амжилтыг хоёр хүн тогтоолоо.Тодруулбал, Дундговь Эрдэнэдалай сумын иргэн Б.Адъяа, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Б.Билгүүн нар төрийн албаны шалгалтад нэг ч алдалгүйгээр 100 оноогоор тэнцсэн нь Монгол Улсын түүхэнд анхдагч үйл явдал болсон юм. Б.Адъяа 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжлээр төгссөн бол Б.Билгүүн нь энэ хавар МУИС-ийн Эдийн засгийн ангийг төгсжээ. 

УРЛАГ СОЁЛ

13.  “Зэрлэгүүдийг хүлээхүй” Б.Ганчимэг

“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс нар гол дүрийг бүтээсэн бөгөөд дөрвөн монгол жүжигчин тоглосны нэг нь Б.Ганчимэг юм. Тэрбээр энэ кинонд гол дүр бүтээгээд зогсохгүй Холливудын 10 гаруй кинонд тоглож амжжээ. Б.Ганчимэг Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг, моделийнхоо чиглэлээр “GQ”, “Ashish”, “Gucci” зэрэг алдартай брэндийн загварын шоунд оролцож байсан аж.  

 

14. Г.Аюурзана & Л. Өлзийтөгс

Утга зохиолын салбарт гэр бүлийн хос олон бий. Гэхдээ тэдэн дундаас уран бүтээл, онгод, мэдрэмжээрээ ялгардаг хос бол Г.Аюурзана, Л.Өлзийтөгс. 2020 онд тэд уран бүтээлийн олз арвинтай байлаа. Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана уншигчдадаа “Өчигдөр уулзъя” /Бүрлээчийн монолог/ шинэ романаар бэлэг барьж, мөн түүний “Хэвтрийн хүн” бэсрэг романыг найруулагч С.Бямба кино болгон, дэлгэцэнд амилуулсан. Түүнчлэн зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс "Хараацайн зогсолт" хэмээх хоёр боть номоо оны өмнө өлгийдөн авсан. Энэ нь түүний хүүрнэл зохиолынх нь дөрөв дэх бүтээл бөгөөд анхны роман нь юм. Шинэ романых нь тухай зохиолч Г.Аюурзана "Хоёр эмэгтэй уран бүтээлчийн дотоод ертөнц, хачирхалтай тэмдэглэлүүд, оньсого мэт бичвэр сүлэлдээн, тэдний харилцан уншилцсан гар бичмэлүүд..." хэмээжээ. 

 

15. Анна Каренина буюу Н.Баярмаа

Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” зохиол Монголын тайзнаа анх удаа амиллаа. Дэлхийн алдартай сонгодог зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан бол Анна Каренинагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд нар бүтээсэн юм. Харин Аннагийн нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглолоо. “Анна Каренина” жүжгийг сарын хугацаанд 16 мянган үзэгч үзжээ.

Аннагийн дүрийг бүтээсэн жүжигчин Н.Баярмаа “Анна Каренина Монголд тавигдаж буй нь, би дүр бүтээж байгаа нь их хувь заяа болов уу. Уран бүтээлчийн маань хувьд ч том хуудас нээж өгч, том түүх болж үлдэнэ байх. Гэхдээ хэдий сайхан дүр авсан байж болох ч түүнийхээ ард хэрхэн гарсан бэ гэдэг л их чухал” хэмээн ярьсан байна. 

16. “Фантастик “продакшн  

“Зүрхний хилэн”, “Байтаг богд”, “37-р точка” зэрэг киногоороо чамгүй сайн уран бүтээлчид гэдгээ харуулаад байгаа “Фантастик” продакшн өнгөрч буй 2020 онд үзэгчдэд олон бүтээлээрээ бэлэг барьсан. Тэд “37-р точка” киноныхоо хоёрдугаар бүлгийг энэ онд үзэгчдэд хүргэсэн төдийгүй “ZURA” киногоо олны хүртээл болгосо юм. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй Хятад зохиолч “Номонханы цуст тулаан” нэртэй зохиолоороо тэдэнд кино бүтээх санал тавихад татгалзсан нь олны чихийг сортолзуулсан үйл явдал байсан юм. Учир нь, тэд уг зохиолд Монгол Улс, үндэстний түүхийг гуйвуулж, соёлыг үгүйсгэж байна хэмээн үзэж, татгалзжээ. Үүнээс гадна “Фантастик” продакшны хамт олон “Зура” киноныхоо гурван өдрийн орлогыг хоол, хүнсний тусламж хэрэгтэй хүмүүст хандивлахаар болж, урлаг соёлынхон, уран бүтээлчид болоод хүнс үйлдвэрлэгчдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан юм.

СПОРТ

17. Гүйлтийн тамирчин  Б.Буджаргал

АНУ-ын Флорида мужид зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн арваннэгдүгээр сарын 16-22-ны хооронд болсон. Энэ тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал өрсөлдөж, эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар тэргүүн байр эзэллээ. Энэ нь түүний хувьд олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн юм.

18. Геннисийн номонд бичигдсэн М.Уранцэцэг

Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг Олон улсын жудогийн холбооны тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртсэн амжилт тогтоож Геннисийн номонд бичигдлээ. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд зохиогдсон IJF World tour тэмцээний эмэгтэй -48, -52 кг-ын жинд 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл, нийт 35 медаль хүртсэн байна.

ОНЦЛОХ ХҮҮХДҮҮД

 

19. Олон улсын математикийн олимпиадын аварга О.Мишээл

Олон улсын математикийн 61 дэх удаагийн олимпиад өнгөрсөн есдүгээр цахимаар зохион байгуулагдаж, “Шинэ Монгол” сургуулийн XII ангийн сурагч О.Мишээл алтан медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр Монгол Улсад тус олимпиадаас дөрөв дэх алтан медалийг авчирсан юм. О.Мишээл өмнө нь хоёр жил дараалан энэ олимпиадад оролцож, хүрэл медаль хүртэж байжээ.

 

20. Шатрын спортын хамгийн залуу их мастер Д.Батсүрэн

            Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/-ны арванхоёрдугаар сарын 1-6-нд цахимаар зохион байгуулсан 91 дүгээр Конгрессын үеэр Д.Батсүрэн их мастер цолны болзол хангасан юм. Нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч тэрбээр Монгол Улсын шатрын спортын эрэгтэйчүүдийн найм дахь их мастер болсон төдийгүй хамгийн залуудаа буюу 16 насандаа тус цолонд хүрсэн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Д.Батсүрэн Орхон аймгийн Эрдэнэт хотын уугуул бөгөөд "Дагшаахүү" шатрын клубийн тамирчин юм.


 


ЭРГЭЛТ.МН сайт 2020 оны ОНЦЛОХ ХҮМҮҮСИЙГ нэрлэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188