• Өнөөдөр 2025-02-05

УЛСЫН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШДАГ АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

2024-09-26,   679

Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын дарга, төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарыг онцолж байна. Дөрвөн жил усанд хаясан чулуу мэт байсан төлөөлөгч нар сонгуулиар “амь” орж, дахин сонгогдохын тулд байдаг бүх аргаа хэрэглэхээр зэхэж буй билээ.


2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймагт АН нэг төлөөлөгчөөр олонх болсон байдаг. Тодруулбал, ИТХ-д 39 төлөөлөгч сонгогдсоноос 20 нь АН-ынх бол 19 нь МАН-ынх гэнэ. Гэхдээ улсын мөнгийг хувьдаа завшихад тэдэнд намын харьяалал хамаагүй бөгөөд халаасаараа нэгдсэн баримт байна. Тус аймаг дахь Төрийн аудитын газраас ИТХ-ын 2023 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийжээ. Улмаар 105.2 сая төгрөгийн хоёр зөрчил илрүүлж, “хязгаарлалттай” гэсэн дүгнэлт гаргасан байна.

Эхний зөрчил нь, Архангай аймгийн ИТХ нь төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардалд 95 сая төгрөг олгохдоо холбогдох журмыг мөрдөөгүй буюу төлөөлөгчийн хувийн дансанд шууд шилжүүлжээ. Энэ нь ИТХ-ын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журамд заасан "Төлөөлөгчдийн зардлыг бэлнээр олгохгүй бөгөөд үнийн нэхэмжлэх болон бусад баримтад үндэслэн зардлын хязгаарт багтаан холбогдох санхүүжилтийг тухайн байгууллагад шилжүүлнэ" гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд зохистой батламж мэдэгдлүүдийг хангаагүй байна. Дээр өгүүлсэн журамд мөн “Төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг энэ журамд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно” хэмээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, төлөөлөгчдийн зардлыг байгууллагын дансанд бус, өөрийнх нь дансанд шууд шилжүүлснээс гадна тухайн мөнгийн юунд зарцуулсан тухай баримт нь тодорхойгүй гэсэн үг. Нэг үгээр, энэ нь төлөөлөгч нар үгсэн хуйвалдаж, улсын мөнгийг хувьдаа завшсан гэж хардах үндэслэл болж байгаа юм.  Магад та 95 сая төгрөг их мөнгө биш гэж бодож болох юм. Гэхдээ хулгайд их, багын ялгаа үгүй бөгөөд хулгай бол хулгай юм.

Удаах зөрчил нь, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 77.9 сая төгрөг зарцуулахдаа 3.2 сая төгрөгийг 2022 оны баримт ашиглаж зарцуулсан байна. Мөн шатахууныг баталсан нормын дагуу зарцуулаагүй гэнэ.

Аймгийн ИТХ бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага бөгөөд иргэдэд тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдвэрлэж, тэдний төлөөлөл болон ажиллах учиртай. Гэвч Архангай аймгийн төлөөлөгч нар энэ үүргээ умартаж, төлөөлөгчийн суудлыг эрх ашгаа хамгаалах хэрэгсэл болгон ашиглаж, хуурамч тогтоол үйлдэн хууль зөрчиж, тендер түүж, хөрөнгө орлогоо хэд дахин өсгөж байна. Үүний жишээг дараах төлөөлөгч нарын баримтаар хүргэе.

ХУУРАМЧ ТОГТООЛ ҮЙЛДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ Ц.МӨНХНАСАН, Б.ӨСӨХБАЯР НАР

Архангай аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан, мөн ИТХ-ын дарга асан, өдгөө төлөөлөгч Б.Өсөхбаяр нар хамтран 2018 оны дөрөвдүгээр сард ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гарган, АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулжээ. Нийслэлийн Прокурорын газраас тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасны дагуу яллагдагчаар татсан ч хэргийг шийдвэрлэлгүй өдийг хүрч байгаа юм.

Үүнээс гадна Засаг дарга асан, ИТХ-ын төлөөлөгч Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь олон нийтийн сүлжээнд ил болж байсан билээ.

Төлөөлөгч Ц.Мөнхнасангийн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, орлого нь 2019 онд 26 сая төгрөг байсан бол өнгөрсөн 2023 онд 236 сая болж бараг 10 дахин нэмэгдсэн байгаа юм. Түүнчлэн 45 сая төгрөгөөр үнэлсэн нийтийн зориулалттай нэг орон сууц нь хоёр болж, үнэлгээ нь 310 сая болж өсчээ. Мөн 2019 онд машингүй байсан тэрбээр 479 сая төгрөгийн үнэ бүхий гурван машинтай болсон аж. Зөвхөн эдгээрийг нэмэхэд л, түүний орлого тэрбумыг давж байна.

ТЕНДЕР ТҮҮДЭГ ТӨЛӨӨЛӨГЧ М.БАТБОЛД, Р.НЯМДОРЖ

Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батболд Анагаах ухааны коллеж, “Гурвантамир” дээд сургуулийг төгссөн бөгөөд аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын албыг хашиж байсан. 2012 оноос “Тамирын цахиур” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа боловч 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгээсээ тус компанийг хассан байдаг. “Тамирын цахиур” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2014 оноос хойш 2021 он хүртэл долоон жилийн хугацаанд нийт 5.2 тэрбум төгрөгийн 15 тендерт шалгарсан байна. Тухайлбал,

  1. 2014 он Архангайн Ихтамир суманд багийн төв шинээр барих /хөхнуур багт/ 70 сая
  2. 2014 он Архангай аймаг 2-р багийн нутаг дэвсгэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэн,ахмад настан хүүхэд багачуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх тоглоомын талбай амралтын бүсийг цогцолбор байгуулах 60 сая
  3. 2014 он Архангай Өндөр-Улаан сумын Ахмадын байр барих 60 сая
  4. 2017 он Архангайн Цэнхэр сумын хүүхдийн цэцэрлэгийн ариун цэврийн байгууламж хийх /зураг, төсвийн хамт/ 60 сая
  5. 2017 он Архангайн Эрдэнэбулган сумын Хөгжимт драмын театрын засварын ажил 50.5 сая
  6. 2018 он Архангайн Байгаль орчны хяналтын багаж, машин, техник хэрэгслээр хангах, орчин үеийн дэвшилтэд технологийн хяналт шалгалтын ажилд нэвтрүүлэх тендер 19 сая
  7. 2018 он Архангай, Төвшрүүлэх сум Эрүүл мэндийн төвийн засвар 60 сая
  8. 2019 он Архангайн Нэгдсэн эмнэлгийн барилгын их засварын ажил 197 сая
  9. 2019 он Архангайн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн төвийн барилга 80 сая
  10. 2019 он Архангайн Батцэнгэл, Өлзийт, Чулуут, Хашаат сумын багийн төвийг барих тендерийн 59.5 сая
  11. 2020 он Архангайн Өгийнуур сумын эмнэлгийн засвар болон өргөтгөлийн ажил 373.7 сая
  12. 2020 он Багийн удирдлага, эмч нарын компьютер, тоног төхөөрөмж /Архангай, Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Цахир, Тариат, Хангай, Чулуут, Жаргалант сум/ 104.7 сая
  13. 2020 он Архангайн Төвшрүүлэх сумд ажлын байрны засвар 50 сая
  14. 2020 он Архангай, Хашаат сум Сургуулийн барилгын өргөтгөл нэг тэрбум
  15. 2021 он Архангай, Батцэнгэл сумын сургуулийн барилга, 320 суудал гурван тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарсан байна.  

Мөн Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Нямдоржийн 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхвөл, өөрийн болон гэр бүлийн орлого нь ердөө 42 сая төгрөг гэжээ. Дансандаа 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 300 сая төгрөгөөр хадгаламж нь өссөн. 285 сая төгрөгийн гурван машин, 50 сая төгрөгийн нэг газарт нь өөрчлөлт ороогүй. Зам гүүр барих, ханын материал, блок үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Авто зам” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 2015 оноос 2023 оны хооронд буюу найман жилийн хугацаанд 7.8 тэрбум төгрөгийн нийт 20 тендерт шалгарчээ. Тэдгээрийг он цагийн дарааллаар нь дурдвал,

  1. 2015 он Архангайн Булган сумын Халзангийн даваанаас Цагаан толгойн чиглэлийн зам, модон гүүрийн засвар 70 сая
  2. 2015 он Архангайн Эрдэнэбулган сумын Сансарын чиглэлийн 0.4 км хайрган хучилттай авто зам барих 360 сая
  3. 2015 он Архангайн Булган сумын Сангийн толгойн модон гүүрийн засвар 14.8 сая
  4. 2018 он Архангайн Цэнхэр сумын Татуурт гүүр барих ажил 10.7 сая
  5. 2018 он Архангайн Хангай сумын ухаа гүвээний голд модон гүүр барих 45 сая
  6. 2019 он Архангайн Чулуут сум Ухаа чулуутаас сумын төв хүртлэх горхи гуу жалга засварлах бага хэмжээний модон гүүр барих 54 сая
  7. 2020 он Архангайн Чулуут сумын Халуун ус багийн Цохиотын даваа, Хайрхан багийн Улаалзайн давааны авто замын засвар 70 сая
  8. 2020 он Сум, багийн хөгжлийг дэмжих, чадавхжуулах хөтөлбөр арга хэмжээний хүрээнд хийгдэх ажил 64.2 сая
  9. 2021 он Архангайн Цэцэрлэг хотын төв доторх хайрган, хатуу хучилттай авто замын засвар, арчлалт 60 сая
  10. 2021 он Архангай АЗЗА Халуун асфальт бетон хольц 72.5 сая
  11. 2021 он Архангайн Цахир сумын төвийн тохижолт, зам засвар 48.8 сая
  12. 2021 он Архангайн Цахир сумын төвийн тохижилт 100 сая
  13. 2021 он Архангайн Хангай сумын зам засвар 130 сая
  14. 2021 он Архангайн Тариат сум дахь зам хариуцагчийг сонгон шалгаруулах 781.5 сая
  15. 2022 он Архангайн Тариат сумын төвийн хатуу хучилттай авто зам 2.5 тэрбум
  16. 2022 он Архангай АЗЗА Халуун асфальт хольц 176 сая
  17. 2022 он Архангайн Цахир сумын төв доторх бетон хучилттай авто зам барих 700 сая
  18. 2022 он Архангайн Тариат сум дахь зам хариуцагч 1.2 тэрбум
  19. 2023 он Зам тээврийн хөгжлийн төв Төлбөр авах цэгүүдийн авто пүү, зам талбай засварлах 173.8 сая
  20. 2023 он Архангайн Тариат сум дахь зам хариуцагч 1.1 тэрбум төгрөгийн тендерт тус тус шалгарчээ

ОРЛОГО НЬ ОГЦОМ ӨССӨН ТӨЛӨӨЛӨГЧ Т.МӨНХЦЭЦЭГ, Ч.БАТНАЙРАМДАЛ, Т.ЦОГТБААТАР

Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Мөнхцэцэг 2019 онд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогоо хоёр сая төгрөг гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл үүнээс нэг жилийн дараа буюу 2020 онд орлого нь 1.1 тэрбум төгрөг болж 500 дахин өсжээ. Тэрчлэн 2019 онд 21.5 сая төгрөгийн мал аж ахуйтай байсан бол 2023 онд 87.6 саяд хүрсэн байна.

Мөн тус аймгийн төлөөлөгч Ч.Батнайрамдал 2020 онд өөрийн орлогоо 38.9 сая, гэр бүлийн орлогоо 14.1 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2023 онд өөрийнх нь орлого 107.2 сая төгрөг буюу бараг гурав дахин нэмэгдэж, өрхийн орлого нь 32.8 сая төгрөг болон өсжээ. Түүнчлэн 2019 онд үнэт эдлэлгүй, 131.6 сая төгрөгийн хадгаламжтай гэж байсан бол 2023 онд 80.8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 203.7 сая төгрөгийн хадгаламжтай болж хөрөнгө орлого нь үржсэн байна.  

Тэгвэл төлөөлөгч Т.Цогтбаатарын өөрийн орлого 2019 онд 57 сая байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2023 онд 174.6 сая төгрөг болж гурав дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн 257.3 сая төгрөгийн үнэлгээтэй мал  нь 414.2 сая болж, хадгаламж нь 6.9 саяас 24.7 сая болж нэмэгдэж, 25 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй болсон байна. Үүнээс гадна 2019 онд зургаан сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлсэн бол 2023 онд 106.2 сая төгрөгийн авлагатай болжээ.

 

 

 


УЛСЫН МӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШДАГ АРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 13:55:25
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 11:36:47
    зочин: Төрийн оцон тээрэн албан тушаалтанууд харах царайнаасаа андашгүй цэлхийсэн пэлхийсэн худ инээсэн хуурамч төрхтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 10:11:16
    Зочин: Еэ еэ бөөвөө ичиг ичиг даанч эд нар ичих гэдгийг тоох ч үгүй мэдэх ч үгүй биз тэгээд ч ганц энэ аймагт байгаа асуудал биш байх оо улс даяар дээр төр маань ийм нөхдүүдээр дотор харанхуйлтал дүүрсэн биз Ичиг Ичиг л гэхээс өөр хэлэх үг олдохгүй юм даа бөөнөөрөө бөөндөх гэж энэ л байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-26 08:29:35
    зочин: Төрийн тэмдэг зүүсэнТатвар төлөгчдийн хөрөнгө завшигчдыг шалгаж хариуцлага тооцооч хууль хүн бүрт тэгш үйлчилэх хууль хаана байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188