• Өнөөдөр 2024-04-25

МАН-д "урвасан" АН-ын дарга асан

2021-01-01,   1166

Ардчилсан нам X Их хурлаа хийж, үндсэн дүрэмдээ өөрчлөлт оруулаад 10 хонож байна. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намыг амаар нь шороо үмхүүлчихээд, хариуцлага хүлээх нэрээр хаяж одсон С.Эрдэнэ гэнэт “аврагч”-ийн дүрээр гарч ирлээ. Тэр өнгөрсөн 10 хоног өдөр алгасахгүй шахам хэвлэлүүдийн нүүрэнд гарч, “Нам удирдах эрхгүй хүн намыг маань самарч байхыг зүгээр хараад сууж чадсангүй. Би одоо ч намын дарга хэвээрээ” хэмээн тоть шиг давтаж яваа харагдана. Уг нь 200 мянган гишүүнтэй, УИХ-д 11 суудалтай намын даргын албан тушаал гэдэг дургүй нь хүрхээрээ хаяж явдаг, дур нь хүрхээрээ буцааж авдаг “хямдхан” суудал биш л баймаар. 

 
   С.Эрдэнэ ард түмнийг загасны ой санамжтай гэж боддог бололтой юм. Эргэн санавал, С.Эрдэнэ сонгуулийн маргааш буюу зургаадугаар сарын 25-ны өдөр “Шонхор тауэр”-т “Хэвлэлийн хурал” зарлаж, “Ардчилсан нам амжилт үзүүлж чадсангүй. Намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж, үндсэн дүрмийн дагуу намын даргын албан тушаалаа өгч байгаагаа зарлаж байна. Намын шинэ дарга томилогдох хүртэл даргын үүрэг гүйцэтгэх түр эрх, тамга тэмдгийг дэд дарга Ц.Туваанд шилжүүлж байна. Намын шинэ даргын сунгаа, Үндэсний бодлогын хорооны хурал, Намын X их хурлыг амжилттай зохион байгуулна гэдэгт нь итгэж байна. Намын 200 мянган гишүүн, дэмжигчдээсээ уучлал хүсч байна” хэмээн толгой бөхийж байсан. Улмаар долдугаар сарын 8-нд Ардчилсан намын даргын тамгыг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Ц.Туваанд хүлээлгэж өгсөн байдаг. Түүнийг ингэж сонгуульд ялагдал хүлээсэн, өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн намаа хариуцлага хүлээж байна хэмээн хаяж явхад нь намынхан ч, гишүүд дэмжигчид нь унахад нь дэвсэлдэггүй монгол зангаар тайван орхисон. 
 
Гэтэл гэнэт С.Эрдэнэ буцаад гараад ирлээ. Тэрбээр “Би Ардчилсан намын хууль ёсны даргын хувьд Ц.Тувааны түр эрхийг цуцалсан. Түүнд намын даргын үүрэг гүйцэтгэх эрх байгаагүй. Удаа дараа шаардлага тавиад байхад тэр намын даргын тамгыг өгөхгүй байгаа учраас УБЕГ-аас зөвшөөрөл олгосны дагуу би тамга тэмдгээ шинээр хийлгэсэн. Одоо Ардчилсан намыг жинхэнэ сөрөг хүчний хувиар ажиллуулна” хэмээн мэдэгдэж байх юм. Түүний өөрийнх нь яриагаар бол намын даргын түр эрх, тамга тэмдгийг хүлээж авсан Ц.Туваан зөвхөн дараагийн шинэ дарга томилогдход тамга дамжуулж өгөх л үүрэгтэй хүн байсан гэнэ. Дарга нарт хадаг, сүү барьдаг “Дүүриймаа” шиг л. Харин Ардчилсан намын даргын эрх ямба Улсын дээд шүүхийн бүртгэл дээр өөрт нь өдийг хүртэл хадгалагдаж байгаа гэнэ. Эндээс харвал С.Эрдэнийн “хариуцлага хүлээлт” зургаахан сарын настай байжээ. Өөрөөр хэлбэл, зургаан сарын өмнө “Намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж намын даргын ажлаа өгч байна” гэж мэдэгдэхдээ даргын суудлаасаа жинхнээсээ буугаагүй байж. Харин ажлаа өгч байна гэж ард түмнийг хуурч, хариуцлага хүлээж байгаа мэтээр жүжиглэсэн байх нь. Бүтэн зургаан сарын турш Ц.Туваанд "хуурамч" эрх эдлүүлж, хариуцлага хүлээж ажлаа өгсөн мэтээр ард түмнийг хуурч, гишүүд дэмжигчдээ эцэггүй хүүхэд шиг бүлтэлзүүлэх ямар шаардлага байв аа. 
 
Энэ мэт хэлсэндээ хүрдэггүй, хударгагүй зан нь Ардчилсан намыг “лидергүй” болгосон ч байж болох. 
 
Уг нь Ардчилсан намын даргын түр эрхийг авсан Ц.Туваан анх Х.Баттулгын итгэлт хүн байсан гэдгийг С.Эрдэнэ байтугай тус намын жирийн гишүүн нь ч мэддэг. Өөрөөр хэлбэл намын эрх мэдлийг Ц.Туваанд өгвөл Х.Баттулгад аваачаад “бэлэглэчихэж” магадгүй гэх тооцоолол С.Эрдэнэ шиг хүний толгойд байсан л байж таараа. Гэхдээ л тэр хэвлэлийнхний 30 гаруй камерийн өмнө өөрийн биеээр Ц.Туваанд тамга тэмдгээ гардуулж, гар бариад амжилт хүссэн. Үнэн. Гэтэл одоо гарч ирчихээд “Тэр намыг самарлаа, тэр ийм эрхгүй байсан, би түүнд итгэж байсан, тэр урвалаа” хэмээн хэвлэлээр нэг “гонгинож” явах нь улс төрийн хоёр дахь том хүчний даргад баймааргүй л зан юм даа. 

Хэлээ хазаад өнгөрч боломгүй С.Эрдэнийн нэг хударгагүй зан бий. 2017 онд Ардчилсан намын даргаар С.Эрдэнэ сонгогдоход тус нам С.Зориг агсны хөшөөний урдах байрнаасаа “Шонхор тауэр”-т нүүж орсон. Гэтэл өнгөрсөн долдугаар сард С.Эрдэнэ Ардчилсан намын дарга байхаа больсон учраас “Шонхор тауэр”-ээсээ “хөөсөн” асуудал хэсэгтээ л шуугисан. Өөрийн байргүйн улмаас “гудамж”-нд гарсан Ардчилсан нам арга ядахдаа УИХ-ын гишүүн асан Л.Болдын эзэмшлийн “Бодь тауэр”-т өнгөрсөн саруудад толгой хоргодож байсан. Л.Болд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн болоод удаж буй. Энэ сэжмээр Ардчилсан нам Ерөнхийлөгч Х.Баттулгын халаасанд орчихлоо гэх эхний хардлага төрсөн байдаг. Гэтэл С.Эрдэнэ буцаж ирсэн учраас Ардчилсан нам эргээд “Шонхор тауэр”-т нүүж очихоор болж байна. Ардчилсан намыг эмэгтэй хүн гэвэл С.Эрдэнийн “салсан эхнэр” шиг л харагдаж байна. С.Эрдэнэ саллаа гэж гэрээсээ хөөсөн, эвлэрлээ гэж гэртээ авчирч байгаа юм шиг л...Гэвч Ардчилсан нам С.Эрдэнээс нэгэнт сэтгэл буруулсан нь залуу, шинэ гишүүдийнх нь эсэргүүцлээс тодорхой харагдаж буй. 

   
    Түүнчлэн С.Эрдэнэ “Би одоо ч намын дарга хэвээрээ” хэмээн илт улайран дайрч, итгэлтэй дуугарч байгаагийн цаад шалтгаан нь тэр МАН-тай улс төрийн тохироо хийсэн гэх яриа хаа сайгүй дуулдаж байна. Энэ тохироо нь түүний хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа Нийгмийн даатгалын сангийн 180 тэрбумыг үрэн таран хийсэн, 12 тэрбумын эвдэрхий элеватор шахсан, нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр авч улсад зургаан тэрбумын хохирол учруулсан тэргүүтэй хэргүүдийг нь цайруулах тухай ч байж мэднэ гэх. Гэхдээ энэ тохироо үнэн байгаад, ногоон гэрлээр шийдэгдвэл дээрх хэргүүдэд нэр нь хавчуулагддаг Н.Номтойбаяр С.Эрдэнийг ингээд орхихгүй нь, тэр тусмаа МАН-тай хийсэн тохироог нь илчлэх нь цаг хугацааны л асуудал юм. 

МАН-д "урвасан" АН-ын дарга асан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188