• Өнөөдөр 2024-03-29

АЯА МИНИЙ БУЙДХАН АХУЙ

2021-10-16,   772

-ТАНХИЛ БАГЫН НУТАГ НЭГД НЭГЭНГҮЙ ТОДОРНО-

    Униартан хөхрөх тэнгэрийг баганадсан өвгөн уулс. Энгэрт нь шовойх хэдэн бор гэр. Аргамжаатай морьд, голын эрэг дээрх хөх чулууд, цагийн эрхээр өнгөө хувиргах дэрс, дов сондуул. Талын дээгүүр дураар мишээх нар. Оройн сэрүүнд гэрийн тооноор униартах хөх утаа. Цэлмэг мөртлөө үдээс хойш бүрхэх тэнгэр. Дэргэд буух мэт аянгын цахилгаан, борооны дараах солонгын өнгө. Өглөө эртийн шүүдэр. Саахалтын хэрд байрлах чулуун гэр. Бор толгодын оройд дуран тавих бараан морьтон. Алсаас харахад алган дээрээ буулгам ийм л ахуйд хүн болж өндийсөн сөн. Хүй цөглөсөн нутгийнхаа тухай санахаар яруу найрагч Т.Очирхүүгийн “Аргамжааны чулуу” шүлэг оччихсон мэт ойртуулж, тэртээд элс, дов толгодоор нь гүйх бага настай минь уулзуулдаг юм. Миний бага нас тэнд одоо ч гүйж “яваа”. Ингээд уншигч тантай хамт эл шүлгийн мөрүүдээр дамжин хүй цөглөсөн нутагтаа очоод ирье.

“Төө зайгүй хайртай эх орноо санаж            

Түмэн бээрийн чанадаас бодол бэлчээж суухад

Таталт сайтай дуран шиг нэхэн дурсах сэтгэлд минь

Танхил багын нутаг нэгд нэгэнгүй тодорно”...хэмээн шүлэг эхэлнэ.      Би Завхан нутагт төрсөн. Нийслэлээс 1000 километр давхиад л хүрчихнэ. Түүнээс цааш 300 километрт манай сум бий. Би 1998 онд аймагтаа төрөөд, онгоцоор гэр рүүгээ явж байсан юм билээ. Есдүгээр ангиа төгсөөд, хотод сурахаар явахдаа хүй цөглөсөн газар буюу Завхан аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт  очсон юм. Тухайн үед хүн багатай эл хуль байсан. Өдгөө аймгийн төв хөгжиж, өөрчлөгдөж буй. Гэсэн ч миний хувьд анх аймгаасаа, гэрээсээ хол явахад сэтгэлд үлдсэн нутгийн минь бараа тодорно. Би бага насаа Сантмаргац суманд өнгөрүүлсэн.

Гишгэх бүрд халуу шатам элсэн дээр айл гэр болж тоглож өдрийг, Холбоо нууртаа сэлж, зуныг бардаг байлаа. Өвөл, хавар, намарт сургуульдаа сурч, сумын төвийн намхан цагаан байшинд үсэг тайлагдаж, хорвоотой танилцсан.

  Олон олон зунаас санаанд үлдсэн нэгэн зуны дурсамжаасаа хөрвүүлье. Ердөө багын дурсамжтай өвөө, эмээ, залуухан аав, ээж, ах минь холбоотой байдаг юм.

   Өвөөгийнх Завхан аймгийн Сантмаргац сумын Баян-Улаан багийн Дэлгэр худаг хэмээх газар нутагладаг. Хөндийдөө нэлээд гүнзгий агуйтай хадан цохионы ар, өвөрт зусаж, өвөлжинө. Ерөөс хол нүүдэггүй. Нэг уул даваад л буучихна. Манайх сумын төвийн айл учир хааяа зочилж ирэхээс гавихгүй. Харин зундаа өвөөгийнхтэй айл бууж намайг баярлуулна. Өвөө өглөө бүр манай гэрийн урд сүндэрлэх өндөр хөх уулан дээр гарч хол ойрыг дуранддаг сан. Аав хүрэн дээл, саарал шлебэн малгай тавьж адуунд мордоно. Эл байдал Д.Нацагдоржийн “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэгт гарах “Шар бажгар дурдан бүсийг шавхийтэл ороогоод, угалзтай шонтгор гутлыг дөрөөний дунд тасхийтэл жийсэн нь талын идэр махбодийг бахархуулжээ” гэсэн хэсгийг санагдуулж, сэтгэлд ойр байдаг сан. Харин ээжийн маань төрх байдал мөн л тус зохиолд өгүүлдэг шиг “Урт хар гэзгийг гурваар даран унжуулж, улбар шар дурдан алчуураар толгойгоо ороон, өрөөсөн нүдний дээд тал дээр хэлтгий зангилан үзүүрийг нь унжуулсан нь залуу бүсгүйн дэгжин байдлыг үзүүлжээ” гэсэн зураглал ээжид минь тун зохидог сон. Ингэж л би ээж, аавыгаа уншсан зохиолынхоо дүрүүдэд орлуулан боддог байж билээ. Эмээ, ээж хоёр үүрийн таван жингээр босож үхрээ саана. Харин бид хөөрөх сүүний үнэрээр сэрж, усаа авах, малын хашаа цэвэрлэх, тугал хариулах ажлыг хувиарлан авч, өөр өөрсдийн ажилд ханцуй шамлан орно. Нэг л мэдэхэд оройн саальны цаг болно. Ингэж л зуны гурван сар өнгөрч намар болохоор бид өвөө, эмээ хоёроо үлдээгээд албандаа морддог байж билээ. Угаас ойр атлаа холын зүйл л хүний сэтгэлийн угт үлддэг гэмээр.

- ХОЛ АТЛАА ОЙР-

“Өргөн ширэгтийн зуслан нүдний өмнө илхэн.

Өвст судгийн эхэнд аргамжааны чулуу тодхон

Гучин жилийн тэртээ яг л байсан газраа

Гурвалжин хөх чулуу хөдөлсөн ч үгүй янзаараа

 Хэн нэгний морьд аргамжаатай байгаа санагдана” Шүлэг ийн үргэлжилнэ. Нутгаас гараад найман жил болсон ч гурван зун очоод ирсэн. Аймагт шинэ зам тавьж, гэрэлт гудамжтай болж, сумын төв харин хойшоогоо нэлээд сунаж, хүнээсээ олон машинтай болсон байна лээ. Элс судаг бүхнээр нь гүйн тоглодог байсан үе хэдийн өнгөрч хүүхдүүд гүйлдэж харагдаагүй. Харин хөдөөдөө очиход, бүх  зүйл урьдын хэвээр байх бөгөөд холоос санаж, үгүйлж, хааяахан гүйчихмээр санагддаг сэтгэл минь харин нэг л хөндий болсон байсан. Хүн ерөөс хүсэн хүлээсэн зүйлээ ойртоод ирэхэд нь үл анзаарч, холоос дүүрдэг мэт. Босоод борог ахуйг тойруулан нэг харлаа. Балчир нүдэндээ хардаг байсан уулс, дов толгод, энгэр бэл өнөө л янзаар байх бөгөөд өөдөөс минь “Таньж байна уу” хэмээн хараад ч байх шиг.

   Тэр дундаа манай суманд их, бага хоёр маргаз нэртэй уул бий. Ах дүү хоёр уул гэдгийг багад аавынхаа ярианаас тогтоож авснаас өөр түүхийг нь мэдэхгүй. Дэргэдүүр нь өнгөрөх бүртээ л тэр хоёрыг ээлжлэн харж, яагаад ч юм ах бид хоёр шиг санагддаг юм. Намайг очиход ч тэр хоёр минь эгэл янзаараа. Тал дундуур би тоодгор дээл, жижиг хээтэй монгол гуталтай, хоёр салаа гэзэгтэй жаахан охин гүйж, өссөн. Харин энгэрт нь аргал хормойлж зогсоогоор өөрийгөө дүрсэлж, дотор минь нуугдчихаад, түүнээсээ би сэм  ургах танихгүй мөртөө танил мэт хүүхэд насаа олж харж байв. Ингэхдээ би хүй цөглөсөн нутаг минь надад ойр мөртлөө хол, хол мөртлөө ойр болсныг ойлгосоор сэтгэл хоргодох ч үгүй нэг л хөндийрч гайхсаар буцсан сан. Магад хүн жинхэнэ өөрийгөө өссөн газраасаа л олж хардаг байх.

 “Ширхэг ганц чулуу нь сэтгэлийн угт уяатай

Сэрүүн алтайн нутагтаа би хүлэг морин шиг аргамжаатай

Аргамжааны тэрхэн чулууг тойрон идээшлэх хүлэг шиг

Аяа эх орон чамдаа би тоосны үзүүрээс эргээстэй”...шүлэг ийн өндөрлөнө. Өдийд нутагт минь намар айлчлаад буцаж буй. Өндөр хөх уулын энгэрт манан будан татаж, өргөн тал нь шаргалтана. Тэнгэр нь гүн цэнхэр байх бөгөөд мөдхөн холыг зорих шувууд хоргодонгуй ниснэ. Хүнгийн гол, Баян нуурын хөвөөгөөр түмэн сүрэг налайж, хүү, охиноо сургуулийн аянд үдсэн харгуй зам зурайна. Энэ бол дөрвөн улирлын өнгөөр солигдохоос өөрөөр гандаж буураагүй миний нутаг. Ийм л намраар манай нутгаар буувал хултай айраг сэнгэнэж, хулан зээрийн сүрэг нүд баясгах нь лавтай. Ингээд бодохоор шуудхан хүлгийн жолоо залмаар байв ч ажил амьдралын эрхээр хойш тавьж, санаж, үгүйлэхийн их гүндээ ийн дурсана. Хүй цөглөсөн нутаг гэдэг ерөөс миний амьсгалах агаар, гүйх тал, тайтгарах орон зай. Эхлэл, төгсгөл минь хоёулаа энэ л зайд багтана.


АЯА МИНИЙ БУЙДХАН АХУЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-03 20:01:03
    Ш. Зоригт: Яасан мундаг бичээ вэ. Олон жил очоогүй надад нутагийг нүдний өмнүүр тодрон гарч очоод ирсэн юм шиг.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188