НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томиллоо. Л.Хосбаяр нь Инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг 2002 онд Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2005 онд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Шихихутаг дээд сургуулийг 2017 онд Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн бөгөөд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр
2006-2009 онд Монголын хоршоологчдын холбооны нягтлан бодогч,
2009-2020 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Нягтлан бодогч, Референт, Ахлах референт, Дотоод аудитор, Захиргаа, санхүүгийн удирдлагын хэлтсийн дарга,
2020-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга,
2023 оны аравдугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан юм.
Ийн өнгөрсөн оны аравдугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Хосбаяр өнөөдрөөс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллана.
Харин Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Н.Мандуулыг томиллоо. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, 2007 онд Соросын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн, англи, орос хэлтэй. Тэрбээр
2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх,
2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч,
2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,
2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга,
2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал,
2023 онд ШӨХТГ-ын дарга, ONDO Holding-ийн ерөнхийлөгч,
2024 оны дөрөвдүгээр сараас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул нь Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдсан туршлагатай. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ тус банкны найдваргүй 1.3 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлж, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулан ажилласан юм.
Нийслэлийн Засаг даргын орлогчоор Н.Мандуул, Л.Хосбаярыг томиллоо |
|