• Өнөөдөр 2024-04-26

М.НАМУУН: Боксын эмэгтэй шигшээ баг ахлах нь нэр төрийн хэрэг ч амар ажил биш

2023-03-28,   845

-ОЛИМПЫН ТЭНГЭРТ ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЖ, ДАЛБААГАА МАНДУУЛАХЫГ ХҮСЭЖ БАЙНА-

   -Эмэгтэй хүнд амар хийж болох ажил, сурч болох мэргэжил, тэр ч бүү хэл уяхан, энхрий амьдарч болох сонголт өчнөөн байхад та яагаад боксын тамирчин болсон юм бэ?

            -Би дөрвөөс есөн нас хүртлээ хурдан морь унадаг байсан. Тэр үед үгээр илэрхийлэхийн аргагүй жаргалтай байдаг байж. Гэтэл том болоод хурдан морь унахаа болиод, хамгийн сайн хийж чаддаг зүйл маань байхгүй болсон. “Би чадаж байна” гэсэн зүйл байхгүй болохоор юунаас ч аз жаргал мэдэрч чадахаа больчихдог юм билээ. Тэгээд л гэнэт өөрийгөө бусдаас өөр гэж мэдэрч чадахгүй байсан. Боксоор хичээллэхээс өмнө алтан дундаж, эршүүд охин л байсан. Боксоор анх хичээллэхэд багш маань “Чи чадаж байна, их авьяастай хүүхэд байна. Боксоор хичээллээд хэдхэн хонож байгаа гэхэд хэдэн сар суралцаж байгаа хүүхдийн хэмжээнд хүрчихлээ” гэж надад урам зориг өгч, хурцалсан. Хүмүүсийн хүнд, хэцүү гэж боддог спортыг би амархан чадаад байхаар “Би чадаж байна. Надад чаддаг юм байдаг юм байна. Би мундаг” гэж өөрийгөө урамшуулж, улам бүр хичээсэн. Тулах цэг байхад хүн юуг ч бүтээх чадвартай байдаг гэдэг. Ингээд л боксын спортод эргэлт буцалтгүй дурлаж, тууштай хичээллэсэн.

-Боксын тамирчин болох шийдвэрээ гаргасан дурсамжаасаа хуваалцаач?

          -Д.Банди багшийн нэрэмжит “Олимпын гараа” тэмцээнд боксоор хичээллэж эхэлснээсээ хорь гаруйхан хоногийн дараа орсон. Анхны тоглолтоо Улаан-Үүдээс ирсэн спортын дэд мастерийн болзол хангасан тамирчинд хожигдсон. Тэмцээндээ хожигдчихоод “Би чадахгүй юм байна” гэж бодоод, өөртөө урам хугараад сууж байтал багш болон танихгүй багш нар “Чи маш сайн тулалдлаа. Ирээдүйтэй хүүхэд байна” гэсэн. Тухайн үедээ “Би хожигдсон ч гэсэн сайн байсан юм байна” гэж бодоод, бага ч гэсэн урам авсан. Тэмцээнээс хойш нээх удалгүй багш намайг Хятад Улстай хамтарсан бэлтгэлд авч явсан нь их туршлага болсон. Тэр бэлтгэлээс ирээд, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд өөрөөсөө туршлагатай тамирчинтай тулалдаад түрүүлсэн. Ингээд л “Надад авьяас, боломж байгаа юм байна” гээд  шулуудсан даа.

-Танай гэр бүлийнхэн охин нь боксын тамирчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?

                 -Анх тэмцээнд оролцох болсноо хэлэхэд гэрийнхэн маань “Чамайг биеэ хамгаалж сур гэсэн болохоос юун тэмцээнд орж, тамирчин болох вэ” гээд эсэргүүцсэн. Тэр үед эмээ минь л намайг “Миний охин чадна” гэж дэмжсэн. Одоо бол гэр бүлийнхэн ялалт, хожигдол болгоны минь ард бат зогсож, намайг үргэлж дэмждэг. Намайг дагаад дүү нар маань ч спортод элэгтэй болж, өсөж байгаа.

-Шантарч байсан түүхээсээ хуваалцаж болох уу?

             -Манай спорт харьцангуй эрт буюу 19 наснаас насанд хүрэгчдийн ангилалд тулалддаг. Өсвөр үеийн болон залуучуудын ДАШТ-ээс хошой медаль аваад “Ер нь би болж байна шүү. Энэ эрчээрээ урагшилъя” гэж хичээж байтал насанд хүрэгчдийн ангилалд ороод дагзаараа савуулах шиг болсон. Насанд хүрэгчдийн тэмцээнд өөрөөсөө хэдэн насаар эгч тамирчидтай тулалддаг боллоо. Хэдий техникээр дутахгүй ч арга, туршлага дутаад нэг л болж өгөхгүй байсан. Дөрөв, таван тэмцээнд ганц ч хожихгүй, гарсан ринг болгон дээрээ хожигдоод, сэтгэл санаагаар унаж, шантарч эхэлсэн. Боксоор хичээллэж эхлэхдээ асаж байсан гал, урам зориг байхгүй болоод өдийг хүртэл юу хийж байснаа тунгаахад хүрсэн. Дэлхийн боксын тэмцээний рингэн дээр миний биш, Монгол Улсын нэр гардаг. Гэтэл би “Ийм муу чадваргүй, хэнийг ч хожиж чадахгүй байж, би яаж Монгол Улсаа төлөөлөх юм бэ. Дотоодын тэмцээнд хожиж болоод байдаг. Харин олон улсад өрсөлдөх хэмжээний чадваргүй байна. Би чадахгүй байгаа юм чинь чаддаг нэгэнд нь зайгаа тавиад өгье” гэж 19 насандаа нэлээн бодож байсан. Гэхдээ тэр үед надад итгэдэг, миний ойр дотны хүмүүс урам зориг өгч байсан нь, энэ спортод дурласан сэтгэл минь надад дахин босох хүч болсон.

-Тамирчны сэтгэл зүй ялах, ялагдахад чухал нөлөө үзүүлдэг гэдэг. Тэмцээний өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

                 -Би тэмцээний өмнө тайван, нухацтай, хариуцлагатай байж, өөртэйгөө ярилцдаг. “Би хамгийн сайн чаддаг юмаа рингэн дээр хамгийн сайнаараа хийнэ” гэж боддог. Ялах ялагдахдаа бус, хожим нь харамсахгүй тулаан үзүүлэхийг хичээдэг. Тулалдахын өмнө сандрал байхгүй болно гэж байхгүй. Хэчнээн туршлагатай тамирчин байлаа ч сандардаг. Иймээс сандрахгүй байхыг хичээх бус, сандралаа хүлээн зөвшөөрч, төвлөрөхийг хичээдэг.

-Амжилтын нэг хөшүүрэг нь багшийн арга ухаан, техник байдаг гэдэг. Та багшийнхаа тухай?

                -Би Спортын мастер Бямбасүрэнгийн Пүрэв-Очир багшийнхаа шавь болсондоо маш их баярладаг. Боксын спортоор хичээллэсэн цагаасаа багшаасаа холдолгүй суралцсаар явж байна. Алдаа, оноо бүхний минь ард тулах багана, урагшлах хүч болдог хүн бол багш минь. Би бол дасгалжуулагчийнхаа есөн жилийн хугацаанд бэлтгэсэн уран бүтээл. Энэ завшааныг тохиолдуулан багшдаа маш их талархаж явдгаа хэлмээр байна. Намайг тэмцээнд оролцоход дасгалжуулагч маань надад хэрэгтэй бүх л хүн болж хувирдаг. Тухайлбал, үндсэн үүргээ гүйцэтгэхийн хажуугаар сэтгэл зүйч, аав, ээж, бие халаалгагч, лап баригч, рингэн дээр гарахад хамт байхаас эхлээд эмчгүй яваа тохиолдолд эмч хүртэл болдог.

-Ринг бол тухайн тамирчны хөдөлмөрийн шалгуур. Рингэн дээрх есөн минутын тоглолтод ялахын тулд тамирчин анхаарлаа юунд хандуулах шаардлагатай байдаг вэ?

                  -Өрсөлдөгчийнхөө тоглолтыг мэдрэх л хамгийн чухал. Гэхдээ хараад мэдэрч чаддаг болтол бэлтгэл, туршлага хэрэгтэй. Миний хувьд анх нэг мэдэхэд тулааны талбар дээр гарчихсан, нэг мэдэхэд буучихсан байдаг байснаа санадаг. Өөрөөр хэлбэл, их сандардаг байсан. Тэмцээнд орох бүрдээ туршлага хуримтлуулж, тоглолтын явцад өрсөлдөгчийнхөө арга барилыг тааруулж, хүчээ зөв хуваарилах, уур амьсгалыг мэдрэх, ажиглах зуршил суудаг юм билээ. Мэдээж тухайн тамирчны тулалдааны онцлог, арга барилыг өмнө нь судалсан байх ёстой. Бэлтгэл дээрээ ДАШТ-ий шилдэг тамирчдын тулааны бичлэгийг үздэг. Тоглолтын өмнө хоёр тамирчны өөртөө хэр итгэлтэй, сэтгэлзүй нь ямар түвшинд байгааг хүмүүс болон багш, дасгалжуулагчид хардаг. Эндээс тоглолт эхэлдэг гэж багш маань байнга хэлдэг. Нэг цохилтоор л тоглолтын хувь заяаг шийдэж, эргүүлэх боломжтой учраас рингэн дээр өрнөх есөн минутын турш нэг хором ч алдалгүй өрсөлдөгчөө мэдрэх нь чухал.

-Монгол боксчид бусад орны тамирчдаас юугаараа давуу вэ?

                 -Бусад орны тамирчидтай харьцуулахад Монголын боксчид техник, ур чадвар сайтай. Манай тамирчдын давуу тал нь тулааны талбарт дайчин, хүчирхэг тоглолт үзүүлдэг. Харин зарим орны тамирчид шиг ухаан зарах, зальдах зан чанар дутмаг. Боксыг ухаанаар тоглодог гэдэг шүү дээ. Жишээ нь, Хятадын тамирчдын хувьд  хурдтай, их зальтай.

- Таны хувьд боксын эмэгтэй тамирчин байхын сайхан бас хэцүү тал юу вэ?

                 -Тулааны үед хожиж байгаагаа мэдрэх л хамгийн сайхан. Боксын спорт хүнийг маш сайн хүмүүжүүлдэг. Мөн гоо сайхан талаасаа бусад спортыг бодвол биеийн хөгжил жигд явагддаг тул гоё биетэй болгодог. Одоогоор боксын спортдоо өөрийгөө 100 хувь дайчилж байгаа. Иймээс одоохондоо хэцүү зүйл харьцангуй бага. Харин ирээдүйд гэр бүлтэй болбол нөхцөл байдал арай өөр болох байх.

-Боксын холбоо Монгол Улсын Олимпын аваргатай хоёр холбооны нэг болохоор төрийн зүгээс дэмжлэг сайтай байдаг байх. Гэхдээ таны хувьд төр засгаас үүнийг анхаараасай гэж боддог зүйл байгаа юу?

                -Бокс Монголын топ таван спортын нэг. Иймээс төрийн зүгээс дэмжлэг, туслалцаа харьцангуй сайн. Оны өмнөхөн бидний сарын цалинг 370 мянга төгрөгөөс 900 гаруй мянган төгрөг болгон нэмсэн. Миний бодлоор ямар ч спорт залуу насны ажил, мэргэжил, бахархал. Би хэчнээн мундаг тамирчин байгаад карьерын шилжилт хийх үе ирнэ. Тэр үед нь л төрөөс илүү анхаарах хэрэгтэй гэж боддог. Учир нь, хураасан эд хөрөнгө, сурч мэдсэн боловсролгүй биднийг хэцүүхэн хувь тавилан хүлээж байдаг. Ид гялалзаж байх үед бол манай холбооны зүгээс дэмжлэг сайн.

-Та боксын эмэгтэй тамирчдын залуу үеийн төлөөлөл. Таныг ямар амжилт гаргах бол хэмээн Монголын ард түмэн хүлээж суугаа. Энэ хүлээлт танд дарамт болдог уу?

                   -Шигшээ багт байгаа 12 охин маань бүгд л олимп, тив, дэлхийд төрийн дууллаа эгшиглүүлж, далбаагаа мандуулъя гэсэн зорилготой бэлтгэл хийж байгаа. Эмэгтэй шигшээ багаа түүчээлэн, ахлагч болоод явж байгаа минь маш сайхан санагддаг. Гэхдээ шигшээ багийн ахлагч байна гэдэг тийм ч амар ажил. Надад итгэл хүлээлгэж байгаа хүмүүсийн урам зориг хэчнээн хэцүү зүйлийг ч даваад гарах хүчтэй болгодог. Хариуцлага гэж бодвол хүнд юм шиг боловч надад итгэж байна гэдэг маш сайхан. Тэр тусмаа миний эргэн тойронд буй намайг бүрдүүлж байгаа дасгалжуулагч, миний баг хамт олон надад итгэнэ гэдэг үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж. Энэ утгаараа илүү хичээж байна.

-Боксын спортоор хичээллэх гэж буй хүмүүст хандаж юу зөвлөх вэ?

                 -Боксын спортыг зодоон гэдэг талаас нь битгий хараарай. Бокс бол спорт. Хийж үзээгүй зүйлээсээ битгий айгаарай. Нэг удаа туршаад, бэлтгэл хийж үзэх хэрэгтэй. Хэрэв сайхныг нь мэдэрч дурлаж чадвал, чиний байх ёстой гайхалтай орон зай бокс байх болно гэж бардам хэлмээр байна.

 


М.НАМУУН: Боксын эмэгтэй шигшээ баг ахлах нь нэр төрийн хэрэг ч амар ажил биш
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188