• Өнөөдөр 2024-04-20

КОРОНАВИРУСИЙН шинжилгээ өгөх гээд ХАЛДВАР авах дөхсөн нь

2021-01-10,   1169

 

ШИНЖИЛГЭЭ АВАХДАА -25 ХЭМИЙН ХҮЙТЭНД ИРГЭДЭЭ ГУДАМЖИНД ЖАГСААН, "ХӨЛДӨӨЖ" БАЙГАА НЬ ЗӨВ ШИЙДВЭР ҮҮ-

            Улаанбаатар хотод хатуу хөл хорио дахин тогтоохоос хоёр хоногийн өмнө хөдөө явж магадгүй болсон тул коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай болов. Харьяаллынхаа дагуу Баянгол дүүрэгт шинжилгээ авч байгаа цэгүүдийг интернэтээс хайтал дөрвөн сургууль дээр шинжилгээ авч байлаа. Тэднээс өөрт хамгийн ойроор нь 20 дугаар сургуулийг сонгов. Орон нутгийн иргэд арванхоёрдугаар сарын 1-10-нд нутаг руугаа яваад бараг дуусчихсан гэж итгэсэн тул хар үүрээр дугаарлан зогсох шаардлагагүй гэж үзэн яаралгүй, 11:00 цагт очтол сургуулийн үүдэнд 50-60 хүн дугаарлан зогсож байлаа. Удахгүй гэж төлөвлөсөн учраас хангалттай дулаалаагүй ч, юмыг яаж мэдэх вэ гэж өмсөж гарсан ноосон малгай, нэхий гутал аминд оров.

            Надаас хоёр хүний өмнө зогсох, улаан урт куртиктэй бүсгүй чөлөө зайгүй хөдөлж, дасгал хийнэ. Даарч байна гэж жигтэйхэн бололтой. Энд тэндгүй хүмүүс даарахгүйн тулд, бас дарааллаа алдахгүйн тулд арван алхмын газар холхино. Тэднийг сониучирхан харж байсан би ч төд удалгүй тэсгэл алдан ойр зуур алхаж, хөдөлгөөн хийхээс аргагүй болов. Ашгүй сургуулийн хаалгаар арав орчим хүн орлоо. Гэсэн ч дахиад олон хүн өмнө минь байгаа учраас хий л хаалга руу ширтэнэ. Бас яах нь мэдэгдэхгүй хүмүүс дараалал дайран орох аж.

            Гадаа агаарын температур хасах 25 хэмийг заана. Өнөөх улаан гадуур хувцастай бүсгүй найз залуугаа дуудсан бололтой. Залуу өөрийнхөө куртикийг бүсгүйд өмсгөөд, түүний гадуур хувцсыг нуруун дээрээ тохох төдий нөмөрч, гарыг нь атган үлээж, дулаацуулж байгаад яваад өгөв. Ашгүй гэтэл дараалалд зогссон 20 орчим хүн шинжилгээ өгөхөөр сургууль руу орж, намайг ирэхэд байсан хүмүүсийн 50 хувь нь сургуулийн шар хаалгаар орлоо. Энэ хүртэл 30 гаруй минут өнгөрсөн тул хөл улнаасаа хайрагдаж, бээлийтэй ч халаасласан гар мэдээгүй болж эхлэх нь тэр. Найз залуугийнхаа куртикийг өмссөн бүсгүйн дасгал, хөдөлгөөн хийх нь улам бүр нэмэгдэж, ойролцоох хүмүүс ч чөлөө зайгүй нааш цааш холхино.

Эрээн алаг гадуур хувцастай, жинсэн цэнхэр өмдтэй, 20 орчим насны залуу даарахгүйн тулд сургуулийн үүдний шатаар гулсан тоглоно. Шинжилгээ өгөхөөр ирэх хүмүүсийн тоо улам бүр нэмэгдсээр.

            Яагаад ч юм энэ үед "Биднийг ингэж их даарч байгааг дотроос хэн нэгэн хараасай. Тэгээд хүмүүсээс шинжилгээгээ хурдан авах гэж яараасай" гэж бодохтой зэрэгцэн цонхны цаанаас цэнхэр өмсгөл, малгайтай эмч бололтой эрэгтэй, эмэгтэй нь үл мэдэгдэх хүн харж таарав. Гэвч тэр тэгсхийгээд цаашаа эргэчихлээ. Өрөвдөж, хайрлаасай, хүмүүсээ бодоосой гэх хүсэл унтарч, хасах 25 хэмийн хүйтэнд иргэдээсээ шинжилгээ авах гээд гадаа жагсаан, "хөлдөөж" байгаа төр засагтайдаа гомдов. Энэ тэгээд зөв шийдвэр юм гэж үү. Иргэдээ өчүүхэн төдий ч бодохгүй, ингэж шинжилгээ авах ч гэж дээ. Гэвч шинжилгээ өгөхгүй л бол хөдөө явах аргагүй тул бидэнд гүрийхээс өөр сонголтгүй.

            Ашгүй цаг орчмын дараа хаалганд 10 гаруй метрийн хэртэй ойртлоо. Хаалганд ойртох тусам хүмүүс хоорондын зай улам бүр ойртоно. Анх хоёр метрийн зайтай байсан урд, хойд талын хүнээсээ 20 см зай барьсан бол их юм боллоо. Хүмүүс даарч, бээрсэн тул хамгийн түрүүнд нүдэнд нь хаалга харагдаж, энэ цаг мөч дэх хамгийн том хүсэл нь тэр хаалгаар л нэвтрэх байлаа. Хаалганд тулж иртэл сургуулийн гадна, дотор хаалганы хоорондох зайнд 10 орчим хүн даарахгүйн тулд бөөндөө зогсож байв. Коронавирусээс өмнө хөлдөөд үхчихгүйн тулд хэчнээн эрсдэлтэй байсан ч тэдэнтэй нийлэхээс өөр сонголт байсангүй.

"Дөрөв дэх удаагаа шинжилгээ өгч байна"

            Доторх шилэн хаалганы цаана зохион байгуулж байгаа ажилтан биднийг “Зайгаа барь” гэх нь байтугай хүний урманд үг ч дуугарсангүй. Магадгүй биднийг яаж даарч, тэсгэл алдаад бөөндөө зогсож байгааг тэр мэдсэн байх. Нэгэнт дулаан газар бараадсан бид ойр зуур хов "базлаа". Олонх нь "Шинжилгээ яаж авах бол. Хамар руу гуурс хийдэг гэсэн, гайгүй байгаа. Өвдөх болов уу" гэх мэт зүйлс ярина. Гэтэл нэг ах "Өө би дөрвөн удаа шинжилгээ өгч байна. Эхлээд хот руу орох гэж, дараа нь өрхийн нэг гишүүн гэдгээр, үүний дараа хөдөө явах гэж шинжилгээ өгсөн. Хамгийн сүүлийн шинжилгээний хариу гарахгүй тав хонож байгаа учраас яараад дахин шинжилгээ өгч байна" гэлээ.

           

Ийн хөлдөж үхэхийн даваан дээр дотогш орлоо. “Зай барь” гэсэн наалт шалан дээр нааж, хүн хоорондын зайг тогтоожээ. Хоёр газар бүртгэл авах бөгөөд регистрийн дугаар, утасны дугаар, оршин суугаа хаяг л асууж, үүнийхээ дараа дэвтрийн бололтой жижиглэн урсан цаасан дээр дугаар бичин, олгож байх юм. Гэтэл дотор дугаар давхардсан гэх яриа гарч, бүртгэлийн хоёр ажилтан дугаараа тулган, багагүй хугацаа авсан ч тэгсхийгээд асуудлыг шийдвэрлэлээ. Сургуулийн үүдний хэсэгхэн газрыг тусгаарласан бөгөөд шинжилгээг нэг л ангид авч байв. Шинжилгээ өгсөн хүмүүс орж ирснийхээ эсрэг талын хаалгаар гарна.

            Шинжилгээ өгөх ангид ороход хамгаалалтын хувцас, нүүрний шилэн маск зүүсэн хоёр эмч шинжилгээ авч байв. Эмч бүсгүй үүдэнд бичиж өгсөн дугаар асуугаад "За ингээд суучих, айх хэрэггүй. Хоёулаа гоё шинжилгээ авна" гээд л яах ийхийн зуургүй хамар руу урт гуурс хийж, тэгсхийгээд өвдөж барьсан зүйлгүй нөгөөхөө аваад цааш эргэв. "Ингээд болчихсон уу" гэтэл "Боллоо" гээд өөр хариу өгсөнгүй. 119.мн сайт ажиллахгүй байсан үе таарсан учир хэл амыг нь татлан байж "Шинжилгээний хариу хэзээ гарах, яаж хариугаа авах вэ" гэдгээ асуутал "48 цагийн дотор гарна. Шинжилгээний хариу гарснаас 72 цагийн дотор хөдөө орон нутаг руу явах боломжтой. Хариу утсанд чинь мессэжээр очно" гэв. Энэ үед “Үүдэнд байсан бүртгэлийн ажилтан утасны дугаарыг маань зөв тэмдэглэсэн байгаа, дахиж лавлаж асуугаагүй дээ, хүмүүсийн мэдээлэл зөрснөөс хариу удаж байгаа гэж ЭМЯ-наас мэдээлсэн дээ” гэх зэргээр санаа зовнив.

            Шинжилгээгээр "Сөрөг" гэсэн хариу гарчээ. Гэхдээ баярлах гэхээсээ үүдэнд олон хүнтэй байгаад халдвар авчихсан, тэгээд тэр нь шинжилгээгээр илрээгүй бол яана гэж бодов. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр тэр өдөржин толгой өвдлөө. Харин орой нь утсанд "Таны шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Иргэний үнэмлэхээ биедээ авч яван, хот хооронд зорчино уу. УОК" гэсэн мессэж ирсэн юм.

            Цаг гаруй гадаа зогсохдоо би шинжилгээ өгөхөөсөө өмнө хөлдөж үхэх нь үү дээ гэж бодсон. Шинжилгээ авсан сургуулийн ойр орчимд хэсэгхэн дулаацчих ч газар байхгүй, орлоо ч дарааллаа алдчих тул тэсэхээс өөр арга байгаагүй. Гэтэл орон нутаг руу явах хөдөлгөөн нээсэн эхний өдрүүдэд иргэд хэдэн зуугаараа шинжилгээ авах байрны гадна дугаарлан зогссон. Тэд багадаа 30 минут, ихдээ хэдэн цагаар гадаа зогсож байсан тул хөл, гараа хайруулснаа хэвлэлээр ярьж байлаа.

            Манай төр засаг үнэхээр иргэдээ гэсэн шийдвэр гаргадаг байсан бол “Ард түмэндээ хүндрэл учруулахгүйгээр хэрхэн шинжилгээ авч болох вэ” гэдэгт анхаарч болох байсан. Сургууль бүр олон анги танхимтай. Нэг ангид хоёр хүн оруулах байдлаар, эсвэл эмч, ажилчдынхаа тоог нэмэх байдлаар энэ асуудлыг шийдэж болмоор. Гэтэл УОК, НОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд иргэдээ гэсэн сэтгэлгүйдээ, тэднийг даарах вий, өөр өвчин тусчих вий гэж бодолгүй нөхцөл байдлыг ийм хэмжээнд хүргэж байна.

            Иргэд энэ тэрүүгээр хэсэж яваад биш, тусгаарлагдаж байгаад, эмнэлэгт эмчлүүлж байгаад халдвар авч байна. Шинжилгээ өгөх гэж яваад, даарахгүйн тулд хүн хоорондын зайг үл тоож, халдвар авсан хүн хэд байгааг бид мэдэхгүй. Шинжилгээний цэгт зөвхөн орон нутгийг зорих иргэд биш, эрсдэлтэй газруудаар явсан, коронавирусийн халдвар авсан байх магадлалтай, халдвартай хүмүүсийн дам хавьтал болсон байж болзошгүй иргэд очдог. Гэтэл манай Засгийн газраас гаргасан шийдвэр нь иргэдийгээ бөөгнөрөхөөс өөр аргагүй байдалд хүргэж, аюулгүй байдал, тав тухыг өчүүхэн төдий ч хангахгүй байгаа нь, цаашлаад амиа алдах ч эрсдэлд оруулж байгаа нь даанч харамсмаар. Коронавирусийн шинжилгээ өгөх гэж байгаад халдвар авчихаж магадгүй, үгүй юмаа гэхэд өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээр нөхцөл байдалд шинжилгээ авч байгаа нь энэ улсын "толгой"-д иргэдийгээ боддог хүн байна уу гэж харуусахад хүргэсэн юм.

 

 

 

 


КОРОНАВИРУСИЙН шинжилгээ өгөх гээд ХАЛДВАР авах дөхсөн нь
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-10 20:11:50
    Зочин: 76 дотрорс нэг хүн үхээсэй гэж залбирнам
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188