• Өнөөдөр 2026-10-15

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна

УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс "4:11" ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн дараах мэдэгдлийг хийлээ. 

Тэрбээр "Ирэх оны улсын төсвийн төсөлд Оюутолгойн ноогдол ашгаас гурван их наяд төгрөг оруулж ирэх төсвийн төсөөллийг Засгийн газраас оруулж ирсэн. Тодорхойгүй байдлаар оруулж ирж буй энэ төсөөлөл маш олон асуулт дагуулж байна. Үүнийг илүү нягталж үзэх шаардлагатай. Нэгдүгээрт, Оюутолгой төсөлд Монгол Улс 34 хувийг эзэмшдэг. Тэгэхээр 34 хувийг эзэмшдэг Монгол Улс гурван их наядыг авна гэж тооцвол 66 хувийг эзэмшдэг Оюутолгой компани зургаан их наядын ноогдол ашиг авахаар байна. Санхүүгийн нөхцөл байдлын хувьд тус компани энэ оны ашгаасаа өгөх боломжтой юу гэдгийг бид асуух ёстой. Магадгүй энэ төсвийг зээлээр авч байвал ирээдүйд бидэнд ямар дарамт үүсэх вэ гэдгийг асууж, шалгах хэрэгтэй. Энэ мэт олон асуудлаар асуулт тавьсан боловч Засгийн газар одоо хүртэл хариулт өгөөгүй. “Одоогийн байдлаар хэлэлцээр дуусаагүй, урьдчилсан байдлаар тохиролцсон” гэх аман тайлбар хэлдэг. Бид дээрх асуултуудыг тодорхой болгохгүйгээр нэгдсэн төсөв буюу Монгол Улсын хууль батлах нь буруу гэж үзэж байна. Миний хувьд ноогдол ашгийг урьдчилж авахыг огт буруушаагаагүй. Гагцхүү Засгийн газар ирээдүйн орлогоосоо өнөөдрийн төсвийн дутагдалтай хэсгээ нөхөхөөр урьдчилж авч буйг буруу гэж үзэж байгаа юм. Байгалийн баялгийн орлого гэдэг бол зөвхөн өнөөдрийн Засгийн газрын зарцуулах мөнгө биш. Ирээдүйн хүндрэлтэй үед үүсэж болох эрсдэл, ирээдүйн залуучуудад хуримтлал үүсгэх, уул уурхай, эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх орлого байх учиртай. Бас нэг ноцтой зүйл нь Баялагийн санд орлого хэмээн нэг их наяд төгрөг оруулж ирсэн боловч 2027 онд мөн зарлага гээд тодорхойгүй байдлаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл оруулна гэж хэлсэн боловч юунд зарцуулахаа дурдалгүй нууц хэлбэрээр оруулж ирж байна. Үүнийг миний хувьд ирэх сонгуулиудыг угтсан бэлэн мөнгө тараах үйл ажиллагааг Засгийн газар төлөвлөж байна уу, нууцаар зохион байгуулах гэж байна уу гэж хардаж байна. Өнөөдөр ард иргэдэд хүндрэлтэй байгаа хамгийн том асуудал бол инфляц, үнийн өсөлтийн асуудал байгаа. Ийм цаг үед бэлэн мөнгө тараах нь иргэдийн “гал унтраах” арга. Нэг удаа тус болж байгаа мэт харагдавч урт хугацаанд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийг авч ирэх том эрсдэл байна гэж үзэж байгаа. Үүнийг тодруулах шаардлагатай. Тогтвортой бус орлогоор тогтвортой зарлагыг өсгөж байна. Төсвийн сахилга бат гэдэг бол орж ирсэн орлогоо дагаж зарлага нэмэгдүүлэх биш. Эсрэгээрээ орж буй орлогоо эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдээ санхүүжүүлэх, зөв хуваарилах асуудал байдаг." хэмээв.


УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: 2027 оны улсын төсвийн төсөлд орж ирсэн нэг их наядын орлого, зарлага нь ирэх сонгуулиудыг угтаж бэлэн мөнгө тараах, нууцаар зохион байгуулах гэж байгаа Засгийн газрын үйлдэл гэж хардаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188