• Өнөөдөр 2026-10-15

Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД

2026-10-15,   237

    Монголын хөнгөн атлетикийн холбоо ойрын зайн гүйлтээр гадаадын тэмцээн уралдаанд оролгүй нэлээн олон жил болсон. Гадаадын тэмцээнд оролцдоггүй байсан шалтгаан нь гэвэл Монголын хөнгөн атлетикийн холбоо ойрын зайн тамирчдаа дэмжихгүй, тэднийг амжилт гаргаж чадна гэсэн итгэлгүй байв. Тийм учраас тамирчдын гүйлтийн техник, амжилт, ур чадварыг дээшлүүлэх зорилго тавихгүй урсгалаараа яваад байлаа. Мэдээж  зориултын битүү дээвэртэй ордон байхгүй, байнгын тогтмол бэлтгэл сургуулилалт, хөрөнгө, зардал мөнгөний асуудлаас эхлээд, бэрхшээл саад тотгор олон байсан. Одоо ч мөн адил олон улсын тэмцээнд явахад зардал мөнгөний асуудал тулгамдсан асуудал хэвээрэй байгаа.

    Монголын хөнгөн атлетикийн тамирчид марафон гүйлтээр олон улс, тив, дэлхийд хэдийнэ танигдсан билээ. Харин сүүлийн жилүүдэд ойр, дундын зай гурвын харайлтын тамирчид Ази тивдээ чамгүй амжилт гаргах болсон. Тэдний нэг нь ОУХМ Батболдын Солонго юм. Тэрбээр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн.  Дорнод аймагт есдүгээр ангиа төгсөх жилээ  гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байдаг. Б.Солонго хотод ирээд анх сургуулийнхаа намрын спартакиадад орж түрүүлжээ. Түүний дараагаас хөнгөн атлетикаар хичээллэх болсон юм билээ. Одоо Батлах хамгаалах яамны  Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин. Хөнгөн атлетикаар хичээллээд арав гаруй жил болж байгаа. Олон улсын хэмжээний мастер цолтой.  Тэрбээр гол төлөв 200 м, 400 м-ын зайд гүйдэг. Одоогоор энэ хоёр зайн гүйлтийнхээ Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа.

    Саяхан Азийн хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулсан “Макао-2026” нээлттэй тэмцээн 2026 оны аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд болж өндөрлөв. Зүүн Азийн бүс нутгийн хөнгөн атлетикийн шилдэг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Алдар” спорт хороо, “Үчимбэр” клубийн тамирчин, ОУХМ Батболдын Солонго 24.96 секундын амжилтаа ахиулж, 24.68 секундэд барианд орсноор алтан медаль хүртсэн юм.

   ОУХМ Б.Солонгын амжилт жилээс жилд улам бүр ахиж, техник ур чадвар нь сайжирч байгаа билээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Япон Улсад болж өнгөрсөн ”Айчи~Нагояа 2026”  Азийн наадамд амжилттай өрсөлдөж, амжилтаа ахиулсан. Дундын зайн гүйлтийн эмэгтэйчүүдийн 400 метрийн хоёр дахь гараанд Б.Солонго долдугаар зам дээр гарч уралдан хувийн амжилтаа шинэчлэн тогтоосон. Тэрбээр 54.97 байсныг амжилтыг 54.91 болгож шинэчилсэн. Дөрвөн жилийн өмнө Хятад Улсад болсон “Ханжоу-2022” Азийн XIX наадмын 400 м-ийн гүйлтийн тэмцээнд Б.Солонго Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан билээ.  

    МХАХ тамирчдадаа гадаадын тэмцээнд тогтмол оролцуулдаг бол тамирчдын амжилт, техник, ур чадвар, туршлага  ахих нь дамжиггүй. Монголдоо өвлийн улиралд бэлтгэл хийх зориулалтын заал, танхимтай байсан бол манай тамирчид үнэхээр илт сайжирна. Азийн түвшинд удахгүй гараад ирэх маш том боломж бий.

    Б.Солонго “Ханжоу-2022”, ”Айчи~Нагояа 2026”  Азийн наадамд Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоох зорилго тавин өрсөлдсөн. Тэр зорилгоо биелүүлсэн. Мэдээж Монголдоо бэлтгэл, сургуулилалт хийх тун хэцүү, хүндрэлтэй байгаа. Өвөл гүйлтийн бэлтгэлээ хийх шаардлагатай байдаг. Гэтэл гүйлтийн зориултын битүү дээвэртэй, заал, танхим, гүйлтийн зам байхгүй. Бэлтгэлээ сайн хийхийн тулд гадаад улс руу явах шаардлага гардаг гэсэн. Б.Солонго “Ханжоу-2022” Азийн наадамд оролцохын тулд өөрийн зардлаар Хятадад бэлтгэлээ базааж байгаад Азийн наадамд хувийн зардлаар оролцож байв.

    Бүх зардлаа өөрөөсөө гаргах үнэхээр хэцүү, хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Б.Солонго “Ханжоу-2022” Азийн наадмын өмнө “Бүх хангамж, боломж, бололцоог  Монголын хөнгөн атлетикийн холбоо, БТСУХ, Үндэсний шигшээ багаас  гаргадаг бол их л гоё байх байлаа “ гэж ярьж байсан билээ. Монгол Улсад ганцхан стандарт талбай байгаа нь Налайх дүүрэгт байдаг. Тэр хол явж бэлтгэл хийхэд мэдээж тамирчдад  хүнд бэрхшээлтэй байлгүй яах вэ.  

    Гадаадын тамирчдыг харахад бэлтгэл хийх талбай болон амьдрах гэр нь маш ойрхон, ахуй хагамж нь сайн байх юм билээ. Тийм болохоор гадны тамирчид санаа зовох зүйлгүйгээр ядралт бага, сэргэлт сайн байж бэлтгэл, сургуулилалтаа хийж амжилт гаргадаг. Манай тамирчдын хувьд бэлтгэл хийх талбай хол, гэр нь хүртэл хол, ахуй хангамж, тэмцээний зардал  байхгүй гээд асуудал ихтэй. Дотор бэлтгэл хийх манежтай болох юмсан. Хэрэв тийм заалтай бол Монголын тамирчдын мөрөөдөл биелэх болно. Олон тамирчин манеж буюу дотор зааланд бэлтгэл хийхийг хүсэж, мөрөөдөж байгаа.

 


 

 


Б.СОЛОНГЫН МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ХУРД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188