Дэлгэцийн уран бүтээлд давтагдашгүй, содон өнгө төрх, дуу хоолой, авьяас чадвараа тодоос тод мөнхөлсөн хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Банзарын Дамчаа билээ. Тэр монгол киноны эсрэг дүрийн гарамгай мастер байлаа. “Үер” киноны Моломын дүрд тоглосноороо урвагч хэмээн бусдад алдлуултлаа дүрээ дүүрэн бүтээж явсан нь түүний бахархал гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Үүгээр тогтохгүй олон арван кинонд авьяаслаг жүжигчин гэдгээ харуулж, үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон, мартагдахааргүй дүрүүд "амилуулсан" нь одоо ч бидний зүрх, сэтгэлд амьд халуун оршиж байгаа билээ. Бид энэ удаагийнхаа “Дотно яриа” булангаараа Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн охин Д.Сувдтай хөөрөлдсөн ярилцлагаа хүргэж байна.
-Сайн байна уу. Хоёулаа таны аавтайгаа өнгөрүүлсэн дурсамжаас яриагаа эхлэх үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний аав дэндүү өөрийнхөөрөө амьдралыг туулсан хүн. Аав ээж хоёр минь зургаан хүүхэдтэй, би гурав дахь хүүхэд нь. Ах, эгч хоёр маань гэр бүл зохиогоод амьдралд хөл тавьсан. Тэр ч утгаараа би дүү нараа харж ханддаг, аав, ээжидээ туслахын үүрэг гүйцэтгэдэг охин нь байлаа. Би бол аавын охин. Аав минь надад баяр ёслолын үеэр, сэтгэл нь их хөдөлсөн байхдаа “Охиноороо их бахархаж байна. Чи бол ухаантай охин” гэж хэлдэг байлаа. Энэ үгийг би тухайн үед ойлгодоггүй байсан. Тиймээс ч “Би одоо бахархаад байх юу хийсэн юм бол доо” гэж боддог байв. Одоо бодоод байхад тэр үг намайг хүн шиг хүн болоход ихээхэн үүрэг гүйцэтгэж, өргөж, түлхэж өгсөн санагддаг. Ойр дотнын, болон хүмүүсийн яриаг сонсож байхад аав минь маш сайхан эцэг байжээ. Алдартай, сайн жүжигчин байсныг нь тухайн үеийн хүмүүс мэднэ л дээ. Гэхдээ жүжигчин гэхээс илүү эцэг хүн ямар байх ёстой юм гэдгийг харуулж чадсан. Хүмүүсийг сайн аав гэдгээр нь ч аавыг минь хардаг байгаасай гэж боддог. Бидний хүүхэд насанд гэрэл гэгээ оруулж, чимж өгдөг хүн бол аав байсан. Хэдийгээр 1960-аад оны бүүдгэр цаг үед өссөн ч ямар нандин, гэгээн дурсамжууд хөвөрдөг гээч. Одоогийн хүүхдүүдтэй жишвэл бидний үеийнхний амьдрал үнэн уйтгартай. Шороо, чулуугаар тоглосон нэг тийм саарал орчин л доо. Харин үүнд аав өнгө оруулж, гэрэл нэмдэг байсан. Бидний үед өнгөт зурагт байхгүй. Хар дүрсээр кино үздэг байсан л даа. Харин аав үүнд өнгө оруулж кино ярьж өгдөг, үйлдлээр харуулдаг байсан. Мөн бидэнд илбэ үзүүлж хөгжөөдөг байлаа. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдээ ид шид бүтээдэг байлаа, миний аав.
-Та ямар мэргэжилтэй, хаана ямар ажил хийдэг вэ?
-Би ОХУ-д Багшийн сургууль төгссөн. Одоо бол Христийн цуглаанд нөхөртэйгөө хамт пастер хийдэг. Таван хүүхдийн ээж. Эзэмшсэн мэргэжил бол Орос хэлний багш.
-Тэгэхээр Б.Дамчаа гуай бас илбэ үзүүлдэг хүн байжээ?
-Үгүй л дээ. Аавын ярьж, хэлж байгаа юм бүхэн яг илбэ шиг санагддаг байсан. Нэг өдөр аав хүүхдүүдээ гал тогооны өрөөнд дуудсан. Тухайн үеийн орос хөнгөн сав байна даа, тэрийг ширээн дээр тавьчихсан “Одоо аав нь та нарт илбэ үзүүлье. Энэ савнаас үнэхээр амттай зүйл гарч ирнэ” гэсэн. Бид нүдээ бүлтийтэл хараад л аав “Цонхныхоо салхивчийг нээгээд нөгөө сав руу үлээж, гараа яг илбэчин шиг хөдөлгөж, дээгүүр нь гараа эргүүлж, тойруулж байгаад савныхаа таглааг авсан. Тэгсэн тухайн үед долоон төгрөг 20 мөнгөөр зардаг хиам саван дотор байсан. Бүүр сав дүүрэн. Баяр биш л бол амттай зүйл барагтай хардаггүй, иддэггүй байсан цаг шүү дээ. Аав минь энэ мэтээр амьдралыг өнгөтэй, хүүхдүүдээ итгэл, хүсэл тэмүүлэлтэй болгодог байсан даа.
-Б.Дамчаа гуай уран бүтээлийнхээ хажуугаар гэр бүл, үр хүүхдэдээ цаг зав их зарцуулдаг байжээ?
-Аав гэртээ нэг их байдаггүй, ажил ихтэй. Гэрт ээж, би, гурван дүү л ихэвчлэн байдаг байлаа. Аав өвөлдөө орой таван цагт ажлаасаа тараад киноны дуу оруулагчийн ажилдаа ордог байсан. Тиймээс шөнө дунд л гэртээ ирдэг байсан болов уу. Биднийг унтаж байхад ирээд заавал үнсдэг байсан. Үнсэхийг нь мэдчихвэл нам, сайхан унтдаг байлаа. Дөрөвдүгээр сар дөнгөж гараад л хөдөө явчихдаг байсан. Тэгээд л хөөрхий минь анхны цаснаар хатсан борц шиг болсон амьтан гэртээ орж ирдэг байв. Ээж минь л хүүхдүүдээ авч явсан. Гэхдээ одоо хүмүүс ярьдаг шүү дээ, "Цаг завгүй байна. Ажил ихтэй байна” гэх мэтээр. Гэвч үүндээ яг биш байдаг юм билээ. Манай аав цаг завгүй байсан ч гэртээ орж ирсэн л бол аав биднийх байдаг байлаа. Аавыг би гэртээ ажлаа хийгээд, бодоод, давтаад, жүжиглэх бэлтгэлээ хийж байхыг огт хараагүй. Аав минь багадаа тийм ч амаргүй үеийг туулсан юм билээ. Ээж, аав нь салсан. Тэгээд ээж нь дөрвөн нялх хүүхэдтэй үлдсэн. Аав том хүү нь учраас гурван дүүгээ хөтлөөд л өлөн зэлмэн өссөн гэдэг.
-Б.Дамчаа гуайн бага нас хэрхэн өнгөрсөн бол үр хүүхдүүдээ энэ тухай юу гэж ярьдаг байсан бэ?
-Аав маань Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутагт орших Бөөрөгт гэдэг газар төрсөн. Энэ тухайгаа ч их ярьдаг байлаа. Биднийг дагуулаад төрсөн бууцан дээрээ нэг удаа очсон. Мөн өөрийнхөө тоглож байсан чулуугаа, эхээсээ унасан газраа үзүүлж байв. Аавын төрсөн нутаг их сайхан сүрлэг газар. Царцааны царгиа, гол, усны хоржигнон дуугарах чимээ хотын бидэнд сүрлэг, сонин байж билээ. Ер нь тэр сүрлэг газар өсөж төрсөн хүнийг байгаль нь өөрөө хүмүүжүүлдэг байх. Аав минь багадаа тийм ч амаргүй үеийг туулсан юм билээ. Ээж, аав нь салсан. Тэгээд ээж нь дөрвөн нялх хүүхэдтэй үлдсэн. Аав том хүү нь учраас гурван дүүгээ хөтлөөд л өлөн зэлмэн өссөн гэж ярьдаг. Аав “Дотуур байранд сууж байхдаа нэг хачин үртэстэй талх иддэг байсан гэсэн. Тэр үед гурил ховор. Олдсон гурил нь үртэстэй хивэг шиг л хачин юм байдаг байсан” гэж ярьдаг л даа. Манай аавын ээж их хөгжилтэй, хошин хүн байсан. Эмээ бол миний номын сан л гэсэн үг. Бэлэн цэцэн үгтэй, үлгэр домгийг яг л нүдэнд харагдтал ярьдаг. Одоо ямар ч нэвтрүүлэгч тэгж ярьж чадахгүй дээ. Харамсалтай нь, эрт тэнгэрт дэвшсэн л дээ. Аавын аав нь бас их сайхан хүн байсан. Хэдийгээр салаад харилцаа нь хол байсан ч аав минь аавыгаа маш их хүндэлдэг байсан. Тиймдээ ч биднийг өвөөтэй уулзуулж, танилцуулж байсан.
Аав минь сайхан зурдаг, гарын дүйтэй, зуслангийн байшингаа өөрөө барьсан нямбай хүн. Энэ бол өвөөгөөс аавд өвлөгдөж ирсэн чанар. Энэ зан чанарууд нь бидэнд шингэж үлджээ. Мөн үүнээс гадна манай өвөөтэй ханилсан эгч 90 гаруй наслаад бурхны орондоо явсан. Тэр эгч одоо бидэнд сайн сайхнаар дурсагддаг. Өвөөгийн эмээгээс хойш ханилсан хань гэсэн үг шүү дээ. Тэр хоёрын хүүхдүүд манайд ирж хонож өнжинө, амьдарна. Аав яг л төрсөн дүү нар шигээ хайрладаг байсан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг ааваасаа маш сайн сурсан. Залуучууд “Танай үе, танай үеэрээ л дуусна” гэж ярьдаг. Гэхдээ үе өөр хэдий ч хүн хүнээрээ л дуусна. Яг л адилхан зүрх сэтгэлтэй, бодол санаатай.
Манай аав бидэнд алт, мөнгө үлдээгээгүй. Гэхдээ хүнийг хайрлах ухааныг үлдээсэн. Тиймээс би ааваараа маш их бахархдаг. Мөн аав минь туйлын даруухан хүн байж дээ. "Ийм тийм шагнал авах юм сан. Тэгж дарга болж, ингэж баян болох юм сан” гэж огт ярьдаггүй, адгадаггүй, бараг боддог ч үгүй хүн байсан. Ямар ч шагналаар шагнуулсан басамжилж, үл тоодоггүй. Туйлын их хүндэтгэн хүлээж авдаг байсан.
-Аав тань дэлгэцийн уран бүтээлд эсрэг дүрийг гарамгай сайн бүтээдэг байсныг кино сонирхогчид, уран бүтээлчид төдийгүй Монголын ард түмэн мэднэ. “Үер” уран сайхны кинонд тоглосных дараа хүүхдүүд “Урвагч” хэмээн Дамчаа гуай руу чулуу шидэж байсан гэдэг. Иймэрхүү тохиолдол ер нь хэр олон гарч байсан бэ?
-Намайг гэртээ байж байтал аав гаднаас нэг хүнтэй орж ирсэн. Анзаараад хартал аавын толгой цус болчихсон байсан. Би сандраад аавын толгойг боосон. Тэр хүн тортой талх барьчихсан халамцуу байсан л даа. Яасан бэ гэхээр, аавыг автобусны буудал дээр ажилдаа явахаар зогсож байхад нь тэр хүн киноных нь дүрээс болоод зэвүүцээд цохичихсон юм билээ. Тэр хүн ааваас уучлал гуйгаад явсан. Аав руу чулуу шидэх, энд тэнд шивэр авир гэж ярих бол байнга байсан үзэгдэл. Тэр нь ааваас гадна бидэнд их төвөгтэй байв. Аав биднийг амралтын өдрөөр музей дагуулж явах дуртай. Заримдаа би ээжтэй үлдэхээр болж, хоёр эрэгтэй дүү аавыг дагаж явна. Хоёр дүү маань заримдаа "Аавтай явахгүй ээ" гэдэг байсан. Аавтай хамт явахаар хүмүүс сонжино, харна, шивэр авир хийнэ, эсвэл хэн нэгэн ирээд яриа өдөөд хуучлаад зогсчихно. Ер нь олны нүдэн дээр, анхаарлын төвд байх чинь тухтай алхаж, гишгэж ч болохгүй, тоглож наадаж ч чадахгүй их эвгүй шүү дээ. Тухайн үед хувийн машин гэж байдаггүй. Манай аавд л лав байгаагүй. Тиймээс аав минь төмөр замаас Кино үйлдвэр хүртэл автобусаар явдаг байсан. Өдөр цайны цагаараа гэртээ ирж, хоолоо идээд буцаад явна. Ер гадуур хоол идэхгүй, гэр рүүгээ л яардаг байсан.
Аав минь данжаадын дүрд тоглосноос болоод хүүхдүүд намайг данжаад гэж хочилдог байлаа. Мөн хичээлээ хийгээгүй байвал багш нар “Чи Дамчаагийн нэрийг ингэж авч явах нь уу” гээд л ерөөсөө бүх зүйл ааваасаа хамааралтай. Тиймээс заавал мундаг байх ёстой нь лайтай санагддаг байсан. Уг нь миний хичээлээ хийгээгүйд аав хамаагүй шүү дээ. Би автобусаар аавтай хамт явахдаа аль болох хол зогсохыг бодно. Хүмүүсийн ширтэж байгаа нүдэн дор явна гэдэг үнэхээр төвөгтэй. Аав бол сурчихсан, бүр дөжирчихсөн. Сүүлд аав “Цэвэр агаарт амьдаръя" гээд хотын байраа зараад Био руу нүүсэн. Хэдийгээр хүүхдүүдэд нь машин, тэрэг байсан ч аав “Та нарт ажил удаад яах вэ” гээд Био руу автобусаар л явдаг байсан. Нэг түүх санаад орчихлоо.
-Ярьж өгөөч?
-Аав, ээж хоёр микро автобусаар явж л дээ. Тэгсэн мөнгө хураадаг хүн нь төлбөрөө нэхжээ. Аав гэтэл “Намайг улс үнэгүй зорчоорой” гэсэн гээд эрхийн үнэмлэхээ үзүүлтэл “Та наад үнэмлэхээ автобусандаа л үзүүлээрэй. Би танаас заавал мөнгө авна” гэтэл ээж “Мөнгийг өгчих” гэж л дээ. Гэтэл аавын зөрүүд нь хөдлөөд буугаад Нисэхээс Био хүртэл алхчихсан байгаа юм. Тухайн үед айл бараг буугаагүй зэлүүд газар байсан. Аавыг тэнгэрт дэвшсэний дараа би Био-д нэг айлд очсон. Гэтэл гаднаас “Дамчаа гуайн хүүхдүүд энд ирсэн гэсэн үү” гээд эхнэр, нөхөр хоёр ирж уулзсан. Би охин нь байна гэлээ. Гэтэл “Ёстой нэг юм ярихгүй бол болохгүй байна. Манай нөхөр микро автобус жолоодоод явж байхдаа Дамчаа гуайг хөдөө, хээр буулгасан. Гэхдээ мөнгө хураадаг хүн нь буулгасан юм билээ. Үүнд нөхөр маань эмзэглээд амар заяа үзүүлддэггүй ээ. Дамчаа гуайгаас уучлалт гуйх гэсэн юм” гэлээ. Би ч аав минь бурхан болсон гэдгийг тэр хүмүүс хэллээ. Гэтэл хөөрхий минь гуниглаад “Амьдад нь хэлж чадаагүй, чамд хэлье, үнэхээр уучлаарай” гэсэн. Тэр хүмүүст “Зүгээрээ, ирээд хэлсэн чинь сайхан санагдлаа. Битгий санаа зов” гэж хэлсэн.
Үүнээс гадна аав нэг удаа нэлээд өндөр настай таяг тулсан хүнтэй багагүй хугацаанд ярилцаж байгаад тэр хүн “Одоо надад үхэхэд харамсах юм алга” гээд гараад явсан. Аав гарсных нь дараа “Миний хүү ард түмнээрээ хайрлагдана гэдэг ямар ч одон медальтай зүйрлэшгүй байдаг юм шүү” гэж надад хэлж байсан. Тухайн үед аавд Монгол Улсын Ардын жүжигчин цол өгнө, өгөхгүй гэж яригдаж байсан цаг. Тэр хоёр гавьяа, шагналыг гуйж авахгүй гэж л ярилцсан байх.
-Миний аав л юм чинь бүтээсэн бүх дүр нь сайхан. Яг үнэндээ аавынхаа тоглосон киног үзэхэд надад үнэхээр хүнд байдаг. Киног нь үзээд ирэх дурсамж нь хүнд. Аав минь намайг хэд хэдэн кинонд орчуулагчаар авч явж байсан. Би аавыг кинонд дүр бүтээх гээд жүжиглээд тарчилж байгааг ерөөсөө хараагүй. Тиймээс наймдугаар ангид байхдаа “Аав аа, би ер нь жүжигчин болж чадах уу” гэж асуусан. Тэгсэн аав нэг ёжтой инээснээ “Миний бол охин чадвартай. Гэхдээ авьяастай гэж хэлэхгүй. Чамд жүжиглэх авьяас байхгүй” гээд шууд хэлчихсэн. Тэгээд л миний жүжигчин болох их амар юм байна гэж бодож, битүүхэн мөрөөдөж, горьдож байсан асуудал шийдэгдсэн дээ. Мөн аав “Миний охин аятайхан дуулдгаа, эвтэйхэн шүлэг уншиж, зураг зурдгаа авьяастай битгий андуураарай” гэж хэлж байсан. Харин аавд минь тэр бүх чадвар, авьяас нь байсан. Тиймдээ ч дүр бүтээхдээ зовоод, дүрээ судлаад шаналаад яваад байдаггүй байсан юм болов уу. Аав минь зовлонгүй амьдардаг хүн байсан.
Үүнээс гадна аавын минь нэг гайхамшигтай чанар нь эмэгтэй хүнийг үнэхээр хайрлаж чаддаг байсан. Аавыг өнгөрснөөс хойш ээж бас тэнгэрт дэвшсэн. Үндсэндээ бол хайрладаг хүн нь байхгүй учраас бурхан боллоо л гэж би боддог. Үүнээс эхнэр, нөхөр хоёр гэдэг арай л өөр юм байдгийг сурч авсан. Эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, дээдлэхийг бидэнд дээд зэргээр үзүүлдэг, үлгэрлэдэг байлаа. Ээжийнхээ амьсгал хурааж байгааг бид мэдэрч байсан. Аав байхгүй учраас ээжид минь амьдрах шаардлага байхгүй болчихож байгаа байхгүй юу. Байнга усалж байсан тэр их хайр нь алга болно гэдэг хамгийн хэцүү. Үүнийг би ээжээсээ харсан. Жинхэнэ утгаар нь хүнийг хайрлаж байгааг харна гэдэг ховор үзэгдэл шүү.
-Аавын тань бүтээсэн дүрүүдээс яг хувь Дамчаа гэдэг хүний зан араншинтай нь ойролцоо дүр бий юү?
-Бараг л байхгүй дээ. “Хөдөөгийн баясгалан” кинонд бүтээсэн дүр нь дөхөж магадгүй. Аав надад юу сургасан бэ гэхээр нийтийн сэтгэлгээнээс эсрэг бодохыг сургаж өгсөн. Жишээлбэл, намайг хөтлөөд алхаж явахдаа “Охин минь Төрийн төлөө оготно боож үхнэ гэдэг үг бий. Энэ яг үнэндээ юу гэсэн үг вэ гэвэл оготно хүртэл төрийнхөө төлөө боож үхнэ гэдэг бол тэр үндэстэн үнэхээр агуу юм даа гэж нэг талаас нь ойлгож болно” гэж билээ. Аав биднийг загнана, болохгүй бол алганы амт ч үзүүлдэг байсан. Зэмлэхдээ хэлдэг хамгийн муу үг нь “Чи арай ч дээ. Ухаантай хүн шүү дээ” гэдэг байлаа. Ингэж зэмлэх нь үнэхээр гайхшрал, гэмшил төрүүлнэ. Энэ бүхэн нь биднийг өөрөөр бодоход сургаж байж дээ. Мөн аав “Тэнэг эр хүн эхнэрээ магтдаг гэж монголчууд ярьдаг. Харин охин минь ухаантай эр хүн л эхнэрээ магтдаг юм. Яагаад гэхээр эр хүнийг ухаантай болгодог нь эхнэр байдаг. Гэтэл монголчууд бид тэнэг эр эхнэрээ магтана гэж ярьдаг. Үүнд хэзээ ч битгий итгэ” гэж байсан. Яг л үнэн байхгүй юу. Ер нь гэрийн хүмүүжил шиг хүчтэй хүмүүжил өөр хаана ч байхгүй.
-Б.Дамчаа гуайтай нөхөрлөдөг уран бүтээлчдээс гадна ойр дотно байсан шавь нараас нь та дурсамж яриа дэлгэж болох уу?
-Аавтай ойр байсан шавь нарынх нь нэг бол Монгол Улсын гавьяат жүжигчин T.Цэнпилмаа эгч. Орчуулгын киноны бүх эмэгтэй дүрд бараг ганцаараа дуу оруулж байгаа хүн. Манайхтай нэг байранд байдаг байсан. Т.Цэнпилмаа эгчийнх дээд давхарт амьдардаг байсан. Манайхаар байнга орж гарна. Аавын шавь нар гээд таних танихгүй хүмүүс Цагаан сараар их ирдэг. Энэ бүгдээс миний мэдэж байгаагаар Т.Цэнпилмаа эгч л хамгийн ойр байсан шавь нь юм болов уу даа. Аавыг найзууд нь "Дамчаа сэм сэм явдалтай” гэж ярьдаг байсан. Нээрээ л яаж ч яарч байсан зөөлөн зөөлөн алхдаг байсан даа, аав минь. Газар цөмрөх гэж байгаа юм шиг л намс, намс алхаж явдаг хүн байлаа.
-Б.Дамчаа гуай хүүхдүүддээ сайхан хоол хийж өгдөг байсан уу?
-Аав лашваа их сайхан хийнэ. Тэтгэвэрт гарснаасаа хойш л гэрийн ажилд оролцсон доо. Тэрнээс өмнө элсэн чихэр ямар үнэтэйг ч мэддэггүй байсан даа. Ямар сайндаа л ээж “Элсэн чихэр аваад ир” гээд хоёр төгрөг өгөөд дэлгүүр явуултал бөөн уур орж ирээд “Нэг кг элсэн чихэр дөрвөн төгрөг юм байна шүү дээ” гэж байсан. Ээж тэрүүхнээс “Чи ингэтлээ л амьдралаас холдсон байна, хөгшин минь” гэж хэлж байлаа. Харин тэтгэвэртээ сууснаасаа хойш бүх юманд ээжтэй хамт явдаг болсон.
-Дамчаа гуайн үр хүүхдүүдээс болон ач, зээ нараас жүжигчин мэргэжлээр сурч байгаа хүн бий юү?
-Харамсалтай нь одоогоор байхгүй. Цаашдаа гарч бол магадгүй л юм. Гэхдээ бид ааваараа авьяас хийхийг хүсдэггүй. Дамчаагийн л хүүхэд юм чинь нэг кино хийе гээд яваад байж болохгүй. Үнэхээр авьяас гэж байдаг бол тодроод л гараад ирнэ. Сүүлд гэр бүл, үр хүүхдээрээ цуглараад ааваас “Аав аа ач, гуч, зээ нарын чинь дотор жүжигчин болох хүн байна уу” гэж асуутал аав дуугүй л суугаад байсан. Аав дуугүй байна гэдэг бол байхгүй л гэсэн үг. Хэрвээ байсан бол аав "Энэ хүүхэд" гээд шууд л хэлнэ. Аав минь их шударга хүн шүү дээ. Дуугүй л байсаар байгаад тэнгэрт дэвшсэн. Тэгэхээр аавыг байхад нүдэнд нь торох хүн лав байгаагүй.
-Аавынхаа тухай сайхан дурсамж дэлгэсэн танд баярлалаа.
-Баярлалаа.
АРДЫН ЖҮЖИГЧИН Б.ДАМЧААГИЙН ОХИН СУВД: Аав минь шударга, их зөөлөн сэтгэлтэй, хамгийн сайхан хүн байсан даа |
|
2025-04-10 17:24:18
2025-04-10 17:11:56
2025-04-10 16:51:01
2025-04-10 15:01:13
2025-04-10 14:57:37
2025-04-10 13:29:20
2025-04-10 13:23:52
2025-04-10 12:53:10
2025-04-10 12:46:42
2025-04-10 12:06:03
2025-04-10 11:19:37
2025-04-10 10:53:05
2025-04-10 10:40:28
2025-04-10 10:15:17
2025-04-10 10:02:20
2025-04-10 09:38:12
2025-04-10 09:04:17
2025-04-10 08:44:25
2025-04-10 08:34:22
2025-04-10 08:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 07:00:00
2025-04-10 06:00:00
2025-04-10 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |