• Өнөөдөр 2024-04-25

Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА

2023-04-15,   6230

-МИНИЙ ХАНЬ ХҮНИЙ ДЭЭД, ХҮН ЧАНАРЫН ТУЙЛ БАЙСАН-

 “Цагдаа хүний гэргий

Цээжиндээ бэтгэрч хүлээдэг юм

Эргээд мэнд ирээсэй гэж 

Итгэж сүслэн залбирдаг юм” хэмээх “Цагдаагийн гэргий” дууг хамтран бүтээснээр тэдний амьдрал, уран бүтээл эхэлсэн түүхтэй. Ингээд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн агсны тухай түүний гэргий Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэгтэй ярилцлаа.

-Л.Гаваасүрэн хурандаа төрд 43 жил ажиллажээ. Ямар замналыг туулж байж хурандаа хэмээх хүндтэй цолоор шагнуулсан юм бол оо?

      -Хань минь Отгонтэнгэр хайрхны өвөрт төрсөн юм билээ. Ээж нь багад нь нас барсан болохоор таван дүүгээ тэжээхийн тулд 10 настайгаасаа нэгдлийн хонь хариулж, 15 настайдаа бригадын сургуулийн багшаар ажиллаж байгаад 17 настайдаа Улаанбаатарт ирж, "Үйлдэхүүн ханган нийлүүлэх трест”-д ачигч, талхны 51 дүгээр дэлгүүрийн грушик, хотын барилгын трестийн туслах ажилчин зэрэг ажил хийж байсан гэдэг. Тухайн үед хотын иргэний паспортгүй байсан тул настай аав, хэдэн дүү нартайгаа өдөр бүр шахуу нутаг руугаа хөөгддөг байсан юм билээ. Хань минь 1973 онд буюу 20 настайдаа хотын иргэний паспорт авч тухайн үеийн МХЗЭ-ийн илгээлтээр Улаанбаатар хотын ЦСГ-ын эргүүлийн ротод цулгуй улаан мөрдэстэй цагдаагаар томилогдож, хоёр дээд сургуулийг орой, эчнээгээр дүүргэж эргүүлийн цагдаагаас салаа, рот, тусгай тасаг, хорооны орлогч, хэлтсийн дарга хүртэл албан тушаал хашиж цагдаагийн хурандаа болтлоо зүтгэсэн. 1976-1984 онд Цагдсан сэргийлэх тусгай тасгийн орлогч дарга, 1991-1998 онд Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны боловсон хүчний асуудал эрхэлсэн орлогч, 1998-2008 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгэлийн хэлтсийн даргаар 10 жил, 2088-2020 онд ЦЕГ-ын "Сүлд" чуулгын даргаар  ажилласан. Ингээд хань минь ачигчаас Монголын цагдаагийн хурандаа болтлоо явсан гэж бодохоор амьдралын урт замд юу эсийг үзэх  вэ дээ.

-Багаасаа амьдрал үзэж, ажил хийж сурсан гэхээр бусдад тусалж чаддаг, хүнлэг хүн байсан юм шиг санагдлаа. Харин та ханийгаа хэрхэн дурсах вэ?

     -Миний хань гэрийнхнийхээ хувьд хүний дээд байсан. Хүн бүр ханийгаа хүний дээд байсан гэж ярих байх. Гэхдээ тэр минь яахын аргагүй бусдаас онцгой байсан. Ханьдаа, үр хүүхдүүддээ, найз нөхдөдөө, цэргүүддээ болон уулзаад өнгөрсөн хүн бүрд хайр түгээдэг, хүн бүрийн хайрыг татсан хүн байлаа. Тийм ч учраас түүний бичсэн шүлгүүдээс дандаа хайр “үнэртдэг”. Мөн ханийгаа би хүн чанарын туйл гэж боддог. Хүнд яаж ийм их сэтгэл гаргаж чаддаг вэ гэдгийг хажуугаас нь харж, үлгэр жишээ авч амьдарсан. Ядарсан, зүдэрсэн бүхэнд тусалж л байвал түүний сэтгэл нь амардаг байлаа. Байгалиасаа тийм зөөлөн сэтгэлтэй, өглөгч, энэрэнгүй хүн байсан. Хүнд сайхан санаж, тусалж, дэмжиж явбал өөрийнх нь хэрэг бүтнэ гэдгийг амьдралынхаа зарчим болгож, үр, хүүхдүүдээ захиж үлдээж чадсан. Миний хань амьдралын минь аз жаргал, хүсэл мөрөөдөл минь байж, намайг хэнээс дутахааргүй жаргалтай сайхан амьдруулж чадсан.

-Та хоёр уран бүтээлийн замналаар танилцаж байв уу. Тухайн үеийнхээ дурсамжаас ярьж өгөөч?

     -Бид хожуу буюу 1994 онд уран бүтээлийн буянаар танилцаж, ханилсан хоёр шүү дээ. Тухайн үед миний бүтээлийг цагдаагийн “Сүлд” чуулгынхан концертондоо дуулсан юм. Тэгээд дууныг нь үг, аяыг бичсэн уран бүтээлчдийг урьснаар бид танилцсан түүхтэй.

Ханьтайгаа танилцахаас өмнө би ганц, хоёрхон дуутай жирийн л нэг багш  байсан. Харин тэр минь “Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Отгонтэнгэр ууландаа би хайртай” гээд дөрөв, таван дуугаа олны хүртээл болчихсон байсан. Гэхдээ бид нийлээд л бие биеэ хөглөсөн. Яалт ч үгүй намайг хөглөсөн, цэцэглүүлсэн, надад нуугдсан жаахан авьяасыг нээсэн хүн бол миний хань.

Хэрвээ би ханьтайгаа учраагүй байсан бол тийм олон бүтээл туурвихгүй байсан. Би өөрийгөө хорвоогийн азтай эмэгтэйчүүдийн нэг гэж боддог. Би ханьдаа хайрлагдахаасаа илүү эрхэлж амьдарсан. Би зургаан хүүхэдтэй айлын бага нь болохоор аав, ээж минь намайг хэтэрхий эрх өсгөчихсөн. Залуугаараа аав, ээжээсээ өнчирсөн болохоор хань минь намайг “Ижий, аавдаа ийм эрх өссөн юм чинь надаас өөр хэн эрхлүүлэх вэ дээ” гээд намайг хүүхэд шиг эрхлүүлдэг байлаа. Би тэр хүний эхнэр гэхээсээ илүү хүүхэд шиг нь л амьдарсан. Харин ханийгаа бурхан болоход бүх зүйл хоосорч эзэнгүй арал дээр хаягдсан юм шиг болсон доо. Хүнийг хайрлахын дээдээр хайрлаж, эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлдэг хүн бол миний хань байлаа. Тийм агуу хайранд эрхэлж амьдарсан болохоор тийм дайны бүтээл төрөхөөс ч өөр аргагүй юм даа.

-Л.Гаваасүрэн хурандаатай анх танилцахад ямар мэдрэмж төрсөн бэ. Тэр мэдрэмж хожим өөрчлөгдсөн үү?

     -Би түүний сайхан сэтгэлийг хамгийн түрүүнд мэдэрсэн болохоор түүнд бүрэн итгэсэн.

Анх түүний хоолойнд татагдаж, сүмбэн цагаан хуруунд нь дурлаж билээ. Ямар сайхан хоолойтой, яасан сайхан гартай гэж санана аа. Тийм л гараараа шүлэг бичээд суудаг байлаа шүү дээ.

Бид өмнө нь өөр өөрийн гэсэн амьдралтай байсан ч хүүхдүүдээ яг өөрийн юм шиг хайрлаж, хүмүүжүүлж чадсан. Тийм болохоор хүүхдүүд минь надаас илүү аавдаа амь байсан юм. Тэд минь бүгд аавынхаа нэрийг өндөрт өргөж яваа. Тэдэнд тийм үүрэг бий. Зээ охин Есүй минь бидэнтэй гурван настайгаасаа хойш амьдарч байгаа.

Охин минь нэг удаа "Эмээ, би бараг хүнтэй гэрлэхгүй байх аа" гэхээр нь "Яаж байгаа юм бэ, миний охин" гэтэл "Би өвөө шигээ хүнтэй гэр бүл болно гэж боддог. Тэгэхээр өвөө шиг минь сайхан сэтгэлтэй, сайн хүн надад олдохгүй байх. Би та хоёрынхоо бие биеэ хайрладаг халамж, хайрыг дэргэдээс нь харж өссөн болохоор та хоёроороо үргэлж бахархаж явдаг юм" гэж билээ. Тэгэхээр хань минь үр, хүүхдүүддээ ч хүнийг яаж хайрлаж, халамжилж болдог вэ гэдгийг үгээр биш үйлдлээрээ сургасан байгаа юм.

-Та хоёр хэчнээн бүтээл хамтарсан байна вэ. Хайрын тухай, ханийн тухай шүлгүүдээ танд зориулсан байдаг байх аа?

    -Талийгаач минь 300-аад шүлгийнхээ 200-иадыг дуу болгосон байна лээ. Түүнийхээ 100 гаруйг нь надтай хамтарсан байдаг. Мөн дөрвөн баримтат, хоёр уран сайхны кинотой. 1995 онд “Түгшүүрт шөнө”, 2015 онд “Сөрж болдоггүй тавилан” гэх кино хийж байсан. Тэр минь надтай танилцаад удаагүй байхдаа “Цагдаагийн гэргий” хэмээх шүлэг бичиж "Энэ шүлэгт чи л аялгуу хийж чадна" гээд өгч билээ. Цагдаагийн гэргий байна гэдэг өдөр бүр хөлийн чимээ чагнаж, "Юу тохиолдсон бол яасан бол" хэмээн санааширч суудаг юм шүү дээ. Би тэр дууг яг л тийм мэдрэмжээр мэдэрч бичиж байсан. Тэр минь хайрын шүлгүүдээ дандаа надад зориулсан байдаг. Заримыг нь надад зориулсан гэж хэлээгүй ч миний тухай бичсэн нь, надад зориулсан нь мэдрэгддэг байлаа. Тухайлбал,

“Ханьсахын жаргал” дууг надад “Март-8”-ны бэлэг болгож, төгөлдөр хууран дээр үлдээчихсэн байсан. Хүнд зөндөө хайрын дуу байдаг ч би түүний

“Зүрхийг минь гижигдсэн мөнхийн гэгээн хайрандаа

Зүсээ гундтал хайрлахдаа чамаасаа уйдахгүй ээ хань минь”

гэж бичсэнийг уншаад “Хүнийг ингэж хайрлах гэж байдаг аа” гээд уйлж, аяыг нь тэр дороо бичиж билээ. Тэр хоёр мөртөөс надад тэр дууны аялгуу нь орж ирсэн юм. Би ханийнхаа шүлэгт их хөглөгдөж байсан.Түүний минь өр зөөлөн сэтгэл, хүнлэг чанар, агуу хайр нь шүлэгт нь шингэсэн байдаг. Түүний шүлгийг илүүтэй мэдэрдэг байсан болохоор дуунууд минь хит болдог байсан байх. Бид бие биеийнхээ хамгийн сайн  зөвлөгч, анхны уншигч нь болохоор дутагдалтай зүйл байвал зөвлөж, хэлж, ярилцдаг байлаа. Хань минь "Аав минь дээ", "Бодолд өнжсөн хайр", "Эр хүн шиг эр хүн дээ", "Зүүдэнд уяатай аав", "Бэрийн дуу", "Хаадын зарлигтай монгол нутаг" гээд олны сонсох, дуулах дуртай дуунуудын шүлгийг бичиж байлаа. 

-Түүнээс хойш чамгүй өдрүүд өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд танд ...?

     -Ханиасаа хойш хөглөгдөж чадахгүй байна. Алхам тутамдаа намайг хөглөдөг байсан тэр минь байхгүй болчихоор өөрийгөө олохоо больчихсон. Тэр хэмжээний бүтээл надаас дахин гарахгүй байх гэж айж байна. Бид өмнө нь хамтдаа бүхнийг хийдэг байлаа.

Хөдөө явсан ч хамт, ажилдаа явсан ч, дэлгүүр орсон ч, гэртээ орохдоо ч хамт л байдаг байлаа. Одоо гэрт орох тэр мөч, бүрхэг өдрүүдэд өөрийн эрхгүй үймрээд байдаг юм. Төгөлдөр хуурынхаа хажууд суух, өрөөндөө орох бүр ч хэцүү санагддаг. 

Ханийгаа дурсан санахгүй, санаад уйлахгүй, зүүдлэхгүй өдөр, шөнө гэж үгүй. Хүйтэн өдөр ханийгаа "Даарч байгаа болов уу" гэж хайрлаж боддог юм шүү дээ. Ханьтайгаа зүүдэндээ уулзах, харах, үгийг нь сонсох дуртай. Ханийгаа зүүдлэхээр ажил үйлс бүтэмжтэй нэг л сайхан байдаг. Тийм болохоор хань минь  үргэлж намайг харж, хамгаалж байдаг болов уу гэж итгэдэг дээ. 

Сүүлийн үед  “Ханийнхаа үргэлжлэл болж, түүндээ буян хийж амьдрах ёстой юм байна” гээд өөрийгөө зоригжуулж, хурцлахаар шийдсэн. Бидэнтэй дүүгээс минь ялгаагүй ойр дотно байдаг Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, Ч.Алтантүлхүүр гуравт “Ахыгаа мэддэг хүний хувьд шүлэг бичиж өгөөч” гэж хүсэлт тавьсны дагуу гурвуулаа шүлэг бичиж өгсөн юм. Заримд нь ая хийчихсэн байгаа. Ханийнхаа хийж амжаагүй бүхнийг нь гүйцэлдүүлэх юм сан гэж боддог. Өнгөрсөн хугацаанд ханийнхаа гэгээн дурсгалд зориулж сан байгуулж, нэрэмжит дууны уралдаан зохион байгуулсан.

-Л.Гаваасүрэн хурандаа шүлэг бичих болсон тухайгаа, шүлэг бичих авьяастайгаа хэрхэн мэдэрсэн бол. Тэр тухайгаа танд  ярьдаг байв уу?

      -Малын бэлчээрт ном их уншдаг байсан гэдэг. Тухайн үеийн бүх номыг уншиж дуусгасан. Шүлэг, яруу найрагт дурласан минь  ном уншсантай холбоотой гэж ярьдаг байлаа. Тухайн үеийн том, том романуудыг нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан шүү дээ. Цалингаа буухаар шинээр гарсан бүх номыг авдаг. Номыг үлдээлгүй уншдаг байсан болохоор манайх номоор баян.

-Түүний анхны дуу нь “Эх үрийн элбэрэл” үү. Шүлгээ хэдийд ихэвчлэн бичдэг байсан бэ?

- “Нарлаг хорвоод жаргах биеийг

Наддаа ээж минь заяасан билээ

Ухаарч гүйцээгүй бяцхан сэтгэлийг

Уужим болгож тэлсэн билээ” гээд “Эх үрийн элбэрэл” хэмээх дуугаа анх олны хүртээл болгож байсан. Даруухан хүн болохоор би тэдэн шүлэг, дуутай гэж онгирч байгаагүй. Зөвхөн уран бүтээлийн төлөө зүтгэсэн бол нэлээд дорвитой бүтээл туурвих авьяас бэлэгтэй хүн байсан. Уран бүтээл, яруу найргийг өөрийнхөө сонирхол болгож, чөлөөт цагаараа бичдэг байлаа. Шөнө юм уу, амралтын өдөр чимээгүй орчинд сууж шүлэг бичдэг байсан. Би өглөө бүхэн шахуу ханийгаа ямар шүлэг бичсэн бол гэж яарч, баярлаж сэрдэг байлаа шүү дээ. Тэгээд намай ая хийхийг хүлээдэг байлаа шүү дээ.

-Сайхан дуулдаг хүн байсан уу. Шүлэг бичиж, ном уншихаас өөр юу сонирхдог байсан бэ?

      -Хань минь хүүхдүүдтэйгээ их тоглодог, онигоо сайхан ярьдаг, сайхан дуулдаг хүн байсан. "Эр бор харцага" болон зохиолын дуунуудыг хүнгэнүүлнэ шүү дээ. Бас намайг “Өнөөдөр ямар нэгэн юм хийх юм шиг байна” гэхээр "Өрөөндөө ор", "Төгөлдөр хуурынхаа ард суу. Би өнөөдөр хоол хийнэ” гээд надад чөлөө өгнө. Тэгээд "Ямар хоол идэх вэ, ямар амттан идэх үү" гээд л миний дуртай бүхнийг өмнө  өрчихдөг байсан. Тийм үед нь би заавал нэг бүтээл хийнэ шүү дээ. Хань минь их сайхан хоол хийдэг байсан болохоор хүүхдүүд нь аавынхаа хоолыг идэх дуртай. Бид зуныхаа амралтаар Отгонтэнгэр хайрханд очдог байсан. Тэр бүхэнд хань минь гал тогоогоо хариуцаж намайг хүүхдүүд шигээ амрааж, зугаалуулдаг байлаа.

-“Сүлд” чуулга таны ханийн нэрэмжит болох шийдвэр гарсан байна лээ?

     -Түүний сэтгэл зүрх, амь, амьдралаа зориулсан монголын цагдаагийн “Сүлд” чуулга ханийн минь нэрэмжит болох шийдвэр гарсан гэдгийг сонссон. Энэ бол маш том түүх болох юм. Хань минь авьяас билгээ дайчлан уран бүтээл туурвихын зэрэгцээ урлаг соёлыг хөгжүүлэх, иргэдэд үйлчлэх, нийтэд түгээхэд идэвх санаачлагаа дайчлан ажиллаж, "Сүлд" чуулгыг чуулгын дайтай болгосон доо.

   Тухайлбал, 1994 онд өөрийн хорооны харъяанд байсан цагдаагийн үлээвэр хөгжмийг түшиглэн “Чуулга” байгуулах санаачлага гаргаж тэр үеийн цагдаагийн удирдлагуудад танилцуулан шийдвэр гаргуулж Эргүүл хамгаалалтын 801 дүгээр хорооны харъяанд цагдаагийн “Сүлд” чуулга нэртэйгээр чуулга байгуулж байлаа. Тухайн үед 45 уран бүтээлчтэйгээр зохион байгуулж өдөр тутмын удирдлагаар хангаснаар 1998 онд 64 хүний орон тоотой мэргэжлийн өнгө аястай чадварлаг чуулга болгож дэвжсэн. Түүнчлэн 2008 онд цагдаагийн "Сүлд" чуулгыг дахин байгуулахдаа шилдэг уран бүтээлчид сонгон авч нэгтгэж чадсанаар МУГЖ Г.Ариунбаатар тэргүүтэй шилдэг дуучдыг нийгэмд таниулсан.

    Мөн 2006 оноос эхлэн цагдаагийн музейн сан хөмрөг, эд өлгийн зүйлээр баяжуулж, 2013 онд шинээр дэглэн тавьсанаар цагдаагийн байгууллагын түүхэн замналын үнэт зүйлийг олон түмэнд сурталчлах боломжтой болж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдаас түүх уламжлаа судлах түүгээр бахархах, ахмад үеийн үлгэр жишээгээр үзэл санаагаа төлөвшүүлэх боломжоор хангаж байлаа. Ханийнхаа шүлгийн болон дурсамж номуудыг нь эмхэтгэхээр төлөвлөж байна. Саяхан "Монгол минь амгалан байг" хэмээх дууны анхдугаар уралдааныг цагдаагийн албан хаагчдын дунд зохион байгуулсан том хэмжээний наадам болсон. Эхний шатны шалгаруулалтад 100 гаруй албан хаагч бүртгүүлж, есөн хүнд нь шагнал олгосон. 

    Цагдаагийн 100 жилийн ойгоор хань минь “Сүлд” чуулгынхаа тоглолтыг хийж, тайлангаа тавьчихаад тэтгэвэртээ гарах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл 100 жилийнх нь ойгоос өмнө тэтгэвэрт нь гаргах шийдвэр гарсан байдаг. Түүнд хань минь их гомдож, сэтгэлээр унасан. Тэр шийдвэр ханийн минь сэтгэл, санаанд нөлөөлж, өвчнийг нь сэдрээсэн болов уу гэж боддог. Би түүнийгээ таван сар эмнэлэгт сахиж, эмчилгээг нь хийлгэсэн ч дээрдээгүй. Тухайн үед хорио цээртэй байсан учир гадаад явж, эмчлүүлэх боломж ч байсангүй дээ.

-Танайхаар уран бүтээлийн болон цэрэг, цагдаагийн албаныхан их ирдэг байсан байх даа?

     -Хань минь хэн бүхэнтэй ижил тэгш сайхан харьцдаг байсан болохоор найз нөхөд ихтэй. Шавь нар нь, цэргүүд нь, уран бүтээлийн найзууд нь, дүү нар нь гээд манайхаар ирэх хүн мундахгүй. 600 гаруй цэргийнхээ нэрийг овогтой нь дууддаг байсан гэхээр ой сайтай хүн байсан байгаа биз. Мөн салбар бүрийн мэдлэгтэй байсан болохоор салбар бүрийн хүнтэй ойр, дотно нөхөрлөдөг байлаа шүү дээ.


Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-15 22:57:15
    Хур Ж.Намнансүрэн: Ум ма ни бад ми хум.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-12 18:23:59
    Д.Б: Аргагүй л сод авьяастан байжээ дээ. бүтээл нь мөнхрөн түмэн олныхоо сэтгэлд үлдэнэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-12 09:28:56
    Зочин: Үнэхээр сайхан хос . Атаархмаар харагддаг байсан шүү. Тийм гоё хайрийг олж харж бсан шүү нэвтрүүлэг үзээд. Хайран хүн эрт явсан да. Гоё ярилцлага уншлаа. Эрүүл энх байж улам их дуу хийгээрэй гоё бүсгүй минь
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-12 07:01:43
    Иргэн: Үнэхээр сайхан хүн байж дээ.Сэтгэл хөдөлгөсөн сайхан ярилцлага болж ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-11 16:13:53
    Saihan: Gaihaltai hovir er hun baisan daa
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-11 13:43:53
    Өлзий: Сайхан хүн байсандаа. .
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-11 13:31:01
    Болд: Эр хүн шиг эр хүн дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-11 11:09:31
    Зочин: Сайхан хүүхэнд унаж тусах нь аргагүйшүү дээ Азтай л эр юм дааа өөриигөө арай эрт үрж дээ
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188