• Өнөөдөр 2025-10-08

“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ

           УИХ удам дамжсан улстөрчдөөр дүүрлээ. Төрөөс тэрбумтнууд “төрдөг” байсан бол нэмээд удам дамжсан улстөрч “мэндэлдэг” боллоо. Ийм бичигдээгүй хууль Төрийн ордон руу орох босго онооны нэг хэмжүүр болжээ. Монголчууд хэзээнээсээ л уянгалаг сайхан хоолой, урлагийн их авьяас, алтан гартай эмч, эрдэмтэн багш, бөх, хурдан адууны үр төлийг харуулддаг байлаа. Харин одоо цагт улстөрийн сэнтийг өвлүүлдэг болж, улстөрчдийн хүүхэд, ах дүүсийн цувааг хэзээ ил болох нь вэ гэж “хүлээдэг” болжээ.
Жишээлбэл, хэн нэгэн “УИХ-ын гишүүн Б.Жаргалан гэж хэн бэ” гэж асуухад хамгийн түрүүнд “Яагаав, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаярын том охин” гэж хариулж байна. Ингэж эцэг, эхийнхээ нэрээр арай чүү танигдаж байна, тэр.
     Аавынх нь төрд ажиллах хугацаа дууссан ч залгамжлагч нь болж, Төрийн ордонд заларсан Б.Жаргалан нөхөртэйгөө хамт бизнес эрхэлдэг. Тодруулбал, Б.Жаргалангийн нөхөр нь “Капитрон” банкны томоохон хувьцаа эзэмшигчийн нэг Д.Мөнхсайханы хүү Болор юм. М.Болор нь Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын албыг 2016 онд “булааж” авсан хэрэгт орж байсан намтартай. Тэгээд удаагүй албанаасаа мултарч, Хөрөнгийн биржийг орхиж байжээ. Харин УИХ-ын Б.Жаргалан нь ааваараа хөтлүүлж, төрийн албанд анх ажиллаж байсан түүхтэй. Тодруулбал, Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа охиныгоо өөрийнхөө орон тооны бус зөвлөхөөр томилж, нэг жил ажиллуулж байлаа. Өөрөөр хэлбэл, аав, охин хоёрын ашиг сонирхол тэртээ 2012 оноос илэрсэн гэсэн үг.  Б.Жаргаланд өөрөөр төрийн албанд ажилласан туршлага, түүх байхгүй. Ингээд  2020 онд улс төрд хөл тавьж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болж, өдгөө УИХ-ын гишүүн болоод байна. Угтаа түүнийг Архангай аймгаас нэр дэвшинэ гэж тооцоолж байсан ч АН-ын жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм. 
Б.Жаргалан нөхөр М.Болорынхоо хамт ”Элүдэй”, “Юдагун” ХХК-ийг эзэмшдэг. Уг компаниуд нь гадаад худалдаа, зар сурталчилгаа, макро эдийн засгийн судалгааны ажлын чиглэлээр 2013 оноос үйл ажиллагаа явуулж байгаа. Хачирхалтай нь, хоёр ч компани эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа Б.Жаргалангийн нөхөр М.Болор нэг ч төгрөгийн орлогогүй гэнэ.Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан сонгуульд нэр дэвшихдээ жилийн орлогоо 180 сая, гэр бүлийн орлогоо 0 төгрөг гэж мэдүүлжээ. Мөн тэрбээр зах зээлийн үнэлгээгээр 1.4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай гэсэн байна. Хачирхалтай нь, Mercedes Benz, туулах чадвар өндөр Ford загварын хоёр машинтай гэж мэдүүлсэн ч 25 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 750 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 25 сая төгрөгтэй, 57 сая төгрөгийн газартай гэж. УИХ-ын гишүүн М.Жаргалан нь нөхөртэйгөө хамтарч хоёр компани эзэмшихээс гадна төрсөн дүү Б.Хулантайгаа “Монгол түлхүүр” ХХК-ийг, Ч.Энхтайвантай “Пи Эл Эм” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Хөрөнгө орлогынх нь мэдүүлгээс харвал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан хөрөнгөө дутуу мэдүүлж, нуусан байж болзошгүй байна. Үүнийг нь холбогдох албаныхан шалгана биз ээ. 
 
УИХ-ын гишүүн Б.Жаргалан ааваараа танигдаж байгаа ч аав Н.Батбаяр монголчуудад таагүй байдлаар танигдсан нэгэн. Нэгдүгээрт, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг УИХ-ын гишүүний эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2014 онд “Чингис”, “Самурай” бондын санхүүжилтээс мөнгө завшсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж байлаа. Мөн УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь Архангай аймгийн Тариат сумын Халзанбүргэдэй, Завхан аймгийн Солонготын даваа чиглэлийн 100 километр автозамыг барихдаа 22.3 тэрбум төгрөг нэмж авах хууль бус шийдвэр гаргуулсан байдаг. Тус компани өмнө нь Хөгжлийн банкнаас 23.1 тэрбум төгрөг авсан гэх баримт мэдээллүүд ч ил олж байв. Гэвч Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын дээрх хэргийг Баянгол дүүргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр 2019 оны долдугаар сарын 8-нд хэрэгсэхгүй болгож байсан. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 2020 оны нэгдүгээр сарын 20-нд тэдний хэргийг сэргээн шалгах шийдвэр гарсан байдаг. Ингээд өнгөрсөн таван жилийн хугацаанд шалгаж, шалгаж хэргийг хаасан  билээ. Тодруулбал,  Хөгжлийн банкны 80 хүн холбогдсон шүүх хурлын үеэр тэднийг цагаатгасан байдаг. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаяр С.Эрдэнийн хоёр тэрбум төгрөг угаасан гэх хэрэгт ч орооцолдож байсан түүхтэй. Ингээд бичвэл түүний Эрүүгийн хэрэгт холбогдож, эцэс төгсгөлгүй шалгагдаж байсан түүхүүд нь дундрахгүй. 
Мөн УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр үг хэл, үзэл бодлоороо “өвөрмөц” нэгэн. Тухайлбал, “Монгол Улсад өр байхгүй ээ. Өргүй байж өртэй мэт ярихаар өрийг дуудсан буруу үйл болоод байна. Тиймээс засал хийе. Чингис бонд бол Чингис хаанаас бидэнд өгсөн хишиг юм. Их бүтээн байгуулалтыг их хаан бидэнд илгээсэн. Н.Алтанхуяг 1981 онд Алтантуяа нэрээ Алтанхуяг болгож сольсноор хожим АН-ын дарга, Ерөнхий сайд болсон. Үг гэдэг ийм хүчтэй. Тиймээс муу нэрийг сольж байх ёстой, сайн юм болно” гэх мэтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байлаа. Гэхдээ энэ үг хэллэг, үзэл бодол нь байндаа туссан гэхээс илүүтэйгээр оноогүй нь олон. 
 
Хошигнож хэлэхэд, тэртээ 2011 онд Б.Жаргалан ярилцлага өгөхдөө “Би аавын ярилцлагыг үзэхээр ичээд байдаг. Бид хоёрын характер адилхан” гэсэн байдаг юм билээ. Тэгвэл тэр аавынхаа хэлдэг байсан үг, үйлдлийг ч Төрийн ордонд залгамжлахыг байг гэхгүй. УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нэг удаа “УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгоё. Тавын тоо их учиртай тоо. Бид гарын таван хуруутай биз дээ. Дөрвөн хуруутай биш биз дээ. Таван хошуу малтай, таван тивтэй биз дээ. Бид хүнээс мөнгө зээлэхдээ тав, арван төгрөг зээлчихээч гэдэг болохоос дөрөв, найман төгрөг зээлчихээч гэдэггүй биз дээ. Энэ чинь бэлгэдлийн тоо” гэж ярьсан байдаг. Хэрэв УИХ-ын гишүүн Б.Жаргалан аавтайгаа адилхан, зан чанар нь усны дусал шиг ижилхэн бол энэ мэт “шорвог” үгсийг хэлэх болов уу. Учир нь,  “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг шүү дээ.  
 

“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188