• Өнөөдөр 2026-10-14

ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ

Өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны өдөр болсон онцлох мэдээг тоймлон хүргэж байна.

БААВГАЙГ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ТООЛЖ, ХАЛДЛАГАД АМИА АЛДСАН ИРГЭДИЙН АР ГЭРТ НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОНО

Хүрэн баавгай суурьшлын бүсэд олноор орж ирж буйтай холбогдуулан Засгийн газар унтуулгын буу худалдан авахаар шийдэж, энэ сарын 16-наас худалдан авалт хийхээр боллоо. Галт зэвсгийн эрхтэй албан хаагчид болон анчдыг дайчилж байгаа бөгөөд өөрийгөө хамгаалах зорилгоор баавгай устгасан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Баавгайг дэвшилтэт технологиор тоолж, халдлагад амиа алдсан иргэдийн ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАМЫН-ҮҮДИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВТЭЙ ТАНИЛЦАВ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. 128 га талбайтай тус төв хоногт 800 вагон нэвтрүүлэх хүчин чадалтай. Энэ онд 1.8 сая тонн ачаа боловсруулж, 111 мянган чингэлэг ачиж буулгах төлөвтэй байна.

БАГАХАНГАЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ

Улаанбаатарын төвөөр дамжих ачаа тээврийг тойруулах зорилготой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын нээлт 10 дугаар сарын 11-нд боллоо. Жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай уг замыг үндэсний 161 аж ахуйн нэгжийн 4000 гаруй ажилтан барьсан. Туул гол дээгүүрх 476 метр урт гүүр нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болжээ.

ӨВӨРХАНГАЙД ХОГООС ЭРЧИМ ХҮЧ ҮЙЛДВЭРЛЭХ СТАНЦ БАРИНА

Арвайхээр хотод хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 20 МВт-ын цахилгаан станцын шав тавьлаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар 18 сарын хугацаанд барих тус станц жилд 142 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Ингэснээр Хангайн бүсийн 60 орчим мянган өрхийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

АРХАНГАЙД 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИВ

Архангай аймгийн Цэцэрлэг хотод 22 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо. Төр шугам сүлжээнд 80 орчим тэрбум, хувийн хэвшил 150 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Станц ашиглалтад орсноор аймгийн төвийн эрчим хүч, дулааны хангамж найдвартай болж, агаарын бохирдол буурна.

ГАЛ УНТРААХ 29-Р АНГИЙН БАРИЛГА ГҮЙЦЭТГЭГЧЭЭС ШАЛТГААЛАН ЗОГСОЖЭЭ

Баянхошуу дэд төвд баригдаж буй Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажлыг гүйцэтгэгч шалтгаангүйгээр зогсоосон байна. Иймд Хотын дарга Б.Пүрэвдагва гүйцэтгэгчид арга хэмжээ авахыг даалгалаа.

 


ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188