• Өнөөдөр 2026-10-15

НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД

2026-10-15,   163

     "Хорин хэдэн шарыг минь хоёрхон оготно идчихлээ гэж үү дээ” хэмээн Жамц баян халаглан суугаа дүр зураг Хүргэн хүү кинонд гардаг. Монголчууд эдгээр өдөр яг л үүн мэт халаглаж сууна. Монголын үзэсгэлэнт газар нутгийг “Мобиком”-ын хэдэн захирлууд сүйтгэж орхилоо гэж үү дээ. Ийн хэлэхийн учир нь Нөмрөгийн дархан цаазат, тусгай хамгаалалттай газар түймэр гарч, тэр онгон дагшин газар нутаг зургаан өдрийн турш улангассан гал дүрэлзэж, амьд амьтангүй болтлоо шатаж хоцорлоо. Нөмрөгийг нөмөрсөн их утаан дунд буруутан нь бултаад хоцрох юм биш биз.

 

2026.10.08 БИЧИГТИЙН ӨНДӨРТ ОЧ АВАЛЦСАН НЬ

    Монгол Улсын зүүн хязгаар шатаж дууслаа. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр баг, Бичигтийн Өндөр гэх газар ой хээрийн түймэр гарсан гэх дуудлага энэ сарын 8-ны өдөр 11:55 цагийн орчим ирсэн байдаг. Монгол орны эко систем, үзэсгэлэнт байгалийн цогцолбор нэн ховор амьтадын бэлчих нутагт ийнхүү 4700 км2 хар толбо тогтож,  зээр гөрөөс, хандгай бугаас эхлээд амьд амьтангүй болсон харамсалтай үйл явдал өнгөрсөн өдрүүдэд тохиолоо. Нөмөргийн тусгай хамгаалалттай газарт 587.744 га буюу ойролцоогоор 5.880 км2 газар хамаарна. Энэ өргөн уудам нутгийн 80 орчим хувь нь бүрэн шатжээ.  Хуурай өвсөнд ассан гал түймрийн зурвас болж асар өргөн газар нутагт тархав. Аравдугаар сарын 11-ний байдлаар  Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид болон Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын албаны нийт 109 хүн 18 автомашинтай шуурхай ажиллаж хоёр өдрийн дараа буюу аравдугаар сарын 13-ны 00:55 цагт цурамд оруулсан байдаг. Үндсэндээ монголын талаас нийт 60 бүлэг, 606 хүн, 100 техник хэрэгсэлтэй дөрвөн өдрийн турш түймрийн голомтод ажилласан. Техник хэрэгсэл бага, хүн хүч цөөн монголын тал ийнхүү өдөр шөнөгүй гал утаан дунд тэмцэж байхад хилийн торны цаана орчин үеийн тоног төхөөрөмжөөр өвч тоноглосон ӨМӨЗО-ны 2000 гаруй алба хаагч хилийн бүс орчмоо хамгаалж, өөрийнх нь газар нутагт түймэр тархахаас сэргийлэн зогсож байлаа.

 

2026.10.11 ХЭРГИЙН ЭЗЭН ХЭНГЭРГИЙН ДОХИУР МОБИКОМЫНХОН “МОНГОЛД Л ТУСЛАХ ГЭЖ БАЙСАН” ГЭВ ҮҮ

      Хэрэг явдал хаанаас эхлэлтэй вэ гэвэл хэсэг бүлэг хүмүүсийн унаж явсан тээврийн хэрэгсэл шатсантай холбоотой. Тодруулбал, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Япон Улсын иргэн Ясүхиро Очи тэргүүтэй хүмүүс тус дархан цаазат газар явж байхад уг осол болжээ. Тэд энэ сарын 6-ны өдөр Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох ажлаар очсон хэмээн худал үнэн нь мэдэгдэхгүй зүйлийг олон нийтэд хэлж байгаа. Харин үүнээс хоёр өдрийн дараа дархан цаазат газарт, хэний зөвшөөрлөөр, юу хийж явсан нь тодорхой бус байна. Шатсан машин “Nissan Patrol Y62” нь улсын сери дугаартай, төрийн албаны машин байсан хэмээн зарим эх сурвалжууд ч дурдаад амжив. Хавар, намрын хуурайшилтын энэ цаг үед машин шатах нь бүү хэл тамхины цог унах төдийд л хатсан өвс дүрсхийн асаж, хүүе гэхийн амжилгүй хөндий тархдаг цаг юм. Ямартай ч Мобиком корпорацынхан болсон бүх үйл явдлыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргав. Тус мэдэгдлээ “Мобиком корпорац нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн Монгол Улсын хил орчмын алслагдсан бүс нутаг, хилийн боомт болон хилийн цэргийн заставуудад харилцаа холбооны сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттайгаар ажиллаж ирсэн. Энэ хүрээнд шилэн кабелийн дэд бүтцийг өргөтгөх, үүрэн холбооны 4G сүлжээ нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж, алслагдсан бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэд болон албан хаагчид, тэдний ар гэрийн харилцаа холбооны хүртээмж, мэдээлэл солилцох боломжийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлыг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцох, одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж, сайжруулах, цаашид харилцаа, холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч, тухайн бүс нутагт хээрийн түймэр гарсан харамсалтай үйл явдал болсон. Манай ажилтнууд хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч, тухайн бүс нутагт нэвтэрсэн болно. Мөн тухайн ажлын хүрээнд орон нутгийн удирдлага, хил хамгаалах байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна.” хэмээсэн байдаг. Дээрх мэдэгдлийг харахад алслагдсан бүс нутгийн хүмүүс, мэдээлэл харилцааны дутмаг ард иргэдэд л туслах гэж байсан санаа цухалзана. Тусалж болно оо, тэдний энэ хүртэл хийж ирснийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч монгол орны хамгийн цэнгэг устай, хамгийн олон нэн ховор амьтад нутагладаг, байгалийн өвөрмөц тогтоцтой дархан цаазат газар нутгийн энэ их хохирлыг ямархан ч тусын сэтгэл нөхөхгүй гэдгийг санах хэрэгтэй.

2026.10.13 ЯПОН ЗАХИРАЛ УУЧЛАЛ ХҮСЭЖ, ХОХИРОЛ БАРАГДУУЛНА ГЭЖ МЭДЭГДСЭН Ч ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ТУХАЙ ДУРДСАНГҮЙ

    Тус корпорацын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи өчигдөр уучлал хүсэж, дахин мэдэгдэл хийв. Тэрбээр, Юуны өмнө Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарч, байгаль орчинд хохирол учирсанд бид гүнээ харамсаж байна. Ясүхиро Очи миний бие Япон улсын компанийн нэрийн өмнөөс болон өөрийн чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Бид хариуцлагаас зайлсхийхгүй. Мобиком корпорац нь олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагаа зохих ёсоор биелүүлэх ёстой. Хохирлын бодит тоо хэмжээ холбогдох байгууллагуудын шалгалтаар тогтоогдоно. Бид энэхүү үйл ажиллагаанд бүх талаар хамтран ажиллана. Шалгалтын үр дүн болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд учирсан хохиролтой барагдуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах болно. Олон нийтийн санаа зовниж байгааг бид ойлгож байна. Байгаль орчинд учирсан хохиролд гүнээ харамсаж байна. Монголын ард түмнээс дахин чин сэтгэлээсээ уучлал хүсье. Бид холбогдох эрх бүхий байгууллагуудтай бүрэн хамтран, шалгалтын үр дүнд үндэслэн, тогтоогдсон нөхцөл байдал, хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг нөхөн сэргээх үйл ажиллагаанд оролцох болно. Гал унтраах ажиллагаанд оролцсон онцгой байдлын алба хаагчид, байгаль хамгаалагчид, орон нутгийн удирдлага болон иргэд, туслалцаа үзүүлсэн хүн бүрд гүн талархал илэрхийлье” хэмээв. Түүний мэдэгдлийг сайтар анзаарвал хохирлыг барагдуулна, хамтарч ажиллана гэснээс холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээж, ял эдлэх тухай огт дурдсангүй. Тэгвэл Эрүүгийн тухай хуулийн 24.7.1-т Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 24.7.2-т Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан. Хэрэв зээ хууль хяналтын байгууллага үнэн зөв шалгаж, шалгах явцаас хэрэг “сугарахгүй” бол Мобикомын удирдлагууд дан ганц хохирол барагдуулахаас гадна Эрүүгийн тухай хуулиар 2-8 жилийн хорих ял хүлээж ч мэдэх юм. 

 

 

2026.10.13 ӨӨРСДӨДӨӨ ХИЛ ХАЛДААДАГГҮЙ ХХЕГ-НХАН ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ

    Монголчууд үеийн үед л гадныханд тал засаж, мөнгөний өмнө бөхөлзсөөр ирсэн. Хаанаас ирсэн нь хамаагүй эрх мэдэл, хөрөнгө чинээтэй л бол хөлөө хугалах шахам дагаж, эх орныхоо аль сайхан газраар дагуулж яван, ан гөрөө хийлгэж тал засдаг зуршилтай. Зарим эх сурвалжийн дурдаж буйгаар Мобикомын удирдлагууд загас агнахаар явж байсан тухай мэдээлэл бий. Гэвч үүнийг албаны эх сурвалжууд үгүйсгээд буй. Тэр дундаа ХХЕГ-аас гаргасан мэдэгдэлд “… Иймд цахим орчинд тархаад буй хээрийн түймэр гарахад эдгээр иргэдтэй хамт явсан, архидан согтуурсан, авлига авсан, зодолдсон, ан агнасан зэрэг нь бодит бус, ташаа мэдээлэл болохыг мэдэгдье” хэмээн дурджээ. Угтаа хэрэг үүсэх нөхцөл байдал, шалтгаан зэргийг тус байгууллага өөрийн цахим хаягтаа нийтлэх бус Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт, мөрдөн байцаалт явуулж, бодит мэдээллийг зарлах ёстой. Тэгвэл тэд яагаад хууль, хяналтын байгууллагынхнаас урьтаж, арьсаа хамгаалах мэдэгдэл гаргах болов гэдэг нь хардалт дагуулж байна. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэг үг бий. Цахим орчинд эл түймрийн эзэн холбогдогчийн талаар сэтгэгдэл хэлж буй хуульч, өмгөөлөгчдийн ярианаас “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй гэх шалтгаанаар дан ганц жолоочид хариуцлага тооцоод орхиж болохгүй. Тусгай хамгаалалттай бүс нутагт нэвтрэх зөвшөөрөл өгсөн эрх бүхий байгууллага, удирдлагуудад ч хариуцлага тооцох хэрэгтэй” гэсэн санаа цухалзаж буй нь тийм ч буруу үг биш бололтой. Учир нь тэд зөвшөөрөл өгч оруулаагүй бол ийм харамсалтай үйл явдал хаанаас гарах билээ дээ. Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд болох нийт 13 хүн (5 автомашин)-д 2026 оны 10 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрлийг гаргасан хүсэлт болон холбогдох хуулийн заалтуудыг үндэслэж олгосон тухай Хил хамгаалах ерөнхий газар мэдэгдэлдээ дурдсан. Тэд Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д "Энэ хуулийн 26.2.3-т заасан зөвшөөрлийг улсын хилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас 1 жил хүртэл хугацаагаар, энэ хуулийн 30.2.3-т заасан зөвшөөрлийг тухайн орон нутагт байрлах хилийн цэргийн анги (салбар) 30 хүртэл хоногийн хугацаагаар олгож, хяналт тавина"; Мөн зүйлийн 25.9-д "Улсын хилийн зурвас, бүс, боомтод нэвтрэх зөвшөөрөл нь эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тэмдгээр баталгаажуулсан хэвлэмэл хуудас бүхий байна." гэж заасны дагуу хууль ёсны зөвшөөрөл олгосон гэдгээ ч хэлээд амжив. Мөн “УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч хурандаа Б.Гантөгс нар 10 дугаар сарын 06- ны өдөр дээрх арга хэмжээний нээлтэд оролцоод Дорнод аймаг, Халх гол сум руу буцсан бөгөөд хээрийн түймэр гарах үед тухайн газар оронд байгаагүй болно” хэмээсэн нь тус мэдэгдлийн хамгийн анхаарал татсан хэсэг. Дээрх нэр дурдсан хүмүүс байсан ч, байгаагүй ч бүхэл бүтэн тусгаар тогтносон улсын хил хамгаалах байгууллага нь албан ёсны мэдэгдэлдээ хэн нэгнийг нь  өмгөөлсөн, буруутан биш мэтээр харагдуулахыг хүссэн, хэт нэг талыг барьсан байр суурь илэрхийлнэ гэдэг байж болшгүй ёс зүйн алдаа юм. Иймд хууль хяналтын байгууллага зөвшөөрөл өгсөн нэр бүхий удирдлагуудыг ч сайтар шалгах хэрэгтэй.

 

2026.10.13 ТОЙРГОО УСАЛЖ ЯВСАН ГЭХ УИХ-ЫН ГИШҮҮН ТҮЙМРИЙН ТАЛААР ЮУ ХЭЛЭВ

             “Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр боомт Мобиком корпорацын хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабелиар холбогдлоо” хэмээн индрийн ард зогсож асан УИХ-ын гишүүн У.Отгонбаяр тус арга хэмжээ дуусаад хот руу буцсан гэнэ. Харин иргэдийн дунд түүнийг Мобиком корпорацын удирдлагуудтай хамт явсан эсэх талаар эргэлзээ бий. Тэрбээр энэ талаар олон нийтэд хандаж “Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр гарч, байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн хэд хоног цахим орчинд буруу ташаа мэдээлэл түгж байгаад тайлбар өгөх ёстой. Миний бие өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон тойрог Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажилласан нь үнэн. Аравдугаар сарын долоонд би Дорнод аймгийн төв Чойбалсан хотод хоёр аргаа хэмжээнд оролцож дуусаад хот руу явсан. Аравдугаар сарын 8-ны 11:55 цагт гал түймэр гарсан дуудлага ирсэн юм билээ. Энэ өдөр миний бие Улаанбаатар хотод УИХ-ын чуулганд сууж байсан. Үүнийгээ баримтаар харуулъя. Энэ бол хөдөлшгүй үнэн баримт. Нөмрөгийн дархан цаазат газарт би амьдралдаа очиж үзээгүй. Хил хамгаалах ерөнхий газар, Дорнод аймгийн ЗДТГ-аас Сүмбэрийн боомтод зохион байгуулсан арга хэмжээ, тодруулбал Мобикомын шилэн кабелийн нээлтэд 10.06-нд оролцсон нь үнэн. Тэр хүмүүсийг арга хэмжээгээ дуусаад Нөмрөгийн застав руу явах даа гал гаргасан гэж би ойлгосон. Дархан цаазтай газар хэн дуртай нь ороод байдаггүй. Хэрхэн зөвшөөрөл авч нэвтэрснийг нь би мэдэхгүй. Хууль, хяналтын байгууллага ажиллах байх. Маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг гүтгэж, гал тавьсан мэтээр харлуулж буй учир би үнэн бодит мэдээлэл өгч байна” хэмээсэн байдаг. Хэдий тэр байгаагүй ч Мобикомын захирлууд хилийн бүс, тусгай хамгаалалттай дархан цаазат газарт нэвтэрч орсонд түүний эрх мэдэл, гишүүн сэнтийний нөлөө байж болзошгүй гэдгийг нэр бүхий хуульчид ярьж, бичээд эхэллээ.

   Хил орчмын эрх бүхий байгууллагууд болон удирдах албан тушаалтнууд нь ийнхүү хэн буруутайг ярихаас өмнө “Би буруугүй”, “Бид хуулийн дагуу зөвшөөрөл олгосон” зэргээр хар амиа хичээж, арьсаа хамгаалж сууна. Харин энэ бүхний цаана нөмрөгийн түймэрт өртөж, эзэмшил нутгаасаа дайжсан зэрлэг ан амьтад хаана, хэрхэн өвөлжих вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Үүнээс эхлээд тоочоод дуусахгүй, харамсаад барахгүй гол зурам олон ч асуудал яригдана. Харин хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдгийг хууль хяналтын байгууллагадаа итгэж, хүлээхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй.

 


НӨМРӨГИЙГ НӨМӨРСӨН ТҮЙМРИЙН ДАРАА АР, АРААСАА ГАРСАН “АРЬСАА ХАМГААЛСАН” МЭДЭГДЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-10-15 12:08:18
    80955877: SEXSEER UILCHLN MERGJLN SEXSEER XALYYXAN VANAGLMAAR XUSNEER SEXSY BOOB XOXOJ BOOW DOLOON ALNI SEXSEER ANUSN SEKSDEX VANXANI BIEE UNELLEED80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188