ЭМГЭНЭЛ
Бэсүд овогт Ламжавын МЯГМАРСҮРЭН
/1954-2022/
Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын Эвлэлийн болон нэрэмжит шагналт яруу найрагч Бэсүд овогт Ламжавын Мягмарсүрэн 2022 оны арван хоёрдугаар сарын 3-нд өвчний улмаас таалал төгсөж, утга зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Л.Мягмарсүрэн нь 1954 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг Залаат улаан толгой гэдэг газар төрж, бага, дунд сургууль, Анагаах ухааны дээд сургууль төгсөж, эмч мэргэжил эзэмшсэн.
Нэрт соён гэгээрүүлэгч, орчуулагч Мишигийн Цэдэндоржийн шавь, яруу найрагч, сэтгүүлч Л.Мягмарсүрэн "Урины шувуу" /1983/, "Өдөр бүр шинэ" /1989/, “Хас сар” /2006/, "Манан дунд адуу янцгаахуй" /2006/ анталоги, “Алганы хээ” /2008/, “Хөх дарс” (Цэнхэр дарс) /2009/, “Хэлбэр өгөй” (Хэлбэргүй) /2010/, “Дотоод чинадын үзэгдэл” /2011/, “Шөнийн өвс” /2013/, “Тэнгэрийн нутаг” (Тэнгэрийн газар) /2015/ яруу найргийн ном хэвлүүлсэн. “Хас сар”-ыг анх АНУ-д, дараа нь Монголд хэвлэжээ.
Түүний шүлэг, сэтгүүлзүйн зохиолын зарим нь орос, англи, хятад, франц, япон, испани, итали, португал, чех, польш зэрэг олон хэл рүү орчуулагдаж, ном, сэтгүүлд хэвлэгдсэн. Л.Мягмарсүрэн шилдэг зохиолоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, МЗЭ-ийн нэрэмжит шагнал, "Алтан өд" цом, Монгол хэлтэн яруу найргийн олон улсын наадмын тэргүүн байрын шагнал, “Улаанбаатар хотын шилдэг зохиолч” шагнал /2006/, М.Цэдэндоржийн нэрэмжит шагнал, Монголын үндэсний чөлөөт сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагнал, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цолоор шагнуулж байсан. Тэрбээр 2022 онд өөрийн багш, Монголын нэрт соён гэгээрүүлэгч М.Цэдэндоржийн 90 жилийн ойд зориулсан “Хуурын эгшиг” яруу найргийн наадмын тэргүүн цомыг хүртэж, 2022 оны 11 дүгээр сарын 24-нд болсон “Болор цом 40” наадмын тайзан дээрээс эгшиглэнт шүлгээ түмэндээ толилуулж, шинэ номоо хэвлэлд шилжүүлэхээр бэлтгэж байсан яруу найрагч байлаа. Дуулам орчлонг өөрийнхөөрөө, зоргоороо туулж, түмнийхээ гэгээг, олныхоо сайхныг олж харж, урлан туурвихуйн жаргалд умбан бүтээж, бурхан багш нараа дээдлэн шүтэж явсан эрхэм нөхөр, түшигтэй ах, ухааралт найрагч таны гэгээн дурсгалыг үүрд хүндэтгэнэ.
МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
“УТГА ЗОХИОЛ, УРЛАГ” СОНИН
“ЦОГ” СЭТГҮҮЛ
Талийгаачийн буянд өргөх МЗЭ-ийн гишүүдийн хандивыг МЗЭ-ийн менежер П.Наранбаатарын Хаан банкны /5034729823 тоот/ дансанд хүлээж авч байна.
ЭМГЭНЭЛ: ЛАМЖАВЫН МЯГМАРСҮРЭН |
|