Тав, арван хүн цалинжуулаад, түрийвч нь жаахан түнтийгээд эхлэхээр Төрийн ордон ойрхон санагдаад, тэнд л тухтай байх шиг бодогдоод эхлэх нь манайханд нийтлэг. Тэгээд таван сая төгрөгийн цалинтай түшээгийн сэнтийгийн төлөө тэрбум төгрөгөөр сонгуульдана. Хэтэвчнийхээ хэмжээг мэдэхгүй орон байраа барьцаанд тавьж сонгуульдаад, ойчсоныхоо дараа очих газаргүй болсон нөхөд ч олон бий. Энэ жишгээр 2016 оны УИХ-ын сонгуульд Солонгосоос уул уурхайн машин механизм оруулж ирж хөлжсөн “Хера холдинг” ХХК-ийн захирал Х.Ганхуяг гэх залуу Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж байв. Уг нь тухайн үед Х.Ганхуяг ХҮН намын гишүүн, тус намын туган доороос нэр дэвшихээр бэлдэж байсан хэдий ч сурталчилгаа эхлэхээс сар гаруйн өмнө удирдлагуудтайгаа толхилцсон. Тиймдээ ч бие даан нэр дэвшиж байв. Даанч Баянгол дүүрэгт МАН-аас Д.Лүндээжанцан, АН-аас З.Энхболд гэсэн луугарууд нэр дэвшсэн тул бие даагч Х.Ганхуягт орон зай олдоогүй, ганзага хоосон буцаж байлаа.
Харин 2020 оны УИХ-ын гишүүн сонгуулиар өнөөх бие даагч Х.Ганхуяг Баянгол дүүрэгтээ МАН-аас нэр дэвшсэн. Хэрвээ Х.Ганхуяг 2020 онд МАН-аас нэр дэвшихдээ унасан бол өнгөрөгч 2024 онд АН-аас дэвших байсныг үгүйсгэх аргагүй. Ийнхүү 2020 онд анх удаа УИХ-ын гишүүн болж орж ирсэн Х.Ганхуягийг олон нийт эхэндээ “шинэков” л гэж харж, онцгойлж ойшоодог ч үгүй байв. Атал Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөг “туучихсан”, архаг түшээдтэй ч харьцуулшгүй айхтар нөхөр байж таарсан. Тиймдээ ч Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар татагдаж, хоёр он дамнан шүүгдсэн мөртөө хэрэгсэхгүй болгуулж дөнгөөд, УИХ-ын гишүүнээр улирчихаад сууж буй. Түүний намтар, төрд орж ирсэн түүхийг товч танилцуулахад ийм. Одоо харин дэлгэрүүлье.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн санаачилсан, Саарал ордонд хэрүүл, сошиал орчинд шүүмжлэл дагуулсан, дүүжлэгдэхийн наахна эргүүлэн татсан ганц л дуулиант хууль бий.
Тодруулбал, Х.Ганхуяг 2020 онд УИХ-ын гишүүн болмогцоо УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой хамтран Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж эхэлсэн. Улмаар 2021 оны зургадугаар сарын 21-нд Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр хамтран боловсруулсан хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Ингээд УИХ-аар хэлэлцэж эхэлтэл Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр уг хуулийн төсөлдөө “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн виз олгох”, “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан бол Монгол Улсад оршин суух виз олгох” гэх мэт маш ноцтой заалтуудыг хавчуулсан байсан. Өөрөөр хэлбэл, манай улсыг хамгийн их сонирхдог Солонгос, эсвэл хятадууд гадаадын хөрөнгө оруулагч гэх халхавчийн доор 50 мянган ам.доллар буюу хоёр өрөө байр ч худалдаж авч хүрэхгүй мөнгөөр Монголд хөрөнгө оруулалт хийсэн болоод л гэр бүлээрээ байнга орших суух визтэй болох боломжийг Х.Ганхуяг, Д.Өнөрболор хуулийн төсөлдөө хавчуулсан байсан нь илчлэгдсэн. Ингээд Саарал ордныхон ч, сошиал орчныхон ч Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёрыг гаднынхны даалгавраар ийм хууль санаачиллаа гэж шүүмжилсэн. Арга буюу 2022 оныг гуравдугаар сард Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөө албан ёсоор татаж авсан байдаг. Тэгвэл Х.Ганхуяг Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлдөө яагаад Д.Өнөрболортой хамтарсан бэ, энэ хуулийг өөрчлөх нь тэдэнд ямар ашигтай байсан бэ гэдгийг баримтаар танилцуулъя.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр эхлээд эгч, дүү, дараа нь дарга, цэрэг байсан эртний түүхтэй улс. Гэвч үүнийгээ УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тас нуудаг. Анзаарч харвал, Х.Ганхуягийн намтраас дөрвөн жил сох дутдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Өнөрболор МУИС-ийн Солонгос хэлний ангийг 1996 онд, харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг 1999 онд төгссөн. Өөрөөр бол, Х.Ганхуягийг МУИС-ийн Солонгос хэлний ангид оюутан болж орж ирэх үед дээд ангийнх нь эгч нь Д.Өнөрболор байв. Ингэж тэд эгч, дүү болцгоосон.
Харин дарга, цэрэг болсон нь гэвэл, 1996 оны дөрөвдүгээр сард Солонгосын хөрөнгө оруулалттай “Сөүл” ХХК Монголд байгуулагдаж, Хүүхдийн паркийн хашаан дотор “Сөүл” ресторанаа нээсэн. Гэвч “Сөүл” ХХК-ийн солонгос эздэд монголчуудтай хэл амаа ололцох амар байсангүй. Иймд МУИС-ийн солонгос хэлний ангийн шинэхэн төгсөгч Д.Өнөрболорыг “Сөүл” ХХК-ийн Монгол дахь захирал, бас орчуулагчаар ажилд авсан. Ингээд болоогүй, МУИС-ийн солонгос хэлний хоёрдугаар курсийн оюутан Х.Ганхуяг гэх залууг “Сөүл” ХХК-ийн Оффис менежерээр ажилд авсан. Магад, доод ангийнхаа дүү Х.Ганхуягийг Д.Өнөрболор “Сөүл” ХХК-ийн эздэд санал болгосон ч биз. Нэмээд, тухайн үед МУИС-ийн солонгос хэлний ангийг жилдээ 10 орчим оюутан л төгсдөг, Монголд орж ирсэн солонгос бизнесменүүд солонгос хэлний мэргэжлийн орчуулагч олох амаргүй байлаа. Тиймээс ч “Сөүл” ХХК-ийн солонгос эзэд ийнхүү МУИС-ийн Солонгос хэлний орчуулагчийн ангийн шинэхэн төгсөгч Д.Өнөрболор, хоёрдугаар курсийн оюутан Х.Ганхуяг хоёрыг зэрэг ажилд авсан гэж болно. Ингэж Д.Өнөрболор, Х.Ганхуяг хоёр МУИС-ийн эгч, дүү байснаа “Сөүл” ХХК-ийн дарга, цэрэг болцгоосон түүхтэй.
Ингэж явсаар 1999 онд “Сөүл” ХХК-ийн оффис менежер Х.Ганхуяг МУИС-ийн солонгос хэлний ангиа төгслөө. Төгсмөгцөө магистр хамгаалах мөрөөдөлтэйгөөр Солонгосыг зорив. Гэвч Х.Ганхуягийн хүслээр болсонгүй, хэсэг хугацаанд төмрийн үйлдвэрт хар ажил хийж, хэд хэдэн удаа хуруугаа таслах дөхсөнөөр Монголдоо буцаж ирсэн. Ингээд үргэлжлүүлэн Д.Өнөрболорын “Сөүл” ХХК-д менежерээр ажиллах болжээ. Улмаар 2003 онд “Сөүл” ХХК-ийн менежер Х.Ганхуяг өөрийн “Хера” ХХК-ийг байгуулж, Солонгосоос “Hite” шар айраг оруулж ирж эхэлсэн. Солонгос хоолны ресторан ажиллуулдаг “Сөүл” ХХК-д оюутан байхаасаа ажилласан Х.Ганхуягт Солонгосоос шар айраг оруулж ирэх “коридор” бэлэн байсан хэрэг л дээ. Ингэж Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр 1996 онд “Сөүл” ХХК-аас ажил, амьдралын гараагаа зэрэг эхэлсэн учраас хожим 2021 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтран боловсруулсан хэрэг.
Гол нь, Д.Өнөрболорын ч, Х.Ганхуягийн ч бизнесийн түншүүд нь одоо ч солонгосчууд. Д.Өнөрболорын өдгөө ч удирддаг “Сөүл” ХХК-ийн жинхэнэ эзэн нь У Хем Ён гэх солонгос өвгөн бий. Харин Х.Ганхуягийн “Хера групп” ХХК нь Солонгосын “Hyundai” группийн уул уурхайн хүнд даацын машин механизмын Монгол дахь албан ёсны борлуулагч. Зөвхөн Х.Ганхуягийн бизнесүүд ч биш, түүний хамаатан саднуудын бизнес ч солонгосчуудтай шууд холбогддог, доор дэлгэрэнгүй өгүүлнэ. Өөрөөр бол, Х.Ганхуяг, Д.Өнөрболор хоёр 1996 онд “Сөүл” ХХК-д ажилд орсноосоо хойш 20 гаруй жил солонгосчуудаар “тэтгүүлж” ирсэн. Тиймдээ ч тэд Солонгосын хөрөнгө оруулагчдын “даалгавар”-аар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, хөрөнгө оруулагч нэрээр гэр бүлээрээ Монголд оршин суух виз авах босгыг 50 мянган ам.доллар буюу 170 сая төгрөг болгож багасгахыг санаархсан дүр зураг харагдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн аав Надмидын Хассуурь нь дөрвөн хүү, зургаан охинтой айлын том нь. Түүний төрсөн дүү нь Гадаад худалдааны сайд Надмидын Бавуу гэж хүн байлаа. Харин Н.Бавуугийн хүү нь Энхжин гэж бий. Х.Ганхуяг 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшихээр бэлтгэл хангаж эхлэхдээ өөрийгөө сурталчилсан “Монгол хүн-Монголын бахархал” нэвтрүүлгийг үеэл Б.Энхжинтэйгээ хамтран хөтөлж, Монголын үндэсний телевизээр цацаж байлаа. Мөн Б.Энхжин нь 2020, 2024 оны УИХ-ын сонгуулиар Х.Ганхуягийн сонгуулийн санхүүжилтийг нь босголцож байлаа. Товчхондоо, үеэл Б.Энхжин нь Х.Ганхуягийн улс төрийн карьерт үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэн.
Тэгвэл Х.Ганхуягийн үеэл Б.Энхжин нь эхнэр Б.Даваажавынхаа төрсөн дүү Б.Пүрэвжав болон Б.Пүрэвжавын нөхөр буюу баз хүргэн БНСУ-ын иргэн Yun Kyungro хоёртой “Дивинус” ХХК-ийг 2012 оноос хойш хамтран эзэмшиж ирсэн. Б.Энхжингийн баз хүргэн БНСУ-ын иргэн Yun Kyungro гэгчийн тухайд, анх “Бэгдү констракшн” ХХК-ийг Монголд байгуулан барилгын салбарт бизнес хийхээр орж ирсэн бөгөөд Баянгол дүүргийн VI хороо, олны мэдэхээр X хорооллын ард “Бэгдү” нэртэй орон сууцны хорооллыг барьж худалдсан. Мөн Yun Kyungro гэгч нь “Бэгдү констракшн” ХХК-аараа Хан-Уул дүүргийн VIII хороо, олны мэдэхээр Нисэхийн тойргийн зүүн хойд хэсгийг газруудыг бүхэлд нь эзэмшиж ирсэн. Одоо тэр газар дээр нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 856 айлын “Актив гарден” гэх орон сууцны нүсэр хороолол барьж буй. Дээр дурдсанчлан, зөвхөн УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бизнесүүд ч биш, хамаатан садных нь бизнесүүд ч энэ мэтээр солонгосчуудтай шууд холбогддог гэдгийг дурдах нь зүйтэй.
Гол нь, Х.Ганхуягийн үеэл Б.Энхжингийн эхнэр Б.Даваадоржийн аав буюу хадам аав Чүлтэмийн Балжинням, хадам дүү Б.Пүрэвжав хоёр нь ЗГХЭГ-ын Дэд дарга асан, өдгөө Узбекистанд суугаа Элчин сайд Дааданхүүгийн Батбаатартай “Мошеа-Эко” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин Б.Энхжингийн охин Э.Сараана нь “Мошеа-Эко” ХХК-ийн охин компани “Эрчимхан” ХХК-ийг эзэмшдэг. Өөрөөр бол, “Мошеа-Эко” ХХК нь Х.Ганхуягийн үеэл Б.Энхжингийн гэр бүлийн компани гэж хэлж болно.
Тэгвэл “Мошеа-Эко” ХХК-ийн охин компаниуд нь Төв аймгийн Сэргэлэн сум буюу Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын ойр орчмын 173 га газрыг бүхэлд нь эзэмшиж байгаа. Тухайлбал,
“Мошеа-Эко” ХХК-ийн охин компани “Мошеа электрик энержи” ХХК нь Хөшигийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын урд 1,040,000 м2 буюу 100 га газар,
“Мошеа-Эко” ХХК-ийн охин компани “Мошеа эко энержи” ХХК нь Хөшигийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын эргэн тойрны есөн байршилд нийт 66.5 га газар,
“Мошеа-Эко” ХХК-ийн охин компани “Чингис хаан интернэшнл аэрпорт ложистик” ХХК нь Хөшигийн хөндийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зүүн хойно 3.0 га газар тус тус эзэмшдэг.
Гол нь, “Мошеа-Эко” ХХК нь “Мошеа электрик энержи” ХХК-ийнхаа Хөшигийн хөндий дэх 100 га газар дээр Солонгосын “Idea Bridge” компанийн хөрөнгө оруулалтаар сэргээгдэх эрчим хүчний 50МВт-ын цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр шав тавьчихсан, ашиглалтад орсных нь дараа “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг цахилгаанаар хангаж “мөнгө цохих” тохироогоо ч хийчихсэн гэж байгаа. Гэхдээ тодорхойгүй шалтгаанаар төслөө хараахан эхлүүлж чадахгүй гацчихаад байгаа.
Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Ганхуягийн Санхүүгийн менежерээр ажилласан, төрсөн ах Х.Гантулгынх нь эхнэр Б.Алтанцэцэг нь 2021 оны хоёрдугаар сард “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон байдаг. Үеэл Б.Энхжин нь хадмуудынхаа “Мошеа электрик энержи” ХХК-аар солонгосчуудтай хамтарч Хөшигийн хөндийд сэргээгдэх эрчим хүчний 50Мвт-ын цахилган станц барих төсөл зүтгүүлж байхтай зэрэгдээд Х.Ганхуягийн бэр эгч “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон нь санаандгүй тохиолдол байж болох уу. Судлаад үзэхээр, Б.Алтанцэцэг өмнө нь Х.Ганхуягийн нийтийн тээврийн “Блюбус” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Х.Ганхуяг үнэхээр л бэр эгч Б.Алтанцэцэгийгээ төрд дарга болгохыг хүссэн бол автобусны компани удирдаж байсан туршлагаар нь Нийслэлийн нийтийн тээврийн газарт, эсвэл Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлд даргаар томилуулах боломж байсан байж таарна. Гэтэл “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирал болгочихсон. Энэ өнцгөөс харвал, Х.Ганхуяг бэр эгч Б.Алтанцэцэгийгээ “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ-ын захирал болгох замаар үеэл Б.Энхжингийнхээ “Мошеа электрик энержи” ХХК-ийн сэргээгдэх эрчим хүчний станцын төслийг гацаанаас гаргах ашигтай тушаал шийдвэр гаргуулсан байж болзошгүй харагдаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборолтыг хариуцдаг “Вертекс майнинг партнер” ХХК-аараа 2019 онд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсныг бид мэднэ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг энэхүү 33 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үеийн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Амартүвшингээр нөлөөлүүлж авсан гэж үзэж 2022 оны тавдугаар сард Хөгжлийн банкны хэрэгт хамтад нь яллагдагчаар татаж, шүүсэн байдаг. Гэвч шүүх яллагдагч Х.Ганхуяг, Г.Амартүвшин хоёрыг холбоо хамааралтай, найз нөхдийн харилцаатай гэж нотолж чадаагүй. Хөгжлийн банкны шүүх хурлын үеэр прокурорын талаас Х.Ганхуяг, Г.Амартүвшин хоёрыг хамааралтай, найзын харилцаатай гэж батлахын тулд Улаанбаатар-Сөүл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хоёр удаа хамт ниссэн гэх нотлох баримт л гаргаж ирсэн. Гэвч Г.Амартүвшин “Би Х.Ганхуягтай найз биш. Нэг удаа л нэг онгоцонд хамт ниссэнээ санаж байна. Гэхдээ би бүр ард нь, хол сууж явсан. Хамтарсан компанигүй, нэг компанид хамт ажиллаж байгаагүй, найзууд ч биш атал нэг онгоцоор хамт нисэж байсан гэдгээр хамаатуулж, энэ хамаарлаараа түүнд зээл олгосон гэж буруутгах нь инээдэмтэй байна” гэж томорсон байдаг.
Харин Х.Ганхуяг “2019 онд би 12 удаа гадагшаа ниссэн. Дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. Нийт 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Тухайн 10 мянган хүний дунд Г.Амартүвшин байсан эсэхийг мэдэхгүй байна” гэж гүрийсэн байдаг. Нэгэнт холбоо хамааралтай, найз нөхдийн харилцаатай гэж баталж чадаагүй учраас Г.Амартүвшинг эрх мэдлээ ашиглан Х.Ганхуягт зээл олгосон гэж буруутгах ямар ч үндэслэлгүй болж таарсан. Тиймдээ ч 2023 оны долдугаар сард Х.Ганхуяг, Г.Амартүвшин хоёрын Хөгжлийн банкны хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.
Тэгвэл үнэн хэрэгтээ Г.Амартүвшин зөвхөн Х.Ганхуягийн “Вертекс майнинг партнер” ХХК-д л зээл олгуулах үүрэг, үндсэн зорилготойгоор Хөгжлийн банканд очсон нь баримтаар тодорхой харагддаг. Очоод Х.Ганхуягийн “Вертекс майнинг партнер” ХХК-д зээл олгох бичиг цаасны ажлыг цэгцлэх гэж зургаан сар зарцуулсан. Ингээд Г.Амартүвшин “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох тамга дарсан тэр өдрөө Хөгжлийн банкнаас явсан. Г.Амартүвшинд “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох “даалгавар” өгч, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаал илүү ч үгүй, дутуу ч үгүй яг зургаан сар суулгасан захиалагчид нь хэн болохыг одоо танилцуулъя.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Солонгосын “Hyundai”-ийн уул уурхайн машин механизм оруулж ирдэг “Хера-Экуйпмент” ХХК-аа 2006 оноос хойш ганцаараа эзэмшиж байсан. Гэтэл Х.Ганхуяг 2012 онд Баатар овогтой Батсайхан гэгчтэй Сингапурт “Mongolia mining services” компанийг хамтран байгуулсан. Улмаар Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёр “Mongolia mining services” компаниараа 2012 оны долдугаар сараас “Хера-Экуйпмент” ХХК-ийг эзэмшдэг болсон байдаг. Тэгвэл Х.Ганхуягтай Сингапурт “Mongolia mining services” компанийг, Монголд “Хера-Экуйпмент” ХХК-ийг тус тус хамтран эзэмшдэг болсон Б.Батсайхан гэгч нь “MCS”-ийн Бизнесийн стратеги, санхүүгийн шийдэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр 2004 оноос хойш ажилласан залуу. Тиймдээ ч “MCS”-т зориулж гадаадаас санхүүжилт босгох зорилгоор Сингапурт очиж, хэд хэдэн компани байгуулсны нэг нь Х.Ганхуягтай хамтран байгуулсан “Mongolia mining services” компани юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг аль 2012 онд “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч Б.Батсайханаар дамжуулан Ж.Оджаргалын “халаас”-нд орчихсон гэсэн үг.
Гол нь, яагаад Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёр “Хера-Экуйпмент” ХХК-ийг Сингапурт бүртгэлтэй компаниараа дамжуулан эзэмшдэг болсон гэхээр тэд “Хера-Экуйпмент” ХХК-аар Голландын Хөгжлийн банкнаас 2013 онд 10 сая ам.доллар, 2017 онд 700 мянган ам.доллар гэх мэтээр цувуулан зээл авсан байгаа юм. Өөрөөр бол, Голландын Хөгжлийн банкнаас зээл авахын тулд Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёр “Хера-Экуйпмент” ХХК-ийг Сингапурын компанийн охин компани болгон харагдуулж “хуурсан” хэрэг л дээ. Тэд ингэж “Хера-Экуйпмент” ХХК-аар Голландын Хөгжлийн банкнаас авсан зээлүүдээрээ Солонгос, Хятадаас уул уурхайн хүнд даацын машин механизм оруулж ирж, Ж.Оджаргалын “Энержи ресурс” ХХК-ийг техникжүүлэх ажлыг хийж байсан. Дээр дурдсанчлан, “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч Б.Батсайханы Сингапур руу явсан үүрэг, үндсэн зорилго нь энэ байсан.
Хамгийн ноцтой, Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёр “Хера-Экуйпмент” ХХК-аараа Голландын Хөгжлийн банкийг ингэж “хуурсан” шигээ 2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкийг ч хуурч, урт хугацаанд бэлдсэн төлөвлөгөөний дагуу Г.Амартүвшингээр дамжуулан 33 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Зорилго нь мөн л “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн машин, механизмуудын тоог нэмэх байсан. Тэгвэл тэд Монгол Улсын Хөгжлийн банкийг хэрхэн хуурсныг эхнээс нь тайлбарлая.
“MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан Б.Батсайхан 2012 онд Х.Ганхуягтай “Mongolia mining services” компанийг хамтран байгуулахдаа “Mongolia financial services” гэх өөр нэг компанийг зэрэг байгуулсан. Анзаарвал, “Mongolia mining services” болон “Mongolia financial services” компани нэг эзэнтэй гэдгээ батлах гэсэн шиг нэгхэн үгний зөрүүтэй байгааг харж болно. Ингээд Б.Батсайхан Сингапурт бүртгэлтэй “Mongolia financial services” компаниараа 2013 оноос “Хас банк”-ийг “МАК”-ийн Б.Нямтайширтай хамтран эзэмшдэг болсон. Улмаар Б.Батсайхан 2014 оны долдугаар сард “Хас банк”-ныхаа захирлаар Г.Амартүвшинг томилж, өөрийн цэрэг болгосон. Улмаар Г.Амартүвшин 2019 оны тавдугаар сар хүртэл таван жил Б.Батсайханы “Хас банк”-ны захирлаар ажилласан байдаг.
Энэ зуурт Х.Ганхуяг зүгээр суусангүй, 2017 оны есдүгээр сард “Вертекс майнинг партнер” ХХК-ийг байгуулж, энэ компаниараа 2018 оноос “MCS”-ийн харьяа “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг хариуцаж ажиллах болсны сацуу Б.Батсайхантай хамтран Монгол Улсын Хөгжлийн банкийг хуурах асар нарийн төлөвлөгөөндөө бэлтгэж байлаа.
Ингээд цаг нь болж, Б.Батсайханы “Хас банк”-ны захирал Г.Амартүвшин 2019 оны тавдугаар сарын 28-нд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Хөгжлийн банк нь Засгийн газрын буюу Сангийн яамны харьяа байгууллага. Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар томилогдох үед Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар байсан. Ч.Хүрэлбаатарын хадам ах нь Р.Ганболд нь “MCS”-ийн харьяа “Юнител групп”-ийн Ерөнхий захирал. Тэгэхээр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “МCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан Б.Батсайханы “даалгавар”-аар “Хас банк”-ны захирал Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болгосон схем тун ойлгомжтой харагдана.
Ингээд Г.Амартүвшинг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал болсноос хэдхэн хоногийн дараа буюу 2019 оны зургадугаар сарын эхээр Х.Ганхуяг төлөвлөгөөний дагуу “Вертекс майнинг партнер” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан.
Улмаар хуулийн дагуу мэт харагдуулахын тулд бичиг цаасны ажилд таван сар гаруй хугацааг зарцуулж, 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны хурлаар Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал бөгөөд Зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшин “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан.
10 хоногийн дараа 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд Хөгжлийн банкны ТУЗ-ийн хурлаар “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгохыг Гүйцэтгэх захирал Г.Амартүвшинд зөвшөөрсөн. Маргааш нь 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд Хөгжлийн банк “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөг олгох зээлийн гэрээг байгуулж, баталгаажуулсан. Төлөвлөгөөний дагуу зээлийн гэрээг баталгаажуулах гол үүргээ гүйцэтгэсэн Г.Амартүвшин яг энэ өдрөө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа өргөдлөө өгөөд чөлөөлөгдсөн. Үдээс өмнө гэрээ байгуулагдаж, үдээс хойш Г.Амартүвшин ажлаа өгсөн гэсэн үг л дээ.
Гурав хоногийн дараа 2020 оны нэгдүгээр сарын 3-нд Хөгжлийн банкнаас гэрээний дагуу “Вертекс майнинг партнер” ХХК-ийн 33 тэрбум төгрөгийн гүйлгээг хийж эхэлсэн. Тэр даруйдаа энэ мөнгө “Хера-Экуйпмент” ХХК-ийн дансанд орсон. Эхэнд дурдсанчлан, “Хера-Экуйпмент” ХХК-ийг эзэмшигч нь Сингапурт бүртгэлтэй “Mongolia mining services” компани. Харин “Mongolia mining services” компанийн Сингапур дахь эзэмшигч нь Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёр. Ийнхүү Х.Ганхуяг, Б.Батсайхан хоёрын Г.Амартүвшинг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болгож, 33 тэрбум төгрөг гаргуулж авах төлөвлөгөө албан ёсоор амжилттай хэрэгжсэн. Ийнхүү төлөвлөгөө амжилттай хэрэгжсэнээс долоон сарын дараа буюу 2020 оны долдугаар сарын 30-нд “Хера-Экуйпмент” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс “Mongolia mining services” компани хасагдаж, Х.Ганхуяг өөрийнхөө нэрийг бүртгүүлсэн. Улмаар өнгөрөгч 2024 оны дөрөвдүгээр сард “Хера-Экуйпмент” ХХК-аа төрсөн ах Х.Гантулгынхаа нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр бол, ул мөрөө балласан нь энэ.
Нэгтэж харвал, бид уг нь Г.Амартүвшинг Х.Ганхуягт 33 тэрбум төгрөгийн зээл олгосон гэж сэжүүрээ зөв гаргасан. Гэвч гол зуучлагч Б.Батсайхан нь анхнаасаа Хөгжлийн банкны хэрэгт яллагдагчаар ч, сэжигтнээр ч, бүр гэрчээр ч татагдаагүй учраас Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёрыг хамааралтай гэж батлах баримт гарч ирээгүй. Тиймээс хэрэг нь хэрэгсэхгүй болж, өдгөө Х.Ганхуяг УИХ-ын гишүүнээр улирчихсан явж байгаа юм.
Саяхнаас ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Номтойбаяр дөрөв “бүлэглэн”, бүр нэгэн зэрэг Х.Баттулгыг ноцож эхэлсэн. Аль 10 гаруй жилийн өмнөөс л Х.Баттулгатай холбоотой гэж яригддаг байсан ч хэн ч тоодоггүй байсан “хуучин сэдэв” болох Төгрөг нуурын ордын асуудлыг одоо гэнэт сөхөж, олны анхааралд оруулаад “Тавантолгойн ордын талтай тэмцэх Төгрөг нуурын ордыг Х.Баттулга хулгайлжээ” гэцгээж нэгэн зэрэг дайрч байгаа нь санаандгүй хэрэг биш гэх. Харин Үндэсний баялгийн санд 34 хувиа тушаахгүй гэсэн “MCS”-ийн Ж.Оджаргал, “МАК”-ийн Б.Нямтайшир нарын томчуудын захиалгатай, Х.Баттулгаар дамжуулан Л.Оюун-Эрдэнэд цохилт өгөх гэсэн дайралт гэж харагдаж буй. Өөрөөр бол, МАН дотроо Х.Нямбаатараас өөр хань бараагүй үлдсэн Л.Оюун-Эрдэнэ арга буюу Х.Баттулгатай “эвсэж”, түүгээр араа хамгаалуулж буй. Тиймээс ч “MCS”, “МАК”-ийн эзэд “Эхлээд Х.Баттулга ахынхаа Төгрөг нуурын ордыг төрд ав. Тэгж чадвал бид Ухаа худаг, Цагаан суваргын ордоо хуваалцъя” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “шантаажилж” буй нэг хэлбэр юм. Учир мэдэх хүмүүсийн төлөгт бууснаар бол тэдний энэхүү “акц” удахгүй Засгийн газрыг унагаж ч мэднэ гэх.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрөгч УИХ-ын сонгуулиар бүх санхүүжилтээ “MCS”-ээс авчихсан. Харин Х.Ганхуяг дээр дурдсанчлан “Энержи ресурс” ХХК-ийн “Ухаа худаг”-ийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтыг хариуцдаг. Нэмээд, “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан Б.Батсайхантай Сингапурт хамтарсан компани байгуулаад, Голландын Хөгжлийн банкнаас ч, Монголын Хөгжлийн банкнаас ч хэдэн арван тэрбумын зээл аваад, “Ухаа худаг”-ийг ухах техникүүдэд зарцуулчихсан. Чухамдаа, “Ухаа худаг”-ийн уурхай Х.Ганхуягийн уурхайгаас ялгаагүй болсон, хамгаалах нь зүйн хэрэг. Г.Дамдиннямын хувьд Х.Ганхуягийн ээж П.Бямбасүрэнтэй хамтарсан хоёр охин компанитай, тэгээд болоогүй эхнэр, нагац дүү хоёр нь Х.Ганхуягийн компаниудаас хувь эзэмшиж ирсэн. Тиймдээ ч Х.Ганхуягийн харцаар хөдөлдөг гэхэд хилсдэхгүй. Харин Н.Номтойбаяр мэдээж “МАК”-ийн эзэн Б.Нямтайширын хүү учраас Цагаан суваргын ордоо хамгаалах нь түүний үндсэн үүрэг. Нэмээд, Б.Нямтайшир дээр дурсанчлан “MCS”-ийн Дэд ерөнхийлөгч асан Б.Батсайхантай “Хас банк”-ийг хамтран эзэмшдэг буюу “MCS”-тэй нэгдмэл ашиг сонирхолтой. Тэгэхээр “MCS”-ийн Ж.Оджаргал, “МАК”-ийн Б.Нямтайшир хоёр Ухаа худаг, Цагаан суваргын ордоо хамгаалах агуулгаар өөрсдийнхөө шууд хамаарал бүхий Н.Учрал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Номтойбаяр нараар дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү дайрч эхэлсэн схем ойлгомжтой гарч ирж байгаа юм.
Х.ГАНХУЯГ ҮНЭНДЭЭ 33 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ Г.АМАРТҮВШИНГЭЭС ГУЙЖ БИШ, ГУЯДАЖ АВЧЭЭ |
|
2025-07-23 14:27:25
2025-07-23 14:26:49
2025-07-23 14:05:59
2025-07-23 12:02:18
2025-07-23 11:38:05
2025-07-23 11:32:52
2025-07-23 11:22:33
2025-07-23 11:21:59
2025-07-23 11:12:41
2025-07-23 11:07:46
2025-07-23 11:04:50
2025-07-23 10:53:47
2025-07-23 10:46:25
2025-07-23 10:31:37
2025-07-23 09:35:19
2025-07-23 09:10:02
2025-07-23 09:02:26
2025-07-23 08:47:55
2025-07-23 08:17:06
2025-07-23 08:07:27
2025-07-23 08:00:00
2025-07-23 07:49:25
2025-07-23 07:32:26
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 07:00:00
2025-07-23 06:00:00
2025-07-23 06:00:00
2025-07-22 18:26:08
2025-07-22 18:09:36
2025-07-22 17:53:27
2025-07-22 17:48:40
2025-07-22 16:47:40
2025-07-22 16:35:18
2025-07-22 16:21:04
2025-07-22 16:15:42
2025-07-22 16:13:58
2025-07-22 16:11:32
2025-07-22 14:57:07
2025-07-22 14:47:00
2025-07-22 14:40:58
2025-07-22 14:25:06
2025-07-22 14:15:40
2025-07-22 13:59:59
2025-07-22 13:43:49
2025-07-22 13:39:51
2025-07-22 13:32:39
2025-07-22 13:25:37
2025-07-22 13:16:52
2025-07-22 12:45:15
2025-07-22 12:40:57
2025-07-22 12:35:25
2025-07-22 12:29:50
2025-07-22 12:23:33
2025-07-22 12:09:01
2025-07-22 12:08:03
2025-07-22 11:48:02
2025-07-22 11:01:35
2025-07-22 10:40:17
2025-07-22 10:19:41
2025-07-22 10:10:08
2025-07-22 10:04:48
2025-07-22 10:03:59
2025-07-22 09:56:56
2025-07-22 09:31:21
2025-07-22 08:52:57
2025-07-22 08:41:29
2025-07-22 08:30:18
2025-07-22 08:14:37
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 07:00:00
2025-07-22 06:00:00
2025-07-22 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |