• Өнөөдөр 2024-04-28

ЭСРЭГ ДҮРИЙН РИНГИН ДЭЭР ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ

2023-12-07,   770

 -Зургаа аваарай, гэрлээ өгөөрэй, бэлэн үү, Батнаа...

  -Бэлэн

         Кино урлагийн дээд сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Мэндбаяр багшийнхаа удирдлагад жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш тэр гэрэлтүүлгийн найруулагч, гэрэлтүүлэгчээр ийн ажилласаар хэдийнэ арав гаруй жил болжээ. Ганц үүгээр ч зогсохгүй туслах найруулагч, хоёрдугаар найруулагч, зураачийн туслах, орлон тоглогч гээд дэлгэцийн бүтээлийн арын албанд гараа хүргээгүй нэг ч ажил түүнд байхгүй юм билээ. Өнөөдөр харин эсрэг дүрийн рингин дээр бэлтгэлээ сайн хийсэн боксчин шиг л хүчтэй харагдана. Түүнийг тулааны энэ тавцан руу “Хувьсал” продакшны үүсгэн байгуулагч, МУГЖ У.Уранчимэг түлхэж, зургийн талбайд ажлаа хийж байсан жирийн гэрэлтүүлэгчийг “Тэнгэрээс буусан од” киноны Лутын дүрээр гаргаад ирсэн, “Зэвүүн эсрэг дүр чинь энд нуугдаад байна” гээд нээгээд өгчихсөн. Арав гаруй жил киноны арын албанд үнэнч зүтгэж, өнөөдөр ч оролцсон бүтээл бүрийнхээ “ачаа”-наас өргөлцөж яваа жүжигчин, гэрэлтүүлэгч, продюсер Э.Батнямбуу бол гарцаагүй энэ цагийн онцлох уран бүтээлч юм. Сүүлд тэр “95 зүүдний хүн” киноны продюсераар а  жиллаж, гол дүрд нь тоглосон. Эсрэг, эерэг дүрийг хослуулан гаргасан сонирхолтой бөгөөд шинэлэг дүр байна лээ.

Түүний дүрүүдээс онцлон хүргэж байна.

-ЛУТ БА ӨНЧИН ЯГААНЫ ЦОГОО-

             Хачин муухай шуналт нүдээр тэр Одыг ширтэнэ, дагана.  Бодоход л нуруу хүйт дааж, хаанаас ч юм гэнэт гарч ирээд гэтэн зогсох, нэхэн дагах мэт айдас төрүүлэм, жихүүцэн цэрвэсэндээ бушуухан зугатам дүр. Зүрх сэтгэлд хоногшиж, зүүдэнд ором эсрэг дүртэй бүтээл Монголын кино урлагт бишгүй бий. Гэхдээ тэдгээрийг эрэмбэлбэл тэргүүнд эгнээнд Лут гарцаагүй орно. Дараа нь бид “37-р Точка” киноны Өнчин ягааны Цогоогоор үзэгчдийн сонирхлыг дахин татаж эхэлсэн.

СЭНГЭ НОЁН

          Түүнээс хойш харин арын албандаа чимээгүй ажиллаж байгаад энэ жил олон бүтээлд толгой дараалан тоглолоо. Эдгээрээс түүхэн гэдгээрээ онцлог бүтээл нь “Монгол” киноны Сэнгэ ноёны дүр. Эл дүрд тоглосных нь дараа түүнтэй уулзсан юм. Дүрээсээ огт өөр даруу дөлгөөн, эелдэг уриалгахан хүн намайг угтсан бөгөөд уран бүтээлч хүнд байх хамгийн эрхэм чанарыг өөртөө бат суулгасан, кино хэмээх талбайн үнэнч цэцэрлэгч, бүх зүйлийг нь ургуулагч юм байна даа, ажиллаж байгаа салбараа дотроос нь мэдэрдэг хүн мөн байх нь” гэж бодож билээ. Сэнгэ бол зэвүүн муухай, өөрийнхөө хүслийг биелүүлэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй эсрэг дүр.  Тэрбээр “Өнгөрсөн оны долдугаар сард жүжигчин Б.Амарсайхан ах “Монгол” кинонд тоглох санал тавьснаар очиж, уулзсан. Амараа ахтай 2014 онд “Үргээлэг” гэх кинонд би туслахаар ажиллаж байсан. Миний хувьд Б.Амарсайхан, Ж.Сэнгэдорж найруулагч нартай ажиллаж үзэх, уран бүтээлчийнхээ хувьд тэднээс суралцах хүсэлтэй явдаг байлаа. Тэгээд л зураглаачийн туслах, гэрэлтүүлэгчээр нь хамт ажилласан. Дараа нь харин Сэнгэ ноёны дүрд санал тавихад ихэд дуртай хүлээж авсан. Энэ бол уран бүтээлч хүний хувьд том боломж шүү дээ. Анх “Монгол” киноны зохиолтой танилцахад л кино өргөн цар хүрээтэй, том болох нь харагдаж байсан. Тэгээд л зураг авалтын ажилдаа орж, найруулагч болон баг хамт олноосоо их зүйлийг сурсан” гэнэ.

АЧЛАЛГҮЙ ХҮҮ

         Харин найруулагч Д.Галбаярын “Эмэгтэйн кэйс” кинонд тэр архинд донтож, ээжийгээ зоддог харгис хүүгийн дүрд тоглосон. Аргагүйдээ л ээж нь ойрхон Түр хамгаалах байр руу очдог ч эргээд  л өнөө хүү нь аваад явдаг.  Бодит байдал дээр ч хөгшин настай ээж, аавыгаа зоддог зөндөө жишээ бий.   Тэдгээр залуусын дүрийг өөрөөрөө төлөөлөн үзүүлж, үнэхээр бодит үнэ төрхийг нь хатуухан шүүмжилж чадсан. Эсрэг, эсрэг дүр дотроо эцэг, эхийгээ хайрлахгүй эсрэг дүр шиг цэвдэг, жихүүцэм, харгис нь байхгүй гэдгийг түүний дүр сэтгэл өвдтөл үзүүлнэ.

ЭЕРЭГ, ЭСРЭГ ДҮР

          “95 зүүдний хүн” кинонд харин эсрэг, эерэг дүрийг хоёуланг нь гаргаснаараа онцлог. Тухайлбал, ажлаа хийж яваа ахмадын хувьд эерэг зөөлөн хүн байсан бол түүний бие орсон хүн нь өш хонзон ихтэй эсрэг дүр. Хүслээ гүйцээхийн тулд олон ч хүний хэрцгийгээр хөнөөдөг. Тэгэхээр түүнийг П.Дэлгэрбаяр найруулагч эсрэг дүрийн рингин дээр хүчтэй зогсож буй энэ цаг үед нь илүү ч авьяас чадварыг нь сорьж, үзэгчдэд шахаж, шавхах тусам дөмөгхөн уран бүтээлч гэдгийг нь харууллаа. Эл дүрээс анзаарахад, түүнээс бүр ч зэвүүн дүр гарах бүрэн нөөц бололцоо байна. Харин үзэгчдийн сэтгэлд гүн орж, “чулуу нүүлгэм” тийм нэг дүр харин хэзээ төрөх бол.

ДАРИМ

     Хэдийгээр эсрэг ч түүний дүрүүд өөрийн гэсэн зорилготой. Хүсэж зорьж байгаа зүйлдээ хүрэхийн төлөө юу ч хийж чадах зоригтой байдаг. Тиймдээ ч тэр “Би дүрээ өмөөрч тоглодог” гэсэн байх. Харин өмнөх дүрээсээ анги ондоо нь “Шар гэгээ” киноны Дарим. Даруу төлөв, буурьтай суурьтай, барагтай юманд барьц алдахгүй монгол эр хүний дүрийг тэр элдэв чимэглэл, гоёчлол, хэтрүүлэлгүй байгаагаараа сайхан гаргасан.  Бурхан Хажид тэр хоёрт үр хүүхэд заяахгүй удаж тэвчээрийг нь шалгадаг. Тэд ч эцсээ гуйдайхгүй, хугарахгүй явсаар эцэст нь зулайг нь үнэрлэх үртэй болдог. Хүний мөн чанар, хүнлэг сэтгэл, хүн хүнээ бодсон энэрэл хайрын тухай том хичээлийг “Шар гэгээ” кино бидэнд зааж чадсан. Тэр дундуу дүрүүдийн уужуу тайвуу, ухаалаг байдал өнөө цагийн олон хүнд үлгэр жишээ байсныг хамтатган дурдмаар байна.


ЭСРЭГ ДҮРИЙН РИНГИН ДЭЭР ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-07 15:59:13
    Батхуяг: АЖ Дамчаа гуайн шийрийг хатаах сайн жүжигчин болоорой гэж ерөөе. Их амжилт хүсэе
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188