Түүний үгийн санд “энгийн” гэх үг байхгүй юм шиг онцгой, содон бүтээлүүд “төрүүлдэг” уран бүтээлч. Өчигдөр тэр тамын элч байсан бол өнөөдөр сэтгэцийн эмч, маргааш хадуур барьж, хүчирхийлэгчдийг шийтгэх эрлэгийн элчид хувирна, энэ бүгд Trishna-гийн дүр. Тайзан дээр тэргэнцэртэй бүжиглэж, булшнаас хэн нэгийг “амилуулж”, чөтгөрийн шившлэг хийхдээ тэр нүдээ аньж, хөлсөө дуслуулангаа дуугаа бүрэн мэдэрч, сонсогчдодоо хүргэнэ. Угтаа тэр бага ангиасаа сонгодог хөгжим сонсож, төгөлдөр хуур тоглосон мэргэжлийн хөгжимчин. Гэхдээ одоо тэр dark trap урсгалыг Монголд хөгжүүлж буй реппер Н.Ханбилэг, бидний мэдэх Trishna билээ.
-Кришна бурхантай адил чанар байдаг учраас тайзныхаа нэрийг Trishna гэж өгсөн гэсэн үү. Энэ тухай тодорхой ярьж өгөөч?
-Кришна бурхныг хайр энэрлийн бурхан гэдэг юм билээ. Би гэр бүл, дотнын хүмүүстээ хайр түгээхийг хүсдэг. Ийм ч учраас уран бүтээлээрээ гэр бүл, сонсогчдодоо хайр түгээх, мэдрүүлэхийг хүссэн. Эхний үсгийг нь Techno хөгжмийн T үсгээр сольж, Trishna нэр анх бий болсон. Энэ нэрээрээ анхны “Metronome” дуугаа гаргасан.
-Таны үндсэн мэргэжил төгөлдөр хуурч юм билээ. Хаан хөгжмийг сонгож хичээллэх болсон тухайгаа ярьж өгөөч?
-Нэгдүгээр ангиасаа л дэггүй, хөдөлгөөнтэй гэхдээ ямар ч хөгжмийг хэвлүүхэн тоглочихдог хүүхэд байсан. Миний багахан авьяасыг сургуулийн багш нар анзаарч, намайг төгөлдөр хуурын дугуйланд элсүүлсэн. Эцэг, эх маань урлагийн авьяастай хүүгээ Монгол Улсын Консерваторид сургахаар шийдсэн ч тухайн үед төгөлдөр хуурын ангид дундаас нь элсэлт авдаггүй байж таарсан. Тэр үед шалгалт авч байсан багш нь мэргэжлийн төгөлдөр хуурын багшаар жил бэлдүүлээд, гуравдугаар ангидаа дахин шалгалт өгөхийг санал болгосон юм. Ингээд сургуульдаа элссэн дээ. Бага байхад төгөлдөр хуур тоглохдоо үеийнхнээсээ огт өөр юм шиг мэдрэмж авдаг байсан минь хамгийн сайхан байсан. Би хэдий төгөлдөр хуур тоглох дуртай ч ангийнхан шигээ тууштай байж чадаагүй, сонирхол нь өөр байсан хэрэг л дээ. Ахлах ангид орсныхоо дараа төгөлдөр хуурч бол миний мэргэжил биш гэж мэдэрсэн. Өөр төрлийн уран бүтээл хийх ёстойгоо ойлгосон. Түүнээсээ ганц ч алхам ухраагүй. Гэхдээ өөр төрлийн уран бүтээл хийнэ гээд сургуулиасаа гараагүй, мэргэжлээ эзэмшиж төгссөн. Тэгж мэргэжлээ бүрэн эзэмшиж, төгөлдөр хуурч болсон нь одоо уран бүтээл хийхэд минь эерэгээр нөлөөлдөг.
-Сонгодог хөгжимчнөөс реппер болоход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүүхэд насныхаа дийлэнх цагийг төгөлдөр хуур тоглож, бэлдэж өнгөрүүлсэн. Гэрийнхэн маань урлагийнхан ямар цагийн хуваарьтай ажиллаж, ямар бэрхшээлтэй тулгардгийг надтай хамт мэдэрч, ойлгосон. Тэр хугацаанд гэрийнхнийхээ итгэлийг алдаж байгаагүй учраас намайг ямар ч сонголт хийсэн хүндэлж, итгэсэн байх. Миний шийдвэр гэнэтийн байгаагүй, намайг урлагийн хүн болно гэдгийг тэд мэдэж л байсан. Ер нь “Урлагийн чиглэлээр явна” гэж огт ярьдаггүй байсан хүн гэнэт нэг өдөр “Реппер болно” гэвэл хэн ч эсэргүүцнэ шүү дээ. Урлагаар хэн дуртай нь амжилт гаргаад байдаггүйг аав, ээжүүд мэднэ. Тэдний үеийнхнээс ч урлагаар яваад амжилт олоогүй, лааз өшиглөөд явж байгаа нь бий шүү дээ. Үүнээс нь л сэргийлээд эсэргүүцдэг байх.
-Гэр бүлд нь танаас өөр урлагийн хүн бий юү?
-Урлагт дуртай, гэхдээ зүгээр сонсоод өнгөрдөггүй ач холбогдол өгч сонсдог, дурладаг хүмүүс. Эмээ дуулдаг, өвөө маань сумын төвд аман хуураар тоглолт хийчихдэг хүн байсан юм билээ. Гэрийнхэн маань авьяастай ч урлагаар явсан нь цөөн. Манай аав, ээж 50 гаруй насны хүмүүс гэхдээ сэтгэлгээ бодол нь надтай үеийн л юм шиг байдаг. Аав насаараа “Нисванис”, “Харанга”, “Чоно” хамтлагийг сонссон, рок дуунд дуртай. Намайг жаахан байхад аав машиндаа хөгжим байнга тавина. Аавыг байрны зогсоол руу ороод ирэхэд тавьсан дуу нь найман давхрын гэрт сонсогддог байлаа.
-Тэгвэл таны хамгийн их сонссон уран бүтээлч хэн бэ?
-Rokitbay ахын уран бүтээлийг л их шимтэж сонссон доо. Цомгийг нь аваад дуунуудынх нь үгийг эхнээс нь бичээд алдалгүйгээр дагаж дуулсан хоёрхон уран бүтээлч байдгийн нэг нь Rokitbay ах. Бага байхад одоогийнх шиг Youtube суваг хөгжөөгүй, телевизээр ахынхаа дууг сонсдог байсан. Тухайн үед төгөлдөр хууртай холбоотойгоор сонгодог хөгжим сонсох ёстой байлаа. Өөр жанрын дуу хайх ч зав байгаагүй. Тэгж явсаар ахлах ангидаа “SuicideBoyS”, “Ghostemane”, “IC3PEAK” тэргүүтэй уран бүтээлчдийн дууг сонсож эхэлсэн. Тэдний дуу миний тархи, сэтгэхгүйг задлаж өгсөн л дөө. Тэдэн шиг уран бүтээл хийхийг хүссэн. Гэхдээ дуурайхыг хүсээгүй. Надаас гарах өнгө, хэмнэлээр өөрийнхөө уран бүтээлийг хийхийг хүсдэг.
-Шимтэн сонсдог Rokitbay-тэйгээ хамтарч, тайзан дээр дуулах сэтгэл догдлуулсан мөч байсан байх даа?
-Үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Айсан, сандарсан, догдолсон. Залуу уран бүтээлчийн хувьд урам зориг авсан гоё үйл явдал. Төсөөлж байсан шиг өөрийн гэсэн үзэл бодолтой, гоё хүн байсан. Зураг авалт, бэлтгэлийн үеэр бид тоглоомын тухай их ярилцсан.
-Бие даасан тоглолтынхоо талаар ярьж өгөөч. Сонсогчид нь дүрд хувираад ирэхэд ямар санагдсан бэ?
-Тоглолтоо хоёр сарын хугацаанд бэлдсэн. Зохиол, гэрэлтүүлэг, дуугаралтыг зохион байгуулагчид маань үнэхээр чанарын өндөр түвшинд бэлдсэн. Надад “Дуугаа сайн хий, сайн дуул” гэсэн даалгавар л өгсөн. Бүх дуугаа амьдаар дуулахаас гадна, репүүдээ ардаа дуучинтайгаар дуулсан. Дөрвөн найз маань ирж, арын дуучнаар ажилласан. Өөрсдөө уран бүтээлчид хэрнээ миний төлөө арын дуучнаар ажилласанд нь их баярласан. Хүмүүс “Чиний сонсогчдын дийлэнх нь бага насны хүүхэд” гэж хэлдэг байсан юм. Тиймээс тоглолтынхоо насны хязгаарыг 18-аас дээш гэж заасан. Тэгж заасан хэрнээ л 1000 гаруй хүн ирж, заал дүүрэн сонсогчтойгоо нэгэн оройг сайхан өнгөрүүлсэн. Бусад уран бүтээлч над шиг тайзан дээрээсээ баривчлагдаж, дүрд хувирвал магадгүй сонсогчид нь хүлээж авахгүй, “Ямар тэнэг юм бэ” гэх байх. Харин намайг сонсдог хүмүүс бол үүнийг надаас л гарах энтертайнмент шоу гэдгийг мэдэж байгаа учраас хамтдаа доргиж чадаж байгаа юм. Сонсогчид маань өдөр бүр мэдэрч чаддаггүй мэдрэмжээ надаас, тоглолтоос минь авахыг хүсэж ирсэн. Би ч тэр мэдрэмжийг нь өгч чадсан гэж боддог. Гэхдээ энэ бол анхны тоглолт, цаашид өмнөхөөсөө илүү сонирхолтой тоглолт, аймшигтай, гаж гэмээр үзүүлбэрүүдийг үзүүлэх болно.
-Бүтэлгүйтвэл яах вэ гэсэн айдас байгаагүй юу?
-Залуу уран бүтээлчийн хувьд өөртөө болон уран бүтээл, үзүүлбэртээ эргэлзээгүй гэх юм уу даа. Тоглолт үзэхээр ороод ирэх л юм бол хэн ч сэтгэл дундуур гарахгүй гэдгийг нь бэлтгэлийнхээ үеэр мэдэрч байсан. Харин залуу хүний хувиар эмээсэн ганц зүйл нь санхүү. Тоглолт хийхийн тулд асар их зардал гаргаж байгаа шүү дээ. Хэрэв зарлагаа нөхөж чадахгүй, алдагдалд орох юм бол эргээд сэргэх хүртэл удна, нэг эвгүйтвэл дахиж уран бүтээл гаргаж чадахгүй хэмжээнд хүрнэ гэсэн үг шүү дээ. Эргэн тойрныхон маань “Мөнгө чухал биш ээ, алдсан ч хамаагүй, чи хийгээд үз” гээд зориг өгч байгаа юм. Найзууд, гэрийнхнийхээ ийм дэмжлэгээс үүдээд “Шатвал шатна л биз, яадаг юм. Ер нь шатлаа гээд болино гэж байхгүй” гэсэн зоригтой болсон. Тоглолтын өмнөх өдөр зохион байгуулагчдын зүгээс “Тасалбар бага зарагдсан, хүн цөөтэй байх нь” гэж хэлсэн. Тэр үед менежер бид хоёр зохион байгуулагчдадаа дуу нэгтэйгээр “Дахиад 24 цагийн хугацаа байна. Манай тасалбар бүрэн зарагдаж дуусна. Хүмүүс гадаа оочерлоно, орж чадахгүй буцах хүмүүс ч байна” гэж хэлж байлаа. Үнэхээр л бидний хэлснээр маргааш нь заал дүүрч, зарим хүн тасалбар авч чадалгүй харьсан. Гэхдээ би энэ тоглолтыг миний сайных гэж хэлэхгүй. Урлагт үнэнч байсны минь шагнал, найзуудын минь бэлэг.
-Үзүүлбэр бүр тань олон бүжигчин, содон хувцаслалт, туслах хэрэгсэлтэй байдаг учраас сайн үзүүлбэр үзүүлж л байвал санхүүг тэр бүр тоогоод байдаггүй уран бүтээлч гэж бодож байлаа?
-Нэг талаараа уран бүтээлчид мөнгө олдог байх хэрэгтэй. Түүгээрээ чанартай уран бүтээл хийх шинэ тоног, төхөөрөмжөө авдаг байх хэрэгтэй. Орчин цагт унтаад сэрэхэд л шинэ бүтээгдэхүүн гардаг болсон байна шүү дээ. Би дууны инженерээ давхар хийсээр байгаа. Миний ажилд сайн, чанартай тоног төхөөрөмжтэй байх нь тун чухал. Тэгж гэмээнэ уран бүтээл минь орчин үеийн стандартад нийцнэ. Нөгөө талаар амьдралаас хүсээд байсан аз жаргалаа тайзан дуулж байхдаа мэдэрдэг хэрэг. Багадаа тайзан дээр дуулж, хүмүүсээс алга ташилт авахыг мөрөөддөг байсан. Одоо бол надад зүгээр тайзан дээр зогсох бус ямар үзүүлбэр үзүүлснийхээ хариуд хүмүүсийн сайхан энерги, алга ташилтыг хүртэх вэ гэдэг л чухал. Сайн үзүүлбэр үзүүлж, үзэгчидтэйгээ хамт аз жаргал мэдрэхийн тулд би тэр үзүүлбэрийг төгс болгох зүйлд мөнгө зарна. Аав, ээж минь надад мөнгө хамгийн чухал зүйл биш гэж зааж, хүмүүжүүлсэн. Надад миний хайртай хүмүүсийн инээд, тэдний эрүүл мэнд, жаргалтай байдал л чухал. Тэдэндээ ч төвөг, дарамт болохгүй байх нь миний зорилго.
-“Тэнгэрийн хүү” жүжгийн дууг та хийсэн шүү дээ. Залуу реппер жүжгийн дуу хийнэ гэдэг ховор тохиолдол. Тус уран бүтээлийн талаар яривал?
-Миний хувьд тун сонирхолтой үйл явдал болсон. УДЭТ-аас холбогдоод ““Тэнгэрийн хүү” жүжиг олон жилийн дараа дахин тоглогдох гэж байна. Шинэчилсэн хувилбараар тавигдах жүжгийн маань дууг хийж болох уу” гэсэн. Өмнө нь “Увертюра” хамтлаг тус жүжгийн дууг хийж байсан юм билээ, сайхан уран бүтээл байсан. Аймшгийн киноны дуу хийж байснаас жүжгийн дуу огт хийж байгаагүй надад сонирхолтой бас сорьсон санал байсан. Сонгодог урлагийн суурьтай учраас аймшгийн киноны дуу хийхдээ тус жанраас шингээдэг юм. Киноны дуу гэдэг киноны араас үзэгчдэд хүрч, киног баталж байдаг чухал зүйл. Тэндээс л намайг анзаарч, жүжгийнхээ дууг хийлгэсэн байх. Жүжгийн дуу хийнэ гэдэг өөр мэдрэмж, шалгуур байсан.
-Сүүлийн жилүүдэд гарсан аймшгийн киноны дийлэнхийнх нь дууг та хийсэн шүү дээ. Өөрөө энэ жанрын киног хэр шимтэж үздэг вэ?
-Би кинонд үнэхээр дурлаж үздэг. Гэхдээ хийцийг нь харж, найруулагчийнх нь шийдлийг бодож байж үздэг. Надад үзээгүй аймшгийн кино тун цөөхөн. Дуртай зүйлийнхээ дууг хийнэ гэдэг миний хувьд хамгийн сайхан ажил. Trishna-г нэг цогц аймшгийн зохиол гэж болно, ирээдүйд энэ түүхээрээ кино хийхийг хүсдэг.
-Кино уран бүтээлд дуртай учраас дууныхаа дүрс бичлэгийн найруулгыг өөрөө хийдэг үү?
-Нийт уран бүтээлийнхээ 60 хувийг нь өөрөө найруулж, зохиолыг нь бичсэн. Зарим уран бүтээлдээ зориуд оролцдоггүй. Нэг хүний тархинаас гарсан санаанууд жаахан л өөр байхаас үндсэн агуулга нь адилхан болоод байдаг юм билээ. Өмнө нь бүх юмаа өөрөө хийдэг байсан ч одоо бол хүмүүс хариуцсан зүйлээ сайн хийж байж, чанартай уран бүтээл гарахыг ойлгосон.
-Уран бүтээлчид дуу гаргахдаа өөрийгөө олонд таниулахыг хичээдэг. Гэтэл та эхний үеийн дуунууд дээрээ үргэлж сонин, содон маск зүүдэг байсан шүү дээ, шалтгаан нь юу юм бэ?
-Масктай уран бүтээл хийдэг дуучид бий. Нэг талаараа хүмүүсийн анхаарлыг татах арга. Гэхдээ би тэр үед “Хэрвээ” гэсэн нөхцөлд байсан юм. Миний хийж байгаа шинэ жанрын уран бүтээл хүмүүст таалагдахгүй үзэн ядагдаж, “Хэн нэгэн намайг дэмий орилж, хашхирсан нэгэн гэж хүлээж авах юм бол би дуу хийхээ болино, тэгвэл хэн ч намайг танихгүй” гэж бодсон. Эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Одоо үед хүнийг хэн ч биш болтол нь доромжилдог болсон шүү дээ. Ийм бодолтой хоёр уран бүтээлээ масктай хийснийхээ дараа “Ер нь би өөрөө хүсэж, дуртай байхад хүмүүсийн үзэл бодол надад ямар хамаатай юм” гэж бодоод царайгаа ил гаргаж эхэлсэн дээ.
-Би “Наша, Таня” дууг олон сонсож байгаагүй ч санаанаас огт гардаггүй. Та энэ дууг бухимдаж, давчдаж бичсэн юм шиг санагдсан?
-Хоёр жил хийсэн дуу, гаргах гэж ч их хөдөлмөрлөсөн. Хүмүүс “Наша, Таня” дууг нэгээс илүү сонсож чаддаггүй, хэцүү дуу гэдэг. Би ч тийм уран бүтээл болоосой, дуунаас минь айгаасай гэж хүссэн. Хүн бүрд хүчирхийлэлтэй холбоотой эмзэглэл байгаа, энэ дууг сонсоод дахиж сонсож зүрхлэхгүй байна гэдэг чи сэтгэл зүрхтэй л гэсэн үг. Манай гэрт ээжээс бусдаар эмэгтэй хүн байгаагүй олон жил болсон, тус уран бүтээлийг хийдэг жил эмэгтэй дүү минь төрсөн юм. Харамсалтай нь, хүчирхийллийн мэдээ тасрахгүй, гарсаар л байсан. Тэр хохирогчдыг миний дүү байсан бол гэж төсөөлөх төдийд төрсөн мэдрэмжийг дуугаар илэрхийлсэн. Өөрийнхөө мэдрэмжийг өөр хүмүүст түгээхийг хүссэн. Учир нь, би хүчирхийллийг жигшсэн учраас хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрэхгүй. Миний дууг сонссон хүмүүс ч надтай адилхан мэдэрч, хүчирхийллийн эсрэг хүн болоосой гэж хүссэн.
-“Trishna гэж хэн бэ” гэдгийг тодорхойлсон уран бүтээлээ гаргачихсан уу?
- Trishna, Н.Ханбилэг хоёрыг зэрэгцүүлж гаргах боломжгүй. Хүн бүрд Trishna бий. Тэр дүрээр амьдрах юм бол эрүүл мэнд доройтно, найз нөхдөөсөө холдоно, юм бүрийг сөргөөр харна. Би Н.Ханбилэгээр амьдарч, Trishna-гаар мөрөөднө. Trishna бол хүний хар бараан бодол, хүсэл нэг талаараа муу талын хүн. Би дуугаа Trishna-г өдөөж хийдэг. Хэдий өндөр сэтгэл зүйтэй ч тайзан дээр байгаа шигээ, эсвэл уран бүтээл шигээ галзуу хүн огт биш, тайван дөлгөөн зантай. Тэгэхээр хүмүүс намайг хэтэрхий хуурамч гэдэг. Хүмүүс Н.Ханбилэг бол хүн, Trishna бол дүр гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Цомог гаргахаар төлөвлөж байгаа юу?
-Цомог гаргахыг хүссэн, төлөвлөсөн. Гэхдээ өөрийгөө хэтэрхий яарч байгаагаа ойлгосон. Тиймээс түр хойш тавьсан. Уран бүтээлч байх хугацаандаа чанартай хоёр цомогтой болохыг хүсдэг. Тэгэхээр миний цомог хэдэн жилийн дараа ч гарч магадгүй. Сүүлийн үед надаас гоё дуу гарахгүй байгаа. Тиймээс одоогоор сайн уран бүтээл хийхийг, дараагийнхаа тоглолтыг хэрхэн галзуу болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна.
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ |
|
2025-07-02 13:09:14
2025-07-02 12:40:41
2025-07-02 12:22:55
2025-07-02 12:04:53
2025-07-02 11:46:01
2025-07-02 11:04:31
2025-07-02 11:01:23
2025-07-02 10:51:14
2025-07-02 10:21:38
2025-07-02 09:45:24
2025-07-02 09:28:10
2025-07-02 09:12:58
2025-07-02 09:07:24
2025-07-02 08:51:26
2025-07-02 07:00:00
2025-07-02 07:00:00
2025-07-02 07:00:00
2025-07-02 07:00:00
2025-07-02 07:00:00
2025-07-02 07:00:00
2025-07-01 21:15:08
2025-07-01 17:20:55
2025-07-01 17:02:18
2025-07-01 16:30:01
2025-07-01 16:19:44
2025-07-01 16:13:03
2025-07-01 15:47:31
2025-07-01 15:09:52
2025-07-01 15:07:33
2025-07-01 14:56:56
2025-07-01 14:53:35
2025-07-01 14:16:31
2025-07-01 13:08:22
2025-07-01 13:04:27
2025-07-01 12:42:29
2025-07-01 12:20:35
2025-07-01 11:06:41
2025-07-01 10:44:05
2025-07-01 10:16:21
2025-07-01 09:48:08
2025-07-01 09:02:46
2025-07-01 08:51:23
2025-07-01 08:31:52
2025-07-01 07:43:07
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
2025-07-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |