Увс аймгийн Завхан сумын түүхт 100 жилийн ойд зохиогдсон баяр наадмын их насны морьдын уралдаанд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат Аймгийн Алдарт уяач Х.Батсүхийн цагаан морь олон түмнээ баясгасан билээ. Хамгийн араас эргээд, “хүүхдүүддээ зам зааж байгаа мэт” хэмээн хурдлан ирж түрүүлсэн түүний хүлэг олны анхаарлыг ихэд татаад буй. Бид аймгийн алдарт уяач Х.Батсүхийн сэтгэгдлийг та бүхэнд хүргэж байна.
-Цагаан морь тань түрүүлсэнд баяр хүргэе.
- Баярлалаа. Увс аймгийн Завхан сумын 100 жилд морь минь түрүүлээд үнэхээр сайхан байна. Нутгийн уул ус, наадамчин олон намайг ивээлдээ авч, хөгшин 17 настай морь минь ийнхүү торгон жолоог атгаж, нутгийн нэрийг дурсгалаа. Энэ морь маань өнгөрсөн жил ч мөн амжилтаар дүүрэн байлаа. Хөхморьт сумынхаа 100 жилийн ойд, Завханмандал сумын баяр наадамд, мөн Ховдын Булган, Дарви сумдын наадмуудад түрүүлж байсан. Олон хүний сэтгэлд хоногшсон, олны хайртай морь доо.
-Энэ удаагийн уралдаан хэр өрсөлдөөнтэй байв?
-Маш олон газар нутгаас хурдан хүлгүүд ирсэн байсан. Нийт 90 гаруй их насны морьдоос эргэх үедээ хамгийн ард байсан манай морь түрүү магнайд орж ирсэн нь үнэхээр бахдам сайхан байсан. Энэ удаагийхтай нийлээд нийт найман удаа түрүүлж буй баярлууштай явдал тохиож байна.
/Х.Батсүхийн гэргий Эрдэнэчимэг/
-Цагаан мориныхоо удам, угшилын талаар хуваалцаач?
- Энэ бол манай өөрийн унаган адуу. Эцэг нь манай сумын Дашням гээд олон түрүү авсан улаан азрага. Эх нь манай цагаан гүү. Аавынхаа үлдээсэн цустай адууны үргэлжлэл гэх үү дээ. Удамтай адуу гэдэг ухаантай байдаг. Сэтгэл байхад тэсдэг, ядарсан ч явдаг, олон морьд дундаас ялгардаг.
-Та нийт хэдэн адуу уядаг вэ?
-Ойролцоогоор арав гаруй адуу уядаг. Хурдан морь уях бол нарийн ажил. Байнга анхаарал, сэтгэл шаарддаг даа.
-Аав тань адуучин хүн байсан гэж сонссон. Аавынхаа талаар дурсаач?
- Аав маань Хүүхэнхүү гэж хүн байсан. Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Нэгдлийн адуу олон жил хариулсан адуучин хүн. Би аавынхаа хормойноос зүүгдэж өссөн. Адууны хажуунаас гардаггүй байлаа. Морь унаж, мал дагаж, шөнийг адуутай өнгөрүүлж, өглөөг уяан дээр угтдаг байв. Аав минь их шударга хүн байсан. “Миний хүү шударга, зөв хүн болоорой” гэж үргэлж захидаг. Тэр үг одоо ч сэтгэлд хадаатай. Аавынхаа үлдээсэн сургаалиар, түүний уясан адууны сүнс шиг энэ цагаан морио уяж, ивээл дор нь л яваа мэт санагддаг.
-Морь таны амьдралын салшгүй нэг хэсэг болсон байх?
-Би адуунд үнэхээр хайртай. Адуугаа байнга эрж хайдаг, адуугүйгээр байж чаддаггүй хүн шүү. Энэ цагаан адуу маань уг нь үүлэн бор морь байсан, нас ахих тусам ясан цагаан болоод байгаа юм. Тэгэхээр үнэхээр л өв соёл, байгаль хоёрын хослол мэт амьтан даа адуу гэдэг.
Х.БАТСАЙХАН: МИНИЙ 17 НАСТАЙ ЦАГААН МОРЬ АЙМАГ, СУМАНДАА НАЙМАН УДАА ТҮРҮҮЛСЭН ХУРДАН БУЯН |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |