БИД БОЛОН МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЧАМД ХАЙРТАЙ I- https://ergelt.mn/news/59/single/60
-ТЭР ЗАМЫГ ЗАССАН УУ-
Кобаяаши Кенго. Аялагч, жуулчин. Тэр 20 жилийн өмнө Монголын хөх тэнгэр, сэргэлэн салхи, зэрэглээтэн дуниартсан уудам талыг үзэхээр ирээд үүрд “үлдсэн”.
...Хэдийгээр Монголд ирдэг, аялдаг мянга мянган жуулчдын төлөөлөл, бүр амиа алдагсдын нэг нь л мэт боловч Кенго жирийн нэг жуулчин байгаагүй юм. Тэр өөрөөрөө хүн чанар, хайр, өршөөл нигүүлсэлийн сэтгэл хэл, хил, угсаа, үндэстний ялгаагүй оршин байдгийг монголчууд төдийгүй магад хүн төрөлхтөнд тодруулан гэрэлтүүлсэн, сануулан гайхашруулсан нэгэн билээ.
...Зургаан жилийн өмнө Кобаяаши Кенгогийн Монголд очсон, аялсан, хөгжилдсөн хийгээд эцсийн амьсгалаа татсан харамсалтай түүхийг сонсож суусан бол өнөөдөр би түүний төрж өссөн гэрт очиж, хайртай аав, ээжтэй нь уулзчихаад буцаж явна...
...Тэр амьд сэрүүн байсан бол өнгөрсөн сард 47 нас хүрэх байжээ. Нэг эгч, хоёр эмэгтэй дүүтэй айлын голомт залгах ганц хүү байж. Кобаяаши Токио гуай бол Кенгогийн аав, харин Кобаяаши Ёшиэ гуай ээж нь. Он цаг, амьдрал, жамын ёсоор үс нь бууралтсан шавилхан хоёр хөгшин эрэл, энэрэл дүүрэн нүдээр биднийг угтсан билээ.
Хүүгээ төрсний дараахан Кобаяаши Токио гуай “Хүн болсны хэрэг бүтлээ. Хүүтэй болсон хүмүүс одоо хөдөлмөрлөөд, ажиллаад, зүтгээд байхаас өөр яах билээ” хэмээн гэргийдээ хэлэн хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан гэнэ. Хүүгийнхээ тухай Кобаяаши Ёшиэ гуай “Хүүгээ бид одоо ч бидэнтэй хамт байгаа гэж боддог. Энэ гэрт, тэр цонхны тэнд, дээд давхарт, тэр модны сүүдэрт ном уншаад сууж байгаа л гэж боддог. Заримдаа бүр мэдрэгддэг юм чинь. Салхи болоод бидний дунд, хамт амьдарч байгаа юм шиг мэдрэмж авдаг. Хүү минь их сайхан, дэндүү зөөлөн сэтгэлтэй хүү байсан даа. Амьтанд их хайртай. Бүх амьтныг хайрлана. Шоргоолж, хорхой гэхгүй хараад л байна, дагаад мөлхөөд л байна. Усанд байдаг жижиг хорхойнуудад бүр илүү дуртай. Тийм ч болохоор байсхийгээд л нуур, ус руу явчихна. Дуртай зүйлийнхээ төлөө бол юуг ч орхиод, аргалаад явчихдаг нэг тийм шидтэй хүүхэд байсан. Үеийнхнээсээ их шийдэмгий, хурц ухаантай гэмээр юм уу. Манай эндэхийн дунд сургууль хүүг элсэх үед хөвгүүдийн үсийг хусдаг журамтай байлаа л даа. Гэтэл Кенго гэж золиг бүр үнэн голоосоо уурлаад “Ээж ээ, сургуульд сурахын тулд үсээ хусуулдаг нь ямар учиртай юм бэ. Би үсээ хусуулахгүй ээ. Үс хусдаггүй сургууль байж л таарна. Нэг бол тэрэнд суръя, эсвэл сургуулиас гаръя” гэсээр орж ирсэн. Тэр чинь ердөө бага сургуулиа төгсөөд байсан толгой шүү дээ” гээд түрүүхэн гуниглангуй, гирэвшингүй байсан хоёр хөгшний нүд, царай нь хөөр баяраар дүүрээд, биенээ цохин инээлдэж гарав.
Кенгогийн аав ээж хоёр хоёулаа эмч. Тэд насаараа бусдын эрүүл мэнд ялангуяа Фүзүшима мужийн Сүкагава хотын иргэдийн эрүүл энхийн манаанд амрах ч завгүй ажилласан хоёр. Кобаяаши Токио гуай 79 настай ч хувийн эмнэлэгтээ ерөнхий эмчээр ажилласаар байгаа юм байна. Харин Кобаяаши Ёшиэ гуай өнгөрсөн хавраас тэтгэвэртээ гарчээ. Тийн инээлдэж байснаа гэрийн эзэгтэй жижигхэн нүдээ жоонийлгон ямар нэг юм санав уу гэлтэй “Бид жирийн л япончуудын адил үр, хүүхдүүдээ харах, өсгөх завгүй, заримдаа бүр уулзаж амжихгүй ажилладаг байлаа. Хүүхдүүдээ төрүүлээд л нөхрийнхөө ээжид даатгаад байсан. Хэдийгээр хүүхдүүд, өөрсдийнхөө ирээдүйн хангалуун, сайхан амьдралын төлөө нойр хоолгүй, цаг наргүй зүтгэсэн минь үнэн ч хүний хамгийн чухал зүйл хүүхдүүдийнхээ хэрхэн өсөж, том болж, ааш зан нь яаж өөрчлөгдөж, ямар амттанд дуртай, юу хэлэхээр баярладаг, адаглаад хэддүгээр ангидаа анхны хайртайгаа учирсан, бусдад хэрхэн ханддаг, баяр жаргалтай байхдаа яадгийг нь мэдэж, мэдрэх л юм билээ. Одоо надад жаахан харамсалтай санагддаг. Долоо хоногийн долоон өдөр ажилтай, ажилтай, ажилтай... гэдэг байсандаа харамсдаг” хэмээгээд хоолой нь цахиртахад Кобаяаши Токио гуай яриаг нь үргэлжлүүлэн “Бүх л аав, ээж энэ замыг туулдаг байх. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ байх цагаа зохицуулж чаддаг аав, ээжүүд бол энэ дэлхийн хамгийн азтай, баян хүмүүс. Хүүхдүүдийн эцэг, эхтэйгээ байх хугацаа ихдээ л 18 жил байдаг гэдгийг бид амьдралын аар саар бүхнээс болоод мартчихдаг. Нэг л мэдэхэд 18, 19 жил өнгөрчихсөн, хүсээд ч хүүхэд байхынх нь биеэр тэвэрч, гарыг атгаж, уруулаар нь үнсүүлж чадахгүй болчихсон байдаг. Том болсон хойноо тэврэх, үнсэх, ярилцах чинь багынхаасаа шал өөр шүү дээ” гээд өмнөх сониноо гарчиглаж эхлэв.
-Кенго тэгээд үсээ хусуулсан уу?
-Хусуулахгүйн тулд гэрээ, найзуудаа, ангийнхнаа үлдээгээд Токио руу манай эгчийнд амьдарч, сургуульд сурахаар явсан даа. Тэр тийм л шийдэмгий хүүхэд байсан. Үсээ хусуулахгүй гэж орж ирсэн орой нь бид өөр арга байгаа эсэхийг ярилцлаа л даа. Тэгсэн аав нь хүүгийнхээ хүслийг дэмжээд, Токио явуулахаар шийдсэн. Түрүүний биднийг хүлээж авдаг залуус Кенгогийн эндэхийн бага ангийн найзууд байхгүй юу. Тэд үсээ хусуулж сургуульдаа орж байхад Кенго хувцас, дуртай номнуудаа цүнхэнд баглаад, Токио руу явж байлаа.
-Гэрэл зургууд дээр тэр дандаа инээжээ. Их өөдрөг, сэргэлэн цовоо хүн байжээ?
-Хорвоогийн хамгийн өөдрөг, аз жаргалтай, сэргэлэн мөртлөө ухаалаг нэгнийг олоод ир гэвэл би хүүгээ л зааж өгөх байсан. Хүү минь гэрийнхнээсээ гадна манай эгчийнхийг, найзуудыгаа гээд өөртэйгээ хамааралтай бүхнийг баярлуулж, хөгжөөж, инээлгэж чаддаг увдистай хүү байсан” хэмээгээд дөрөв, тавдугаар ангийн сурагч болов уу гэмээр үеийнх нь зургийг харуулан “Энэ үеэс тэр аялах дуртай болсон юм. Бид “Асахи” сонин дээрээс “Азийн орнуудаар аялах өсвөрийн сурагчдын клуб гишүүдээ бүртгэж байна” гэсэн зарлал уншсан юм. Тэр дор нь утас руу нь залгаад, Кенгог эгчтэй нь хамт бүртгүүлчихсэн. Хүүгийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тэгээд л клубынхээ хүүхдүүдтэй нийлээд аялж өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол руу явахдаа тэр аялж сурсан байсан гэсэн үг. Непаль тэргүүтэй Азийн орнуудыг клубынхээ ачаар бараг бүгдийг үзсэн. Аяллаас хэчнээн аз жаргалтай, догдлол дүүрэн ирдэг байсан гэж санана. Миний хүүдээ зориулж чадсан ганц зүйл тэр л байсан. Гэхдээ тэр аялж яваад бурхан болсон...” гээд зургийн цомгоо ширээн дээр тавив.
Кобаяаши Токио гуай уншиж байсан сониноо тавиад “Гурван охин чих, хамар, хоолой, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, Кенго сэтгэл зүйч мэргэжилтэй болсон. “Аав аа, би хүмүүсийг сэтгэл, зүрхээр нь эмчилнэ. Ялгаа юу байна” гэж байсан. Яагаад ч юм түүний хэлсэн үг, санал бүхэн намайг ховсдож байгаа юм шиг л зөвшөөрүүлдэг байсан. Хүү минь ээжтэйгээ их адилхан. Зан ааш, шийдэмгий, дураараа, асуудлыг зөв өнцгөөс тайлбарлаж, бүтээж чаддаг нь, хүмүүсийг хайрлаж, баярлуулдаг нь гээд ээжийгээ өвчсөн юм шиг дуурайсан хүү. Тийм ч болохоор хэлсэн бүхнийг нь үг дуугүй л хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болдог байсан байх. Монгол руу явна гэдгээ бидэнд хэлээгүй. Тэр үед дэлхий нийтээр САРС буюу халдварт цочмог ханиад гарч, хаа сайгүй хэцүү байсан. Энд сакура дэлгэрч байсан гэхээр Монголын хүйтэн өвөл дөнгөж дуусч байсан гэсэн үг. Хүү “Сургуулиа төгсчихлөө, би нэг газар руу явчихаад ирье” гэж ээждээ утсаар хэлсэн байсан. Бидэнд түүний ийш тийш явах нь хэвийн үзэгдэл болсон байсан болохоор ирэхээр нь хэрэг болгож хамт мах шарж идье л гэж бодсон” гээд өнөөх сониноо ахин өмнөө дэлгэв.
Бидний хэн хэн нь хэсэг чимээгүй суусны эцэст Кобаяаши Ёшиэ гуай нулимсаа арчаад “Бидний гэрлэсний 30 жилийн ойн өдөр байсан юм. Бас Японд тэмдэглэдэг Ээжийн өдөр байсан. Яг тэр өдөр хүү минь тэнгэрт одсон. Хүү минь тэнд, бид энд. Нөхөр бид хоёр ойн баяраа тэмдэглэж, ойрхон цэцэрлэгт хүрээлэн явсан. Гэтэл миний хэвлийгээр маш хүчтэй өвдсөн. Би бүүр тэсэж чадахгүй болтол хэсэг өвдөөд, намдсан. Тэгтлээ их өвдөөд намдсаны дараа амсхийх шиг сайхан юм байгаагүй, тухайн үед. Өмнө нь тэгж өвдөж байгаагүй, ахиж бас өвдөөгүй. Ойн баярын аяллын маргааш ажилдаа яваад орой иртэл Япон дахь Монголын Элчин сайдын яамнаас “Энэ хэрэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхэн рүү залгаад утсаа авахгүй байсаар бас хугацаа алдлаа. Таны хүү Монголд осолд орсон байна. Аврах ямар ч боломж байгаагүй гэдгийг ойлгоорой” гэсэн утгатай факс ирсэн байсан. Сүүлд бодож байхад хүү осолд орж, амь тэмцэн байсан хугацаатай нь миний хэвлийгээр өвдсөн цаг давхцаж байсан. Тэгээд би “Хүү минь тэр зовлонгоос хурдан салсан нь болж дээ. Удаан зовсон бол үнэхээр хэцүү байх байсан” гэж бодож, тайвширсан...” гээд чимээгүй болов.
...Тэр хоёрын унтлагын өрөөний хойморт настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүний зураг байх бөгөөд тэдний хажууд Кенгогийн инээд цацруулсан зургийг өлгөжээ. Зургуудын хажууханд 30, 40 гэсэн бичигтэй сагсны хоёр өмсгөл өлгөөтэй байсныг энд яриа өрнөхөөс өмнөхөн Кобаяаши Ёшиэ гуай “Хүүгийнхээ 30, 40 насны төрсөн өдрөөр энэ өмсгөлүүдийг ганц ганцхан хувь хийлгэсэн юм. Удахгүй 50 гэсэн тоотойг хийлгэнэ, тэрний дараа 60, 70, 80 гээд л хийлгэнэ дээ” хэмээн инээмсэглэн танилцуулж, “Би хүүгийнхээ гэрэл зургийн цомгийг хүнд үзүүлдэггүй юм. Бусдыг нь бол ирсэн зочид, хүүхдүүд, зээ нар дуртай цагтаа үздэг. Та хоёрыг Наритад буусны дараа л гаргаж ирлээ” гээд зургаан ширхэг гэрэл зургийн цомгийг тэрүүхнээс аваад зочдын өрөө рүү алхсан билээ.
...Кобаяаши Токио гуай хоолой засаад “...Тэр замыг зассан уу...”
-Бага зэрэг л...
-Тийм харамсалтай зүйл өөр хэн нэгэнд битгий тохиолдоосой” ...
Кобаяаши Ёшиэ гуай “Бид гадаад паспорт, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх гэж хоёр, гурав хоног алдсан. Нөхрийн паспортыг хүлээж тэсэхгүй би эгч, дүү хоёртой нь Монгол руу ниссэн. Үргэлж инээж, инээмсэглэж, ээжийгээ шоглож, тоглож байдаг хүүгийнхээ шарилыг авахаар очсон. Элчин сайдын яамныхан, цагдаагийнхан бидэнд чадахаараа тусласан. Шарил тээвэрлэх боломжгүй гэсэн учраас бид нэгэн өндөр уулын оройд гарч, хүүгээ чандарласан. Их салхитай, хүйтэн өдөр байсан. Магад яг хүүгийн минь хүсээд, дуулаад байдаг шиг салхитай өдөр байсан. Тэгээд л шаазан вааранд хүүгээ хийгээд гэртээ ирсэн дээ... Хүү минь цэл залуухнаараа, амьдралын сайн муу, сайхан муухай юу байдаг бүхнийг үзэж, амсаж, туулж чадалгүй бурхан болсон. Ер нь азгүй гэх юм уу даа. Гэхдээ би хүүгээ хамгийн дуртай зүйлээ хийж яваад жаргалтайгаар нас барсан гэж бодохыг хичээдэг. Хүү минь жаргаж, догдолж, баярлаж яваад бурхан болсон.
-Тэнд өрнөсөн үйл явдлыг би орчуулагчийн яриагаар тэмдэглэлдээ буулгасан. Чухам юу болсон байдаг юм бэ?
-Чиний бичсэн тэмдэглэлийг бид орчуулж уншсан. Тэнд бичигдсэн бүхэн үнэн. Тэд үнэхээр санаандгүй танилцаж, гэнэ сэргүй нөхөрлөж, Хархорин гэдэг хотыг үзэхээр явсан. Замдаа голын эрэг дээр амарч, хоноглож, усаар тоглож, инээлдэж, сайхан дурсамж бүтээсэн. Буцах замдаа замын хоолны газар цайлж, хүүд минь нэг нь мантуун буузнаасаа өгсөн. Жолоо шилжүүлсэн, гэхдээ тэр зам ямар ч сайн жолоочийг эрсдэлд оруулахаар хэцүү, маш том хагарсан муу зам байсан. Бидэнд цагдаагийн авсан хэргийн газрын зураг бий. Хүү минь аюулгүйн бүсээ зүүгээгүй болохоор машинаас ганцаараа зөндөө хол шидэгдсэн байдаг. Хүүг минь чиний нэрлэснээр Батаа амьсгал хураатал нь тэвэрч суусан юм билээ. Тархиндаа хүнд гэмтэл авсан хүү минь амьсгал хураахынхаа өмнө нэг үг хэлсэн гэсэн. Тэр үгийг нь сонсож чадаагүйдээ би харамсдаг. Тийм л юм болсон.
-Та шүүх хурлын үеэр “Хамт явсан залуусыг өршөөж өгөөч, хүүгийн минь сүүлчийн цаг мөчүүдэд хамт байсан найзуудыг нь битгий ялд унагаач” гэж хэлсэн гэдэг?
-Элчин сайдын яамнаас над руу “Тэр хоёр залууд холбогдох шүүх хурал удахгүй болно. Та гомдлоо бичиж өгнө үү” гэж утсаар ярьсан. Хэрвээ тэр залууст, амьдралынхаа сүүлчийн жаргалтай цаг мөчөө хамт өнгөрүүлсэн найзуудад нь гомдолтой гэх юм бол, тэднийг шоронд орох хэмжээний зүйл хийвэл Кенго намайг уучлахгүй шүү дээ. Кенго ийм зүйл хэзээ ч хүсэхгүй. Тэд хүүгийн минь хүсэл, мөрөөдлийг биелүүлэх л гэж явсан хүмүүс шүү дээ. Би Монголын шүүх рүү захидал бичсэн. Тэр захидлын минь эх хувь одоо ч надад бий” гээд 20 жилийн өмнө бичиж байсан захиагаа гаргаж ирэв. Би “Хүүгийн минь амьдралын сүүлчийн цаг мөчүүдээ жаргалтай өнгөрүүлсэн найзуудыг битгий буруутгаач. Бид гомдолгүй...” гэсэн утгатай захиа бичсэн. Захидал маань хүрч, шүүх хурал болоогүй.
-Батаа, түүний ээж тантай уулзсан байдаг шүү дээ?
-Тийм ээ, тэр бол хүүгийнхээ шарилыг авахаар очих үед болсон явдал. Дорж эхнэртэйгээ ирж уулзсан. Аяллын турш бичсэн видео хуурцаг, тэр үед юу болсон тухай надад зах зухаас нь ярьж өгсөн. Хүүг минь “Гэр рүүгээ буцахаар яараад байсан учраас бид хурдтай давхисан” гэж хэлж байсан. Тэдний дараа Батаа ээж, ах, дүү нар, бэрүүд гээд гэрийнхэнтэйгээ их олуулаа ирсэн. Ээж нь их сайхан хүн байсан. Хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлж, хүнлэг болгож чадсан эмэгтэй байсан. Үнэхээр бид хэл нэвтрэлцэхгүй ч харцаараа ойлголцож чадсан. Хүү шигээ бодож, хайрлах сэтгэлийг Батаа надад төрүүлсэн. Зөв хандлага бүх зүйлийг шийдэж чаддаг. Тэд чин сэтгэлээсээ харамсаж байсан. Чин сэтгэл мэдрэгддэг шүү дээ гээд санаа алдахад нь “Батаагийн ээжтэй уулзсан мөчийн тухай ярьж өгөөч” гэсэнд “Үүнийг битгий асуугаасай” гэж бодож байсан уу гэлтэй нүдээ жоонийлгон сүрхий гэгч харснаа нарийхан цагаан хуруугаараа хэдэнтээ ширээ тогшсоноо удаашруулан “Одоо ч тод санаж байна. Яг л өөрийнхөө хүүг алдсан юм шиг, хүү нь байхгүй болчихсон юм шиг гашуудаж байсан, тэр эмэгтэй. Намайг хараад залбиран мөргөж эхэлсэн. Бид биенийгээ орчуулагчийн шаардлагагүй ойлгож байсан гэж би боддог. Учир нь, бид нэг хүний төлөө, миний хүүгийн араас хамтдаа гашуудаж, хамтдаа уйлж байсан минь үнэн юм” хэмээхдээ улайтал нь атгасан гараа зөөлрүүлэв. Үргэлжлүүлэн “Үнэхээр бидэнд ижил уй гашуу тохиолдсон байсан даа. Тийм ч учраас тэд хүүд минь зориулж, гэрэлт хөшөө босгосон хэрэг шүү дээ. Хэрвээ тэд зүгээр л өөрсдийнхөө хүүг нэр цэвэр авч үлдэхийн тулд ирсэн байсан бол надад тэгж залбиран мөргөхгүй, тийм халуун дотноор тэврэхгүй, чин сэтгэлээр гашуудахгүй байсан. Бас гэрэлт хөшөө ч босгохгүй байх байсан. Энэ үнэн шүү” гээд уртаар санаа алдан өөдөөс гал нь буурсан нүдээр цоргиулан ширтэв. Ахиад Батаагийн ээжийн тухай асуувал яг л энэ хариултаа бүр илүү өмөөрөн хэлнэ гэсэн шиг шийдэмгий гэгч нь харж байх шиг санагдсан билээ.
- Уучлах сэтгэлийг Батаа төрүүлсэн гэж та дээр ярьсан. Энэ тухайд?
-Тийм ээ, тэр хүү ирж уулзаагүй бол би хүүгээ аз жаргалтай, сайхан аялсан гэж итгэхгүй байх байсан ч байж мэднэ. Тэр надад аялал ийм сайхан, тийм гоё байсан гэж юу ч яриагүй. Би түүний чин сэтгэлээс л тэгж мэдэрсэн. Бас хүүг минь амьсгал хураах хүртэл тэвэрсэнд нь би одоо ч талархдаг. Хүү минь ганцаараа байсан бол яана гэж боддог. Гэртээ ирсэн хойноо бид Доржийн авчирч өгсөн хуурцагнаас хүүгээ хэрхэн хөгжилтэй, баяртай байгааг, усаар тоглож, оддыг бишрэн харж, найзуудтайгаа хоолоо хувааж идэж байгааг нь үзсэн. Тийм учраас л хүүгээ жаргалтай байсан гэж хэлээд, бодоод байгаа минь тэр. Өөр нэг зүйл нь осол бол анхааруулгагүй зүйл шүү дээ. Бид эмч, гэхдээ эмч байгаад ч яаж ч чадахгүй зүйл бол үхэл. Бид дэргэд нь байгаад ч яаж ч чадахгүй байсан шүү дээ.
-Таныг голомт залгах ганц хүүгээ алдсан ээжээс гаргахааргүй тэнүүн сэтгэлийг гаргаж, хөтөч, жолооч залуусыг өршөөсөнд би төдийгүй Монголын ард түмэн баярлаж, таны уужим сэтгэлд талархан бусдадаа үлгэр жишээ болгон ярьдаг. Хүмүүсийн олонх нь үрээ алдсан бол амийг амиар хэмээн харуусан, нэхдэг л дээ. Гэтэл япон ээж “Хүүгийн минь сүүлчийн найзуудыг битгий буруутгаж, яллаач. Тэднийг өршөөгөөч” гэсэн гэхээр зарим хүнд хүн чанар, нинжин сэтгэлийн сэхээрэл болж байх шиг санагдсан?
-Би мундагтаа эсвэл өгөөмөр сэтгэлтэйдээ тийм шийд гаргасан юм биш ээ. Хэрвээ бид осол гаргасан хүмүүст гомдоод байвал, энэ уй гашуу, харамслыг бодитоор харж чадахгүй, даван туулж чадахгүй байвал Кенго маш их гомдох нь гарцаагүй. Тэр бусдыг зовоох, өвтгөх, шаналгах дургүй хүүхэд байсан. Тэр бусдыг хайрлах, уучлах, өршөөхийг бидэнд үлгэрлэж ирсэн хүү юм шүү дээ. Тийм л сайн хүү байсан. Болсон зүйлд хэн нэгнийг буруутгаад л байна гэдэг юунд ч хүргэхгүй, ямар ч үр дүнгүй мөртлөө өөрийгөө зовоож, шархлуулахын л нэмэр шүү дээ. Хүүгээ дураараа, жаргалтай, өөрийнхөөрөө амьдарсныг бодож бид сэтгэлээ эдгээх хэрэгтэй гэж ярилцсан. Бид одоо бүрэн эдгэрсэн. Хүүдээ итгэж байгаа учраас.
-Та 10 жилийн өмнө Батаагийн босгосон “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” гэж сийлсэн гэрэлт хөшөө рүү очсон шүү дээ. Тэр тухай ярьж өгөөч?
-Тийм ээ, хүүгийнхээ зорьж очиж, “үлдсэн” газрыг арай тайвширсныхаа дараа үзэх хэрэгтэй байсан. Кенгогийн үерхэж байсан бүсгүй, дотнын найз нь, бид гээд олуулаа очсон. Тэгж очихдоо сонсох дуртай “Мянган салхи болно” гэдэг дууг нь хэдэн удаа бүтнээр нь сонссон. Яагаад ч юм тэр их совинлог бас автамтгай хүү байсан нь тэр дуугаар нь илэрдэг. Биднийг осол гарснаас 10 жилийн дараа очиход ч өнөөх зам муу хэвээрээ байсан. Япон хүний санаанд нэг талдаа 400 гаруй километрийн зайтай гэхдээ маш муу, эрсдэлтэй замыг туулаад аялах тухай бодол бараг орж ирэхгүй. Орж ирсэн ч тийш аялахгүй. Харин монголчууд бол өглөө нь гарч давхиад, оройдоо буцаад ирдэг. Ийм эрсдэлтэй аялал битгий хийж байгаасай гэж хүсмээр байна. Амь хайран шүү дээ. Өөр бусад зүйл биш, ослоос болно гэдэг бүр хайран.
-“Хүүгийн минь найзуудыг битгий шүүгээч, тэднийг өршөөгөөч” гэх захидал явуулсны дараа Дорж, Батаа хоёр танай гэр бүлтэй холбогдож талархал илэрхийлсэн үү. Ер нь тэдэнтэй холбоотой байдаг уу?
-Батаа, Батаагийн гэр бүлийнхэн бидэнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Дорж дахиж холбогдоогүй ээ. Гэхдээ тэд бидэнтэй заавал холбогдох албагүй. Бас үргэлж талархал илэрхийлэх ч шаардлагагүй. Тэд тийм зүйл болно гэж биш, хүүгийн минь хүслийг биелүүлэх гэж л явсан хүмүүс шүү дээ. Магад хүсэл нь биелэсэн байх.
-Уучлаарай, Ёшиэ гуай таныг замын хүмүүсээр хүж дайж, хүүгийнхээ гэрэлт хөшөөнд уугиулахыг, ус амсуулахыг хүсдэг тухай сонсож байсан. Үүнийг тань бодохоор эрхгүй сэтгэл өвддөг. Намайг 2017 онд өмнөх тэмдэглэлээ гаргасны дараа нэг уншигч “Өвөө нь хэдхэн хоногийн өмнө хайртай зээ охиноо алдчихсан юм аа. Чиний нийтлэлийг уншаад дугаарыг чинь олж аваад залгаж байна. Өвөө нь охиноо даарч байгаа болов уу гэж бодохоос л унтаж чаддаггүй. Гэтэл чи тэр хүүгийн ам нь цангаж байгаа болов уу гээд ээж нь хүмүүсээс ус асгаж өгөхийг гуйдаг гэж бичжээ...” гээд уйлж байсан юм. Хэдий хүчтэй байхыг хичээж байгаа ч танд хэцүү байдаг уу?
-Одоо миний хүүдээ өгч чадах юм хүж. Японд хамгийн ариун зүйлийг хүж гэж бэлгэддэг юм. Бас ус. Намайг хүчтэй, сэргэлэн цовоо байхад хүүхдүүд минь дуртай. Ядаж энэ хүслийг нь биелүүлж амьдрахыг хичээж явна” хэмээгээд ширээн дээрхийг цэгцлэхтэй нь зэрэгцэн Кобаяаши Токио гуай “Тэр залуусыг уучлах сэтгэл, санаачилгыг эхнэр минь гаргасан. Надад эсэргүүцэх шалтгаан байгаагүй. Тэднийг яллалаа гээд хүү минь босоод ирэх биш. Хүүгийнхээ сайн сайхан, амар амгалангийн төлөө бидний хийж чадах зүйл тэр байсан. Бид энэ жил Монголд очихоор төлөвлөөд байсан ч амжсангүй. Ирэх жил гэрэлт хөшөөнд нь очно. Монголчууд хүүг минь мартаагүй, санан дурссаар байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Хүү минь тэнд, бид энд учраас манай гэр бүл Монголтой салшгүй холбоотой болсон. Надад Монголын тухай бодохгүй өдөр, тэндэхийн цаг агаар өөр бусад мэдээлэл таарвал сонирхохгүй өнгөрч байсан тохиолдол байсангүй ээ, өнгөрсөн хугацаанд. Ээж нь ч бас тийм байх.
...Ийн ярьсныхаа дараа хоёр хөгшин хоёул уужирсан мэт, сэтгэлдээ буглаад байсан бүхнийг гаргачихсан мэт тайвширсан санагдсан тул “Зургаан жилийн өмнө анхны нийтлэлээ бичихдээ хүүгийн тань гэрэлт хөшөөг зорьж очиж байсан. Энэ жил та бүхнийг Японд ирээч гэж урилга илгээсний дараа би дахин очсон. Гэрэлт хөшөө орчимд хүж цөөнгүй байсан. Хүмүүс зорьж очдог болсон байх гэж бодсон” гэсэнд Кобаяаши Токио гуай сэтгэл дүүрэн “Тэр тэгнэ ээ. Тэр хаана ч байсан бусдын хайрыг татаж чаддаг хүүхэд” гэхэд Ёшиэ гуай нөхөр рүүгээ дулаахан гэгч нь инээмсэглэн харсан билээ... Тэдэнд гэрэлт хөшөөний гэрэл зургуудыг үзүүлэхэд хоёул уралдан хаа нэгтээ нь хэн нэгэн зогсож байгааг, эсвэл байх вий гэж хайж буй мэт дахин дахин харж, инээмсэглэн байснаа “Чи ус амсуулсан байх, тийм үү” хэмээн гэрийн эзэгтэй өөдөөс харав.
-Тийм ээ, манай ажлынхан хамт очсон. Бүгд ус амсуулж, авч очсон хүжээ уугиж дуустал нь тэнд байсан.
-Аан, тийм үү. Бидний өмнөөс хүүг минь эргэсэнд баярлалаа” гэснээ “Эндээс холгүйхэн, бидний хааяа очдог байсан цэцэрлэгт хүрээлэн бий. Түүгээр хэсэг алхах уу” гэлээ.
Ширээн дээр Кенгогийн аяллуудын гэрэл зургууд хэдэн арваараа байна. Тэр үнэхээр л байгальд шунан дурлагч, байгалиас энерги, эрч хүч авагч байжээ. Гэрэл зургуудад тэр нэг бол аль нэг дурсгалт эсвэл жирийн нэг байгальд нөгөө бол ном уншин амарч байгаагаар, ор, хичээлийн ширээгээрээ дүүрэн өрсөн, эмх замбараагүй номон дунд инээж, инээмсэглэн сууж, хэвтэж байгаагаар үлджээ. Тэднийг хувцаслаж байх зуурт “Кенгогийн нэрийг хэн өгсөн юм бэ, ямар утгатай нэр вэ” гэсэнд хоёул инээгээд “Кенго гэдэг нь эрдэм, ном гэсэн утгатай үг. Хүүгээ эрдэм номтой хүн болоорой гэж өгсөн нэр. Монголоор бол Эрдэм гэсэн үг юм. Аав нь хүүдээ өгсөн нэр” гэв. Аавынхаа ерөөж өгсөн нэрэнд тэр богино хугацаанд ч гэлээ багтаж амьдарсан нь санамсаргүй авсан гэрэл зургуудаас харагдаж байгаад би ч бас баяртай байлаа.
Биднийг Кенгогийн гэрт очсон өдөр Тосгоных нь гэрэл асаж таарсан юм. Өөрөөр хэлбэл, жил бүрийн аравдугаар сард Гэрэл асаах өдөр буюу тосгон даяарх гэрлээ нэгэн зэрэг асаадаг юм байна. Кенгогийн ээж “Бидний жижигхэн тосгонд тохиодог хүндтэй, чухал өдөр та бүхэн таарч зочилжээ. Манайхан гэрэл асаах өдрөө их бэлгэшээж, баярладаг юм. Хүүхдүүд, залуус, хөгшид гээд бараг бүгд гудамжиндаа гарч, энд тэндгүй асах гэрлүүдээ харж баясдаг” гээд үлгэрийн баатруудын дүрсэн гэрлүүд өнгө өнгөөр ассанд баярлан “Энэ жил онцгой жил бололтой” гээд машиныхаа хүрдийг зоримог гэгч нь эргүүллээ. 80 нас дөхөж яваа ч тэдний хэн хэн нь гав шав гэж жигтэйхэн юм.
...Кенго нөхөрлөлдөө үнэнчээс гадна найзуудаа юу юунаас эрхэмлэн хүндэлдэг байсан тухай нь биднийг тосон уулзсан багын найзууд нь ам уралдан ярьж байсан билээ. “Кенгог товчхон илэрхийлбэл” гэсэнд “Хөгжилтэй, шогч, эрх чөлөө” хэмээн гурав нь хариулсан бол цэцэрлэгт байхаасаа найзалсан Тобика сан “Өрөвчхөн, үнэнч, үнэхээр галзуу найз шүү. Түүнтэй байхад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн, бидэнд тохиолдсон элдэв асуудал арилж, одсон байдаг сан. Тэр л биднийг нэгтгэдэг байсан. Түүнийг эзгүйд хоорондоо тэр бүр уулзаад байж амжихгүй. Гэхдээ Кенго гэртээ байвал бид тэднийд л байж байдаг байсан. Өнөөдөр ч бас бид Кенгогийн ачаар энд цуглаад байна. Санаанаас гардаггүй нэг зүйл нь тэр бага байхын л тахиа, гахай, үхэр гээд бүх амьтныг үнэн сэтгэлээсээ хайрладаг, бүр заавал илдэг байж билээ” гэснийг ярилцан явсаар бид Бандайасахигийн цэцэрлэгт хүрээлэнгээ тойров. Замын төгсгөлд байх хиймэл нуурын дэргэд амьдрал, тэсвэр тэвчээр, хагацал өнчрөлийг өөрсдийнхөөрөө л туулж яваа хоёр хөгшин зогсоод “Энд ирэх их дуртай байсан. Байнга л ийшээ ирье гэж шалдаг байж билээ. Хүү минь гэр бүл зохиож, хүүхэдтэй болж амжсан сан бол хүүхэд нь биднийг ийшээ ирье гэж байнга шавдуулах байсан. Тэр лав аав шигээ дураараа золиг байх байсан нь гарцаагүй” гээд өөд өөдөөсөө инээвхийлэв. Хэдий “Бид эдгэрсээн” гээд байгаа боловч хүүгээрээ аль аль нь сох дутаж, хашгиран уйлмаар байгаа ч биесээ зовоохгүйг хичээн тэвчээд байгаа нь илт тул нэмж шалгаасангүй. Магад үүнээс хойш ахиад нэг л асуулт нэмсэн бол Кобаяаши Ёшиэ гуай цурхиран уйлж, Кобаяаши Токио гуай нүдний шилээ нэг авч, нэг зүүн гэргийгээ аргадангуй өөр юуны ч тухай юм ярьж эхлэх байсан биз ээ.
...“Бидний сууж байгаа энэ өрөөнд 47 жилийн өмнө Ёшиэ гуай намуухан дуу аялж, Кобаяаши гуай төрөх эмнэлгээс түрүүхэн гэртээ ирсэн хүүгээ нүд салгалгүй хайрлан ширтэж, харахаас л хайр ундруулах жижигхэн гар, хөлийг нь дахин дахин үнэрлэн өхөөрдөж, инээд хөөр хаа сайгүй цацарч байсан байх даа” хэмээн бодох тусам найман өрөө бүхий энэхүү цэлгэр байшин бусдын хүүхдүүдийг ганц хүү шигээ санан хайрлан, уучилсан нинж сэтгэлт хоёр хөгшинд дэндүү эл хуль, дэндүү томдоод ч байх шиг оргино. Цагтаа өрөө бүхэн эзэнтэй, булан тохой бүр хүүхдийн тоглоом, хувцас, эдлэлээр хөглөрч, байшин тэр чигтээ инээд, хөөр, хашгираан “Кенго, дэггүй золиг минь...”, “Тэр ээ, миний цамцыг харсан уу”, “Өглөөний цайгаа уугаад хичээлдээ яваарай...” гэх мэт цовоо цолгиун дуу хоолойгоор дүүрдэг байсан бол өдгөө хүүхдүүдээ мөрөөссөн, бүхнийг ойлгон уучилсан хоёр хөгшин туулсан он жилүүдийнхээ дурсамж, гэгээг нэг нэгээр нь хөвөрдөн амьдарч байна... Тэд “Хүүгийнхээ амьдралын сүүлчийн найзуудыг уучилсан минь Кенгодоо зориулах л ёстой зүйлсийн минь нэг шүү дээ” хэмээн итгэл дүүрэн ярих ч хүүгийнхээ зурагтай нимгэн альбомуудыг байсхийгээд л энгэртээ наан тэврэх юм.
...Өчигдөр нь галт тэрэгнээс бэргэсээр буухад 28 жилийн өмнө намайг үдэн гэрийнхээ үүдэнд нулимсаа арчаад улам улам жижгэрсээр үлдсэн өвөө, эмээ хоёр шиг минь жижигхэн хоёр хөгшин угтсан шигээ Хишгээ эгч бид хоёрыг даллан даллан үдлээ. Амьдралын олон үдэлт дундаас миний л хувьд хамгийн хяслантай хийгээд зүрх базлам бачуу нь эмээ, өвөө хоёроо ийн үлдээж байсан минь. Бас учрал учралын хамгийн догдлом, дүүрэн жаргал нь ийн эмээ, өвөөдөө очих минь байсныг нэхэн нэхэн шархирдаг надад Кенгогийн буурал аав, ээж хоёрыг үлдээн одох уйтай байлаа...
...Хурдны галт тэрэг довтолгох тусам би Кенгогийнхоос алсарсаар. Ийн явах тусам ирэх замдаа хүүгийнх нь амийг авч одсон газраас, бүр тэр тухай нь сурвалжлахаар ирж байгаадаа гэмшин, “Хүү нь хүрээд ирж байгаа ч юм шиг санагдаад сэтгэл нь хямарч, шаналах болов уу” гэж зовниж байсан минь биелэлээ олсон ч юм шиг санагдан зовнил минь улам бүр үгдэрч явлаа... Туулсан тэд эдгэрсэн байхад сонссон би үгдэрч байдаг нь юуны учир юм бол...
...Токиогийн агаар үнэхээр жигтэй юм. Дүүрэн амьсгаа авч болохгүй хэрнээ үе үе сэрхийгээд үнэхээр л сэргэлэн, сэнгэнэсэн салхи хүсэхээс аргагүй болтол давчдуулах юм. Дээр нь зөрж өнгөрөх үй түмэн нийтээрээ утсаа ширтэж, дуу, чимээ үл гарган, гав ганцаараа мэт орших нь надад байдаг гуниг, ганцаардал бүхнийг сэдрээчих гээд байх шиг. Ийм л учраас тэр Монголыг зорьсон ч байж мэдэх. Кобаяаши үгүй 20 жил бидний сууж яваа хурдны галт тэрэг мэт цахилсан ч гэр бүлийнхэнд нь түүний орон зай уудам тал нутаг, сэргэлэн хонгор салхи, гүн хөх тэнгэртэй Монгол шиг минь дэлгэрэн дэлгэрсээр байгааг дахин дахин мэдрэв ээ.
Япон Улс, Токио хот. 2023.10.25
БИД БОЛОН МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЧАМД ХАЙРТАЙ-II |
|
2025-01-30 16:29:35
2025-01-30 15:50:36
2025-01-30 14:54:53
2025-01-30 14:11:03
2025-01-30 13:45:03
2025-01-30 13:21:15
2025-01-30 12:44:52
2025-01-30 12:38:30
2025-01-30 12:30:34
2025-01-30 11:44:28
2025-01-30 11:40:58
2025-01-30 11:37:51
2025-01-30 11:24:36
2025-01-30 11:01:46
2025-01-30 10:49:25
2025-01-30 10:43:44
2025-01-30 10:41:04
2025-01-30 10:34:46
2025-01-30 10:04:36
2025-01-30 09:53:41
2025-01-30 09:38:22
2025-01-30 09:16:08
2025-01-30 09:07:50
2025-01-30 07:08:40
2025-01-30 07:00:00
2025-01-30 07:00:00
2025-01-30 07:00:00
2025-01-30 07:00:00
2025-01-30 07:00:00
2025-01-30 07:00:00
2025-01-30 06:00:00
2025-01-30 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |