Жолоочгүй машинд сууж, робот эмчээр эмчлүүлж, хиймэл оюун ухааны тусламжтайгаар төсөөллөө бодит болгож буй XXI дүгээр зуунд хүмүүс цаг хугацааны машинаас бусдыг нь бүтээсээр байна. Энэ технологийн хөгжил дунд Монголын хөдөөгийн сургуулийн анги бүр нь зуухтай, зуух бүрийг нь галч нэг бүрчлэн галладаг, тэгж байж сурагчдын дулаан ангид сурах орчныг бүрдүүлдэг гээд бод доо. Бүр тодруулбал, өвөлдөө -40 хэм давж хүйтэрдэг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын эрдэм, ном сурах хүсэлтэй сурагчид мөсөн дээгүүр 3-4 километр алхах нь алхаж, чарга, тэргээр чирүүлэх нь чирүүлсээр сургуульдаа ирэхэд нь галчийн дулаацуулсан сургууль угтдаг гэсэн үг. Тус сургуулийн галч Ч.Түмэнбаяртай ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу. Өвлийг өнөтэй сайхан давсан биз дээ. Таны ажлын нэг өдөр хэрхэн эхэлж, өрнөдөг вэ?
-Цагааннуур сумынхаа дунд сургуульд галчаар ажиллаад хоёр жил болж байна. Миний ажил ажлын өдрүүдэд 05:00 цагтай уралдаж сургууль дээрээ ирэхээс эхэлдэг. Бэлтгэж, хураасан модоо анги ангид нь оруулж галлана, сурагчдыг ирэхээс өмнө дахин бүх ангиар тойрч гал нэмнэ, дулаанаа барихад нь анхаарна гээд л амсхийх завгүй л гүйнэ. Жавар хурсан ангийг дулаацуулах амаргүй ч дулаацуулахаас өөр аргагүй. Манай сургууль 14 танхимтай. Энэ 14-ийн дунд гүйсээр нэг мэдэхэд л орой болсон байна шүү дээ. Харанхуй болохоос өмнө амжиж маргаашийн түлшээ бэлтгэж дууссанаар нэг өдрийн ажил хумигдана. Миний ажил есдүгээр сарын 1-нд эхэлж, тавдугаар сарын сүүлчээр дуусна. Гэхдээ манай сум байгалийн онцлогоос шалтгаалж, хүйтэн уур амьсгалтай учраас зургадугаар сар хүртэл галлах үе бий. Өвөл бол арванхоёрдугаар сараас нэгдүгээр сар дуустал хэчнээн галласан ч анги хангалттай дулаацахгүй, жиндүү байх үе бишгүй.
-Дан модоор галладаг учраас түлш их ордог байх. Түлшээ хэрхэн, хаанаас бэлддэг вэ?
-Ид хүйтний улиралд ачааны машины тэвш дүүрэн модыг нэг өдөрт л түлдэг. Түлээний модоо бид хойд уулнаасаа бэлдэнэ. Түлшээ цахилгаан хөрөөгөөр жижиглэнэ, сүхээр хагална, дараа нь усны тэргэн дээр өөрөөсөө өндөр болтол нь өрж, ачаад ангиуд руу зөөнө. Манай сургуулийн хашаанаас цахилгаан хөрөө, мод хагалах сүхний чимээ ер тасардаггүй юм. Түлшээ ярайтал нь өрөөд бэлдчихээр сэтгэл аяндаа дулаацаад л ирдэг дээ.
-Таныг мод хөрөөдөж, хагалж байхад сурагчид санаачилгаараа тусладаг уу?
-Туслалгүй яах вэ. Хүүхдүүд их хөөрхөн шүү дээ, мод хагалж байгааг харсан хөвгүүд ихэвчлэн гүйж ирээд, хагалсан модыг өрөх, тэргэнд ачихад туслана. Бас анги руугаа тэрэгтэй модоо хамжиж чирсээр аваачаад, модны хайрцагтаа жимбийтэл сайхан өрөөд тавьчихна гээд манай хүүхдүүд их туслана аа.
-Дулаан ангид хичээлээ тухтай хийж байгаа сурагчдыг харах танд сайхан байдаг байх даа?
-Эрдэм ном сурахын төлөө -40 хэмийн хүйтэнд сургуулиа зориод хол, ойроос ирдэг хүүхдүүдийг дулаан байлгах буянтай ажил хийж байгаадаа ах нь баяртай байдаг. Намайг гал нэмэхээр ангид нь ороход аль ч ангийн сурагчид босоод “Та сайн байна уу” гээд дуу нэгтэй мэндэлдэг юм. Тэгэх бүрд нь баярлаж, сэтгэл хөдөлдөг. Миний гал түлж өгдөг ангид ирээдүйн ерөнхийлөгч ч сууж байж мэднэ шүү дээ. Заавал ерөнхийлөгч биш юмаа гэхэд бүгд л Монголын ирээдүй, улсаа авч явах, ачааг нь үүрэлцэх хүүхдүүд шүү дээ.
-Түлсэн галынхаа илчийг удаан барихын тулд ямар нэг арга ашигладаг уу?
-Өглөө гал ноцоох модоо нарийн ширхэгтэй хагалдаг. Бүрэн ассаных нь дараа бүдүүн мод нэмж хийх аргаар галынхаа илчийг барьдаг. Бүдүүн мод удаан шатдаг учраас илчээ барьдаг юм.
-Та энэ сургуульдаа сурдаг байсан гэсэн. Таныг сурч байх үед ч ингэж галладаг байсан уу?
-Миний багад сурагчид гал түлэхэд тусладаг, ээлжээр галдаа мод нэмдэг байлаа. Галч ах нар коридорт мод бэлдээд тавьчихна. Тэндээс нь анги руугаа зөөнө. Тэгж мод зөөхөөр өөрийгөө бусдаас илүү хүчтэй болчихсон юм шиг мэдэрдэг байж билээ. Одоо бол эрдэм ном сурахаар шамдаж байгаа хүүхдүүдийг үнс, тортогтой зууралдуулахгүй, адаглаад хувцсыг нь холтос, зомгол болгохгүй гэхдээ галч галладаг болсон.
-Галлагааны үед аюулгүй байдлаа хэрхэн хангадаг вэ?
-Яндангаа хөөлж, үнсээ хаяхаас эхлээд гал алдахгүй байхад анхаарна. Гал түлчихээд зуухаа тойрч харна. Хулдаас, шалан дээр нэг цог үсрэхэд л аюул болох учраас анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ ганц би ч биш, сурагчид бас багш нар нь галын аюулгүй байдалд сайн анхаарна аа.
Хязгаар нутгийн буйдхан сумын сургуулийн галчийн ажил орчин цагийн зарим хүний хувьд хэрэгцээгүй санагдаж мэдэх ч Ч.Түмэнбаяр ахын сэтгэлээсээ түлсэн гал сурагчдад хичээлээ даарахгүй хийж, мөрөөдөлдөө хүрч, эх орондоо хэрэгтэй хүн болоход нь энгийн хэрнээ хамгийн том тус хүргэдэг нь гарцаагүй. Энэ ярилцлагыг уншиж байх мөчид ч тэр аль халуун зуухныхаа урд хөлсөө дуслуулан галаа өрдсөөр суугаа биз ээ.
-Баярлалаа.
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |