• Өнөөдөр 2025-07-22

Д.Нямдаваа: Рашаан бүр эм биш, өөрт тохирсныг уувал л үр дүнтэй

2025-07-22,   179

Зуны улирал эхэлмэгц хүмүүс ажил, амьдралын ачааллаасаа түр холдож, байгальд амрахыг эрмэлздэг. Зөвхөн аялж зугаалах биш, эрүүл мэндээ дэмжих, ядаргаагаа тайлах зорилгоор рашаан, сувиллын газруудыг зорих иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ талаар бид “Егнин Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг”-ийн тасгийн эрхлэгч, их эмч Нямдаваатай ярилцлаа.

-Зуны улиралд уламжлалт эмчилгээ болон рашаан, сувилалд явах иргэд ихэсдэг. Мэргэжлийн эмчийн хувьд та ямар зөвлөгөө өгөх вэ?

      -Рашаан эмчилгээ шаардлагатай хүмүүстээ бол маш хэрэгтэй эмчилгээ. Жишээ нь, Шаргалжуутын рашаан олон төрлийн эрдсээр баялаг. Гэхдээ хамгийн гол нь мэргэжлийн эмчид хандаж, өөрт тохирсон рашаанд явах хэрэгтэй. Рашаан бүр эм биш, зөвхөн танд тохирсныг зөв горимоор хэрэглэвэл үр дүнтэй.

 Рашаан ууснаас ямар үр дүнтэй байдаг вэ?

     -Рашаан бүр өөр өөр. Манай улсын олон аймагт төрөл бүрийн рашаан бий. Агуулж буй эрдэс бодисоос нь хамаарч хэрэглэх заалт өөр байдаг. Жишээлбэл, элэг, бөөр, ходоод, нүдний рашаан гэх мэт төрөл бий. Зарим нь халуун, зарим нь хүйтэн чанартай байдаг. Ямар рашааныг хэрхэн хэрэглэхийг заавал мэргэжлийн эмчид үзүүлж байж мэднэ. Дур мэдэн хэрэглэвэл хууч өвчин сэдрэх, хүндрэх эрсдэлтэй.

-Сувилал, рашаанд явсны дараа ямар гам барих шаардлагатай вэ?

     -Рашаан, сувилалд амарч, эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал сайжирч, цусны эргэлт идэвхжиж, булчин үе халж, нөхөн сэргээх үйл явц эхэлдэг. Энэ үед зөв гам барих нь эмчилгээний үр дүнг хадгалах, биеэ бүрэн нөхөн сэргээхэд чухал. Халуун рашаан, бариа засалд орсны дараа халсан булчин, үе мөчийг гэнэт дааруулж болохгүй. Хүйтэн усанд орох, салхинд удаан зогсох нь үр дүнг бууруулна. Сувиллын үед баримталсан хооллолтоо үргэлжлүүлж, хэт их идэх, архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв эмчийн заавраар рашаан уусан бол дараа нь дур мэдэн их хэмжээгээр ууж болохгүй. Мөн шавар, усан эмчилгээний нөлөө шууд биш, дараагийн долоо хоногуудад ч үргэлжилдэг тул сайн унтаж амрах, ядрахгүй байх, биеэ дааруулахгүй байх нь чухал. Халуун рашаанд суусны дараа даарч, бороонд норохгүй байхыг анхаарах хэрэгтэй.

-Манай улсад ямар төрлийн рашаан сувиллууд зонхилж байна вэ? 

    -Монголд олон төрөл байдаг. Жишээ нь, Шаргалжуут, Отгонтэнгэр, Оргил рашаан, Хужирт, Жинст, Хужирт зэрэг нь өөр өөрийн онцлогтой. Зарим нь яс, үе мөч, зарим нь бөөр, элэг, хоол боловсруулах замын өвчний үед тохирдог. Мөн цэвэр агаартай бүсэд байрладаг болохоор уур амьсгалын эмчилгээ давхар үйлчилдэг.

- Рашаан сувилалд явахын өмнө иргэд юуг заавал анхаарах хэрэгтэй вэ? 

    -Юуны өмнө эрүүл мэндийн ерөнхий үзлэгийг хийлгэх ёстой. Зарим өвчний үед, тухайлбал хурц үрэвсэл, зарим төрлийн хавдар, зүрхний хүнд хэлбэрийн эмгэг, жирэмсний тодорхой үе шатанд рашаан сувиллын эмчилгээ тохиромжгүй. Тиймээс мэргэжлийн эмчид заавал үзүүлж, таны нөхцөлд ямар сувилал, ямар төрлийн рашаан тохирохыг зөвлөгөө авч байж явах хэрэгтэй.

-Рашаан, сувиллын эмчилгээг шинжлэх ухааны хувьд юу гэж үздэг вэ?

    -Эмчийн үүднээс авч үзвэл рашаан, сувиллын эмчилгээ нь сэргээн засах анагаах ухаан болон физиотерапийн салбарын нэгэн бүрэлдэхүүн хэсэг. Байгалийн гаралтай хүчин зүйлсийг (эрдэст рашаан, шавар, уур амьсгал, нарны энерги, цэвэр агаар гэх мэт) ашиглан хүний биеийн өөрийн нөхөн сэргээх чадварыг дэмжих, зарим эмгэгийн явцыг удаашруулах, архаг өвчнийг хөнгөвчлөх, урьдчилан сэргийлэх зорилготой эмчилгээ гэж үздэг. Эрдэс ус, шаврын дулаан нь цусны эргэлтийг сайжруулж, булчинг сулруулж, үрэвслийг бууруулдаг. Зарим эрдэс бодисууд арьсаар болон амьсгал, хоол боловсруулах замаар шингэж, бодисын солилцоонд нөлөөлдөг. Цэвэр агаар, уур амьсгал, амралтын дэглэм нь мэдрэлийн тогтолцоог тайвшруулж, стрессийг бууруулж, нойрыг сайжруулдаг.

-Сувилалд эмчилгээ хийлгэхэд сэтгэл санааны байдал хэр чухал вэ? 

     -Маш чухал. Сувиллын орчинд хүний сэтгэл санаа тайвширч, амьдралын хэмнэл өөрчлөгддөг. Тайван амгалан байдал нь биеийн нөхөн төлжилтийг хурдасгадаг. Харин стресс, бухимдал нь эмчилгээний үр дүнг бууруулдаг. Тиймээс өөрийгөө зөвөөр бэлдэж, амрах, эдгэрэх хүсэлтэйгээр очих нь эмчилгээний нэг хэсэг.

-Баярлалаа.

 


Д.Нямдаваа: Рашаан бүр эм биш, өөрт тохирсныг уувал л үр дүнтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188