...Хорвоод нэгнээ түших хоёр хүүтэй байлаа, бид. Бага хүүгээ амьдралын наадах, цаадах шалтгаанаас болоод их сургуульд сургаж дөнгөөгүй. Эгч нь хорь гаруй жил “Бөмбөгөр”-ийн гадаах лангуун дээр халуунд халж, хүйтэнд хөрч ойр зуурын юм зарж байна. Хүүгээ тэр лангуундаа хэсэг суулгалаа, ойр зуурын ажил, юмандаа туслуулангаа амьдралд нь хүргэчих гэж тэр шүү дээ. Хүү ч дунд сургуулиа төгсөөд удаагүй найз бүсгүйтэй болж, тэрсхэн хоёр охинтой болсон. Нэг үүсвэрээр хоёр айл хоолоо олж иднэ гэдэг амаргүй. Зээлээс зээлийн хооронд сажилж байгаа шүү дээ, бид чинь. Амьдрах байр, ахуйн олон асуудал хүүг минь мөн ч их зовоож, туйлдууллаа. Арга ядаад бид Төмөр замд нэг өрөө байр түрээсэлж өглөө. Хүний охин үрийг хүйтэнд дааруулж, сэтгэлийг нь мохоочих вий гэж эмээсэндээ хүнээс мөнгө зээлээд, бүтэн жилээр нь байр түрээсэлж өгсөн. Хүүгийнхээ бизнесийг хөл дээр нь босгох гэж тал талаасаа их хичээсэн. Санаагаар болоогүй, унаж, босож явсаар бид сүүлдээ өрөнд орсон. Хүү “Ээж, би Солонгос явж ажил хийдэг юм уу” гэлээ. Би ч дэмжсэн. Аав, ах хоёр нь дургүйцэж байхад зөрж байгаад хүүдээ хэдэн төгрөг олж өгөөд, виз мэдүүлэхээр боллоо. Хэсэг хүлээсэн ч виз нь гарсан ч юмгүй, өнөөх холбож өгсөн хүн нь ор сураггүй алга болчихсон. Биднийг хулхидчихсан гэсэн үг л дээ. Энэ хооронд хүү минь гар утасны засварчин боллоо. Эхний удаад хүний үнэтэй гар утсыг засна гэж задлаад эвдсэн. Над руу “Ээж ээ, би өрөнд орчихлоо” гээд уйлаад залгахаар нь төлөөд өглөө. Удалгүй дахиж хүний утас эвдээд, ахаараа төлбөрийг нь өгүүлсэн байгаа юм. Арга ядаад, бас миний хүүхэд ганцаараа бүтэлгүй байгаа юм шиг санагдаад уурлалаа. Гэтэл хүү “Ээж ээ, би энийг л сурчих юм бол болох гээд байна” гэсэн. Хүний ээж учраас хүүгээ загнана, зэмлэнэ, аргадна, учирлана, уучилна, эцэст нь дэмжинэ. Миний хүүгийн болгох гээд байдаг тууштай, амьдралыг өөдрөгөөр хардаг гэнэн, цайлган занд буруу байгаагүй ээ. Угийн л толгой сайтай, сэргэлэн болохоор хүү минь удалгүй гар утас засаад сурчихсан. Гэхдээ дэврүүн, хөнгөн сэтгэлээр амьдралд хандсан зүйл бий. Хоёр охиноо хүний дайтай өсгөх гэж өдөр, шөнөгүй, бүтэлтэй, бүтэлгүй зүтгэж байгаад нэг л өдөр Япон руу гэрээт ажилтнаар явахаар болсон. Би ч тухайн үед “Их мөнгө олохгүй байсан ч яах вэ дээ. Өөрөө хөлөө олчихоод, эхнэр, хүүхдүүдээ өндөр хөгжилтэй оронд хэсэг ч гэсэн амьдруулж, залуу хүмүүс нүдээ нээг” гэж бодсон. Тэгээд ёстой байдгаа шавхаад, наашаа гэсэн хүн бүхнээс шахуу мөнгө зээлж байгаад хүүгээ 2024 оны хоёрдугаар сард Япон руу нисгэлээ. Миний хүү ямар гоё ирээдүй мөрөөдөж, амьдралд ямар их яарч явсан гэж санана.
Хүү уг нь өдөр бүр цайны цагаараа над руу залгадаг юм. Гэтэл тэр өдөр нэг ч залгаагүй. Наана, цаана гэж байтал үдийн цай өнгөрсөн байхаар нь “Энэ хүүхэд чинь яагаад залгаагүй байдаг билээ” гээд залгатал авсангүй. Хэд хэд залгасны дараа гэнэтхэн л хамаг хар хөлс цуваад, бие сонин болоод явчихсан. Хүлээж байтал 17:00 цагийн үед хүүг Монголоос Япон руу явуулсан нийгэмлэгийн ажилтан над руу холбогдож “Төгсөө гол руу унаад, олдохгүй байна гэнэ ээ” гэж байгаа юм. Хальт сонсоод л ухаан балартаад явчихсан. Том хүү, нөхөр рүүгээ өчнөөн залгалаа, утсаа авдаггүй. Тэгж байтал том хүү залгахаар нь “Дүү чинь олдохгүй байна гэнэ ээ” гэж хэлээд л ухаан алдаад унасан байгаа юм. Муу зүйл болчихлоо гэдгийг эх хүний зөн совингоор мэдсэн, тэр өдөр. Том хүүгийнхээ “Ээж ээ, та хаашаа ч гарахгүй байж байгаарай, би одоо очлоо” гэхийг нь бүдэг, бадаг санаж байна. Нөхөр, хүү маань ч ирлээ. Бид “Нисдэг машин”-ы хажууд байдаг Япон руу ажилд зуучилдаг нийгэмлэг рүү нь дэн дунтай очсон. Тэд “Олдоогүй, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэснээс өөр дорвитой зүйл хэлээгүй. Харанхуй болж, эрлийн ажиллагааг зогсоолоо гэсэн мэдээ ирлээ гэсэн. Аав нь “Ийм олон цаг цогцос нь олдоогүй юм чинь миний хүү амьд байх аа. Хаа нэгтээ голын эрэг дээр гарчихсан, айлд байгаа байх” гэтэл холбооны хүн “Япончууд хэзээ ч тэгэх хүмүүс биш. Олдсон л бол шууд цагдаадаа мэдэгдэнэ” гэж байгаа юм. Нэг талаараа харгис ч гэлээ үнэн нь тэр байсан. Бид шөнөжин хүлээсэн, үүр цайж байхад “Хүүгийн чинь цогцсыг дөрвөн метрийн гүнээс оллоо” гэдэг хариу ирлээ. Бүх хүний итгэл найдвар, амьд байгаасай гэсэн хүсэл нурсан. “Хүүгээ яах гэж явуулав даа” гэж өөрийгөө зүхэхээс өөр юу ч хийж чадаагүй.
Миний хүү бусдын адил сайхан амьдрах гэж харь орныг зорьсон шүү дээ. Гэтэл ердөө зургаахан сар болоод харийн нутагт амиа алдчихсан гэж бодохоор гол зурна. Тэр өдөр бүх нийтийн амралтын өдөр болж, миний хүү найзуудтайгаа гол руу явсан юм билээ. Гэтэл нэг найз нь голд орж байгаад хөл алдсан гэсэн. Голын эрэг дээр олон хүн байсан ч миний хүү л найзыгаа аврахаар ус руу орсон байгаа юм. Би хүүгээ сайн мэднэ. Хүний амь дээсэн дөрөөн дээр, тэр дундаа голын уснаас толгой нь цухуйгаад “Авраарай, намайг авраарай” гэж хашхирч байхад зүгээр хараад суух хүүхэд биш. Бага байхдаа “Бөмбөгөр”-ийн наймаачдыг бараагаа өргөөд явж байхаар нь өөрийнхөө ачааг тавьчихаад, хүний ачаа хүргээд өгчихдөг хүүхэд байсан. Дандаа инээж, бусдад тустай, дэмтэй явсныг нь хамт ажиллаж байсан хүмүүс нь гэрчилнэ. Тэр өдөр голын эрэг дагаж гүйж байгаад найз руугаа чиглээд ус руу орсон байгаа юм. Тэгээд найзыгаа гаргаад, өөрөө гарч ирээгүй гэсэн. Тэнд амарч, зугаалж байсан хүмүүс онцгой, цагдаа руугаа залгаж, дуудлага өгсөн байна лээ.
...Хүүгээ хэрхэн амьдарч, хүний нутагт зүтгэж байгааг харахаар бус, алтан шарилыг нь авчрахаар Япон руу бид явсан. Мөн ч хэцүү, давахгүй даваа тэр байсан. Амьдралд минь ийм гунигт өдөр ирнэ чинээ зүүдлээгүй явлаа даа. Итгэж чадахгүй, үнэнтэй эвлэрч өгөхгүй байсан ч бид хүүдээ очсон. Онгоцны буудал дээр бидний нэрийг бариад зогсож байсан хүнийг “Хүү минь ингээд зогсож байгаасай” гэж мөн ч их бодож, цээжээ хөндүүр болтол шаналсан. Онгоцноос буугаад цогцос хадгалах өрөө рүү явсан. Миний хүү яг л унтаж байгаа мэт хөргүүрт хэвтэж байсныг санаж байна. Духыг нь үнэрлэж, гарнаас нь барихад зургаан сарын өмнө үдэж өгсөн шиг дулаахан байсан. Дандаа инээж, ээжийгээ хайрлаж, гэр бүлийнхнийгээ жаргалтай амьдруулахын төлөө миний жаахан хүү их хичээсэн. Аливааг болгочих юм сан, бүтээх юм сан гэсэн хүсэл нь үргэлж оргилж явдаг хүү байлаа даа.
Хүүгийн амийг нь аварсан залуу монгол хүн байсан юм билээ. Японд олон жил амьдарсан, ажилладаг газрынх нь монголчуудаа хариуцсан дарга нь байсан гэсэн. Хүүд минь тусалж, чадахгүй, мэдэхгүй зүйлийг нь зааж өгч, дотно найзалж байсныг нь бодож, бид түүнийг уучилсан. Тэр залуу бидэнтэй уулзаад, “Намайг уучлаарай” гээд уйлсан. Элчин сайдын яамны ажилтнууд, Япон руу ажилд зуучилдаг нийгэмлэгийнхэн биднийг “Хүүгээ алдчихсан хүмүүс яаж тэвчээр алдах бол” гэж ажиглаж, хэл ам гарахаас айж байснаа дараа нь хэлсэн. Нөхөр маань тэр залуугийн өөдөөс хараад “Та нар үүнээс хойш болгоомжтой байгаарай. Санамсар болгоомжгүйгээс болж дахиж ийм эмгэнэлт зүйл болж, харанхуй ангал руу унах шиг тарчлааныг хэн нэгний аав, ээж мэдрэхгүй байгаасай. Энэ бүх зүйл миний хүүгээр дуусаасай” гэж хэлэхэд бүгд уйлсан. Үнэндээ, тэвчихэд, уучилж бодоход тийм амар байгаагүй ээ. Хашхирч, орилоод, хүүгээ нэхмээр л байсан. Миний хүү чинь хэчнээн хөөрхөн ааштай, хүнлэг, бусдын төлөө төрчихсөн юм шиг гэнэн цайлган, сайхан сэтгэлтэй хүү билээ дээ.
Маргааш өглөө нь хүүгээ чандарлахаар очлоо. Өчигдөр харснаас шал өөр нүүр, бие нь харлаад, нүд хальтрам болчихсон байсан, цогцос нь. Усанд ороод, унтаж байгаа юм шиг байсан хүүгээ ганцхан шөнийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөнийг хараад “Хүү минь муухай болсон төрхөө аав, ээждээ, энхрий бяцхан охиддоо харуулахгүй гэж их хичээж дээ” гэж бодон өрөвдөж, тэвчээр алдсан. Уйлаад уйлаад босоод ирэхгүй ч уйлахаас өөр юу ч хийж чадахгүй л байлаа. Эрүүл саруул, инээж хөхрөөд явсан хүүгийнхээ цогцсыг шилэн вааранд хийгээд, хоёр охинд нь тэврүүлээд Монгол руу бид ниссэн. Хүний амьдрал тааварлашгүй, бас дэндүү хатуу. Алгын чинээхэн хоёр охин нь аавыгаа тэврээд нутагтаа ирсэн. Хүүгээ Хужирбулангийн энгэрт хөдөөлүүлж, хоёр охиныг нь том болоод “Миний аав энд байгаа” гэж сэтгэлээ тайтгаруулах болов уу гэсэндээ хөшөө босгосон.
Хүүг минь энэ хорвоогоос буцсанаас зургаан сарын дараа Япон Улсын Засгийн газрын Монгол дахь төлөөлөгч гээд хүн бидэнтэй холбогдож, “Таны хүүгийн бусдын төлөө гаргасан баатарлаг үйлс, эр зоригоор нь бахархаж, хүндэтгэл үзүүлэх ёслол болно. Та бүхэн явах боломжтой юу. Японы Засгийн газраас бүх зардлыг даана” гэсэн. Ингээд бид дахин Япон руу явсан.
Японы Ерөнхий сайд Ш.Ишиба “Гэр бүлээ алдсан ар гэрийнхний уй гашууг бодохын төдийд л элэг эмтэрч, гүн харамсал төрж байна. Эмгэнэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Амь үрэгдэгсдийн сүнс тайван нойрсож, ар гэрийнхэн нь амар амгалан байхыг хүсэн ерөөе” гээд удтал мэхийн ёсолж, хүндэтгэл илэрхийлсэн. Бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг авраад өөрсдөө үрэгдсэн баатарлаг хүмүүсийг Японы Засгийн газар “Цагдаагийн албан хаагчийн үүргийг эр зоригтойгоор гүйцэтгэж, бусдын алтан амийг аварсан баатарлаг үйлстэн” хэмээн тунхаглаж хүндэтгэл үзүүлдэг юм байна. Миний хүүгийн нэр Хүндэтгэлийн самбарт томоос том бичигдэж үлдсэн. Би тэр үед хүүгээ хэчнээн их санаж бас бахархаж байсан гэж санана. Хүүгийн минь баатарлаг үйлийг алдаршуулж, тамгалж үлдээх ажлыг Канагава мужийн Цагдаагийн газар, Цагдаагийн нийгэмлэгийн холбогдох ажилтнууд санаачлан хийсэн байна лээ. Ингээд миний хүүгийн охидод насанд хүртэл нь тэтгэмж олгохоор болсон. Аав нь эзгүй болсон үр хүүхдэд дэм тус хэрэгтэйг ойлгож, бүрэн дэмждэг хөгжилтэй улсын бодлого сайхан юм билээ. Бид хүүгийнхээ амиа алдсан Сагами голын эрэг дээр хүрэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-ныхан бидэнд чадах бүхнээрээ тусалж, бүх зүйлийг минь амжуулж өгсөн. Хүүг амиа алдах үед Сагами гол үертэй байсан юм билээ. Харин биднийг очиход намдуухан, хайрга, элс нь харагдаж байсан.
Хүүгээ алдаад найман сар өнгөрлөө. Эх, эцэг, хань, үр хүүхэд нь л зовдог юм байна. Аавынхаа зурагны өмнө залбирч, “Миний аав аа, гараад ирээч дээ” гэж гуйх хоёр бяцхан охиноо өрөвдөж, өр өвддөг. Харах болгондоо сэтгэл минь сэмэрч, хэдэнтээ нурж байна, үнэндээ. Бэр охин маань ажил хийгээд, биднээс тусдаа байгаа. Би хүүгийнхээ амийг нь аварсан залууг жаргалтай, он удаан жил амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Бас би “Хүүгийн минь оронд хүү болж үлдсэн гэж дандаа бодож явна” гэж сэтгэлдээ амласан. Над руу залгахгүй, бас уулзахгүй байсан ч би гомдохгүй. Байнга уулзаж, холбогдож, харах болгондоо гэмшиж амьдарвал хэцүү шүү дээ, тэр хүүд. Харин нөхөр маань нэг удаа надаас “Тэр хүү хэзээ нэгэн өдөр бидэн рүү залгах болов уу. Хоёр охиныг нь асуугаад, бидний мэндийг мэдэх болов уу” гэж асууж байсан. Хөгшнийгөө хүүгийнхээ оронд үлдсэн хүүг хүний дайтай явааг нь сонсож, тайтгарахыг битүүхэн хүсдэг гэдгийг нь тэгж мэдээд их өрөвдсөн.
Улаанбаатар хот, 2024 оны гуравдугаар сар
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ |
|
2025-07-09 19:08:08
2025-07-09 18:21:45
2025-07-09 17:54:06
2025-07-09 16:01:16
2025-07-09 15:36:44
2025-07-09 13:44:24
2025-07-09 13:38:29
2025-07-09 13:21:24
2025-07-09 13:07:25
2025-07-09 12:56:20
2025-07-09 12:31:19
2025-07-09 11:34:08
2025-07-09 11:23:31
2025-07-09 11:05:44
2025-07-09 10:45:29
2025-07-09 10:43:20
2025-07-09 09:38:23
2025-07-09 09:17:40
2025-07-09 08:20:46
2025-07-09 07:41:45
2025-07-09 07:10:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 07:00:00
2025-07-09 06:00:00
2025-07-09 06:00:00
2025-07-08 16:24:23
2025-07-08 15:50:29
2025-07-08 15:15:40
2025-07-08 15:07:40
2025-07-08 13:18:44
2025-07-08 13:03:56
2025-07-08 12:38:47
2025-07-08 12:01:05
2025-07-08 10:49:35
2025-07-08 10:21:13
2025-07-08 09:58:20
2025-07-08 09:56:35
2025-07-08 08:00:23
2025-07-08 07:47:53
2025-07-08 07:04:10
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
2025-07-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |