• Өнөөдөр 2024-12-12

“ГЭМ ЗЭМ”-ИЙН ТАЙЗНЫ АРААС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ

2022-03-02,   1236

Зартай гэмт хэрэгтэн Родион Романович Раскольниковын үйлдсэн аллага болсноос хойш 150 жилийн дараах онлайн шүүх хурлыг М.Батболд найруулан “Орфей” театрын тайзанд амилуулсан. Аллагыг “амь оруулж” орчин цагийн монголчуудад түгээн дэлгэрүүлсэн “Орфей” театрынхан Ф.М.Достоевскийн “Гэм зэм” зохиолоос сэдэвлэсэн жүжгийг дахин үзэгчдийн хүртээл болгохоор цаг наргүй ажиллаж байх аж.

-“ОРФЕЙ” ТЕАТРЫН ТАЙЗНЫ АРД-

“Орфей” театрын хамт олон өнгөрсөн оны XI-XII сард “Гэм зэм” жүжгийг 18 удаа тайзны амилуулсан. Харин энэ удаад 25 удаа “Орфей”-д “амилуулах”-аар зэхээд буй “Гэм зэм” жүжгийн багийнхны бэлтгэлийг харах завшаан тохиов.

           “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчдийн багийнхны олонх нь залуу уран бүтээлчид. “Залуу насны эрч хүчийг харуулна” гэдэг шиг “Гэм зэм” жүжгийн бэлтгэлийн үе шат инээд, хөөрөөр дүүрэн байх. Нэг нь санамсаргүй алдаа гаргахад нь нөгөөхөө ёжилж, нөгөөтээгүүр уран бүтээлийн хатуу шүүмж ч өгөх аж.

“Орфей” театрын нэгэн онцлог нь монгол уран бүтээлчдийн тайз засалт, чимэглэл. “Гэм зэм” жүжгийг үзсэн хүмүүс “Орфей” театрынхны бэлдсэн төмөр тавцанг хараад гайхширч, шагшиж байсныг дурдах нь зүй.

Тайзны бэлтгэлийн үеэр жүжигчин Ц.Төмөрбаатар тайзны голд засаж, байрлуулсан төмөр тавцанг хөдөлгөх зориулалттай төмөр утсанд тээглээд уначихав. Үүнийг харсан залуу жүжигчдээс эхлүүлээд найруулагч М.Батболд гүйхээрээ харайж ирэн төд удалгүй бүгдээрээ л Ц.Төмөрбаатарыг тойрон зогсох нь тэр. Ц.Төмөрбаатар жүжигчин ч ёолсоор босож, ирэхэд хэдхэн хоромын өмнө сандралдаж зогссон жүжгийн багийнхан ч хөхрөлдөх аж.

 

-“ГЭМ ЗЭМ” ЖҮЖИГ ЗАЛУУСТ ЯМАР БОЛОМЖ ОЛГОЖ БАЙГАА ВЭ-

“Гэм зэм” жүжгийн үзэгчдийн суудлаас үзэх, тайзны араас үзэх өөр өөр. “Орфей” театрын арын алба, жүжгийн багт ч залуусын төлөөлөл олон байв. Тэр бүр үзэгчдийг харцанд өртөж, анхаарлыг нь татдаггүй ч, их сургуулиа төгсөөд л “Гэм зэм”-тэй амьдралаа холбосон 21-25 насны залуустай нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголын тайзанд амилуулж байгаа нь уран бүтээлчийнх нь хувьд ямар боломж олгосон болон зохиолын тухай цөөн хором ярилцаж сууснаа уншигч та бүхэнд хүргэе.

 

Б.ДОЛЖИНСҮРЭН: "Гэм зэм" надад өөрөөрөө байх орон зайг олгодог

СУИС-ийн 2020 оны төгсөгч.

Оюутан байхдаа “Пантастик” продакшны “37 дугаар точка”, С.Бямбаа найруулагчийн “Хэвтрийн хүн” кинонд дүр бүтээж байсан. Харин "Орфей" театртай холбогдсон түүх маань "Гэм зэм" жүжгийн продюсер Т.Ариунчимэг багштай маань холбоотой. Т.Ариунчимэг багш намайг оюутан байхад манай ангийн ассент багш байсан юм. Тэгээд Т.Ариунчимэг багш маань намайг анх өнгөрсөн оны зургадугаар сард "Гэм зэм" жүжгийн багийн бүрэлдэхүүнд дуудсан. Гэсэн ч би хувийн ажлаасаа болоод завгүй байсаар 2021 оны аравдугаар сард дахин дуудагдаж, "Гэм зэм"-ийн багийнхантай нэгдсэн.

          "Гэм зэм" жүжигт хувь нэмрээ оруулж, энэ хамт олонд байснаараа маш олон зүйлийг шинээр сурч, мэдэж авсан. М.Батболд найруулагч хүн бүртэй хүн чигээр нь харьцаж, "Орфей" театрынхан бүгдээрээ надад өөрөөрөө байх орон зайг олгодог. "Гэм зэм" жүжиг ажиллаад мэргэжлийн хувь, мөн хувь хүнийхээ ч хувь маш их зүйл шинээр сурч, хөгжиж чадсан.

 

С.ӨЛЗИЙМАА: Мөрдөгч Порфирий Петровичийн дүрийг шинээр бүтээнэ

СУИС-ийн 2018 оны төгсөгч.

Би "Гэм зэм" жүжгийн энэ удаагийн тоглолтод шинээр орсон. "Орфей" театрын хамт олон надад мөрдөгч Порфирий Петровичийн дүрд тоглох санал тавихад нь үнэхээр баяртайгаар хүлээж авсан. Гэсэн ч түүнээс хойш холбоо бариагүй болохоор нь Баянхонгорын унаанд суугаад хөдөө явах гэж байлаа. Гэтэл "Орфей" театраас залгаад "Манай бэлтгэл эхэлж байгаа. Өнөөдөр ирээрэй" гэж хэлсэн. Би ч баярлах, сандрах зэрэгцсэн хүн явж байсан замдаа автобусаа зогсоогоод буцаад хот орж ирсэн.

 

Ж.ТЭМҮҮЛЭН: Залуу хүн бүрийг "Гэм зэм" жүжгийг үзээсэй гэж боддог

Дооёо ах маань саяхан болсон “Гэм зэм” жүжгийн хэвлэлийн бага хурал дээр “Бид “Гэм зэм”-ээрээ дамжуулж бослого гаргасан бололтой” гэж хэлсэн. Жүжгийн зохиолч Я.Баяраа ах маан ч “Достоевский бол мөнхийн залуу зохиолч” гэж байнга хэлдэг. Миний бодлоор нэрт зохиолч Достоевский өөрөө босогч байсан. Нийгмийн шинэчлэл, сэтгэлгээний асуудалд үзэл бодлоо илэрхийлж, тэмцэж байсан гэж ойлгодог. Хүмүүсийн хэлдгээр хэтэрхий гутранги Достоевский өөртөө “Хүн яаж ч хичээсэн өөрийн гэм зэмээсээ зугтаж чадахгүй юм байна” гэх дүгнэлт өөртөө өгсөн. Тэгээд үүнээсээ яаж жоохон ч болов зайлсхийх зүйл нь хүний хайр, ёс зүй юм байна гэх дүгнэлт гаргаснаа “Гэм зэм” романаараа хүргэхийг хүссэн гэж боддог.

          Өнөөдрийн Улаанбаатар 18 дугаар зууны үеийн Петербургтэй адилхан байна. Хэн ч аз жаргалтай биш байна. Залуусыг боломжоор хангаагүйнх нь хариуд залуус бослогыг шинжтэй зүйл олон хийдэг болсон. Бослого нь улайм цайм гадаа лоозон барьж зогсоо бус. Харин өнөөгийн энэ нийгмийн эсрэг “Гэм зэм” роман өөрөө бослого байсан гэж боддог. Би хувийнхаа зүгээс Монголын залуу хүн бүр "Гэм зэм" жүжгийг үзээсэй гэж боддог. Манай "Орфей" театраас ч үүнд анхаарч, өмнөх тоглолт дээр 100 мянган төгрөг байсан тасалбарын үнийг 50 мянган төгрөг болгосон. Мөн оюутан залуус ч дахин хөнгөлөлтөд хамрагдаж, илүү хямд үнээр үзэх боломжтой болсон нь залуусыг "Гэм зэм"-д илүү ойртуулах санхүүгийн хувьд ч маш сайн шийдвэр болсон болов уу.

 

Э.БҮЖИНЛХАМ: Уншигчид зохиол дотроос нь өөр өөрийн гүн ухаанаа олж байгаа нь гайхамшиг

“Гэм зэм” жүжгийн Раськолниковын дүр миний дотоод хүнтэй адилхан санагддаг. Бидний, хүн бүрийн амьдарч, аж төрж байгаа ертөнц нэг хэдий ч хүн бүр дотоод өөр өөрийн ертөнцтэй. Харин энэ тал дээр “Гэм зэм” жүжиг хүн зөвхөн өөрийнхөө ертөнцийг хайрлахаас гадна өөр хүний дотоод ертөнцийг ч хайрлах ёстой гэдгийг ойлгуулдаг. Уншигчид зохиолч Ф.М.Достоевскийн зохиолуудыг философи гэцгээдэг. Харин миний хувьд хүмүүс түүний зохиолуудыг уншиж, тэр дотроос өөр өөрийн философио нээн илрүүлж байгаа нь л Ф.М.Достоевскийн гайхамшиг гэж боддог.

          Нөгөөтээгүүр “Гэм зэм” жүжиг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг маш ноцтой хөнддөг. Монголд сүүлийн хэдэн жилд л сэтгэцийн эрүүл мэндийн талаар ярьж байна. Хүн өөрт тулгамдаад байгаа сэтгэл зүйн асуудал, нийгмийн өмнөөс хашхирмаар санагддаг хүний дотор байдаг тэр сэтгэл зүйн асуудлаа манай “Гэм зэм” жүжгийг үзсэнээр бага ч болов намдаана гэж бодож байна.

 

С.ТЭМҮҮЖИН: 23 нас бол амьдралд хөлөө олох гэж ядаж л яваа нас шүү дээ

"Гэм зэм" жүжиг 2022 он гарахаас өмнө тоглогдож байхад Раськолников бид хоёр адилхан 23 настай байв. Тэр ч утгаараа "Гэм зэм" жүжгийн Раськолниковын дүрд өөрийгөө нээх, өөрийг нь ойлгох боломж олдсонд талархаж байна.

          23 нас бол дөнгөж л их сургуулиа төгсөөд амьдралд хөлөө яваа өр зээлтэй залуу, нийгэмд хэн гэдгээ батлах гэж ядаж яваа нас шүү дээ. Хүн бүрт зовлон, зүдгүүр учирна, тулгарна. Ойлгомжтой. Харин зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм"-ийн Раськолниковын дүрээр илэрхийлэх гээд байгаа санаа нь "Хүн алчихсан байсан ч, зовлон чинь дуусдаг юм шүү" гэсэн санаа. Бороо орсны дараа дахиад л нар манддаг шиг юм бүхэн эргэлдсээр байх учир ямарваа нэгэн зүйлийг битгий муугаар шийдэх гэж оролдоосой гэсэн болов уу.

 

Х.ЦЭЦЭН: Раськолниковын өмнөөс хашхирмаар санагддаг

Нийгмийг, хүнийг ч тэр гаднаас харж, үнэлэхгүй байхыг “Гэм зэм”-ээс сурсан. “Гэм зэм” жүжгийг үзэж байхад дотоод сэтгэлд минь төрдөг “амаа үдүүлчихсэн юм шиг” мэдрэмжүүд намайг өдөөж, Раськолниковын өмнөөс хашхирмаар санагддаг.

 

Д.ӨСГҮҮНБИЛЭГ: "Гэм зэм" жүжгийн багийнхан бэлтгэл дээрээ ч мэргэжлийн түвшинд тоглодог

Анх "Гэм зэм" жүжгийн мөрдөгч Порфирийн Петровичийн дүрд тоглохоор болсныхоо дараа зохиол, жүжгийг зохиолоо уншсан. Дүрийн санал ирж, нэрийг нь сонсоод ердөө л нэг мөрдөгч эмэгтэй гэж бодож байсан ч, үгүй. Нэрт зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романд мөрдөгч Порфирийн Петровичийг 50 гаруй насны хөгшин, бүдүүн эрэгтэй гэж дүрсэлсэн байдаг.

          Нэгэн бүдүүн мөрдөгч эрийг байцааж байгаа хүмүүсээсээ сэтгэцийн шалгалт авдаг ухаантай эмэгтэй, мөн олон болгосон нь монгол найруулагчийн, М.Батболд найруулагчийн чадвар. Мөн "Гэм зэм"-ийн жүжигчдийн ур чадвар, байгаа байдлаас нь л мэргэжлийнхээ хувьд маш олон зүйлийг сурч мэдэж байгаа. Залуус бэлтгэлийг "Бэлтгэл" л гэж хардаг бол Ц.Төмөрбаатар, П.Эрдэнэзаан, Ш.Доржсүрэн зэрэг ах, эгч нар бэлтгэл дээр ч мэргэжлийн түвшинд тоглодог. Сул зогсохдоо ч мэргэжлийнхээ талаас чадахаа хэлж, мэдэхээ сургаж байгаа "Орфей" театр, "Гэм зэм" жүжгийн багийнхнаасаа маш зүйлийг сурч байгаа нь үнэхээр гайхалтай байна.

 


“ГЭМ ЗЭМ”-ИЙН ТАЙЗНЫ АРААС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188