• Өнөөдөр 2025-10-22

Л.ӨЛЗИЙТӨГСИЙН "СОНОТОЙ ГЭРЛЭСЭН МИНЬ" ЗОХИОЛЫГ ДҮРСЛЭХ УРЛАГААР АМИЛУУЛСАН КУРАТОР Б.ГАНТУЯА

2025-10-22,   104

          -Сэтгэл зүрхний төрсөн нутаг гэж юу вэ, Соно оо?

-Тэр бол чиний хайж олох ёстой нутаг. 

-Би хэзээ тэр нутгийг олох бол?

-Тэр нутагт хөл тавьсан цагтаа л.

-Би тэр нутгийг хэрхэн олох вэ?

-Сэтгэл зүрхнийхээ заасан зүг рүү л явах хэрэгтэй.

/ Яруу найрагч Л.Өлзийтөгсийн "Төсөөллийн өрөөнд" номын эхний хуудаст нийтлэгдсэн "Сонотой гэрлэсэн минь" зохиолын хэсгээс.../

       "Хаос" фестивалийн продюсер, куратор Б.Гантуяатай ярилцлаа. Түүний хувьд Л.Өлзийтөгс найрагчийн "Сонотой гэрлэсэн минь" зохиолыг электрон хөгжим, зүүдний мэт орчинтой хослуулан дүрслэх урлагийн "Соно" медиа үзэсгэлэнг найруулсан уран бүтээлч юм.

-"Хаос” фестиваль хоёр дахь жилдээ амжилттай өрнөж байна. Энэ жилийн үзэсгэлэн, тоглолтуудынх нь гол онцлог юу байна вэ?

      -Энэ жил бид нар Хувирал гэдэг сэдвийн дор фестивалиа зохион байгуулж байгаа. Тэгэхээр сонгосон агуулгынхаа хүрээнд бүх уран бүтээлчид болон бүтээлүүдээ сонгож байгаа гэсэн үг. Өнөөдөр бид нар анзаарагдах, үл анзаарагдах, тасралтгүй бас тодорхойгүй үргэлжлэх технологийн, экологийн, сэтгэл зүйн түмэн хувирлын хэлхээс дунд амьдарч байна. Энэ хэлхээс дунд бид өөрөө өөрийгөө хайж, төөрч, олж, бас дахин алдах гээд л тасралтгүй өрнөх тэмцэл, эрэл хайгуул дунд бүдэчсээр л явна. XAOS 2025-ын зүгээс хувирлыг холын төсөөлөл, эсвэл хийсвэрлэл бус, харин энэ цаг үед оршихуйн мөн чанараа олж танихад чиглүүлэх завь хийгээд биднийг, нийгмийг, хүрээлэн буй орчныг хэлбэржүүлэх хүч хэмээн үзэж, энэ жилийн наадмын гол өнцгийг чиглүүлж байгаа юм. Тиймээс энэхүү наадам нь орчин цагийн ертөнц дэх хувирлууд, тэдгээрийн мөн чанар, нөлөөлөх хүчин зүйлс, тэр дундах бидний оршихуйн тухай асуултуудыг бүтээлээр дамжуулан үзэгч хүртэгчдэд тавьж буй.
Урлаг өөрөө хувирал, мөн хувиралд хөтлөгч агаад дуу авиа, хэмнэл, чимээ анир, орон зай, тиг тэмдэгтүүдээр дамжуулан үзэгчдэд асуулт шидэж, хаа нэгтээ хөтлөх увидастай.
     ХАОС гэх нэр ч өөрөө хувирлыг бэлгэднэ. Энэ ч үүднээс XAOС-ын толилуулж буй үзэсгэлэн бүр үзэгч хүртэгчдийг хувиралд урин дуудах, хувиралд оруулах лаборатори юм. Агуулгаас гадна энэ жил бид нар өмнөх фестивалиасаа илүү өргөн цар хүрээтэйгээр буюу 11 орны 17 уран бүтээлчийн үзэсгэлэн, амьд тоглолтыг 5 өөр байршилд зохион байгуулж байна.
-Таны хувьд дуу авиа, гэрлийн “Соно” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж буй шүү дээ. Яагаад Л.Өлзийтөгсийн “Сонотой гэрлэсэн минь” зохиолыг сонгож, түүнийг дүрслэх урлагтай хослуулах болов. Энэ санаа нь анх хэрхэн төрсөн бэ?
 
        -Германы Гете Институтийн Төв болон Зүүн Азийг хариуцсан Сөүл дэх төвөөс “Ганцаардал” гэх сэдэв дор 14 улсыг хамруулсан урлагийн арга хэмжээг зохион байгуулахаар ноднин 2024 оны зургадугаар сараас ярьж эхэлсэн. Тэгээд Улаанбаатар дахь Гете Институтийнхэн энэ төсөлд намайг хамтран ажиллая гэж урьсан юм. Ингээд л ганцаардлын тухай юу хийж болох вэ гээд бодож байгаад яруу найраг, хөгжим, гэрэл хослуулсан бүтээл хийх санаа төрсөн юм.
 Хийх гэдэг нь үндсэндээ миний хувьд хийлгэх гэсэн үг. Яагаад гэвэл би өөрөө уран бүтээлч хүн биш л дээ. Гэхдээ санаагаа маш нарийн боловсруулаад, яг л өөрийн сэтгэлд төсөөлсөн зүйлээ бодит болгон гаргаж ирүүлэх гэж нэг жил гаруй ажилласан.
     Одоо сүүлийн үед, ялангуяа барууны орнуудад, өөрийн санаагаа маш тодорхой боловсруулаад бусдаар гүйцэтгүүлэх үзэгдэл уран бүтээлчдийн дунд маш их байдаг болсон. Нэг ийм хэлбэрээр оролцож ажилласан. За тэгээд ганцаардлын тухай яруу найраг гэнгүүт Л.Өлзийтөгс зохиолч л толгойд хамгийн түрүүнд буусан. Тэгээд л гэрийнхээ номын санг ухаад, бүх зохиолыг нь гаргаж ирээд уншаад тэр дундаас “Сонотой гэрлэсэн минь” бүтээлийг олж авсан юм. Тэр бол агуулгын хувьд яг л миний хайж байсан бүтээл байлаа. Ер нь энэ сэдвээр ажиллаж эхлэхийн өмнө би ганцаардлын тухай нэлээд судалсан. Тоо баримт, үзэгдэл талаас нь. Тэгээд Монголд энэ асуудал ямар хурцадмал байдгийг олж мэдээд үнэхээр шоконд орсон. Манайх хүн амын тоонд харьцуулах амиа хорлолтын тоогоор бүр дэлхийд дээгүүрт ордог юм байна. Залуучуудын дунд энэ үзэгдэл маш их нэмэгдсэн юм байна. Тэгээд ганцаардлаас үүдсэн архидалт, элдэв донтолт, сэтгэл зүй, сэтгэц болон бусад эрүүл мэндийн гээд зөндөө асуудлууд. Энэ бүхнийг уншиж мэдсэний дараа надад ганцаардлын шаналалыг хүмүүст мэдрүүлэхээс илүүтэй, түүнээс гарах сэдлийг төрүүлэх тийм л бүтээл хиймээр санагдсан. Ингээд л өөрийн санаагаа хэрэгжүүлэх уран бүтээлчдээ хайж эхэлсэн юм.
-Найрагч өөрөө үзэсгэлэн үзсэн байна лээ. Магадгүй онцгой нэгэн сэтгэгдэлийг танд хэлсэн байх?
 
      -Л.Өлзийтөгс зохиолч Солонгост резиденс хөтөлбөрт хэдэн сар оролцож байгаад үзэсгэлэн нээсний дараахан Монголд ирсэн. Тэгээд намайг байхгүй үед үзэсгэлэнг ирж үзсэн. Үнэхээр их таалагдлаа гэж хэлсэн гэсэн. Харин Г.Аюурзана өмнөхөн нь ирж үзэхэд таарсан. Бас маш их таалагдлаа, ямар гоё юм бэ гээд л байсан. Өлзийтөгс надад бэлэг ирүүлсэн. Ингээд л огт уулзаагүй л явна. Би өөрөө бас нэг их дотно танихгүй. Г.Аюурзаныг харин Америкт төгсөгчдийн холбооны шугамаар илүү сайн мэддэг болсон, тэгээд л Аюураар дамжуулж ярьж байгаад бүтээлийг ашиглах зөвшөөрлийг авсан.
    -Та тэр зохиол дээр соно, яруу найрагч хоёрын ярьж буй шиг зүрх сэтгэлийнхээ төрсөн нутгийг олж чадсан уу. Магадгүй хүмүүс бусдад хэлэх гэж буй санаагаа өөрөө эхлээд мэдэрсэн байх нь бий шүү дээ?
 
      -Нээрээ л үнэндээ, өөрөө мэдрээгүй зүйлээ хүмүүст хэлнэ гэж юу байх билээ. Тиймээ, зүрх сэтгэлийн төрсөн нутгаа хайгаад их л олон жил явсан даа. Бараг л сүүлийн хэдэн жилд тэр нутагтаа очсон мэдрэмж төрж байгаа. Үүнд випашня бясалгал байнга хийж байсан маань маш их тус болсон. Бас Өвөр монголын Нагунбилэг багшийн хичээлийг аппликэйшнээр байнга сонсдог, тэр бас маш их бясалгалын чанартай. Хүн өөртөө байгаа элдэв хэрэгтэй хэрэггүй бодлоо сэтгэлээсээ чөлөөлөөд ирэхээр аяндаа сэтгэл их сайхан хөнгөн болоод ирдэг юм билээ. Өмнө нь үнэхээр уур хүрмээр санагддаг байсан зүйлс ч нэг тийм өршөөж болмоор санагдаад эхэлдэг.  
 
-Аль улсын ямар уран бүтээлчдийг сонгох уу, хэрхэн хамтрах уу гэдгээ хэрхэн шийддэг вэ. Нөгөө талаар магадгүй “Энэ улсын энэ уран бүтээлчийн ийм нэг бүтээлийг монгол үзэгчдэдээ хүргэе” гэх хүсэл байдаг байх?
 
       -Миний хувьд уран бүтээлч аль улсынх, ямар гаралтай, хэр их нэр алдартай гэдэг нь нэг их чухал биш, би яг л бүтээлийг нь хардаг. Бүтээл нь үнэхээр таалагдсан бол хамтран ажиллах, эсвэл эх орондоо үзүүлчих юм сан гэсэн бодол төрдөг. Сая жишээлэхэд, Соно үзэсгэлэн дээрээ Австрали гаралтай хөгжмийн зохиолч, хөгжимчин Лихла – Ли Күн Вон гээд Ази гаралтай эмэгтэй, гэрэлтүүлэг дээр Тайваны тэргүүлэх гэрлийн дизайнер Рэй Цэн нартай хамтран ажилласан. Энэ хүмүүсийг сонгохдоо миний бодож буй бүтээлийг үнэхээр амилуулж чадах уу үгүй юу гэдгийг харсан. Хөгжим, гэрлийн дизайнер нийт бараг 20 орчим хүнийг судалж байгаад сонгосон шүү. Бидэнд санхүүгийн асуудлууд байнга л тулгарч байдаг болохоор уран бүтээлийн төслүүдийг сайн санхүүжүүлдэг орнуудаас уран бүтээлч сонгох шаардлага заримдаа гардаг. Гэхдээ мэдээж мөнгө биш бүтээлийг нь эхлээд харна.
 
-Бид дүрслэх урлаг, авиа дууны урлагийн хөгжлөөс бусад төрлийг бодоход хол санагддаг. Таны хувьд үзэсгэлэн, тоглолт ирж үзэж байгаа үзэгчдийн байдлыг хэрхэн хардаг вэ?
 
      -Одоо цагт урлагийн төрөл хоорондын зааг ялгаа улам л бүдгэрч байна. Жишээлэхэд хөгжим болон дуу авиа, кино болон видео, бүжиг болон перформанс эд хоорондоо улам л ижил төстэй болж байна. Бас маш орон төрлийн урсгал, хэлбэр, арга барилыг хооронд нь хольж ашиглаж байна. Манай үзэсгэлэнгүүдийг харвал дуу авиа, дүрслэх урлаг, гэрэлтүүлэг, яруу найраг, орон зайн баримал гээд маш олон төрөл холилдсон байгаа. Үзэгчдийн хувьд би аливаа шинэ бүтээлийг үзэхийн тулд хүн бэлтгэгдсэн байх ёстой гэж боддоггүй. Хүн аливаа шинэ зүйлд бас шинэчлэлд нээлттэй байж чаддаг бол ямар ч урсгал жанр, хольцыг хүлээн авч өөрийнхөөрөө тунгааж чадна.
Хөгжим ийм байх ёстой, зураг ийм байх ёстой, урлаг ийм байх ёстой гээд бодоод байдаг бол тэр хүн тодорхой цаг үед гацсан байна л гэсэн үг.  
-Монголд “Хаос” фестивалийг зохион байгуулснаар ямар ач холбогдол, үр дүн гарч байгаа бол. Та бүхний хувьд ажлынхаа үр дүн, өсөлт хөгжилтийг илүүтэй харж байгаа байх?
 
      -Бид аль болох хамгийн шинэлэг бүтээлүүдийг үзүүлэхийг зорьдог. Ингэснээр үзэгчдэд шал өөр мэдрэмжийг төрүүлэх, хаа нэгтээ гацсан бол тэр гацааг нь гаргахад туслах тийм л зорилготой. Би өөрөө урлагийн салбарт орохоос өмнө контемпорари урлагийн музей их үздэг байлаа. Тэндээс маш их эрх чөлөөг мэдэрдэг, бас бид ерөөсөө хаашаа яваад байна, эсвэл хаана гацчихаад байна гэхчлэн олон бодлыг төрүүлдэг байсан. Бас аливааг олон талаас нь харж сурахад ихээхэн нөлөөлдөг. Үзэгчдэд бас ийм л байдлаар нөлөөлөх сөн гэж боддог.  
 
-Үзэсгэлэн, тоглолтыг нь үзсэн үзэгчдээс ямар сэтгэгдэл хэлж байна вэ. Магадгүй “Соно” үзэсгэлэнг үзээд, “Нээрээ би хаана явна вэ. Өөрийгөө нэг сонсьё” гэх мэдрэмж авч, өөрчлөлт хийхээр зорьсон хүн бий болов уу. Үзэгчдээс нь тэр тухай та бүхэнд ярьж байсан тохиолдол бий юү?

     -Би зохион байгуулах ажил хийгээд их олон хүнтэй уулзаж ярьж чадаагүй л явна. Гэхдээ зарим нэг хүнээс, тухайлбал Соно үзэсгэлэнг, яг л зүүд шиг эсхүл бясалгал хийж байх шиг мэдрэмж төрлөө гэхийг хэд хэдэн удаа сонссон. Бас хийсэн арга барил нь үнэхээр шинэлэг, маш сонирхолтой юм гэж олон хүн хэлсэн. Эхний амьд тоглолтыг үзээд уулзсан хүмүүс үнэхээр шал өөр байлаа, бид чинь ер нь хаа яваад байнаа, зарим нь тас гацсан гацааг минь арилгаж өөрийгөө өөрөөрөө мэдрэх боломж олголоо гэхчлэн сэтгэгдлээ хуваалцаж байсан.  

Урлагийн куратор хүний хувьд түүний тусгал, нөлөөг юу гэж хардаг вэ?
 
      -Би чинь эдийн засгийн мэргэжилтэй хүн шүүдээ. Хүсэл мөрөөдөл, хийж байгаа зүйлс маань энэ ажлыг хийхэд хөтөлсөн. Монголд урлаг судлаач, кураторыг үнэлж сайн цалин өгөх газар байдаггүй. Ийм ч учраас энэ мэргэжлээр суралцах хүн ховор байх шиг санагддаг. Урлагийн байгууллага ажиллуулахын тулд куратороо өөрөө л хийх шаардлага гарч ирсэн. Кураторын ажил хийж байхдаа миний хувьд барьдаг зарчим бол хамтран ажиллаж байгаа уран бүтээлчээ маш сайн ойлгож, мэдэрч ажиллах, тэр хүний бүтээлийг тодотгож өгөх бүхий л зүйлсийг ард талд нь хийж өгөх. Үүнээс гадна, ер нь хамгийн чухал зүйл бол зохион байгуулах гэж байгаа арга хэмжээ үзэсгэлэнгүүд маань хүмүүст, нийгэмд юу өгөх гэж байна вэ гэдгийг бодолцох явдал юм.
 
-Яагаад ер та энэ чиглэлийг сонгож ажиллах болсон бэ. Энэ магадгүй өнөө зохиол дээр гардаг шиг зүрх сэтгэлийн төрсөн нутагтаа очихтой адил зүйл болов уу?
 
        -Хөөрхөн юм ярих юм аа. Нээрээ яг үнэн шүү. Би ийшээ ирээгүй бол зүрх сэтгэлийн төрсөн нутагтаа очиж чадахгүй төөрсөөр явах байсан байж магад. Уг нь би социализмын үед Ленинград хотод ЗХУ-даа хамгийн нэр хүндтэйд тооцогддог сургуульд эдийн засгийн чиглэлээр сурч төгссөн. Дараа нь АНУ-д бас л хамгийн нэр хүндтэй сургуулийн нэг Уйлямс Коллежид макро эдийн засгийн бодлогоор мастерын зэргээ хамгаалсан. Ингээд тийм ч амархан олдчихгүй мэргэжил, мэдлэг, туршлагаа хаяад урлаг руу орно гэдэг бол олон хүний хувьд маш том эрсдэлтэй шийдэл ч байж болох. Гэхдээ миний хувьд нэг л танил зүйл рүүгээ гулсаад орчих шиг мэдрэмж төрж байлаа. Ёстой л зүрх сэтгэлийн төрсөн нутгийн дуулага эндээс эхэлсэн байх магадлалтай.
 
-Таны болон та бүхний дараагийн зорилго юу байна вэ. “Хаос” фестиваль жил бүр зохион байгуулагдах уу?

      -Бид нар жил бүр л зохион байгуулмаар л байгаа. Уран бүтээлчдийн сонголтын хувьд боломж маш их бий. Харин бидний хувьд санхүүгийн асуудал хамгийн хэцүү байдаг. Энэ бол энтертэймэнт биш, худалдааны зорилготой арга хэмжээ биш болохоор үзэгчид тэр бүр их өргөн хүрээтэй хамрагддаггүй. Уг нь тасалбар зарахгүйгээр олон хүнд хүргэмээр л байдаг. Бид нар санхүүжилтийнхээ зарим хэсгийг босгохын тулд тасалбар яах ч аргагүй борлуулах хэрэгтэй болдог. Тасалбар аваад үзэж байгаа хүмүүсийг бид энэ фестивалийг бидэнтэй хамт бүтээлцэж байгаа хүмүүс гэж хардаг.

-Ярилцсанд баярлалаа
 
     -Баярлалаа

Л.ӨЛЗИЙТӨГСИЙН "СОНОТОЙ ГЭРЛЭСЭН МИНЬ" ЗОХИОЛЫГ ДҮРСЛЭХ УРЛАГААР АМИЛУУЛСАН КУРАТОР Б.ГАНТУЯА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188