Баруун хилд тэр тусмаа Ховд аймгийн Булган сумыг онож төрсөн нь эрэлхэг дайчин Б.Чулуундайгийн хувьд яалт ч үгүй эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх, байлдааны утаа, дайсны суман дунд залуу насаа зориулах хувь тавилантай байсныг нь тухайн цаг үеийн түүх төдийгүй түүний бүтээсэн үйл хэргүүд гэрчилдэг билээ. Эх орны амгалан тайван байдлын төлөө эрэлхэг зориг, эцэж цуцашгүй хатуужлаараа тэмцэх нь түүний хувьд цаг сайхан болох хүртэл зайлшгүй биелүүлэх ёстой үүрэг басхүү өөртөө өргөсөн тангараг нь байлаа. Тэр ч утгаараа тэрбээр эх орноо хамгаалах үйлсэд 42 удаа оролцож, долоон удаа хүнд бүслэлтэд орж, гурван удаа дайсандаа баригдаж, хэчнээн өдөр хоол ундгүй, унаа, морьгүй ядарч, яалт ч үгүй арга мухардахдаа дайсны "хавханд" орсон ч хурц сийрэг ухаан, уран чадвараараа тэр бүхнээс амь мултарч, эх орон, ард иргэдээ авран хамгаалсаар байв. Гоминдан, Хасгийн харгис дайсан, дээрэмчид, алан хядагчдаас эх орон, ард түмнээ өмгөөлөн амь хайргүй тулалдсан Монгол Улсын баатар Э.Шийлэг, зоригт тагнуулч Т.Амарзаяан, Б.Дүгэр, Б.Чулуундай нарын алтан шарил Ховд аймгийн Булган сумын нутаг Алаг толгой хэмээх бор толгодын зүүн энгэрт түүхийн гэрч болон оршиж байна. Ард олныг айдаст автуулж, эх орны тусгаар тогтнолд аюул учруулсан аймшигт харгис дайсантай тулалдаж явсан баатарлаг дайчдын нэг Б.Чулуундайн тухай түүний хүү Ч.Сэмбээтэй ярилцлаа.
-Ховд аймгийн Булган сумын нутагт орших Алаг толгой хэмээх газарт Монгол Улсын баатар, зоригт дайчдын шарилыг тавьсан байдаг. Гэхдээ тэр уулын баруун энгэрт таны аавыг амьд сэрүүнд Маршал Х.Чойбалсан И.Оспантай уулзаж, найман ханатай гэр барьж, дайллага, цайллага болж байсан тухай яриа байдаг. Тэрхүү уулзалтад ч таны аав оролцож байсан гэдэг үү?
-Х.Чойбалсан 1944 оны аравдугаар сарын 5-нд Алаг толгойн баруун энгэрт найман ханатай гэр барьж, И.Оспантай уулзахдаа дайллага, цайллага хийсэн гэдэг. Түүнд нь миний аав оролцож байсан юм билээ. Манайхан тухайн үед оспаныханд бэлэг болгон 27 винтов буу, 2600 сум, И.Оспанд англи автомат буу, 1000 сум, 10 маузер буу өгсөн гэдэг. Уг хэлэлцээрийн гол зорилго нь оспанууд манайхтай хамтарч хилийн будилааныг багасгах, намжаах байсан ч нөхцөл байдал буруугаар эргэж, байлдаан бүр хүндэрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, И.Оспаны бодлого нь Монгол Улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хасгийн дээрэмчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь эрс нэмэгдсэн. Иймээс Монгол Улсын зүгээс И.Оспан болон хасгийн дээрэмчдийг устгах, баруун хилд тайван байдал тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн байдаг. Тэрхүү үймээн самуунтай байдлыг бүрэн устгахаар 1949 онд Л.Дандар баатрыг шоронгоос түр гаргаж, тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байдаг. Л.Дандар баатар И.Оспаны нутаглаж байсан газрыг олж, түүний гэр рүү хөнгөн пулемётоор шүршээд хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн үзэж, 1949 оны дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн байдаг. Гэвч энэ үед И.Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлж байсан юм билээ. Оспанынхан 1950 оны дөрөвдүгээр сараас Дорнод Туркистаны цэргийн ангиудын цохилтод хэд хэдэн удаа өртөж, сарнин бутарч байсан түүхэй. Харин И.Оспан 1951 оны хоёрдугаар сард Энэтхэг рүү оргон зайлах гэж явахдаа баригдаж, Өрөмч хотод цаазлагдсан байдаг юм билээ.
-Таны аав олон удаагийн тулгаралтад оролцож, иргэдийнхээ амийг авран хамгаалах үйлсэд олон жил зүтгэжээ. Тулгаралт болон хасгуудын хойноос хэрхэн явдаг байсан тухайгаа та нарт ярьдаг байв уу?
-Тухайн үед манайх нагац ах нарынхтай айл, саахалт байлаа. Нэг шөнө унтаж байтал манайхан уйлалдаж, шуугилдаад бөөн юм болж байхаар нь ээжээс юу болсон талаар асуутал “Аав чинь их хүнд ажилд явлаа. Эсэн мэнд эргэж ирж чадахгүй л болов уу. Хасгуудад алуулах байлгүй” гээд уйлав. Тухайн үед би хүүхэд байсан болохоор төдийлөн сайн ойлгохгүй ч тэднийгээ дагаад уйлж байснаа санадаг юм. Харин бидний бодож, санаж байснаас богино хугацаанд аав минь мөн л шөнөөр гэртээ ирж байсан юм. Аавыг бараг л эсэн мэнд ирэхгүй гэж ярьцгааж байсан бидэнд царайг нь харах үнэхээр сайхан байлаа. Аав ч дажгүй зүс царайтай, баясгалантай орж ирснийг нь санадаг. Бодвол хасгуудыг цааш нь харуулчихаад санасан зорьсоноо гүйцээгээд ирсэн нь тэр юм байлгүй. Тэгээд айл саахалтынхан цугларч, чимээгүйхэн баяр хөөр болж байсан даа. Манайхан аавыг явахад их уйлж байсан нь сэтгэлээс огт гардаггүй юм. Би ч "Аавгүй боллоо" гэж бас их айж, аавыгаа өрөвдөж байсан.
-Тухайн үед хэд хэдэн тулгаралт болж байсан юм билээ. Оспанынхантай байлдахаар явсан ямар нэг түүхийг нь тодруулж болох уу?
-Тухайн үед Булганы нэгэн том лам хүүтэйгээ хамт Монголыг орхиод зугтаасан юм билээ. “Түүнийг хилээр гарахаас нь өмнө буцаа” хэмээх даалгавар аавд ирснээр аав Уутан гэх хүнтэй хамт түүний хойноос давхисан гэдэг. Булган сумын төвөөс Байтаг богд 150 орчим километрийн зайтай. Тэднийг хариугүй Байтаг богд хүрэх гэж байхад нь аав Уутан хоёр гүйцэж, барьж аваад буцсан байдаг. Тэд буцахдаа хилийн заагт орших Даяны алаг хэмээх ууланд хоноглохоор цай чанаж уучихаад хадны хөндийгөөр нэг нэг хонгил олж унтахаар хэвтэхдээ морьдынхоо эмээлийг аваад тушчихсан байсан юм билээ. Гэтэл буун дуу тажигнаж, аавтай хамт явсан Уутан, ламын хүү хоёр хүнд шархтаж, Уутан нь газар дээрээ амиа алдсан гэдэг.
Аав казах хэл мэддэг байсны ачаар тэдний “Муу сайн монголчуудыг бүгдийг нь устгачихлаа” хэмээн гуяа алгадаж, хөөрч баярлаад сүйд болж байсныг нь сонсоод тэднийг чанх дээрээс нь буудаж, хөнөөсөн байдаг. Ганц, хоёр буудаад зогсохгүй олон хүн байгаа юм шиг сүр үзүүлж, тэднийг айлгахын тулд энэ тэндээс нь буудсан гэдэг. Хасгуудын онцлог нь, нэгийг нь хөнөөвөл зугтдаг, хэнийг нь ч хөнөөж чадахгүй бол бөөнөөрөө дайрч, давардаг хүмүүс байсан юм билээ.
Тэгээд аавыг хэд буудахад тэд айж, Ташнайн алгын цаадах хавцал руу шуугилдаад зугтацгаасан гэдэг. Харин аав шархадсан хүмүүсээ морин дээрээ дүүрэхийг нь дүүрээд, бууг нь үүрч, морийг нь хөтлөөд Уушгийн заставын ойролцоо очиход нь булаг шандтай, битүү хулстай сайхан нутаг угтаж л дээ. Гэтэл хамт явсан лам нь “Эндээ хоноглоё” хэмээх санал тавьсанд аав татгалзаж, шөнөжин явсаар үүр цайхын алдад Үнэгтийн улаан гэдэг газар очиход нь тэдний хоноглох гэж байсан газрынх нь хулс модыг хасгууд тал талаас нь шатааж байсан гэдэг. Ингээд тэд хоноглох газраа зөв тооцоолсны ачаар эсэн мэнд нутагтаа ирцгээсэн юм билээ.
/Цаана нь хөхрөн харагдах уул бол Байтаг богд. Харин наана нь харагдах улаан уулыг Ташнай Алаг гэдэг/
-Одоогоос 70 гаруй жилийн өмнө таны аав Б.Бадам баатартай хамт Монголын нутагт түрж орж ирсэн Гоминданы цэрэгт "Яаралтай манай хилээс гарах үгүй бол цэрэг, зэвсгийн хүчээр гаргана" гэсэн утгатай тулган шаардах бичиг хүргэхээр явсан гэдэг. Тэр тухай нь танд мэдэх зүйл бий юү?
-Аав Б.Бадам баатартай хамт Монголын нутагт түрж орж ирсэн Гоминданы цэрэгт тулган шаардах бичиг хүргэх хариуцлагатай бөгөөд эрсдэлтэй үүрэгт томилогдсон байдаг. Манайхан гэлтгүй нутаг орныхон нь тэр хоёрыг алагдахаас өөр гарцгүй зүйлд явлаа л гэж ярьж байсан юм. 1947 оны зургадугаар сарын 3-нд Байтаг богдын Хужиртын эхэнд нэвтрэн орж ирсэн Гоминданы цэргийн ангийг өөрийн нутгаас 48 цагийн дотор гарахыг шаардсан тулган шаардах бичгийг БНМАУ-ын нэрийн өмнөөс хүргэж өгөхөөр явсан нь тэр л дээ. Тэгээд очтол Гоминданы цэргүүд тэднийг барьж, тамлан зовоож байснаа “Та хоёрын нэг нь нутаг буцна. Нэг нь эндээ тамлагдаж үхнэ. Хэн нь буцах вэ” гэхэд Б.Бадам "Би буцъя” гэсэн юм билээ. Гэтэл тэд "Буцъя гэсэн хүнийг буцаадаггүй юм" хэмээн аавыг суллаж байсан гэдэг. Аавыг тэднээс явахад Б.Бадам баатар “Эргэж харалгүй зугт. Намайг Уушгийн усны эхэнд оршуулаарай” хэмээн захисан гэдэг. Тэд ч Б.Бадам ахыг шууд алчихаагүй. Амьдаар нь толгойг нь хуйхалж, улайссан төмрөөр биеийг нь хайрч, үзүүртэй төмрөөр нэвт сүлбэн, арьсыг урж, ясыг нь хугалж, элэг, уушгийг нь юүлж хүний ёсонд байж боломгүй зэрлэг балмадаар тамласан гэдэг. Гэвч тэрээр дайсанд ам өчиг алдаж, тэдний бах тавыг хангалгүй шүд зуусаар алтан амиа алдсан гэдэг, хөөрхий. Б.Бадам ах тулган шаардах бичиг хүргэхээр явахдаа амьд эргэн ирэхгүй гэдгээ мэдсэн бололтой "Ах, дүүтэйгээ дахин уулзахгүй байх аа" хэмээн цомхон дайллага, цайллага хийгээд явж байсан гэдэг. Тэр хүн бол аавын минь нагац ах нь юм шүү дээ. Хожим Монгол Улс баатар цол нөхөн олгож байсан юм.
/Х.Чойбалсан И.Оспантай уулзаж байгаа нь/
-Таны аав тагнуулын арга туршлагаараа хилийн цаана амьдарч байсан монголчуудыг нутагт нь авчирч чадсан гэдэг. Тухайн үеийн сайн гэгддэг тагнуулчдын дунд таны аавын нэр байдаг юм билээ?
-Аав хэд хэдэн удаагийн явалтаар хилийн цаана амьдардаг монгол айлуудад ухуулга хийж, нутгийнхаа иргэдийг буцаан авчирч чадсан юм билээ. Тэд хилийн цаана Хятадын баячуудын малыг маллаж, газар тариалан дээр нь ажилладаг байсан. Тэдний нэгдсэн зохион байгуулалтад оруулж, нэг шөнийн дотор 70 орчим айлыг нүүлгэж авчирч байсан гэдэг. Аав минь хувьсгалт тэмцлийн ахмад дайчин, эх орноо хамгаалж тулалдаж явсан тийм л эх оронч хүн байсан даа.
-Аливаа тулгаралт, тулаанд оролцоход эр зоригоос гадна хурц ухаан, онцгой чадварууд чухал байдаг байх. Хаана, хэзээ хоноглож, хаанаас нь яаж буудах вэ гэдэг нь хүртэл тактик, ухаан байдаг болов уу?
-Аав минь гүйлгээ ухаан сайтай, аливаа зүйлийг ингэвэл яах вэ гэдгийн гарц гаргалгааг сайтар олдог хүн байсан. Мөн шулуун шударга зантай, цөөхөн инээдэг, аливаад тууштай хүн байсан даа. Баян-Өлгий аймгийн Даянгийн заставт таван жил цэргийн алба хааж ирээд, мал маллаж байтал нь оспаны цэргийн хөдөлгөөн эхэлсэн юм билээ. Тэр цагаас хойш нутаг, эх орныхоо төлөө тасралтгүй зүтгэсэн хүн дээ.
-Аавынх нь бага нас хэрхэн өнгөрсөн бол. Эцэг, эхээс хэдүүлээ байсан бэ?
-Манай аав эцэг, эхээс хоёулаа. Өвөөгийнх нэлээн ядуу айл байсан гэдэг. Өвөө мод бэлтгэдэг хүн байсан. Аав минь цэргийн алба хааж ирээд, сумын нарийн бичгийн дарга, ой хамгаалагч, багийн дарга зэрэг ажил хийж байсан юм билээ. Аав хүүхэд ахуй цагаасаа мал маллаж байгаад 1928 онд ээжтэй гэр бүл болж, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн. 1954 онд Булган сумын "Жаргалын зам" нэгдэлд 500 гаруй толгой малаа нийгэмчлэн, гишүүнээр орсон цагаасаа 40 жил тасралтгүй мал маллаж, нэгдлийн ажлаа удаа дараа давуулан биелүүлсээр “Тэргүүний төлчин”, “БНМАУ-ын аварга төлчин” цол тэмдгээр шагнуулж байсан ажилсаг хүн. Аав ид залуу насандаа хил хамгаалах, эх орныхоо сайхан үйлсэд 42 удаа оролцож долоон удаа хүнд бүслэлтэд орж, гурван удаа дайсанд баригдаж, дайсны гараас мултарч явсан. 1943 онд ганц сум газар унагаж үзээгүй мэргэн буудагч Асбек тэргүүтэй хасгийн 100 дээрэмчинтэй тулалдан тэдгээрийг устгаж, долоон хүнийг нь баривчлан бусдыг нь хил давуулан зайлуулахад өөрийн биеэр оролцож явсан.
-Тулгаралт, байлдаанд аав нь байнга явдаг болохоор та хэд ч мөн тайван унтаж чаддаггүй байсан болов уу. Тухайн үеийн айдас, мэдрэмж танд одоо төрдөг үү?
-Аав зуны цагт гэртээ бараг байдаггүй байсан. Байсхийгээд л “Баян-Уулын малчдыг хасгууд алж, эхнэр хүүхдийг нь олзлоод явж гэнэ” гэх яриа бишгүй гардаг байлаа. Тэр болгонд аав минь нэн тэргүүнд явдаг байлаа. Аавынхаа амьд эсэхийг мэддэггүй үе бишгүй байлаа шүү дээ. Бас биднийг бага байхад хасгуудаас нууж, хадны хөндийд унтуулдаг байлаа. Аав, ээж нар "Хасгууд шөнөөр ирээд алчихаж магадгүй, ядаж хүүхдүүдээ амьд үлдээе" гэж байсан нь тэр байх. Би ч хаданд нуугдаж хэвтэхдээ “Аав, ээжгүй өнчин хоцорвол яана аа” гэж бодохоор л сэрвэлзээд унтаж чаддаггүй байсан ч хүүхэд болсон хойно нойрондоо дийлдэж унтаад, өглөө болгочихсон байдаг байлаа. Заримдаа ээж минь намайг хөтлөөд мод руу гүйж, нуугддаг байлаа. 1947-1950-аад оны эхэн хүртэл ийм л түгшүүртэй амьдарсан даа, бид. Одоо ч тэр үеийн айдас, түгшүүр сэтгэлийн гүнд байдаг.
-Тэр олон дээрэмчин, тонуулчдын эсрэг тулалдаанд таны аав дийлдэшгүй эр зоригтой, жинхэнэ дайчин гэдгээ харуулж байжээ. Тэдний зүгээс аавыг нь айлгах, хүчин мөхөстүүлэх арга хэрэглэж байсан болов уу?
-Намар орой болчихсон байтал нагац ах гаднаас орж ирэхдээ “Малын хашааны цаахна буутай нэг хүн зогсож байна” гэв. Манайхан ч айж сандраад биднийг булан тохойд нууж байсан. Гэтэл аав буугаа авч гараад түүн рүү дөхөж очоод буудчихсан. Шөнө байсан учир морь нь тачигнаад алга болсон. Манайхны зарим нь төв рүү очиж мэдэгдэхээр явж, аав морийг нь эмээл, ганзагалаатай нь авчирч байлаа. Нөгөө буутай, шархадсан хасаг мод дамжиж явсаад хүний морь олж унаад хил даваад явчихсан гэдэг. Тэр хүн аавыг алах даалгавартай ирсэн юм билээ. Тэр үед хил дээр байсан манайхан хайхрамжгүй алдаа гаргаж, түүнийг манайх руу саадгүй явуулсан байдаг юм билээ.
Ингэж л эх орон, ард түмэн, тусгаар тогтнолоо эр зоригоороо хамгаалж, амиараа бөхөлж явсан үе үеийн дайчдын нэг нь Б.Чулуундай байлаа. Түүний тухай ярилцлагаа нэрт яруу найрагч О.Дашбалбарын
"...Туг
Сүлд
Тусгаар тогтнол
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан !
Үр ачдаа хүлээлгэж өгнө" хэмээх шүлгээр өндөрлөе.
Ч.СЭМБЭЭ: ААВ МИНЬ ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ҮЙЛСЭД 42 УДАА ОРОЛЦОЖ, ДОЛООН УДАА ХҮНД БҮСЛЭЛТЭД ОРЖ, ГУРВАН УДАА ДАЙСАНДАА БАРИГДАЖ АМЬД МУЛТАРСАН Ч ХЭЧНЭЭН ӨДӨР ХООЛ УНДГҮЙ ЯДАРЧ ЯВСНЫГ НЬ ТААШГҮЙ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |