• Өнөөдөр 2025-10-21

Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ

2025-10-21,   157

        Зураач Дашдондогийн Бадам бол Монгол зургийн уламжлалт арга барилыг орчин үеийн уран сэтгэмжээрээ хослуулан, эх орныхоо соёлын нэгэн өвийг өнгө, дүрслэлээр дахин амилуулж буй хосгүй уран бүтээлч. Тэрээр Б.Чинтогтох, С.Дондог нарын багш нараас суралцаж, тэдний сургамжийг өөрийн мэдрэмж, амьдралын туршлагаар баяжуулан, монгол зургийн урлагт шинэ өнгө төрх, уран дүрслэлийн өөрийн гэсэн хэлэмжийг бий болгожээ. Энэ сарын 14-20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сэцлэл” бие даасан үзэсгэлэнгийн үеэр болсон чөлөөт уулзалтын үеэр түүний уран бүтээлийн гүн ухаан, сэтгэлийн өнгө, зураачийн амьдралын тухай сэтгэл хөдөлгөм яриаг хүргэж байна.

Тойргийн хэмнэл дунд би өвөг дээдсээ урин залдаг

           Түүний бүтээлүүдийг харахад өнгө дүрсийн зохицол, байгаль дэлхий, цаг хугацаа, хүний амьдралын утга учир гээд бүх зүйл уран яруу хэллэг мэт дүрслэгдэнэ. Тэрбээр өөрийн зургуудын утга агуулгыг “Монголчууд бол тэнгэр шүтлэгтэн ард түмэн шүү дээ. Би итгэдэг өвөг дээдэс минь биднийг тэнгэрээс харж, буруу замаар явахад бууж ирээд, зөв зам руу чиглүүлдэг гэж. Миний зургуудыг сайтар харвал тойрог хэлбэр давамгайлсан байдаг. Энэ нь учиртай. Хадаасыг нэг тийш эргүүлбэл цаашаа шургаад орно, эсрэг тийш эргүүлбэл гарч ирдэг шиг, би өөрийн зургаар өвөг дээдсээ эргүүлэн дуудаж байгаа хэрэг. ‘Бидэн дээр бууж ирж, эрч хүчээ өгөөч. Монгол түмэндээ туслаач’ гэж зүрх сэтгэлээсээ хүсч зурж байгаа юм” ийн тайлбарласан юм. Энэ бүхнийг түүний бүтээлээс тодхон мэдэрч болно. Инээд, нулимс, гуниг, баяр баясал, итгэл найдвар хүний амьдралын оршихуйн бүх хэмнэл, ухаарал, шаналал гээд олон өнгө аясын нийлэмж зургийн цаана уянгалаг найраг мэт эгшиглэнэ.

Үзсэн, мэдэрсэн бүхнээ л зурдаг

-Монгол уран зураг зурахад юу хамгийн их нөлөөлсөн гэж боддог вэ?

-Манай аав, ээж хоёр малчин хүмүүс байсан. Би хөдөөний хүүхэд. Байгальд, малын дунд өссөн амьдрал маань уран бүтээлдээ хамгийн их нөлөөлсөн болов уу. Үнээгээ хэрхэн саах, эмээл, хазаар ямар байх ёстойг би өөрийн нүдээр үзсэн. Тийм болохоор үзээгүй, мэдэхгүй юмаа хэзээ ч зурдаггүй. Би бага наснаасаа л зурах хүсэлдээ хөтлөгдсөн нэгэн. Арван жилд сурч байхдаа шөнө дөлөөр зураг зурж, ээжийнхээ тооцооны харандааг хулгайлан зурах энүүхэнд. Аав мөнгө өгөхөд бусад хүүхдүүд чихэр авч байхад би дэвтэр, харандаа худалдан авч, ирээдүйнхээ зураач болох замыг тэртээ бага наснаасаа эхлүүлсэн санагддаг.

-Монгол зургаас өөр зүйл сонирхож байв уу?

-2000 оны үед Европ руу яваад Голланд улсад их сургуульд багшилдаг байсан менежертэй болж байлаа. Голланд улсад жил болгон үзэсгэлэн зохион байгуулна, орчин үеийн чиг хандлагтай уран бүтээлүүдтэй танилцаад надад их таалагдаж байсан. Тийм дээ ч миний уран бүтээлүүд бага зэрэг өөрчлөлт ороод эхэлтэл менежер маань бүтээлийг минь шууд газарт шидэж байсан. “Энэ урлагийн төрөл манай улсад аль хэдийн маш их хөгжчихсөн. Чи өөрийнхөө зургийг хар л даа. Ямар ч газартай ижил биш ганцхан Монголд л байдаг Монгол зураг. Чи хэнтэй ч адилхан биш. Үүгээрээ л хөгжих хэрэгтэй” гэж хэлж байсан. Тухайн үед дотроо жаахан уурлаж байсан ч сүүлдээ ойлгосон. Би яг үүнийгээ хэзээ ч өөрчилж болохгүй юм байна. Энэ бүхэн минь Монгол зургийн дархлаа гэдгийг ойлгоод өөртөө ахиж хэзээ ч өөрчлөхгүй гэдэг амлалт өгсөн. Орчин үеийн хэв маягийг оруулж өгч болох ч гэсэн Монгол зургийг амь оруулж буй сүнслэг байдлыг л хаяж болохгүй.

Түүнтэй ийн ярилцаж суухад сэтгэл хөдлөл болон нүүрний хувирал нь сэвдийг улам л амьтай, амттай болгоно. Сайн хараад байвал бүтээлүүдээс нь энэ зан чанар нь тов тодорхой харагдах мэт. Хүний байтугай мал амьтны сэтгэл хөдлөл хүртэл сонин содон анхаарал татна. Өөрөө энэ талаар тэрбээр “Хоорондоо ярина шүү дээ. Хов базна. Хоёр хонь хоорондоо урдаа байгаа ямааг муулдаг байхгүй. Миний зургийг харсан хүн намайг нэртэй жүжигчин болох байхаа гэсэн шүү” гээд сэтгэлд дулаахнаар инээж тэнд байгаа хүмүүст инээд бэлэглэнэ. Цаашлаад

-Та дөнгөж төгсөөд зураачийн амьдралаар амьдрах хэр байсан бэ?

-1981 онд социалзмын үед төгссөн болохоор шууд ажил дээр гарч байсан. Материал техникийн баазад Монгол зургийн тасагт ажиллаж байлаа. Тухайн үед Баянгол гэдэг долларын дэлгүүрт Монгол зураг, бурхан зурж валютаар доллар олдлг байсан. Бурханы зураг өнгө, дүрсийн ямар ч алдаагүй зурдаг байсан гэсэн үг. 1988 онд үйлдвэр маань хаагдаж чөлөөт уран бүтээлчийн замналаа эхлүүлж анхны бие даасан үзэсгэлэнгээ 1991 онд Занбазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд гаргаж Франц зохион байгуулагчийн нүдэнд өртөж Европт Монгол зургийн бүүтээлээ таниулах үүдийг нээж байсан. Түүнээс хойш бүтээлүүд олон улсын музей, галерейд дэлгэгдэж дэлхийн урлагийн орчинд таниулахад хувь нэмрээ оруулсаар өдий хүрлээ. Одоо харахад зураачийн амьдралын гараа минь тэр аяаараа тэмцэл байсан. Тэгэхгүй бол Монголд ардын урлал гээд үл тоогддог шүү дээ.

Гаднын хүн надад Монгол зургийн үнэ цэнийг ухааруулсан

-Хэцүү тэмцэл дунд гэр бүлийн хүмүүс нь хэрхэн дэмжиж байв?

-Ээж маань бага насанд минь өөд болчихсон болохоор би эгч нарынхаа гар дээр өссөн. “Чи сургуулиа төгсөөд их сургуульд орох хэрэгтэй. Зургаар яваад хоолоо олж идэхгүй шүү дээ. Хичээлээ давт” гээд  миний дэвтэр харандааг хурааж авдаг байсан ч гэсэн байлдсаар байгаад л Дүрслэх урлагийн дунд сургуульд орж байлаа. Эгч нарынхаа үгээр явдаг байсан хүүхэд гэнэт мэргэжил сонгох болсон дайн зарлаад эгч нараа айлгаж авсан даа. Одоо бол “Дүүдээ хайртай шүү” гээд л байж байна даа. Азаар бас бурхан шиг хүнтэй суусан гэж өөрийгөө боддог юм. Уран бүтээлч тэр дундаа эмэгтэй уран бүтээлч хүний амьдрал тоо томошгүй саад бартаатай. Гэхдээ нөхөр минь тэр болгонд минь намайг ойлгож уран бүтээлчээр минь байлгасанд баярладаг.

Бадам зураачийн үзэсгэлэнгээс онцлох бүтээлүүдийн нэг “Лусын аялал” нь “Хүн ба байгаль хоёрын харилцааны эмзэг тэнцвэрийг илэрхийлсэн перформанс ба өрөг урлагийн нэгдэл болж чадсан” хэмээсэн. Ийнхүү чөлөөт уулзалт маань дууссан юм.

Бадам зураачийн бүтээлүүд бол өнгө дүрсийн гоо зүйгээс гадна монгол сэтгэлгээ, гүн ухаан, өв уламжлал, эх оронч үзэл, тэнгэр шүтлэгт итгэл, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах гүн ухааныг шингээсэн оюуны бүтээлүүд юм. Түүний уран сэтгэмжээр урлан ургасан зургууд бол зүгээр нэг зураг бус зүрх сэтгэл, уламжлал, түүх соёлын нэгдэл билээ.

 


Д.БАДАМ: МОНГОЛ ЗУРГААР ӨВ СОЁЛОО АМИЛУУЛЖ, ӨВӨГ ДЭЭДСЭЭ УРАН СЭТГЭМЖЭЭРЭЭ УРИН ЗАЛДАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188