• Өнөөдөр 2024-03-29

МОНГОЛ СЭТГҮҮЛЧ

2022-07-03,   1067

          ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ. Монголын сэтгүүл зүйн тулхтай бат багана, зөвийн луужин, хүн чанарын илэрхийллийн том төлөөлөгч хэмээн түүнийг тодорхойлбол үнэнээс зөрөхгүй байх аа. Цаг хугацаа түүнийг ахмад сэтгүүлчдийн нэг хэмээн тодорхойлоход хүргэсэн ч түүний оюун санаа, шинийг эрэн хайх үргэлжийн оролдлого, сайн сайхныг түгээхийн төлөө завгүй суудгаараа зарим залуусаас ч залуу нэгэн билээ. Бараг бүх насаараа бусдын дотоод сэтгэлийг нээхийн төлөө, эгэл жилийн хүмүүсийн амьдрал, зовлон жаргалыг уудлахыг хичээж ирсэн сэтгүүлчийг энэ удаад Хорлоогийн Цэвлээ гэж хүнийх нь хувьд ярилцлагчийн ширээнд суулгахыг зорьсон юм.

ЭЭЖИЙН ЭРХ ХҮҮ

-Таны хүүхэд насны тухай, ээжийнхээ, дүүгийнхээ тухай бичсэн дурсамж, тэмдэглэл, нийтлэлүүдийг уншсан, мэднэ. Ялангуяа “Ээж бидэн хоёр”-ыг хэдэн удаа уншсанаа ч мартжээ. Гэхдээ таныг хүүхэд насныхаа тухай ярихыг сонсмоор байна?

       -Хүний түүх өөрчлөгдөнө гэж юу байх вэ. Би тэр үеийнхээр Архангай, одоогийнхоор Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Ямбатын Аараг гэдэг газар 1932 оны мичин жил мэндэлсэн юм билээ. Одоо 85-ны жил ороод явж байна. Монголын түүхийн ширүүн цаг үе буюу 1932 оны хувьсгалын эсэргүү бослогын дараахан би төрсөн юм билээ. Ээж минь айлын ганц охин. Ээжийн маань ээж долоон хүүхэдтэй айлын хоёр дахь охин. Нэг бэлэгшээлтэй зүйл нь миний эмээгийн ээж намайг эх барьж авсан байдаг юм. Хэн хамаагүй нэгэн биш өндөр эмээ намайг эх барьж авсан гэдэг цаанаа их утга учиртай, өндөр тавилан байжээ гэж боддог. Эмээ, ээж хоёр надад Дамдинсүрэн гэсэн нэр хайрласан юм билээ. Би гурван настайдаа сүрхий их өвдсөн гэдэг юм. Эмээ нутгийн хэдэн лам гэртээ авчирч, лүүжин тавиулж л дээ. Тэгэхэд “Хүүгийн чинь нэр нь хүндэдсэн байна. Цэвэл гэдэг нэртэй боллоо, одоо. Энэ нэрээр нь дуудаж байгаарай” гэсэн юм билээ. Ингээд Дамдинсүрэн хүү Цэвэл болж, яваандаа хүмүүсийн дуудлагаар Цэвлээ болсон түүхтэй.

       Ээж минь намайг дөрвөн нас хүртэл мөөмөө хөхүүлсэн. Тэр том  болтлоо ээжийнхээ сүүг хөхөөгүй бол би өдийд байх ч уу, өдий дайтай яваа ч уу гэж боддог. Хэдий чинээ том болтлоо ээжийнхээ сүүг ууна төдий чинээ яс нь бөх, амь нь бөх, сэтгэл нь бат болдог байх гэж боддог. Миний одоо байгаа байдал ээжийн минь сүүтэй л холбоотой. Одоо ч миний дотор амин уураг нь байгаа гэж боддог шүү” гэв. Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн намайг таван настайд дүү маань төрсөн. Тэр жилээ би даахиа авахуулаад, том ах болчихож байгаа юм. Зургаан нас хүрсэн жил ээж “Бага цагаан толгой” гээд жижиг цагаан ном хаанаас ч юм олоод ирсэн. Миний шар даалимбан бүсийг ууталж оёод түүндээ номоо хийж өгөөд “Миний хүү Ухна гуайнд очоод үсэг заалгаад ир” гээд явуулж байсан. Тухайн үед ард иргэдийн сэтгэл зүйд хүүхдээ эрдэм ном сургах тухай бодол төдийлэн байдаггүй байсан. Харин ээж намайг явуулж, би Ухна гуайнд очоод А-гийн төрлийн долоон үсэг заалгаад ирж байсан. Дараа нь өнөөх Долгорсүрэн эгчээрээ үсэг заалгаад, цагаан толгойгоо цээжээр уншдаг, нэмж хасаж боддог боллоо. Ингээд 1941 оны  намар сумын бага сургуульд элссэн.

Ээж минь намайг дөрвөн нас хүртэл мөөмөө хөхүүлсэн. Тэр том  болтлоо ээжийнхээ сүүг хөхөөгүй бол би өдийд байх ч уу, өдий дайтай яваа ч уу гэж боддог

-Таныг сургуульд орох үед сургуулийн дотуур байртай болсон байсан уу. Эсвэл айлд суусан уу?

      -Жавчиг гэж манай багийн дарга байсан юм. Тэр манайхаар ирж, хүүхдүүдийг сургуульд оруулахаар эцэг, эхтэй нь уулзаж яваагаа хэллээ. Ээж ч жаахан тиймэрхүү янзтай байснаа “Манайх төв рүү нүүж чадахгүй. Тэнд хүүгээ суулгах айл байхгүй” гэхэд Жавчиг гуай өөрийндөө суулгахаар болж, би сургуульд явах болсон. Ээж бид хоёр сумын төв хамт орсон юм. Суух айлд маань хүргэчихээд ээж буцах боллоо. Дэргэдээс нь холдож үзээгүй би чаргууцалдаад сүйд болно биз дээ. Тэгэхэд ээж намайг дагуулж хоршоо ороод чихэр, нэг жижиг тонгорогтой авч өгч байсан юм. Түүнд нь хууртаад үлдчихэж байгаа юм.

-Айлдаа хэр хурдан дассан бэ?

       -Тэр үеийн хүмүүст хүний өөрийн гэж ялгах элдэв зан байсангүй. Хүүхэд шигээ л хайрлаж, хооллож, хувцаслаж өсгөдөг байж. Гэхдээ л өөрийн гэрт байдгаас ч заримдаа илүү хөгжилтэй, жаргалтай байх шиг байвч, өдрийн бодол, шөнийн зүүднээс Гашууны ам, хар үзүүрийн дэнж ер салахгүй. Ээжийгээ, эмээгээ, сөөсгөр дүүгээ, гэрээ, унаж тоглодог улаан ямаагаа, зөөлөн чулуугаар хийсэн “Морь”, “тэмээ”-гээ хүртэл санана. Ялангуяа нойрмоглоод хэвтэхийн цагт сэтгэл санаа минь миний биеийг оронд нь орхичихоод нутаг руугаа нисээд хүрчих шиг л болдог байж дээ. Манайх бол хүн тэгтлээ санаж бэтгэрээд байхааргүй ердөө л бага дөрвөн ханатай, бүрээс муутай жаахан умгар бор гэр байсан. Гэтэл тэр умгар бор гэр ямар ч орд харшаас үнэ цэнэтэй, диваажин. Айлд байж бас болоогүй ээ, эрхэлнэ. Жаахан гомдож, тунихаараа хойд орон дээр нь “Туулайн бүжин болж байна” гээд хяраад хэвтчихнэ. Тэгэхээр нөгөө хэд аргадна, үнсэнэ. Тэгээд л нэг юм босож хичээлээ хийнэ, хоолоо идээд унтана.

-Хярсан бүжин харсан юм уу, тийм жаахан байхдаа?

       

         -Харалгүй яах вэ. Манай нутаг туулай ихтэй. Ялангуяа дэрсний бор туулай их. Хярсан бүжин зөндөө харчихсан үе. Би сургуулийнхаа хоёр дахь жилийн элсэгч. Нэгдүгээр ангийн нэг, хоёрдугаар ангийн хоёр гээд гуравхан бүлэгтэй. Хүмүүс хүүхдүүдээ нуугаад, танил, хамаатнуудынх руугаа явуулчихаад сургуульд өгдөггүй байв. Ядруу амьдралтай айлын голдуу хүүхдүүд ингэж сургуульд орсон нь хожим бүгд тус тусын замаар сайхан амьдарцгаах үүд болж өгсөн. 1945 оны өвөл, эх орны дайн дуусаагүй, их хүйтэн жил болж, юм юм ч ховордоод сургууль гуравдугаар сард тарсан юм. Хүүхдүүд ч гэр гэрээдээ яваад өглөө. Надад буцах унаа байхгүй, сургуулийн дотуур байрандаа хоёр хонолоо. Тэгтэл сумын арын дэнж дээгүүр хүрэн дээлтэй нэг хүн даваад гараад ирлээ. Ээж минь байж. Манайх сумын төвөөс бараг 50 километрийн цаана өвөлжиж байсан юм. Хүүгээ авахаар алхаад ирсэн нь тэр. Дараа жил нь дунд ангид сурч байхад 20 гаруй хүүхэд улаанбурхан, цусан суулгаар бурхан болсон. Ээж намайг багад улаанбурхан эгчээсээ тусаад ир гэж явуулаагүй, усаа өглөө бүр өгдөггүй байсан бол би тэр үед явчих байсан байх. Харин ээж минь намайг тэр үхлээс өмнө нь урьдчилан сэргийлж, аварсан гэж бодож явдаг.

       Дээр үеийн хүмүүст сайхан чанар байсан нь юу вэ гэхээр багаас нь ертөнцийн учир байдлыг ялихгүй юмаар ойлгуулж, ухааруулдаг байсан. Эмээ маань авсан хумсаа дандаа цаасанд боож, газарт булдаг байсан. Өөрөөр хэлбэл, хумсаа ил хаядаггүй байсан. Ариун цэврийн маш мундаг хүмүүжлийг хүүхдүүддээ үлгэрлэхийн зэрэгцээ "Хумс идсэн амьтан хатаж үхдэг, амьтан зовоож үхэлд хүргэх учраас авсан хумсаа газарт булж бай" гэж дандаа захидаг байсан. Намайг долоон настайд юм уу даа. Тэр үед халдварт өвчний вакцин энэ тэр гэж байсан биш. Манай нэг эгч Долгорсүрэн гэж надаас 4-5 насаар эгч хүн байсан юм. Тэр сумын төв орж, бичиг үсгийн бүлгэмд суугаад ирэхдээ улаанбурхан тусаад ирж л дээ. Тэгсэн ээж “Миний хүү Долгорсүрэн эгч дээрээ очоод ир. Улаанбурхан тусаж гэнэ. Ойрхон байж байгаад хүрээд ир” гэж байна.

Тэгтэл сумын арын дэнж дээгүүр хүрэн дээлтэй нэг хүн даваад гараад ирлээ. Ээж минь байж. Манайх сумын төвөөс бараг 50 километрийн цаана өвөлжиж байсан юм. Хүүгээ авахаар алхаад ирсэн нь тэр

-Улаанбурхан тусгах гэж таныг явуулсан хэрэг үү?

       -Би ч очиж тоглож, наадаж байгаад ирлээ. Маргааш нь халуурч байна. Улаанбурхан тусчээ. Энэ нь нэгдүгээрт, улаанбурхан багад нь тусгаж, эдгэрүүлж авах, хоёрдугаарт, тусчихаад мэдэгдэхгүй явсаар хүндрүүлэхгүйн тулд туссан даруйд нь эмчлэх гэж байгаа юм. Тэгээд ч ээж усаа өгөөд л би хоёр хоноод эдгэрсэн. Дээр үеийн бүх хүн ээжийнхээ усаар эрүүл мэндээ аварч, эрүүлжиж ирсэн. Тийм ч учраас ээжтэй хүн үхдэггүй гэж ярьдаг юм шүү дээ. Тэр үеийн хүмүүсийн ухаан, арга гэж одоогийнхтой харьцуулах юм биш. Сумын эмнэлэг ч байхгүй байсан цаг. 1938 онд анхны сувилагч эмнэлэг суманд байгуулагдаж байсан.

-Таныг дунд сургуульд сурч байх үеийн дэвтэр, харандаа гэж ямархуу эд байв?

        -Хар тугалга хайлуулж, модонд зоогоод түүгээрээ бичдэг байлаа. Бас барагшингийн баасаар бичнэ. Харандаа, үзэг, бал гэж байсангүй. Цаас гэж одоогийнхтой харьцуулах юм биш. Тийм үед сурахын төлөө эрмэлзэж байгаа хүмүүсийн сурсан бүхэн үнэ цэнтэй, маш их хөдөлмөрч болгодог байсан.

-“Ээж бидэн хоёр” энэ бол таны ээждээ зориулж үнэн түүхээр хийсэн босгосон номон хөшөө гэж боддог. Та ээжийнхээ юуг хамгийн их санадаг вэ?

        -Ээж минь айлын ганц охин. Аав нь лам хүн байсан ч тухайн үеийн цагийн байдлаас болоод эмээтэй минь эргэж нийлээгүй юм гэнэ лээ. Айлын ганц охины ганц хүү гэдэг эрх танхи өсдөг юм. Ээжийнхээ уурлаж байхыг би үзээгүй. Харин уйлж байхыг нь үзсэн. Би өөрөө ч уйлуулж байсан, ээжийгээ. Ээжийгээ уйлуулдаг хүүхэд ямар хүүхэд байж таарах вэ. Өөдгүй л хүүхэд байж таарна шүү дээ. Би өөдгүй хүүхэд байсан. Миний ээж 45 настай ид залуугаараа бурхан болсон. Ээжийгээ би сайхан бүсгүй байсан гэж санадаг. Том алаг нүдтэй, жаахан зузаавтар уруултай, ширүүвтэр хар үстэй, өндөр нуруутай, намайг бодоход өндөр бадриун хүн байсан. Ээжийн нэг мөнгөн бөгж нь байсан.  Би сүүлд хагас сантиметр орчим хасуулж байж бөгжийг нь зүүж байсан. Би бол эцгийгээ дууриасан жижиг биетэй.

-Та ер нь төрсөн аавынхаа тухай нэг их ярьж байгаагүй байх. Таны зарим номонд цухас дурдагдсан л байдаг. Таны аав ямар хүн байсан бэ. Та уулзаж байсан уу?

       -Ламзав гэж хүн байсан юм. Миний эцэг надтай 74 настайдаа уулзаж байсан. Түүнээс өмнө би “Энэ хүн миний эцэг гэсэндээ” гээд гадарладаг, таньдаг л байсан. Гэхдээ тээр хойно уулзсан. Намайг сайд болчихоод Бөмбөгөр суманд очиход холоос бараадаад хурал энэ тэрд ирчихээд захдуухан суучихдаг байсан. Аав хүү хоёр гэж танилцаагүй хүмүүс чинь бие биеэ мэдээд байгаа ч яаж ч болохгүй шүү дээ. Гэхдээ бас зүгээргүй, хэдэн чихэр атгаж өгчихөөд жаахан сууж байгаад гараад явчихдаг байсан. Хүүгээсээ хагацсан нууц эцэг хүн ямар зовлонтой байдаг вэ гэдгийг ааваасаа ойлгосон. Хүүхдэдээ туслачихмаар, үг сольмоор, захимаар байдаг ч ойртож чадахгүй харж явна гэдэг ямар хэцүү зүйл вэ гэдгийг ааваараа дамжуулан мэдэрсэн.

Ээжийгээ, эмээгээ, сөөсгөр дүүгээ, гэрээ, унаж тоглодог улаан ямаагаа, зөөлөн чулуугаар хийсэн “Морь”, “тэмээ”-гээ хүртэл санана

ГУТАЛГҮЙГЭЭСЭЭ БОЛООД ИХ СУРГУУЛЬД ЯВЖ ЧАДААГҮЙ

-Та долдугаар ангиа төгсөөд сумынхаа дунд сургуульд багшилсан байдаг. Тухайн үедээ өндөр боловсролтой сэхээтнүүдийн нэг болж байсан хэрэг үү?

          -Онц сурсан хүүхдүүдэд Улсын их сургууль, Багшийн их сургуульд хуваарь өгдөг байсан юм. Надад Монгол Улсын их сургуулийн хуваарь ирсэн ч хуучин монгол гутлаасаа ичээд сургуульд явж чадаагүй. Ээжид минь надад гутал аваад өгчих бэл, мал байсан биш. Ингээд гэртээ аравдугаар сарын дунд үед байж байтал багийн дарга манайхаар ирээд намайг дунд сургуульд багшил гэсэн. Ингээд 1948 арваннэгдүгээр сарын 18-ны пүрэв гарагт анхны хичээлээ зааж байлаа.

-16 настай багш болсон гэсэн үг үү?

         -16-тай. Гэхдээ л өөрийгөө том эр болсон гэж бодож зогсоо биз.

-Цалин нь хэдэн төгрөг байв?

        -Тэр үед багш, эмч нарыг нийгмийг гэгээрүүлэх, эрүүл байлгах чухал хүмүүс гэдэг утгаар хамгийн өндөр цалингаа өгдөг байв. Сумын даргын сарын цалин 180 төгрөг байхад багшийн цалин 225 төгрөг. Сургуулийн захирал сумын хамгийн өндөр цалинтай нь буюу 300, сумын эмч 200 төгрөгийн цалин авна. Тэр үед эр хонь сайндаа л 25 төгрөг хүрдэг байлаа.

-Анхныхаа цалингаасаа гутал авсан уу?

         -Хүрэн ултай савхин түрийтэй шөвгөх хар гутал авсан. Бас цэнхэр өнгийн бүс анхны цалингаараа авч байлаа. Тэрнээс хойш болоод явчихсан. Гайгүй цалинтай, сайхан ажилтай болсон хүнд өөр юу хэрэгтэй байх вэ.

 -16 настай Цэвлээ юу мөрөөддөг байв?

        -Олон сайхан зүйл мөрөөддөг байлаа. Хүний мөрөөдөл дуусах биш. Одоо ч мөрөөдсөөр л сууна. Гэхдээ мөрөөдөл биелэх сайхан шүү. Хэдий удаан мөрөөднө, тэр тусмаа үнэтэй, амттай.

Гэхдээ мөрөөдөл биелэх сайхан шүү. Хэдий удаан мөрөөднө, тэр тусмаа үнэтэй, амттай

ЗУРААЧ БОЛОХООР ХОТОД ИРСЭН ХҮҮ ЖИМС, САМАРЧИН БОЛОВ

-Та бас уран зураг нэлээд сонирхдог, оролддог байсан юм билээ?

       -Бага сургуульд байхаасаа сургуулийн ханын сонин хийдэг байсан. Бас ч гэж чамлахааргүй зурчихдаг байсан болохоор түүнийгээ хаяагүй байсан хэрэг. 1949 оны хавар Аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга “Чамайг Дүрслэх урлагийн салбарын эрхлэгчээр томилно. Чи Улаанбаатар орж хоёр сарын дадлага хийгээд ир” гэсэн. Тэгээд л ажлаас хоёр сарын цалин цохож, бичиг хийж өгөөд явуулчихсан. Ингээд Ямбатын хүн анх Улаанбаатар хотод хөл тавьж байгаа нь тэр. Тав хоног явж ирсэн. Одоогийн Төв шуудангийн урд буугаад үлдсэн. Хаашаа явахаа мэдэхгүй, таних мэдэх хүнгүй. Тэгж жаахан зогсоод нэг хүнээс Дүрслэх урлагийн газар нь хаана байгааг лавлалаа.  Төв шуудангийн урдханд зааж байна. Манаач айлд нь бичгээ үзүүлээд орлоо.

      Намайг зураач О.Цэвэгжавд дагалдангаар өгсөн. Цэвэгжав зураач “Балын харандаагаар долоон өнгө гаргадаг юм. Гаргана даа” гэснээс дагалдан маань эхэлж байв. Намайг зах руу явж тэрэгний морины хөл ямар байгааг ажиглаад зураад ир гээд явуулна. Минийх олигтой болж өгөхгүй. Дадлага хийх хугацаанд намайг одоогийн Хөгжим бүжгийн коллежийн дотуур байранд байрлуулахаар болсон ч сургууль амраад үндсэндээ гудамжинд хоцорлоо. Дотуур байрны үүдэнд тавьсан поошигт дуссан уснаас уугаад л өдөрт нэг талх авч идчихээд л яваад байв. Ингэж явтал “Түмний нэг” кинонд тоглодог Цэрэндорж таарч, тэднийг амьдарсан. Дадлагын хугацаа дуусаж, буцах замын зардал Дүрслэх урлагийн газраас цохож өглөө. Мөнгө, төгрөггүй байсан хүмүүс юүхэн хээхэн аваад л өнөөх мөнгө дуусчихаж байгаа юм. Харих ч өнгөрөв боллоо.

-Аймгийн Дүрслэх урлагийн салбарын эрхлэгч болох гэж яваа хүн шүү дээ тэ?

        -Уг нь тийм. За тэгээд буцах замын зардал олох арга хайлаа. Одоогийн Гурван буудлаас цааш хот биш модтой, ургамалтай самар, жимсний орон байсан юм. Цэрэндоржтойгоо жимсэнд явлаа. Түүсэн жимсээ зарж чадсангүй идээд дуусчихсан. Дараа нь Чингэлтэй хайрхан руу самарт явлаа. Зургаа, долоон шуудай самар түүлээ. Бас л зарж, борлуулж чадсангүй тэгсгээд үрэгдчихлээ. Богд Уул руу гарч хад жимс түүлээ. Тэгсэн үхэр туусан нэг морьтой хүн тэрүүхэнд яваад байсан чинь Ойн байцаагч байж. Тэгээд хураалгачихаж байгаа юм. Уг нь бол амьдрах л гээд байгаа юм. Ямар ч байсан тэр үед би хулгай хийгээгүй, хүнд худал яриагүй. Анхнаасаа тийм өгөгдөхүүнгүй хүн чинь тийм сэдэл ч тархинд орж ирдэггүй юм байна гэдгийг сүүлд би бодож байлаа.  Ингэж байтал аравдугаар сарын сүүлчээр манай нутгийн тоглож өссөн хархүү жолоочийн курсэд суухаар хотод ирсэн байж таарсан. Тэднийд аймгаас хүмүүс ирж буцах болоход нь намайг дайж, би нутагтаа очиж байгаа юм.

Дотуур байрны үүдэнд тавьсан поошигт дуссан уснаас уугаад л өдөрт нэг талх авч идчихээд л яваад байв

-Бараг л хотын хүн болох дөхсөн байна. Ээж нь яваад очиход нь юу гэж байх юм. Очоод өнөөх эрхлэгчийн албандаа томилогдсон уу?

        -Юу болов яав ийв гээ л өнгөрсөн байх. Би уран зургаар сонирхлын төдийд бол зураад байх ч Аймгийн Дүрслэх урлагийн салбарын эрхлэгчээр ажиллах хэмжээнд биш гэдгээ мэдэж байсан учраас очоогүй. Харин буцаад сургуульдаа багшлая гэтэл салбарын эрхлэгч болоогүй хүнийг багшлуулахгүй гээд авдаггүй. Ингээд 1951 онд Эвлэлийн гишүүдийн тайлан сонгуулийн хурал болж, Эвлэлийн үүрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон. Энэ ажлаа 1955 оны хагас хүртэл шахуу хашсан. 1953 онд намд элссэн. Түүнээс хойш би намдаа 63 дахь жилдээ зүтгэж байна.

-Үүний дараа аймгийн сонины эрхлэгч болсон байдаг бил үү?

          -1956 оны дөрөвдүгээр сард “Лениний зам” аймгийн сонины хянагчаар томилогдсон. Энэ бол миний сэтгүүлч болох гараа эхэлсэн ажил. Хүнд ер нь тэнгэрийн томилолт, зурлага гэж байдаг. Тэр нь миний хувьд энэ байсан. Сэтгүүлч болох замыг минь ингэж зааж өгсөөр л байсан. Тэр үеийн хянагч бол сонины нарийн бичгийн дарга, эрхлэгчийг орлох хэмжээний эрх мэдэлтэй байсан. Ингээд сониныхоо Хариуцлагатай нарийн бичгийн дарга болж, 1960 оны хоёрдугаар сар хүртэл сониндоо ажилласан. Тэгээд аймгийн Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны Соёлын хэлтсийн даргаар томилогдсон.

-Тэр үедээ таныг урлагт нэлээн дуртай, хуучир тоглодог байсан гэх дурсамж байдаг?

         -Багадаа сонссоор байгаад мандалин хөгжим дарж сурсан. Нэг эмэгтэйд хүрэн өнгийн хавтастай дэвтэр өгч байж, мандалин заалгаж байлаа. Дараа нь ноот сурч, “Хонин жороо”, “Дөрвөн цаг”-ийг тоглодог болсон. Ингэж байгаад хялгасан хуур буюу хуучирыг Лувсаншарав багшаар заалгаж сурсан. Ингээд 1959 онд Монгол Улсын анхдугаар фестивальд аймгаараа оролцохоор явж байсан. Би хэд хэдэн гоцлол дуу, бүжигт хөгжимдөнө, "Учиртай гурван толгой"-д хөгжимдөнө. Тэр фестивалийн үеэр манай аймгаас ирсэн Гармаа гээд эмэгтэй бид хоёрын зурагтай мэдээ сонинд гарсан юм. Гаргахдаа бид хоёрын нэрийг солиод гаргачихсан байж билээ. Хэрвээ сургуульд дахин сураагүй байсан бол урлагийн хүн болж ч мэдэхээр байсан.

-Энэ үедээ даргадаа “Би сургуульд сурмаар байна” гэсэн байдаг байх аа?

         -Хэдийгээр би ажлаа сайн хийж байсан ч дунд сургууль төгсөх хэрэгтэй, цаашид үргэлжлүүлэн сурах ёстой гэж бодсон байсан үе. Германаас хэвлэлийн чиглэлээр нэг сургуулийн хуваарь ирэхэд би аравдугаар анги төгсөж чадаагүй учраас авч чадаагүй байсан юм. Ерөөсөө л сургуульд суръя, оройгоор аравдугаар ангиа дүүргэе гэж бодоод байсан үе. Энэ тухайгаа удирдлагуудад мэдэгдэж, сумынхаа арван жилийг оройн ангиар 1962 онд төгссөн. Би ес, аравдугаар ангийн хичээлийг нөхөхийн тулд гурван сар нойр, хоолгүй суусан. Тэгээд гүйцэж, шалгалтуудаа өгөөд төгсөж байлаа. Тэр үед би аймгийн хорооны даргад “Та намайг сургуульд явуулж өг” гэж байсан юм. Ингээд хэдэн сарын дараа Намын дээд сургуульд элсэж, улс төрийн дээд боловсролтой болсон. Сургуулиа төгсөж ирээд аймгийн намын хороонд хоёр жил лектор, хоёр жил үзэл суртлын хэсгийн эрхлэгч хийгээд 1970 онд Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх НДС-д явсан.

-Хэзээ Улаанбаатарын хүн болж байв?

         -Москвад төгссөнөөс хойш аймагтаа дахин хоёр жил ажиллаад, 1972 онд хотод нүүж ирж байлаа.

Би хэд хэдэн гоцлол дуу, бүжигт хөгжимдөнө, "Учиртай гурван толгой"-д хөгжимдөнө

“ҮНЭН” СОНИНЫ ЭРХЛЭГЧ ЦЭВЛЭЭ

-“Үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байсан үеийн тухай дурсаач?

             -1979 оны сүүлчээр Үзэл суртлын хэлтсийн дарга Түмэндэмбэрэл намайг өрөөндөө дуудсан  нь Ц.Намсрай эрхлэгчтэй хамт сууж байв. Ц.Намсрай эрхлэгч “Цэдэнбал даргад чиний тухай хэлсэн. Чи аймгийн сонинд ажиллаж байсан юм байна. Чамайг “Үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгчээр томилохоор болсон” гэж байна. Ингээд удалгүй хуралдаж, 1980 оны нэгдүгээр сарын 10-нд намайг томилсон. Сэтгүүлчийн ажил хийх, сэтгүүл зүйн гал тогоонд амьдрах л миний орон зай мөн байсан. Миний амьдралын бүхий л сайхан, ажил хөдөлмөрийн амтыг мэдэрсэн, насан туршийн минь хамгийн үнэ цэнтэй он жилүүд “Үнэн” сонины редакцад өнгөрсөн.

         Тэнд миний оролцоотой 2500 гаруй дугаар хэвлэгдсэн. Дээр нь Ц.Намсрай, Л.Түдэв гэж Монголын хоёр агуу хүний удирдлага дорт ажилласан их хувьтай хүн гэж өөрийгөө боддог. Л.Түдэв эрхлэгчтэй долоон жил хамт ажилласан. Ингээд 1990 он гарч, дөрөвдүгээр сард нь Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Мэдээлэл, Радио Телевизийн Улсын Хорооны даргаар томилогдсон. Энэ нь Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгтэй. Ингэж сумаасаа анхны Засгийн газрын гишүүн, сайд болж байв. Хоёр жил гаруй болоод “Засгийн газрын мэдээ” сониныг үүсгэн байгуулсан.

Сэтгүүлчийн ажил хийх, сэтгүүл зүйн гал тогоонд амьдрах л миний орон зай мөн байсан

-60 настайдаа сонин байгуулж явсан хэрэг үү?

           -Тэгэлгүй яах вэ. Таван жил сониноо сайхан авч явсан. 1996 онд засаг, төр солигдоход намайг ажлаас халж, тэтгэвэртээ суусан. Гэсэн ч “Монголын үндэсний мэдээ” сонин хэдэн нөхдийн хамт байгуулаад хэсэг гаргасан. 2002 оноос МУИС-д, 2003 оноос “Их Монгол” дээд сургуульд багшилж байна. Амьдралын түүхэн намтар гэвэл ийм л байна.

-Сэтгүүлч байхын тулд юуг эрхэмлэх ёстой вэ?

        -Сэтгүүлч байхад хоёр юм хэрэгтэй. Авьяас, хүн чанар хоёр.  Сэтгүүлч байхын гол утга бол хүн. Нийгэм бүгдээрээ сэтгүүлчийн хойноос явж байгаа учраас түрүүнд нь явж байгаа сэтгүүлчийн хүн чанар л алдагдвал нийгэм өнөөдрийнх шиг ингээд доройтчихно. Хүмүүсийн, нийгмийн оюун санааг нэгтгэж барьж, сайн сайханд хөтөлж байх ёстой хүн ерөнхийлөгч биш сэтгүүлч шүү дээ. Гэхдээ бүгд хүч нэгтэй, зорьж, харж байгаа зүйл нь нэг, дуу нэгтэй байх ёстой.

-Сэтгүүл зүйн өнөөгийн дүр төрхийг та хэрхэн харж байна вэ?

          -Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондоо дайн хийгээд байна. Нэг нь зөв гэхээр нөгөөх нь буруу гээд гаргачихаж байна. Үүний цаана атаархал, мөнгө л явж байгаа юм. Бие биенээсээ дээр гарах гэж байгаа нь гэж атаархаад, илүү мөнгө олох гэж байна гэж худалдагдаад байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг сүйтгэж байгаа ганц зүйл нь худалдаа, худалдагдчихсан явдал. Өөр юу ч биш. Хүнд худалдагдсан сэтгүүлч яаж үнэнийг хөөх юм бэ. Тийм учраас үнэн гэж одоо байхгүй болчихоод байна. Үнэн гэдэг харьцангуй болчихсон цаг үе. Дээр нь сонины эрхлэгч нар их эвдэрсэн, тэмцэлдэгчид болчихсон байна. Үүнээс гадна сэтгүүлчдэд ерөнхий мэдлэггүй байна.

Сэтгүүлч байхад хоёр юм хэрэгтэй. Авьяас, хүн чанар хоёр

           Одоогийн сэтгүүлчдэд байх хэрэгтэй, анхаарвал зохих дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт, ерөнхий мэдлэгийн цар хүрээ буюу нийгмийн мэдлэг сайтай байх ёстой. Одоо мэргэшсэн сэтгүүлч их хэрэгтэй болж байна. Хууль, эрүүл мэнд, усан хангамж ч гэдэг юм уу нэг чиглэлээр мэргэших нь илүү хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Мөнгө. Сэтгүүлчид хэтэрхий ядуу байна. мөнгөтэй болохын хүслэн байна. Тэр нь шунал болчихоод мэргэжлийнх нь ажлыг алаад байна. мөнгө өгсөн бол хэнийг ч магтаж чадна, өгөөгүй бол хэнийг ч шүүмжилдэг болчихож. Мөнгөтэй хүнийг чоно байхад бурхан болгож чадаж байна. Мөнгөгүй хүнийг бурхан байхад чоно болгож харуулж байна. Гэвч эрхлэгчээсээ ухаантай, том толгойтой сэтгүүлч гэж байдаггүй. Гуравдугаарт, сэтгүүлчдийн хэл ядуу байна. Дөрөвдүгээрт, хүн чанар, хүн байх явдал алдагдчихаад байна.

-Та гэр бүлийн хүн Бумбагаагийн тухай яриагаар ярицлагаа өндөрлөе?

          -Бид хоёр чинь хоёр хүн гэхэд хэцүү. Хоёр хүн биш байх аа. Нэг л хүн байх. Гэр бүл гэдэг чинь нэг л хүн байдаг. Ийм учраас Бумбагаагийн аюулхайд холбоотой хоёр зүрх бий. Нэг л лугшилттай. Минийхэд ч хоёр зүрх бий. Бас л лугшилт нь ганц. Бид хоёр ханилаад 35 жил болж байна. Бумбагаатайгаа таарахаас өмнө би ч ханиа олохгүй, тэр ч ханиа олоогүй л явж байсан. Хорвоо хүнийг жинхэнэ ханьтай нь заавал уулзуулдаг байх гэж боддог. Хийж байгаа юм бүхэн нь миний төлөө, миний бодож байгаа бүхэн түүний тухай байдаг. Манайх зургаан хүүхэдтэй. 12 ачтай, хоёр гучтай. Хүүхдүүд минь бүгд сайн сайхан, энх тунх амьдарч байна. Хэрвээ би Бумбагааг олоогүй байсан бол би өдийд тэнгэрт гарсан байгаа. Тэгж л боддог. Намайг энэ дэлхий дээр аргамжиж байгаа аргамжааны гадас чинь энэ хүн л байхгүй юу. Миний амьдралын алтан аргамжаа юм шүү.

               Бид энэ удаагийн “Хоймор” буландаа Соёлын гавьяат зүтгэлтэн, Ц.Намсрайн нэрэмжит редакторын шагналт, Баянхонгор аймгийн хүндэт иргэн Х.Цэвлээг урьж, ярилцсан нь энэ.  Бид танилцаад 12 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд би хүн чанараа цаг үргэлж өнгөлж, энэрэн хайрлах сэтгэлээ бусдад дандаа нээлттэй байж, монгол оюун ухаан, монгол хүн байхыг эрхэмлэх ёстойг өвгөн багшаасаа харсаар ирсэн билээ. Монголыг Монголоор нь үлдээхийн тулд хүмүүсийн тархи, зүрхэнд Монголоо л шигтгэхийг насан туршдаа хичээж ирснийг нь түүний бүтээл, туурвилууд гэрчилнэ.

Би Бумбагааг олоогүй байсан бол би өдийд тэнгэрт гарсан байгаа. Тэгж л боддог. Намайг энэ дэлхий дээр аргамжиж байгаа аргамжааны гадас чинь энэ хүн л байхгүй юу

2016 оны наймдугаар сар.


МОНГОЛ СЭТГҮҮЛЧ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188