• Өнөөдөр 2026-11-18

СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ

2026-11-18,   181

Жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангалтгүй нөхцөлийн улмаас хүүхдүүд золиос болсоор байна. Нэг л өглөө зүв зүгээр гэрээсээ гарсан хүүхэд нь тахир дутуу болж, найзуудтайгаа хамт унадаг дугуй унаж явсан хүүхэд ээж, аавдаа хэзээ ч эргэж ирэхгүй хорвоог орхин одож байна. Жилд 60 орчим хүүхэд зам тээврийн осолд орж, амиа алдаж буй нь эцэг эхийн болон жолоочийн хариуцлага, энэ чиглэлээр зохион байгуулдаг нөлөөллийн ажил хангалтгүй байгааг илтгэж буй. 

    Зөвхөн нэг гэр бүлийн уй гашуу мэт харагдах эдгээр ослын цаана хүүхдийн амьд явах эрх, жолоочийн хариуцлага, авто замын аюулгүй байдал, төрийн байгууллагуудын урьдчилан сэргийлэх ажлын үр дүнтэй холбоотой томоохон асуудал бий. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны наймдугаар сард танилцуулсан мэдээллээр сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 312 хүүхэд амиа алдаж, 3861 хүүхэд гэмтэж бэртжээ. Энэ бол зүгээр нэг статистик биш. Эдгээр хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, гэр бүл, ирээдүйтэй байсан. Хүүхдийн амь насыг хамгаалах ёстой замын хөдөлгөөний тогтолцоо яагаад ийм олон хүүхдийн амь насыг аварч чадсангүй вэ. Тухайлбал 2025 онд 67 хүүхэд зам тээврийн ослоор нас барсан байна. Мөн 948 зам тээврийн осол бүртгэгдэж, нийт 1058 хүүхэд хохирсон тоо баримт бий. Үүнээс 67 хүүхэд амь насаа алдаж, 365 хүүхэд хүнд болон хүндэвтэр, 626 хүүхэд хөнгөн гэмтэл авсан байна. Амь насаа алдсан хүүхдийн 51 нь орон нутагт, 16 нь нийслэлд бүртгэгджээ. Түүнчлэн 2025 онд явган хүний гарц дээр 186 хүүхэд осолд өртсөн. Өөрөөр хэлбэл, хүүхэд замын хөдөлгөөний дүрмийн дагуу, явган хүний гарцаар гарч байхдаа гэмт нь гэдэг нь  дүрмийн дагуу, зам хөндлөн гарсан ч амь нас, эрүүл мэндээрээ хохирдог тохиолдол байсаан байна. Дан ганц гарцаар гарахад үйлдэгдсэн гэмт хэргээс гадна эцэг, эх, асран хамгаалагчдын хэнэггүй, хайхрамжгүй байдлаас үүдэн хүүхэд хамгаалах суудал, хамгаалах бүс зүүгээгүйгээс хүүхэд гэмтэж бэртдэг. Мөн авто зам дагуу хурдны хязгаар, замын тэмдэг тэмдэглэгээ зэрэг ослоос урьдчилан сэргийлэх олон шаардлага байдаг. Гэвч эдгээрийг мөрдүүлэх, аюулгүй орчныг бүрдүүлэх ажил бодит амьдрал дээр хангалтгүй байгааг ослын тоо харуулж байна.

ХИЙН ТОРМОС ГАЦАЖ ХОЁР МАШИН МӨРГӨЛДСӨНӨӨР НЭГ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ТАВАН ХҮҮХЭД ГЭМТЖЭЭ

     Ослын талаар эргэн дурдах нь тийм ч таатай биш. Гэвч сэрэмжлүүлэх, анхааруулах зорилгоор дурдахаас зайлшгүй нөхцөлд хүрдэг. 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 19:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлаастын орчимд Toyota Prius болон Hyundai Verna загварын хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас явган хүний зам гарч явсан 16 настай хүүхэд амиа алджээ. Мөн 4–14 насны таван хүүхэд, насанд хүрсэн нэг хүн гэмтсэн байна. Урьдчилсан дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан аж. Харин ослын шалтгаан жолооч хааз, тормосоо андуурсан, хийн тормос гацснаас үүдсэн байна. Энэ мэт хүүхэд явган хүний замаар зорчих явцдаа зам тээврийн ослын золиос болж байна. Автомашины хөдөлгөөн болон явган зорчигчийн орчныг аюулгүй тусгаарлах, эрсдэлтэй замын хэсэгт хурд сааруулах инженерийн шийдэл хэрэгжүүлэх, сургууль болон орон сууцны орчмын хөдөлгөөнийг илүү найдвартай зохион байгуулах, сургуулийн цагдаа нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, гараас гарт хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарах зэрэг олон асуудал шийдэл хүлээсэн хэвээр байна.

БУЛГАН АЙМАГТ НАЙМАН САРТАЙ ХҮҮХЭД АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮҮХЭД ГЭМТЭВ

   Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн оны есдүгээр сарын 29-ний 16:50 цагт зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ. Урьдчилсан шалгалтаар “Toyota Prius” маркийн автомашины жолооч хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, гүүрний бетонон хашлага мөргөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг ослын улмаас автомашинд зорчиж явсан найман сартай хүүхэд амиа алдаж, дөрөв болон зургаан настай хүүхэд, жолооч гэмтжээ. Найман сартай хүүхэд замын хөдөлгөөний аюулыг ойлгож, өөрийгөө хамгаалах боломжгүй. Түүний аюулгүй байдал бүхэлдээ автомашины жолооч, эцэг эх, асран хамгаалагч болон тээврийн хэрэгслийн хамгаалах хэрэгслээс хамаарна. Иймээс иргэд орон нутгийн замд удаан хугацаагаар жолоо барьж буй бол амрах, хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хүүхдийн зориулалтын суудал болон хамгаалах бүсгүй зорчих зэрэгт анхаарах зайлшгүй шаардлагатай.

Тээврийн цагдаагийн албаны өнгөрсөн оны статистикаас үзэхэд хүүхэд өртсөн 948 ослын 742 буюу 78.3 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байна. Харин 10 хувь нь явган зорчигч хүүхдийн, 9.1 хувь нь дугуйтай хүүхдийн, 2.6 хувь нь эцэг эх, асран хамгаалагчийн буруутай үйлдэлтэй холбоотой гэж ангилсан байна. Үүнээс үзэхэд хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нь маш чухал. Гэвч хүүхдүүдэд зөвхөн дүрэм заах нь хангалтгүй. Тухайлбал, жолооч нарын хариуцлага, замын зохион байгуулалт, ослоос урьдчилан сэргийлэх хяналтын үр нөлөөг сайжруулах шаардлагатай.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЬЕ

      Тээврийн прокурорын газраас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар шүүхэд шилжүүлсэн, явган хүний гарц дээр гарсан зам тээврийн 103 ослын хэрэгт дүн шинжилгээ хийхэд 12 хүн нас барж, 91 хүн хүнд болон хөнгөн зэргийн гэмтэл авсан байна. Эдгээр хэргийн улмаас нэг хүүхэд амиа алдаж, 15 хүүхэд гэмтжээ. Ослын дийлэнх нь өдрийн цагаар, үзэгдэх орчин чөлөөтэй үед гарсан нь хачирхалтай. Жолооч явган зорчигчид зам тавьж өгөөгүй, гэрлэн дохиог зөрчсөн, эргэх үйлдэл хийхдээ анхаарал болгоомжгүй хандсан зэрэг шалтгаан давамгайлжээ. Тэгэхээр замын хөдөлгөөний аюулгүй байдалд зөвхөн үзэгдэх орчин хязгаарлагдмал байх, халтиргаа гулгаа, замын саад бартаа нөлөөлдөггүй байх нь. Өдрийн цагт, явган хүний гарц дээр ч хүний амь нас эрсдэж байна. Хүүхдийн амийг хамгаалахад төр ямар хариуцлага хүлээх вэ. Зам тээврийн осол гарах бүрд жолоочийн анхаарал болгоомж, эцэг эхийн хараа хяналтын тухай ярьдаг. Гэвч хүүхдийн аюулгүй байдлыг зөвхөн хувь хүний хариуцлагаар хязгаарлаж болохгүй. Сургууль, цэцэрлэгийн ойролцоох замын хурдны хязгаар, гэрэлтүүлэг, явган хүний гарц, хамгаалалтын хашлага, замын тэмдэг тэмдэглэгээг хэн хариуцаж, хэрхэн шалгаж, ямар үр дүн гаргаж байгаа вэ гэдэг нь нийтэд ил тод биш. Мөн осол давтан бүртгэгддэг хэсгүүдэд замын зохион байгуулалтыг өөрчилж, шинэ боломжийг хайх хэрэгтэй. Зам тээврийн осолд хүүхэд өртсөн тохиолдол, тоо баримт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд цаасаар тайлан тавьж, өссөн буурсан тухай мэдээ бэлтгэх биш хэмжигдэхүйц үр дүнгээр хариулах ёстой. Иймээс өнгөрсөн наймдугаар сард Засгийн газар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийн үйл ажиллагааг дахин сэргээж, осол, нас баралтыг бууруулах чиглэлээр байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэгэнт гарц гаргалгаа хайж, шийдэлд хүрэхээр тус байгууллагыг дахин бий болгосон бол үйл ажиллагааг нь чанаржуулж, хамрах хүрээг нь тэлж, энэ чиглэлд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй юм. Эх орны ирээдүй болсон бяцхан үрсээ алдсаныхаа дараа биш, амжиж хамгаалъя.


СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188