• Өнөөдөр 2026-11-18

ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ

Эргэлт.мн мэдээллийн сайт “Баялаг&Ядуурал” буландаа байгалийн баялгаа ашиглаж амжилтад хүрч, баяжсан болон баялгаа цөлмүүлж, ашиглаж чадалгүй доройтсон хоёр орны түүхийг жишиж хүргэдэг. Тэгвэл энэ удаад зэсийн баялгаараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгийн төрөлжүүлж, томоохон эдийн засагтай орон болсон Бүгд Найрамдах Чили Улс болон уул уурхайн салбарын хууль, журамдаа тогтмол өөрчлөлт оруулж, гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдаж, баялгаа ашиглаж чадалгүй буурай орны жагсаалтад орсон Бүгд Найрамдах Замби Улсын жишээг хүргэж байна.

ДЭЛХИЙН ЗЭСИЙН ГОЛ ТОГЛОГЧ ЧИЛИ УЛС

Өмнөд Америкт орших Бүгд Найрамдах Чили Улс Андын нуруудаас эхлээд Номхон далайн арлууд хүртэл 756,096 ам километр газар нутагтай. Зүүн талаараа Өмнөд Америкийн нөлөө бүхий эдийн засаг Аргентин, Боливи, Перу зэрэг оронтой хиллэдэг бөгөөд зэс, лити зэрэг байгалийн баялгаар баян орон. Тэр ч утгаараа байгалийн баялгаа ухаалгаар ашиглаж, хөршүүд дээрээ тулгуурлан АНУ, Европын холбоо, БНХАУ, Япон, Бразил зэрэг хүчирхэг эдийн засагтай орныг худалдааны гол түншээ болгож чадсан байдаг. Байгалийн баялгаа сайн ашиглаж, дэлхийн зэсийн олборлолтыг тэргүүлж, баялгийн хүртээмжээ зөв менежментэд оруулснаар эдийн засгаа тогтвортой өсгөж буй жишиг орон болж байгаа юм.

Хүн ам 18.5 сая
ДНБ 568 тэрбум ам.доллар
Нэг хүнд ногдох ДНБ 28,526 ам.доллар

Чили Улсын түүх XVI зууны эхэн үед Инка эзэнт гүрний нэг хэсэг байсан үеэс эхэлдэг. XVI дугаар зууны сүүлчээр Испанийн эзэнт гүрэн Өмнөд Америкийн олон оронд дайтаж, ноёрхоход Чили Улс ч Испанийн колони болсон байдаг. Харин 1818 оны нэгдүгээр сард болсон Чакабуогийн, Маипугийн тулаан зэрэг түүхэнд бичигдэж үлдсэн эх орны төлөөх тулаануудын дараа Чили Улс Испанийн колоничлолоос гарч, тусгаар улс болсноо зарлаж байв.

Испанийн эзэнт гүрний колоничлолоос гарч, Чили тусгаар тогтнолоо зарласан ч зах зээлээ босгож, эдийн засгаа тогтворжуулах хүртлээ 100 гаруй жил зарцуулсан байдаг. Тухайлбал, колоничлолоос гарснаас хойш чиличүүд хөдөө аж ахуйд суурилан улаан буудай, арьс шир, малын түүхий эд, нитрат зэргийг экспортлох болжээ. Чили Улсын эдийн засгаа сэргээх тэр олон алхмаас азотын бордоо буюу нитрат олборлож, гадаад орон руу гаргасан нь амжилт олж, чамгүй ашиг хүртсэн байдаг. Гэсэн ч XIX зууны сүүлчээр Чилийн нитратын нөөц дуусаж, эдийн засгийн нэгэн гол тулгуураа алджээ.

Улмаар уул уурхайн салбарын хайгуулаа эрчимжүүлсний хүчинд үлэмж хэмжээний нөөцтэй хэд хэдэн орд илрүүлсэн нь зэсийн орд байсан аж. Ингээд Чили Улс уул уурхайн гол төсөл, хөтөлбөрүүдээ зэсийн салбарт төвлөрүүлж, хайгуул, олборлт хийж эхэлснээсээ АНУ болон Европын орнуудаас хөрөнгө оруулалт татаж чадсан түүхтэй. Гэсэн ч зэсийн орд, уурхайн олонх нь гаднын компаниудын эзэмшилд байсан учир зэсийн ашгаа дотоодын үйлдвэрлэл, хөгжилдөө зарцуулж чадахгүй явсаар ХХ зууны сүүлчээр Чили Улсад инфляц тэнгэрт хадаж, ажилгүйдэл өсөж, хүнсний хомстолд хүрсэн.

Харин 1973 оны есдүгээр сарын 11-нд Чилийн цэргийн командлагч Августо Пиночет төрийн эргэлт хийж, тухайн үеийн Ерөнхийлөгч Сальвадор Альендег хүчээр буулгаж, Засгийн газраа огцруулсан байдаг. Улмаар дэлхийн түүхэнд “дарангуйлагч” хэмээн үлдсэн цэргийн командлагч Августо Пиночет төрийн эрхийг авсныхаа дараа гаднын хөрөнгө оруулалтуудыг зогсоож, уул уурхайн чухал ордуудаа улсынхаа өмчид эргүүлэн авах ажлыг эхлүүлжээ. Ингэхдээ цэргийн командлагч Августо Пиночет 1976 онд Codelco нэртэй төрийн өмчит компани байгуулж, тус компанидаа Чилийн зэсийн ордууд, уул уурхайн олборлолт, экспортыг бүгдийг хариуцуулсан байна. Цэргийн командлагч Codelco төрийн өмчит компани байгуулснаас хойш гаднын хөрөнгө оруулалтыг зөвхөн зэсийн салбарт төвлөрүүлж, гаднын компанид ашиглалтын лиценз урт хугацаагаар олгохоо больжээ. Гэхдээ Августо Пиночетийн энэ бодлого байгаа онож, гадаадын компаниуд Чилитэй хамтран зэсийн салбарт нь хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа олноор илэрхийлэх болсон бөгөөд цэргийн дэглэмийн дор дотоодын үйлдвэрлэлээ бүрэн дэмжсэн Чили Улс их хэмжээгээр зэс экспортолж, олон улсын анхаарлыг татаж эхлэв.

          Түүнээс хойш Чили Улс Дэлхийн худалдааны байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Транс-Номхон далайн түншлэлийн гишүүн болж, олон улсад эдийн засгаа төрөлжүүлж, жил бүр зэсийн олборлолт, экспортын хэмжээ нь тогтмол өсөж эхэлсэн байдаг. Өдгөө Чили Улс 190 сая тонн зэсийн нөөцтэйгөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд жилд таван сая орчим тонн зэс олборлож, экспортолдог.

Мөн зэсийг уул уурхайн гол бүтээгдэхүүнээ болгосноос хойш Чили Улс зөвхөн зэсийн орлогодоо зориулсан Тогтворжуулалтын сан байгуулжээ. Тус улсын хувьд жилд 50 орчим тэрбум ам.долларыг зөвхөн зэсийн экспортоосоо олдог бөгөөд экспортын орлогоосоо улсын төсвөө босгож, үлдсэнийг нь Тогтворжуулалтын сандаа төвлөрүүлдэг. Харин Тогтворжуулалтын сандаа тэр хэмжээний хөрөнгийг жил бүр тогтмол төвлөрүүлснээр тус сангаараа дамжуулан эдийн засгийн савлагаа, инфяцийн өсөлт, валютын ханшийн уналтын эрсдэлээс улсаа бүрэн сэргийлэх боломжтэй болсон байна. Түүнчлэн улсын төсөвт тусгагдсан зэсийн баялгаас олсон орлогоо зөвхөн боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах бодлого баримталдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн зэсээрээ дамжуулан эдийн засгаа төрөлжүүлж, тогтвортой өсгөж чадаж буйгаараа Чили Улс дэлхийд нөлөө бүхий хөгжиж буй орон, “дэлхийн хөгжлийн жишиг орон” хэмээн өргөмжлөгдөх болжээ.

ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛИЙГ АЛДАЖ, ГАНЦ АМ.ДОЛЛАРООР АМЬ ЗУУХ БОЛСОН ЗАМБИ УЛС

Өмнөд Африкт оршдог Бүгд Найрамдах Замби Улс 752,617 ам километр газар нутагтай. Тус улс хойд талаараа Конго, зүүн хойд талаараа Танзани, зүүн талаараа Ангол Улстай хиллэдэг. Уг нь Замби Улс зэсийн 100 орчим жилийн арвин түүхтэй орон. Бүр 2023 оны дүн мэдээллээр Чилийн дараа орох буюу дэлхийд хоёрдугаарт жагссан томоохон зэс үйлдвэрлэгч болсон. Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдлаасаа болж, байгалийн баялгийн ашгаа зөв зарцуулж чадалгүй буурай орны жагсаалтад орсон байдаг.

          Замбигийн түүх хэдэн мянган жилийн өмнөөс ан агнуур, түүврийн аж ахуй эрхэлдэг нүүдэлчин овог, аймгуудаас эхтэй. Тус улсыг XVIII зууны эхээр Европын аялагчид нээсэн. Гэсэн ч XIX зууны сүүлчээр тэдэн рүү Их Британи довтолж, Хойд Родези гэх нэрээр колони болгосон байдаг. Харин дэлхийн II дайны дараа буюу 1964 оны аравдугаар сарын 24-н тэд тусгаар тогтнолоо эргүүлэн олж авсан бөгөөд нутагтаа байдаг Замбези гэх голын нэрээс санаа авч, Замби хэмээн улсаа нэрлэсэн түүхтэй. Их Британийн колоничлолоос салж, тусгаар улс болсноос хойш Замби ХХ зууны сүүлч хүртэл Кеннет Каунда гэх Ерөнхийлөгчтэй байсан бөгөөд нэг нам, нэг удирдагчаар олон жил удирдуулсан нь тус улсын хөгжил, эдийн засгийг гацаанд оруулсан гэж замбичууд шүүмжилдэг гэнэ.

Нүүдэлчин овгоос эхтэй замбичууд тусгаар улсаа зарласнаас хойш Замбигийн эдийн засгийн гол цөм нь зэс байсан. Гэсэн ч дэлхийд дээгүүр жагсах нөөцтэй, дэлхийд тэргүүлдэг том уурхайнуудтай ч зэс олборлолт, орлогоо зөв зарцуулж, ашгаа зөв хуваарилж чадаагүйгээс тус улсад 1970-аад онд ядуурал газар авч, 2000 он гэхэд гадаад өр нь зургаан тэрбум ам.долларт хүрч, өдгөө хүн амын 64 гаруй хувь нь өдрийн ам.доллар буюу монгол мөнгөөр 3400 орчим төгрөгөөр амь зууж байгаа юм.

          Бүгд Найрамдах Замби Улс зэсийн баялгаа ашиглаж чадалгүй дэлхийн буурай орны жагсаалтад орсон шалтгаануудын нэг нь хууль, эрх зүйн салбарын огцом өөрчлөлт, улс төрийн тогтвортой бус байдал гэнэ. Тухайлбал, зэсийн олборлолт, экспортыг эдийн засгийн гол тулгуураа болгосон тус улс энэ төрлийн баялагт холбогдох хууль, журмаа ойр ойрхон, бараг хэл ам гарах бүрд өөрчилдөг нь хөрөнгө оруулагчдын итгэл алдрах шалтгаан болсон гэдэг. Тодруулбал, Замби Улс 2012 онд гадаад валютын орлогыг зөвхөн дотоодын банкуудад хадгалах шаардлага тавьжээ. Үргэлжлүүлэн 2013 онд уул уурхайн лицензийн журамдаа өөрчлөлт оруулж, Замбигийн Засгийн газар ашиглалтын лицензийн хугацааг 25 жилээс 10 болгон бууруулж, лиценз сунгах нөхцөлийг чангалсан нь гаднын хөрөнгө оруулагчдаас шүүмжлэл хүртэж байжээ. Түүнчлэн тус улсын Засгийн газар 2014 онд уул уурхайн татварыг зургаагаас шууд 20 хувь болгож өсгөсөн нь гаднын хөрөнгө оруулагчдаа “тонох” санаархал, шунахайрал байсныг гаднын шинжээчид шүүмжилж байв. Улмаар гаднын компаниудын эсэргүүцэл, шүүмжлэлтэй холбоотойгоор уул уурхайн татвараа 2015 онд есөн хувь хүртэл бууруулаад байсан ч 2019 онд дахин нэмж, 10.5 хувь болгосон байдаг. Энэ мэтээр улсынх нь эдийн засгийн гол тулгуур болсон зэстэй холбогдох хууль, журамдаа дуртай цагтаа дураараа өөрчлөлт оруулж ирсний улмаас Замби Улс гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн алдсан гэж болно.

Хэдий гаднын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр багассан ч замбичууд дэлхий даяар цар тахал дэгдэж, олон орны гадаад харилцаа хаагдсан 2020 оны үеэр дотооддоо зэсийн олборлолтоо нэмэгдүүлж, боломжит цөөн орон руу гаргаж эхэлсэн байдаг. Энэ үедээ дээр дурдсан Чилийн дараа орох дэлхийн хоёр дахь шилдэг олборлолтыг хийсэн ч цар тахлын үед орж ирсэн зэсийн баялгийн орлогыг мөн л Замби Улсын улс төрийн нөлөө бүхий хүмүүс хувьдаа завшиж, иргэдийнхээ амьдралд бодит дэмжлэг үзүүлж чадаагүй. Өдгөө Замби Улсын нийт хүн амын 64.3 хувь нь ядууралд нэрвэгдсэн гэх статистик мэдээтэй, Африк тивдээ хүртэл томоохонд тооцогдох хоол хүнсний хомстолд ороод буй бүс нутаг болсон бөгөөд Дэлхийн банкнаас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус улсад тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж олгоод байгаа ч тусыг олохгүй байна.

 

 

 


ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188