• Өнөөдөр 2026-11-18

ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР

2026-11-18,   105

        Туул голын хөвөө захаасаа зайрмагтаж, Богд уулын бараа цайраад нийслэл хотод цас лавсан хаялна. Цас бударсан энэ өдөр сэтгэл хөндүүрлэж, их зохиолчийн тухай бодон шаналлаа. Учир нь өнөөдөр, арваннэгдүгээр сарын 17, түүний эх дэлхийд мэндэлсэн өдөр. Монголын зохиолчдын эвлэлийнхэн Дашдоржийн Нацагдоржийн мэлмий гийсний 120 жилийн ойд зориулан хүрэл хөшөөнд нь цэцэг өргөлөө. Цасанд дарагдан дүнхийж суугаа хөшөөнөөс асуух зүйл олон байлаа. Урьд өдөр нь түүний эмгэнэлт амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг үзээд уймар ч л сууна. "Яг надтай чацуу насандаа их зохиолч минь “Учиртай гурван толгой” жүжгээ биччихсэн байж шүү дээ" гэж бодохоор цээжин цаана нэг зүйл тороод болохгүй.

Энэ бичвэрээ хаанаас нь эхлэх билээ дээ. Цэл залуугаараа од эрхэсийн орчилд одсон харамсалт түүхээс чинь үү, чинхүү хайртай амраг Пагмадуламын чинь нулимс дуслуулан санан гансрах жүжгийн төгсгөлөөс үү, эсвэл хээрийн галуу ч нисэн үл хүрэх газраас эрдэм өвөрлөн ирсэн амьдралын тань оргилоос уу, эхнэр Нина, энхрий охин Ананда Шригээ санан бэтгэрч, сархад хөнтөрч байсан үеэс тань уу, эсвэл эх орон, элбэрэлт ижий, үзэсгэлэнт байгаль, үйлийн үрийн тухай алга дарам чихрийн цаасан дээр шүлэг бичиж, амь тэмцэн шоронд өнгөрүүлсэн шөнөөс тань уу. Ээдрээт амьдралын тань хаанаас нь эхлэх билээ дээ, Нацаг минь…

Арван жилийн өмнө их зохиолчийн мэндэлсний 110 жилийн ойгоор анх тавигдсан Төрийн соёрхолт Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг Улсын драмын эрдмийн театр 120 жилийн ойд нь зориулан Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулгаар дахин тайзнаа амилууллаа.

Алтан нарны туяанд энхжин тогтсон орон

Жанжин Сүхбаатарын бичгийн хүн байсан залуу Нацагдорж үеийн нөхөд, хайртай Пагмадуламтайгаа Герман руу эрдэм сурахаар мордох гэж байхад их багш Цэвээн нь түүнд хандан “Битгий яваач” гэж хүртэл хэлдэг. Багшийн үгээс илүү Нацагдорж өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн, өөртөө үнэнч байдлаасаа ухардаггүй. Энэ үзэгдэл өнөөгийн залууст сургамж болохуйц. Өөрийн замаа сонгох эр зориг, тэр сонголтынхоо төлөө хариуцлага хүлээх чадвар хоёр үргэлж хамтдаа байдаг гэдгийг жүжиг сануулна. Бичгийн хүн төрийн хэргээс ангид байхыг хүсдэг ч тухайн цаг үеэс хамаарч хүсэл нь хясал болон хувирна.

Нацагдоржийн хувьд эх орон гэдэг уул ус, тал нутаг төдийгүй хэл соёл, ард түмний нь соён гэгээрэл байсан юм. Жүжиг үүнийг уриа лоозонгоор биш, түүний сонголтоор харуулж буй нь их сонирхолтой. Хээрийн галуу шиг алсыг зорьсон хүү эрдэм өвөрлөж ирэхдээ өөрийнхөө төлөө биш, эх орныхоо төлөө байсныг хэн ч мэдээгүй гэж үү. Эсвэл албаар хилсдүүлэв үү. Тайзны шийдэл хүртэл их олон санааг агуулна. Монгол гэр тайзны голд байрлаж, хаашаа ч явсан буцаж ирэх голомтыг сануулах шиг. Хөх тэнгэрийн ирмэг нь цэнхэр гэрлээр гялалзсан цагаан цагирагууд яг л од эрхэс, гараг дэлхий шиг эргэлдэнэ. Нөгөөтэйгүүр цаг хугацааг ч илэрхийлэг шиг. Хувцас чимэглэл нь тэр үеийн нийгэм хоёр ертөнцийн дунд хэрхэн хуваагдаж байсныг өгүүлнэ.

Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

Найруулагчийн нэгэн шийдэл бол зохиолчийн дотоод дуу хоолойг тусдаа дүрээр тайзнаа гаргасан явдал юм. Нацагдорж өөрийн амьдралтай, өөрийн сонголттойгоо нүүр тулан маргалдахад үед өөр жүжигчин тайзнаа гарч ирж түүний алдартай шүлгүүдээр илэрхийлнэ. Нацагдоржийн дүрийг арван жилийн өмнө СТА жүжигчин Б.Шинэбаяр бүтээж байсан. Яг тэр дүрээ дахин бүтээнэ гэдэг жүжигнээс ур чадвар шаардахын зэрэгцээ ховорхон олдох завшаан юм. Цэл залуу насны гэрэл гэгээт мөчүүд, эрх чөлөөтэй шувуу шиг дүүлэх агшнуудыг арай л бага харуулав уу гэж бодон харамсав. Түүний нэг түшиг тулгуур болсон анд Донровын Намдагийн дүрийг жүжигчин Т.Сэргэлэн бүтээжээ. Их гоё гэгээлэг дүр байлаа. "За найз минь "Учиртай гурван толгой" жүжгээ дуусгана шүү" гэж түүнийг шамдуулах нь хүртэл сайхан санагдав.

Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

Миний хувьд жүжгийн хамгийн гэрэлтэй хэсэг бол Европын үзэгдэл. “Хээрийн галуу нисэн хүрэх газраас хүний хүү эрдэм өвөрлөн ирнэ” гэсэн үг тайзнаас сонсогдоход танхимд алга ташилт нижигнэнэ. Гүн Галуутай нуурын хөвөөнд төрсөн хүү өөрөө ч хээрийн галуу шиг алсыг зорьсон нь санамсаргүй тохиол биш биз. 1926–1929 онд Германд суралцахдаа тэр дөнгөж хорь гаруйхан настай, энхрий ялдам Пагмадулам нь энэ цаг хугцаанд хамт байсан нь ч их тохиол гэлтэй. Чимэглэсэн гацуур, цагаан бүтээлэгтэй баярын ширээ, Европ хувцастай хөгжилтэй найзуудын хамт татуулсан гэрэл зураг түүний амьдралд гай болно гэдгийг тэр яахан санах билээ. 

Хэдхэн жилийн өмнө Засгийн газрын нарийн бичгийн дарга байсан хүн Төмрийн заводод орчуулагчаар ажиллах нь хэлтийсэн тавилан гэлтэй. 1932 оныг Германд хамт сурсан нөхөдтэйгөө зураг даруулж угтсан нь хилс хэргийн шалтаг болж, тэр таван сар шоронд суусан түүхтэй. Тиймээс тайзан дээрх наргиж байсан үзэгдэл түүний амьдралын зааг болов. Залуу насны гэрэл ч байж магадгүй, заналт амьдралын эмгэнэл ч байж мэдэх юм.

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл

Хөх хилэн пиджактай Нацагдорж тайзны хамгийн захад, үзэгчдээс хэдхэн алхмын зайтай суугаад ганцхан гэрлийн доор жижигхэн дэвтэртээ юу ч юм бичиж суух нь сэтгэлд ойр санагдав. Яруу найрагчийн хүсэл, тэмүүлэл бадаг шүлгийн төлөө дүүлэн нисэх шиг тийм алс, тийм гэгээн билээ. Яагаад ч юм суут хүмүүс, тэр дундаа яруу найрагчид цэл залуухан насандаа орчлонг орхин оддог нь гунигтай. Тэд ийн одхоо мэдээд тийм суут бүтээлүүдээ урлах гэж яардаг байж мэдэх юм. 

Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд

Энхрий хайрт Пагмадулам нь түүнтэй нас чацуу. 1906 онд төрсөн. Архивын дансанд арван есөн настайдаа бэр болж бүртгэгдсэн, дараа нь Нацагдоржийн хамт Европт сурахаар явсан байдаг. Монгол, манж, хятад, орос, герман хэл мэддэг, шүлэг бичдэг, шанз тоглодог байсан бүсгүй тухайн үедээ ховор сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байжээ. Жүжгийн эхлэл хэсэгт тэд хэрхэн учирсан хайрын түүхээ ярилцаж байгаа нь гардаг. Үзэсгэлэн төгөлдөр бүсгүйн хувь төөрөг найрагч залуугийн онгод нь байлаа. Пагамдулам хэлмэгдэж түүнийг орхин явсны дараа ч Нацаг түүнийг санан гансарч, хүлээсээр байдаг хэсэг ч гэсэн хайр дурлал гэдэг хязгааргүйн алсын хүч, бас гэрэл гэгээ байдаг гэдгийг илэрхийлнэ. Хэр их хайртай байна тэр хэмжээнд шархалдаг гэдэг шиг. Тэдний шарх, гуниг, шаналал тайзнаас мэдрэгдэнэ. Хагацал гэдэг харуусалтай ч хамгийн хайртай хүнээ тавьж явуулах сонголт байж болдог гэдгийг л илтгэнэ.

Ганц охиноо бодохуйд

Хайртай хань нь охиныг нь аваад одсон тэр үед хилс хэргээр гянданд хоригдож байхдаа их зохиолч ганц охиндоо зориулж баавгайтай чихрийн цаасан дээр ийн бичсэн гэдэг. Энэхүү шүлгийг анх монгол бичгээр гар бичмэл болгон үлдээсэн байдаг. Энэ нь түүний амьд ахуйдаа бичсэн сүүлчийн шүлгүүдийн нэг юм.

Ганц охиноо бодохуй дор

Хайрлах сэтгэл ундармой

Гаслант орчлон ийм тул

Хаанаас түүнийг тусалмой.

Гэхдээ жүжгийн хэмнэл жигд биш санагдсан. Их зохиолчийн намтрыг бүхэлд нь багтаахыг зориогүй ч гэсэн хүсэл ойлгомжтой ч зарим хэсэг удааширч, эмгэнэлт төгсгөл рүү чиглэсэн хүчийг сулруулж байлаа. Хэдэн үзэгдлийг товчилсон бол гол зөрчил илүү хурц сонсогдох байсан болов уу. Жүжиг дуусаад театрын хөшиг хаагдах агшинд гунигтай санагдана. Эмгэнэлт жүжгийн шид нь энэ үү ч гэж бодох шиг. Нөгөөтэйгүүр Нацагдоржийн амьдралын түүх нь энэ үү гэж эрэгцүүлнэ.

Үдшийн гэгээнд цас хаялсаар. Хүрэл хөшөөний мөрөн дээр буух цасан ширхэгүүд лавсана. Жихүүн салхин дундаас Нацаг минь жиндүү хорвоод жаргаагүй нар байсныг надад сануулна.

 


ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188