• Өнөөдөр 2026-11-16

АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА

2026-11-16,   58

     Уулсын дунд, моддын хормойд дүнзэн байшингуудын урт урт яндангаас утаа суунаглана. Саяхан орсон мөнгөлөг цасан доороос өвсний шаргалхан үзүүр халиурч, салхины сэвшээнд модод сэрчигнэх нь юутай сайхан. Энэ нутаг бол Хэнтий аймгийн Дадал сум. Их Монгол Улсаа байгуулсан эзэн Чингис хааны эхээс эснэсэн нутаг. Нэг үгээр бол Монгол Улсын түүх эхэлсэн өлгий. Энэ л түүхэн нутагт буриад зон нэгэн зуун дамнан аж төрөн сууна. Он цагийн уртад буриад талх шиг дүнзэн байшингууд налайж, эсгий гэртэй айл нүдний гэм болжээ.

    Бид тус нутгийн “Хатар” хэмээх хүнсний дэлгүүрт зогсож байтал хоёр жийп маркийн автомашин дуу хадаан гадаа зогсож, удалгүй эрчүүд бужигналдан орж ирлээ. Тэд Онон, Балж өгсөн Баянхаан уул хүртэл ан хийх гэж байгаагаа дэлгүүрийн эзэнд хуучилж, “Танай нутагт зам сайн мэддэг, шаггүй сайн анчин байна уу. Бидэнтэй холбож өгөөч” гэв. Дэлгүүрийн эзэн “Энүүхэн хойно, Гурван нуурын наахна Гантулга гээд ёстой сайн анчин байгаа” гэхэд “Наад хүнтэй чинь уулзаад ирлээ. “Одоо  амьтад турчихсан. Тэгээд ч гахай, буга, хандгай, чоно агнах хориотой. Та нарт зөвшөөрөл байгаа юу” гээд халгаасангүй” хэмээн учирлав. Үүнийг сонссон дэлгүүрийн эзэн тэдэнд өөр нэг хүний утасны дугаар өгөөд гаргалаа. Тиймээс бид М.Гантулга гэдэг хүнтэй уулзаж, анчдын тухай хөөрөлдөхөөр дэлгүүрийн эзнээр гэрийг нь заалгаад хөдөллөө. 

      Бага үдийн наран тэнгэрт дүнсийж, банзан хашаадаас цахилгаан хөрөөний дуу хадна. Гудамж дамнан үхэр сүрэг бэлчиж, алсаас харвал яг л чоно шиг харагдах хаски ноход хаа сайгүй давхилдана. Нутгийнхан хаски нохойг багаас нь ан агнуурт сургадаг аж. Сайн сургасан анчин нохой ямар ч араатнаас айж, халирахгүй эзнийгээ “боль” гэвэл больж, “дайр” гэхээр ухасхийдэг бөгөөд анчинд жинхэнэ нөхөр нь болж чаддаг гэнэ. Бид явсаар дэлгүүрийн эзний зааж өгсөн хашааны үүдэнд ирлээ. Хаалгыг нь хэдэнтээ цохивол жирвэгэр сахалтай 50 гаруй насны сахь эр түлээний сүх барин гарч ирлээ. Дөнгөж л мэнд мэдээд “Ах нь анд явахгүй шүү” хэмээв. Бид түүнийг зорьж ирсэн учраа хэлэхэд тэрбээр “Олзны төлөө буу шагайсан хүнийг анчин гэхгүй. Анчин гэдэг чинь байгаль эхийг тэнцвэртэй байхад нь чухал нөлөө үзүүлдэг хүн гэж боддог юм. Түүнээс биш, харсныхаа амийг тасалж, халаасаа зузаатгах ёсгүй. Хорхойгоо дарна гээд учир зүггүй амьтны амь тасладаг хүмүүсээс ах нь халгадаг юм. Тийм хүмүүс анчин биш, алуурчид байхгүй юу” хэмээн бараг нэг амьсгаагаар багтраагаа гаргав уу гэмээр дуржигнууллаа. Энэ хүнийг Майндарын Гантулга гэх бөгөөд Дадал сумынхаа иргэдэд хайрлагдаж, хүндлэгдсэн анчин юм. Тэрбээр 14 настайгаасаа буу шагайж, нохой сургаж, нутгийн анчин ах нараа дагаж, ууланд гарсан зартай анчин.

         Анчин М.Гантулга цай аягалж, талх зүсэж, мойлтой цөцгийгөөр ширээ засаад “Хүрээ хотоор сонин ихтэй юү. Тэр холоос нааш зорьсон албан ажил нь бүтэмжтэй юү. Ах нь ярихдаа жаахан муу. Гэхдээ хол газраас зориод ирсэн хоёр дүүгээ хүндлээд чадахаараа хариулъя” гээд жирвэгэр сахлаа илбээд аягатай цай ширээн дээрээс аван оочлоо.

    Үргэлжлүүлэн М.Гантулга “Амьтдын хээлтэх, тарга хүч авах хугацаа нь харилцан адилгүй. Жишээ нь, үслэг амьтдыг ерөнхийдөө есдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15 хүртэлх хугацаанд агнахад тохиромжтой гэж өвгөчүүд үздэг. Гэтэл өнөө үед том том буу барьсан хүмүүс үслэг, үслэг биш амьтдыг ялгаж, зааглах юмгүй таарсанаа л буудчихаж байна. Амьтан хайрлах сэтгэл зүрхгүй хүн олон болжээ” хэмээгээд босож, авдраа ухан зургийн цомог гарган хуудсыг нь зөөлөн эргүүлж, “Энэ зургийн цомогт ахынх нь нутгийн баавай нартай ан хийж явсан үеийн гэрэл зургууд бий. Тухайн үед одоогийнх шиг машинтай анд явахгүй. Олуулаа нийлж, морио хөлөглөөд анч нохойгоо дагуулаад л явна шүү дээ. Ууланд отоглож буугаад олон өдөр ан хийдэг байсан. Яагаад олон өдөр дамнан ан хийдэг байсан бэ гэхээр улсаас даалгаж өгсөн ангийн нормыг биелүүлэхийн тулд шүү дээ. Түүнээс биш, амин хувийн ашиг харна гэж үгүй. Бид ан амьтдыг агнах ёстой улиралд нь зохих тоо, хэмжээгээр нь агнадаг байлаа” хэмээн цонхны цаана налайн харагдах модод, уулыг хуруугаараа заагаад “Манай нутгийн зөвхөн энэ ууланд л гэхэд бүх төрлийн амьтан байдаг байлаа. Одоо бол нүдний гэм болсон. Би 14 настай байхдаа нутгийн ах нараа даган энэ уул руу анх явж байв. Тарвага, баавгай, чоно, гахай, хүдэр, буга, хандгай, дорго, хярс, үнэг гээд байхгүй амьтангүй байлаа. Биднийг улсын норм биелүүлэхийн тулд ан ихээр хийж байхад амьтад одоогийнх шиг ховордож байгаагүй. 1990 онд ардчилал гарсны дараа зах замбараагүй хядлага болсон гэхэд болно. Картын бараатай, амьдрал хэцүү байсан тухайн үед амьжиргаагаа залгуулах гэж ихэнхдээ ан хийдэг байсан бол сүүлдээ үслэг арьс, эд эрхтэнг нь зарж мөнгө олоод ирэхээр хүний шунал хөдөлж, эр, эм, улирал хамаарахгүй буу шагайж эхэлсэн. Энэ бол ан биш, хядлага байхгүй юу. Сүүлийн үед ийм амьтны тийм эрхтэн биед сайн гээд эв эрүүл, сав саруул хүн хүртэл амьтны амь таслах гээд зүтгэх болсон байна” гээд уртаар санаа алдсанаа ах нь “Галд мод нэмээдэхье” гээд бослоо.

    Тоосго өрж, гадуур нь шавардсан буриад зуухандаа үхрийн шаантаг шиг бүдүүн мод нэмэнгээ “2000 оны үед хорио цээр гайгүй байсан.Тэр үед ангийн гэрээ байгуулдаг байлаа. Би ч бас тарваганы анд явдаг л байсан. Харин дараахан нь тарваганы арьс үнэд орсноос болоод толгойтой болгон буу  үүрч ан хийх болсон.

    Ингээд тарвага гэдэг амьтан харагдахаа больсон шүү дээ. Тиймээс төр, засаг шийдвэр гаргаж тарвага агнахыг хорьж, хэдэн жил өнгөрсөн байна. Энэ нь эерэг нөлөө үзүүлж байх шиг байна. Эзэнгүй, хоосон үлдээд байсан дошин дээр ганц нэг тарвага хошгорч харагдах болжээ. Үүнд л  анчин хүний хувьд баярлаж суудаг юм” хэмээн хэсэг дуугаа хурааснаа “Эр хүмүүс байна даа. Хэдүүлээ хойшоо, Дэлүүн болдог ууланд гарч яриагаа үргэлжлүүлэх үү” гэв ээ. Бид ч толгой дохин зөвшөөрөв. М.Гантулга гуай зуухны дэргэдээс босон гадуур хувцсаа өмсөнгөө “Над дээр анд яваад өгөөч гээд хүн их ирнэ. Тэр болгонд нь яваад байх хэцүү. Орон нутгаас ан хийх зөвшөөрөл аваагүй хүнтэй ах нь огт явдаггүй юм. Хүн гэдэг амьтан их шуналтай. Хоёр чоно агнах зөвшөөрөл авчихаад тав, зургаа гэж улайрна. Орчин үеийн залуусын хэлдгээр ёстой чичирнэ шүү дээ. Зарим хүн “Саяхан шинэ буу хэдэн саяар авлаа. Ид шидийг нь үзэх гээд ирлээ. Нутгийн хүмүүс таныг газар сайн мэддэг гэнэ. Хамт явж ганц, хоёр чоно агная” гээд хүрээд ирнэ. Би ч тиймэрхүү хүмүүсийг “Ан хийхээ болиод удаж байна” гээд буцаадаг. Түрүүн та хоёртой мэндийн зөрүүгүй шахам явахгүй гээд хэдэрлэдэг нь ийм учиртай. Муу санаалсандаа арагшаа сууж байгаа биш шүү дээ. Өөрийнхөө хэм хэмжээнд ан амьтнаа хайрлаж байгаа хэрэг” гэснээ “Зураг, хөрөг даруулах юм чинь буугаа авъя” гээд орныхоо хөндийг ухаж, буугаа гарган бариад “Ах нь залуудаа идэр есийн хүйтэн жаварт сахлынхаа цанг шудраад буугаа шагайхад ямар ч амьтныг давхил дунд нь унагадаг байлаа даа. За, тэр яах вэ, явцгаая” гэв. Түрүүхэн зууханд өрдсөн мод оч үсэргэн дүрэлзтэл асаж байлаа.

Цасан дунд үзэгдэх хөх уул

Усны толионд тодрох холын од

Суран чөдөр, төмөр сүх, тоосгон пийшин

Сумын төв дэх мөстэй худаг, мөнөөх хавар Миний шүлэг” хэмээн яруу найрагч Б.Энхжаргал шүлэглэсэн нь бий. Яг л энэ шүлгийн дүрслэл шиг Дадал сумын суурин. Модод нь сэрчигнэж, өвс халиурч, үхэр сүрэглэн бэлчиж, хоточ ноход хуцаад Дадалын даруухан суурин тайван амгалан байна. Дүнзэн байшингийн дээвэрт саяхан орсон цасны талст гялтганаж, хөх цэнхэр утаа тэнгэр өөдөө сүмбэрлэж агаарт уусан замхрах аж. Анчин баавай Г.Гантулгыг даган бид Дэлүүн Болдог руу хөдөллөө. Битүү нарсан шугуй дунд салхи шуугиад сүрдэм гэж жигтэйхэн. Нарийхан жим даган явсаар бид зорьсон газраа ирлээ. Дэлүүн болдог сүрлэг өндөр уул биш ч гэлээ, хавь ойроо бүхэлд нь харж болдог харууцтай хайрхан ажээ. Эндээс Балж голын мөс наранд гялтганан байгааг харах үзэхүйеэ цэнгэлтэй. Хөх тэнгэртэй шүргэлцэх мэт уулсын орой, моддын үзүүр, өнө эртний түүхийг шивнэх мэт салхийг л энэ нутгаас мэдэрдэг юм байна. М.Гантулга гуай “Дэлхий ертөнц дээр байгаа бүх л зүйл байгаль эхийн бүтээл. Тиймдээ ч эзэн Чингис хаан тулаанд мордохынхоо өмнө байгаль эхтэйгээ харьцаж, ганц өөрийн биш, эр цэргүүдийнхээ амь насыг даатгаад морддог байсан зан үйл бий. Анчин ч ялгаагүй анд явахынхаа өмнө уул хангайдаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, “Хишиг буянаа хайрла” хэмээн гуйдаг. Мөн ангийн махны дээжийг уул хангайдаа өргөж, талархсан сэтгэлээ илэрхийлдэг. Энэ бол хүн байгалийн холбоо. Байгальтайгаа буруу харьцсан хүний амьдрал дээшилдэггүй гэж өвөгчүүд ярьдаг байсан. Энэ үнэн юм билээ. “Эр хүн олзонд, эрвээхэй зуланд” гэж үг байдаг. Аливаа зүйл өөрийн хэм хэмжээ, савнаасаа халихаар л буруудаж байгаа юм. Олон ч сайхан анчин ашгийн төлөө ан хийгээд буруудаж байсныг ах нь мэднэ. Тийм хүмүүсийн амьдрал дээшлэхгүй, хэрэг төвөгт орооцолдоод, үр хүүхдүүд нь өвчин зовлонд нэрвэгдээд байдаг юм билээ. Сайн бууддаг, сайн ан хийдэг байж болох ч савнаасаа халих л хэрэггүй. Энэ тухай олон ч хүнд хэлж байгаа. Үг авах нь даанч цөөхөн юм аа” гээд хуруугаараа заан “Та хоёр энэ доор мөс нь гялтганаж байгаа Балж голыг харж байна уу” хэмээн асуулаа. Хариуд нь бид “Харж байна аа. Та Балж голоос загас барьж байв уу” гэтэл жирвэгэр сахлаа илбэн инээд алдаад “Барилгүй яах вэ. Том тул барьчихвал буцаагаад тавьчихдаг юм. Надтай, надгүй ховордож байгаа амьтныг хороогоод яах вэ. Гэтэл хүмүүс “Бусад нь алж байхад би яагаад болохгүй гэж” хэмээн боддог шиг” гээд ойр орчноо ажиглан чимээгүй болов. Хэсэг хугацааны дараа “Ахад нь хүний сонирхлыг татах сайхан түүх ховор. Өөрийн түүхийг ярилаа гэхэд хүн үнэмшихгүй биз дээ. Харин манай нутгийн алдартай  анчин А.Чойжамц баавайн тун сонирхолтой түүхийг ярьж өгье” гээд хоолойгоо засан “1950-аад оны дунд үе юм гэсэн. Цагаан сарын өмнөхөн А.Чойжамц гуай анч нохдоо дагуулан Онон, Балжийн уулзвар асга хадтай ууланд гөрөөлөхөөр морджээ. Их сарьдгийн оройгоос зүг бүр рүү дурангаа сунган суутал уулын хормой дахь халиурсан шигүү өвсөн дунд ямар нэгэн амьтан бүртэлзэн хөдлөхийг хараад овоо, хараагаа чиглүүлэн шийрлэж л дээ. Шийрлэсэн хараанаасаа шилрүүлж үзээгүй анчин мөнөөх газраа давхиад очтол гэнэт сүр сархийсэн чимээ гарч, ямар нэг амьтан дал мөрөнд нь хүрэх шиг болоод завдал өгөлгүй агаарт хүч аван нисжээ. Чухам юу гээч болж байгааг ч ухаарах сөгөөгүй хэсэг ухаан нь балартсан гэдэг. Сэргэтэл үзүүртэй модны дээгүүр нисэж явжээ. А.Чойжамц гуай аварга том шувууны далавч дэвж байгааг хараад чухам юунд шүүрүүлснээ мэдэж, хашир анчин юу эсийг сэтгэх билээ, бүсэн дэх том балиус хутгаа сугалан авчээ. Гэхдээ хамаагүй дүрж болохгүй гэдгээ ч сайн мэдэж байсан гэдэг юм. Тиймээс амьд гарахын тулд шувууныхаа хэвлий хавьд зөөлхөн дүрж орхижээ. Нөгөө шувууны хүч сааран аажим аажмаар доошилж эхэлсэн байна. Ийн явсаар аварга шувууны хүч сааран хоёр тийшээ далбилзан газарт унажээ. Ингэхдээ нэвсийсэн хар далавч нь орчин тойрныг бүрхэн буух шиг болсон гэдэг. А.Чойжамц гуай эсэн мэнд байгаадаа учиргүй баярлаж, амь тавин тийчилж байгаа тас шувууг орхин шөнө дөлөөр гэртээ ирж, хот айлыг сандаргасан байна. Үүнийг сонссон Б.Раднаа тэргүүтэй анчид маргааш нь өнөөх газарт нь хүрч очиход аварга тас шувуу үнэхээр хөсөр хэвтэж байсан гэдэг” хэмээн бахархангуй ярив.

           Хөх тэнгэрт хуралдсан үүл нар халхалж, хүчтэй салхинд өвс биесээ налаад халиурч байна. Модны мөчир найгаж дундаас нь хэсэг шувуу сүр сар хийн нисэн одлоо. М.Гантулга гуай нэгийг санав бололтой “Аан тийм” хэмээн дуу алдаад “Та хоёр манай нутгийн ноходыг анзаарав уу. Бүгд л сум шиг гэдэстэй, туранхай байгаа биз. Бүгд л анч ноход юм шүү дээ. Би 1980-аад оны дунд үед 15 нохой тэжээж байлаа. Нохой бол анчин хүний жинхэнэ нөхөр. Тэдэнд эзнийх нь үг бол хууль. Яг л хэлснээр хийдэг хийморьтой амьтан даа. Гахайтай зууралдана, чонотой зодолдоно юунаас ч айхгүй. Харин хүн рүү архирах нь бүү хэл муухай ч харахгүй. Нохой харах, үнэрлэх хоёртоо гайхалтай чадвартай. Анд дагуулаад явж байхад чих нь сортолзоод эхлэх юм бол ямар нэг амьтан ойрхон байна гэсэн үг. Дайрах дохио өгөхөд сум шиг хурдлаад алга болно. Араас нь очиход олзтойгоо зууралдаад л байж байна. Зууралдсан амьтан нь эм, нас залуу байвал тавих дохио өгнө. Нохой шууд л тавьчихдаг. Түүнээс биш, амьтны аминд дур мэдэн хүрнэ гэж байхгүй.  Ер нь агуу ухаантай шүү дээ, нохой гэдэг амьтан чинь. Ахад нь Алагаа гээд янзын хоёр нохой байлаа. Хүмүүс “Гантулгын хоёр Алагаа сайн” гээд л ам уралдан магтдаг байлаа шүү дээ. Гахай, шилүүсэнд дагуулж явна. Хийсэн ангаа хийх сав байхгүй хоёр Алагаадаа харуулаад үлдээчихэд өөр хүнд алдахгүй, өөрсдөө идэхгүй яг л харж байна. Би хоёр нохойтойгоо 150 орчим жинтэй зэрлэг гахай агнаж байлаа” гээд суусан газраасаа босож, хувцасныхаа шороог гөвөөд “За, дүү нар жаварт жиндэж байна уу, буцах уу даа” гээд машиныхаа зүг алхлаа.

      Тэрбээр замдаа “Хоёр чоно явахад нэг нь сэргэлэн байдаг бол долоо наймаараа яваа бол нэг нь бусдыгаа удирддаг, цэгц нь байдаг. Цэгц чоно гэдэг тухайн сүргийг хамгаалдаг толгой нь юм даа. Мөн өнгө зүсний хувьд хадны чоно гэхэд хар саарал юм уу хөх, модны чоно хар зоотой, тал газрынх шаргал, хээрийнх нь ухаа хонгордуу байх жишээтэй учраас нутагтаа таарсан чоныг хаанаас хаашаа яваа хийгээд хаана хэвтэхийг нь хүртэл андахгүй болчихдог юм. Тэгж байж л агнаж болох болохгүйгээ мэддэг болдог юм даа” гэв.

     Наран хэдийнэ хэвийжээ. Хүйтэн жавар тачигнаж, моддын мөчрөөс цас унана. "Манай нутагт хүдэр бараг үзэгдэхээ больжээ. Ердөө л заарыг нь авахын төлөө энэ амьтныг устгаад дууссан. Хүдэр бусад амьтан шиг хаа хамаагүй бэлчээрлээд, дайжаад байдаггүй юм. Өөрийн эзэмшлийн газар нутгаа л тойрч идээшдэг. Тиймээс хүмүүс мөрөөр нь мөшгөх болон бэлчээрлэх замд нь отож байгаад агнадаг. Мөн нэг хэсэг буга, хандгай ч үзэгдэхээ болиод байлаа. Харин одоо бол овоо элбэгшиж байна.

   Харин чоно бол элбэг. Малчдын хот руу дайрч сүйд хийчих гээд байдаг юм. Малаа сүйтгүүлсэн малчин ах, дүүс надад их хандана. Тэдэндээ бол үгүй гэж хэлэх хэцүү. Сүрэг чоно байлаа гэж бодоход бүгдийг нь агнаж болохгүй. Ганц, нэгийг нь унагахад бусад нь хэсэгтээ л айлын мал руу дахиж дайрдаггүй, ухаантай амьтад шүү дээ” хэмээн ярьсаар бид гэрийнх нь гадаа ирлээ.

   Хашаанд хоёр хүү мод хагалан зогсоно. Балж гол дагасан жавар тачигнаж, үхэр сүрэг хашаа, хороогоо зүглэн цуварна. Уулсын сүүдэр хүүшлээд, том улаан сар түлээний мод дамнан мандаж эхэллээ. М.Гантулга гуай “Ахынх нь ажил хэцүүдлээ. Түлээ модоо бэлдэе. Дүү нар минь зорьсоноо бүтээгээд сайн яваарай. Дахин уулзахын ерөөл тавья” гээд гэрийн зүг явлаа. Саяхан л мандаж байсан том улаан сар төмөр сүх шиг сааралтан хөрөөн дуутай Дадалын шөнө эхэллээ.

 


АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188