“...Чамайг би мартаж чадахгүй нь
Чамайг би зүүдэлж сэрдэг
Харин чи намайг санасаар уу
Хамгийн сүүлд хаана учирснаа дурсаа юу...” Энэ дууг аялсаар, их хотын түгжрэлийг эс тоон нэгэн жүжгийн танхимыг зорилоо. Театрын их найруулагч К.Станиславский жүжигчин хүнийг тайзнаа гарахдаа углаашаа тайлахын зэрэгцээ өдөр тутмын бүх асуудлаа орхиж, зөвхөн дүрдээ уусах ёстойг сануулсан байдаг. Үүний адилаар үзэгчид ч гэсэн тэр л агшинд бүрэн төвлөрч, бүхий л асуудлаа мартаж, өөрийн дотоод ертөнц рүүгээ өнгийж, юуг ч юм анирдана. Ийм л чимээгүйхэн агаарыг зүсэн алга ташилт нижигнэнэ. Зүрхээ норгож, сэтгэлээ хөглөхөд зэхсэн үзэгчдийн хүлээлтийг зогсоож хөшиг нээгдлээ.

Төрийн соёрхолт “Хурд” хамтлагийн 35 жилийн ойд зориулсан “Норсон зүрх” мюзиклийг Гавьяат жүжигчин Д.Отгонбаяр продюсерлэж, залуу найруулагч Б.Даваасүрэн найруулжээ. Уг бүтээлд УГЗ Б.Чинбат, Төрийн шагналт Н.Наранбаатар тэргүүтэй монгол уран бүтээлчид болон Лондонгийн алдарт “Michael Jackson” мюзиклийн хөдөлгөөний найруулагчид хүч хавсран, олон улсын театрын жишгийг Монголын тайзнаа анх удаа цогцлоов.
Дэлхийн театрын урлагт хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хит дуунууд дээр суурилж цоо шинэ зохиол бичдэг төрлийг “Jukebox musical” хэмээн нэрлэдэг. ABBA хамтлагийн дуунуудаас бүтсэн “Mamma Mia!”, Queen-ий “We Will Rock You” зэрэг дэлхийн сонгодог жишгүүдийн нэгэн адил “Норсон зүрх” нь “Хурд” хамтлагийн 35 жилийн түүхэн замнал, 11 хүүхэдтэй төмөр замчин айлаас төрөн гарсан авьяаслаг ах дүүсийн амьдралын түүх, ижийгээ эх орон шигээ хайрлах гүн философийг театрын хэлээр дамжуулан амилуулжээ.

“Дуу бүхэн түүхтэй” хэмээн эхлэх энэхүү бүтээл нь “Хурд”-ын хайр, хагацал, хүлээлт, хувь заяаны тухай бие даасан өгүүлэмжтэй дуунуудыг театр судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамцын урласан хоёр бүлэг, 12 үзэгдэл бүхий романтик зохиолын үйл явдалтай зангидсан нь сонирхолтой туршилт болсон байна. Ялангуяа жүжгийн “Зарим хүн дэргэд үлддэг, зарим хүн сэтгэлд үлддэг” гэсэн гол баатрын үг, мөн хүний сэтгэлийн дотоод зөрчлийг жүжигчид өөрийн бодолтойгоо ярилцаж буй мэтээр илэрхийлсэн драматургийн арга барил нь үзэгчдийн зүрхэнд шууд тусав.
Тайзны шийдлийн хувьд эвлүүлдэг шоо шиг эргэлдэх болгонд өөр өөр ертөнц болж хувирна. Тухайлбал, нэг талаас шорон шиг, нөгөө талаас цамхаг шиг, бүр жүжгийн төгсгөлд асар том гитар болж хувирах эргэлддэг тайз нь үзэгчдийг хором ч уйдаахгүй тун оновчтой шийдэл болжээ.
Мөн гол дүр Уянга өөрийн зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үеийг маш олон утсаар орооцолдуулан дүрсэлсэн агшин бий. Хүний дотоод сэтгэлийн ээдрээ, шаналал, өнгөрсөн дурсамжтайгаа хүлэгдсэн байдлыг нүдэнд харагдахуйц материаллаг хэлээр буюу хөвч утаснуудаар илэрхийлсэн нь тайзны урлагийн яруу шийдэл байв.

Үүнтэй зэрэгцэн залуу жүжигчдийн бүжгийн хурц, эрч хүчтэй хөдөлгөөнүүд нь “Хурд” хамтлагийн залуу насны ааг омог, уран бүтээлийн эрэл хайгуулыг санагдуулж, “Хурд” хамтлагийн 30 жилийн ойд зориулан бүтээсэн "Бүсгүй" уран сайхны киноны хэсгийг зарим хэсэгт давтах нь яалт ч үгүй "Хурд"-ын түүхийг эргэн сануулна. Дуу, шүлэг, бүжиг, жүжиглэлт бүхий хурц хэмнэлтэй мюзиклийн гол баатар нь ярьдаггүй, зөвхөн хөгжмөөр л “ярих” хэлгүй охин байх нь эрсдэлтэй атлаа зоригтой шийдэл болжээ.

Аливаа шинэ тутам төрөл зүйл нутагших үйл явц сорилт, алдаа оноотойгоо сүлэлдэн өрнөдөг жамтай. “Норсон зүрх”-ийн хувьд тайзны хөдөлгөөн, бүжгийн дэглэлт, жүжигчдийн биеийн хэлэмжийн гүйцэтгэл олон улсын жишигт хүрэхүйц өндөр түвшинд байсан ч залуу дуучдын дуулалтын ур чадвар зарим хэсэгт хараахан жигдэрч чадаагүй нь анзаарагдав. Мөн микрофон нь орж, гарч сонсогдох нь техникийн алдаа төдийгүй дуулалт бүжгэн жүжгийн хувьд байж боломгүй санагдсан. Магадгүй үүнээс ч болсон уу, эсвэл монгол үзэгчдийн тоглолт үздэг уламжлалт сэтгэхүй хөгжимт жүжгийн хэлбэрт бүрэн дасаагүйгээс үүдэлтэй юу, танхим дахь үзэгчид шилжилт болгон дээр “Хурд”-ыг хүлээх мэт уур амьсгал мэдрэгдэж байлаа. Хэзээ тайзнаа гарч ирж сэтгэлд хоногшсон дуугаа дуулах бол хэмээн хүлээсээр жүжгийн өрнөлөөс түр хөндийрөх хандлага үзэгчдийн дунд байсныг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн зохиолч болон найруулагчийн зүгээс хэт олон санааг нэг дор шингээх гэж хичээсэн нь харагдана. Олон давтамжтай шилжилт, зэрэгцсэн олон үйл явдал нь зарим хэсэгт үзэгчдийн анхаарлыг сарниулж, төөрүүлэх талтай байв. Мөн хэт сунжирсан уянгын халилтай оргил хэсэг нь жүжгийн хэмнэлийг түр сулруулсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа. Гэсэн хэдий ч “Хурд” хамтлаг жүжгийн зохиолтойгоо уран сайхны хувьд гайхалтай уусаж чадсан мөчүүд бий. Ялангуяа жүжгийн хамгийн оргил хэсэгт Уянга аавыгаа өгүүлэн гансрах үед яг араас нь дуучин Д.Төмөрцог гарч ирж дуулах агшин үзэгчдийн биеийн шар үс босох хэмжээнд догдлуулж, домогт хамтлаг болон залуу үеийн уран бүтээлчид нэг цул бүтээл болсныг нотлох шиг санагдав.

Цахим харилцаа, хиймэл оюун ноёлж, хүн хүнээсээ алсарч хүйтэн хөндий болсон өнөөгийн нийгэмд бидэнд юу дутагдаж байна вэ гэдэг чухал асуулт. Энэ асуултын цаана харилцааны олон асуудал яригдах юм. Бидэнд бие биеэ энэрэх нинжин сэтгэл, хүлээх тэвчээр, хүндлэх ухаан дутагдаж буйг сануулах шиг. Театрын хамгийн сайхан мэдрэмж бол амьд орчин. Зэргэлдээ ертөнц шиг. Үзэгчдийн дундаас жүжигчид дуулж гарч ирэх нь хүртэл амьд мэдрэмж төрүүлнэ.

Жүжгийн төгсгөлд “Хурд” хамтлаг алдарт эх орны тухай дуунуудаа залуу жүжигчин, дуучидтайгаа хамтран дуулах мөчид танхим тэр аяараа нэгэн зэрэг түрэн дуулж, хэн ч нулимсаа нуусангүй. Тоглолт дууссан ч огшсон үзэгчид суудлаасаа босож, танхимыг орхин гарч чадахгүй амандаа дуу аялан хорогдож байлаа. Тэрхэн орчилд хэн нэгэн уулга алдах шиг, эсвэл уужрах шиг, бүр хэн нэгнийг уучлах тухай бодох, хэзээ ч ирэхгүй нэгнийг хүлээх, хүндлэх, хайрлах, энэрэх, энэлэх хүний сэтгэлийн хамгийн нандин бүхэн нэг дор хөшиглөж буйг мэдэрсэн юм.

“Норсон зүрх” бол зүгээр нэг домогт хамтлагийн ойн тоглолт бус, харин Монголын театрын урлагийг нэг алхам урагшлуулж буй түүхэн үйл явдал юм. Энэ түүхэн үйл явдлын гэрч болсон үзэгчид төгсгөлд нь сонссон эх орны тухай дуунуудыг аялсаар огшсон сэтгэлээр танхимыг орхин одлоо.
“...Үүнээс цэлмэг хөх тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй...”
| “НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ |
|
Монголын баг "Davis Cup-2026" Asian, Oceania, Group V” тэмцээнд түрүүлллээ
2026-11-16 07:20:00
Гардан тулааны Азийн аваргаас 12 алт, 8 мөнгө медаль хүртлээ
2026-11-16 07:10:00
2026-11-16 07:00:00
АНЧИН М.ГАНТУЛГА: АХ НЬ ЗАЛУУДАА САХЛЫНХАА ЦАНГ ШУДРААД, БУУГАА ШАГАЙХАД ЯМАР Ч АМЬТНЫГ ДАВХИЛ ДУНД НЬ УНАГАДАГ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“ТӨСВИЙН ХУЛГАЙН ШИНЭ БҮЛЭГЛЭЛ” БУЮУ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ БУС ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАД
2026-11-16 07:00:00
“ТОМ”-ЧУУД ЦҮНХ ЦҮНХЭЭР АМ.ДОЛЛАР ЗӨӨЛЦӨЖ БАЙХАД ИРГЭДИЙН АМЬДРАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙЛАА
2026-11-16 07:00:00
“НОРСОН ЗҮРХ”-НИЙ ЦОХИЛОХ ЧИМЭЭГ АНИРДАХУЙ
2026-11-16 07:00:00
ДЭЛХИЙН ШИЛДЭГ НИЙТЛЭЛ: “ХАМАС” ХАЛДСАН ӨДӨР
2026-11-16 07:00:00
МОНГОЛЫН ЖҮДОЧДЫН ӨРСӨЛДӨӨНГҮЙ "ЗАГРЕБ ГРАН ПРИ-2026"
2026-11-16 07:00:00
Д.Батсүмбэрэл АНУ-н тамирчин Brandon Olson-ыг буулган авлаа
2026-11-15 17:07:14
Р.Омар үндэсний бөхийн залуучуудын улс аварга боллоо
2026-11-15 16:34:57
“Ulaanbaatar MMC Energy” баг 21:16-гаар “UB” багийг хожлоо
2026-11-15 16:01:27
ТУСГААР ТОГТНОСОН АМЬТНЫ ФЕРМ
2026-11-15 15:20:12
АМЬТНЫ ФЕРМЭЭС АМЬТДЫН ФЕРМ РҮҮ
2026-11-15 15:02:34
Б.Анужин Монголын ширээний теннисний түүхэнд хамгийн залуу аваргаар тодров
2026-11-15 14:05:36
Шатарчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, дэлхийн аварга баг боллоо
2026-11-15 12:02:16
С.Мөнхбат пауэрлифтингийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-11-15 10:25:25
М.Лхагвагэрэл гарди "CUMO ARENA"-ийн нээлтийн барилдаанд түрүүллээ
2026-11-15 07:20:00
Б.Пагамдулам, П.Идэрширээт нар бодибилдинг, фитнессийн Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-11-15 07:10:00
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны 2027 оны төсөв батлагджээ
2026-11-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |