• Өнөөдөр 2026-11-17

ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ

2026-11-17,   121

Чөлөөт бөхийн ОУХМ, Олонбаярын Сүлдхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд таван удаа шалгарч, гурван удаа хүрэл медалийн төлөө барилдаж, шагналт тавдугаар байр шалгарсан амжилтыг үзүүлээд байгаа билээ. Дэлхийн медалийн босго өндөр гэдгийг О.Сүлдхүү мэдрээд байгаа. Тэрбээр гурван удаа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө дайралт хийсэн хэдий ч хараахан дэлхийн медальтнуудын эгнээнд орж чадахгүй л явна. Түүнд нэг л юм дутагдаад дэлхийн медалийн оосроос гурван удаа атгаад л алдлаа. Түүнд  аз, ёндоо дутаад байна уу, авах цаг нь болоогүй байна уу. Хэдийгээр тэрбээр дэлхийн медальтан, бөмбөрцөгийн бөх болж чадахгүй яваа ч дэлхийн бөхчүүд түүнийг хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн, дэлхийн шилдгүүдийн “Айргийн тав”-д гялалзаж явна.

    О.Сүлдхүүгийн барилдаанд чухам юу дутагаад байгаа вэ. Түүнд ДАШТ-ий медалийн төлөөх шийдвэрлэх, хариуцлагатай мөчийн буюу төгсгөлийн барилдаанд техник, тактик,шилжилт хөдөлгөөн, хурд, анхаарал төвлөрөл дутагдах хандлага ажиглагдаад байгаа. Харин тэрбээр ур чадвар, биеийн хүчээр Ази тивийн болон дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж хэмжээнд хэдийнэ хүрчихсэн юм. Азийн аваргын гурван хүрэл медаль, “Гран при” тэмцээний аварга болсон ч ДАШТ-ий медалийн төлөөх барилдаануудад сүүлийн секундүүдэд оноо алдах тохиолдол үргэлжилсэн хэвээр л... Түүний барилдааны онцлог болон сайжруулах шаардлагатай гол зүйлсэд анхаарал хандуулан дүгнэх нь чухал байгаа.

   О.Сүлдхүү ДАШТ-ий барилдааны цаг дуусах мөчид оноогоор тэргүүлж эсвэл тэнцүү явах үедээ хэт яарч довтолсноос болж хариу мэхэнд орох эрсдэл гаргадаг. Жишээлбэл 2025 оны Загребын ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх барилдаанд цаг дуусахаас арав гаруй секундийн өмнө өрсөлдөгчөө хөөж яваад дөрвөн оноо алдаж ялагдсан.  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх барилдаанд гурван жил дараалан шалгарсан ч медалийн үзүүрээс атгаад алдсан нь сэтгэл зүйн дарамт, шийдвэрлэх мөчийн тайван бус байдал дутагдаж байгааг харуулж байна.  Түүний барилдааны хоёрдугаар үеийн хурд ба тэсвэр жаахан саараад байх шиг. Эхний үед илүүрхэж барилддаг ч хоёрдугаар үеийн төгсгөл рүү довтолгооны хурд саарч, өрсөлдөгчдөө санаачилга алдах тал байгаа нь бөх сонирхогчид болон шинжээчдийн зүгээс шүүмжлэл дагуулдаг.

    О.Сүлдхүү барилдааны эхнээс санаачилгыг гартаа авч, тасралтгүй ажиллах чадвар сайтай тул өрсөлдөгчөө торгуулийн оноогоор шахаж чаддаг. Гэвч хоёрдугаар үед оноо хамгаалах тактик тааруу байгаа. Барилдааны төгсгөлд дэвжээний захын барилдаан, цагийн хуваарилалт, эрсдэлгүй хамгаалах тактикийг илүү нарийн эзэмших шаардлагатай байгаа билээ. Тэрбээр 2025 оны Азийн аваргаас хүрэл медаль хүртэж, 2026 оны Будапештын “Гран При”-д түрүүлсэн.  Тэр эрчээрээ “Астана-2026” ДАШТ-д мөн л медалийн төлөө шалгарсан нь дэлхийн хэмжээний шилдэг бөх гэдгийг баталж харуулна. "Астана-2026"  чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд О.Сүлдхүү, ОХУ-ын 20 настай залуу бөх Исмайл Ханиевтэй дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө хүч сорьсон.  Исмайл Ханиев барьц алдалгүй нягт барилдаж, манай О.Сүлдхүүг 6:0-ээр буулган авснаар дэлхийн аваргын хүрэл медалийн эзэн болсон билээ.

    О.Сүлдхүү насанд хүрэгчдийн УАШТ-д анх 2019 онд орж байлаа. Тэрбээр 65 кг-ын жинд хүрэл медаль авч байв. Дараа жил нь 2020 онд  жин өгсөн 74 кг-ын жинд барилдаж медаль хүртэж чадалгүй хожигдсон. Түүний дараа жил 2021 корона гараад УАШТ болоогүй өнжсөн. Харин 2022, 2023, 2024, 2025, 2026 онуудад 74 болон 79 кг-ын жинд УАШТ-д дараалан түрүүлж чадсан юм. Насанд хүрэгчдийн 2022 оны ДАШТ-ий эхний тойрогт Африк тивийн Маврики Улсын Жеан Давид Маритай хийж 46 секунд барилдаж 10:0-ээр хожсон. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Kyle Dake аваргатай барилдаж 12:2-оор хожигдож дагах барилдаанд шилжсэн. Дагах барилдаанд Киргизстан Улсын бөхийг 5:4-өөр ялсан. Тэгээд хүрэл медалийн эрхийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдаж, 7:3-аар хожигдож тэмцээнээ дуусгасан. 2022 оны ДАШТ маш их туршлага хуримтлуулсан тэмцээн болсон. Дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдах боломж их байгааг түүнд мэдрүүлсэн. Тэр боломжийг тэр өөрөө ашиглаж чадалгүй алдсан.

     О.Сүлдхүүгийн уугуул нутаг нь Архангай аймаг, суугуул нутаг нь Дархан хот. Тэрбээр Архангай аймгийн Жаргалант сумын Зуслан багт төрж өссөн юм билээ. Түүнийг дунд сургуулийн нэгдүгээр ангиа Архангайд төгсөх жил тэднийх  Дархан-Уул аймаг руу гэр бүлээрэй нүүж очсон гэсэн. О.Сүлдхүүг тавдугаар ангийн сурагч байхад биеийн тамирын багш, аймгийн арслан Гонгорын Дамдинхүү “Одоо чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Чи түүнд заавал орно шүү” гэж хэлжээ. Сургуулийнхаа барилддаг хэдэн хүүхдийн хамт анх удаа Дархан хотын аварга шалгаруулах тэмцээнд оржээ.

     Хотын аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын Ази тивийн аварга ОУХМ Н.Насанбуянгаас нэг оноо аваад хожигдсон юм билээ. Тэр барилдааныг ОУХМ Ё.Батдархан багш үзээд, О.Сүлдхүүг дэвжээнээс буух үед нь ирж уулзаад “Чи маргааш манай бэлтгэл дээр заавал ирнэ шүү” гэж хэлжээ. Ингээд л тэр Дархан хотын аварга шалгаруулах тэмцээний дараа 2011 онд ОУХМ Ё.Батдархан багшийн секцэнд орж бэлтгэл хийж, бөхийн спортын гараагаа эхэлжээ. Ийнхүү хотын аваргаас түүний холын мөрөөдөл эхэлсэн юм билээ. 2017 онд дунд сургуулиа төгсөөд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан багшийн “Хасу Мегастарс” клубийн “Эко спорт цогцолбор”-т бэлтгэлээ хийж эхэлжээ.


 

 


ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188