-Та бөхийн спортоор оройтож хичээллэжээ. Хэн багшийн шавь бэ?
-Орой ч биш л дээ. 1992 онд ерөнхий боловсролын дунд сургуулийн аравдугаар ангиа төгссөн, 18 настай хүү хөдөөнөөс ирээд “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болсон. Тэр үеэс эхлэн бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ, улсын харцага Д.Сэрээтэр багшийн шавь болж байлаа. Би чинь “Их шавь” БТДС-ийн анхны төгсөгчдийн нэг байгаа юм.
-Та дунд сургуулийн сурагч байх үедээ барилдаж байсан уу?
-ЕБС-д байхдаа бөхийн секц, дугуйланд явж байгаагүй ээ. Тэр үед Төв аймаг болон манай Сэргэлэн сум наадам хийдэггүй байлаа. Тийм болохоор дунд сургуулийн сурагч сумын наадамд зодоглож үзээгүй. Манай сургуулийн биеийн тамирын багш “Макс”-ын хурдан хурдан хүлгүүдийг сойдог Ц.Нарангэрэл уяач байв. Би ахлах ангид байхдаа хааяа нэг Нараа багштай барилддаг байсан. Мөн өөрийн ах улсын начин Х.Амараа, Х.Түвшинсанаа нартай ноцолддог байлаа. Гол төлөв улсын начин Х.Түвшинсанаа ахтайгаа барилдана. Тэр бүхэн надад бөх болох, бөхийн спортыг сонирхох хөшүүрэг болсон доо.
-“Их шавь” БТДС-д орох замыг ах нар тань нээж өгсөн үү?
-Тэр үед би “Алдар” спорт хорооны тамирчин болох мөрөөдөлтэй явсан. Тэгсэн улсын начин, ОУХМ Х.Амараа ах нэг удаа манай хөдөө гэрт ирэхдээ “Ж.Мөнхбат аварга бөхийн сургууль нээж байгаа. Тус сургуульд Бямбадоржийг оруулахгүй юу” гэж аавд хэлээд явсан. Тэгээд л аав маань намайг бөх болгох гэж “Их шавь” БТДС-д оруулж өгсөн.
-Аймгийн заан цолыг хэдэн онд хүртсэн билээ?
-Манай Төв аймаг 1997 оноос эхлэн наадам хийдэг болсон. Би 1998 онд Төв аймгийн наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн. Үүнээс өмнө 1995 онд улсын наадамд барилдаж байлаа. Тэр үед уяач болно гэсэн зорилготой, хурдан морины уяа сойлго тааруулах эрдэмд суралцаж явсан хүү анх удаа улсын баяр наадамд барилдсан нь тэр. Нэгийн даваанд аймгийн арслан цолтой бөхийг, хоёрын даваанд улсын начин Даваасамбууг хаясан. Тэгтэл гурвын даваанд дархан аварга Ж.Мөнхбат намайг амлаж аваад давчихсан. Ингээд л миний улсын цолонд хүрэх мөрөөдөл хойшилсон. Дараа жилийн наадмыг хүлээхээс өөр сонголтгүй болсон доо.
-Улсын наадамд морь уяж байсан гэхээр, хурдан морь уях эрдмийг ааваасаа өвлөж авав уу?
-Манай аав Монгол Улсын “Тод манлай уяач Ц. Хэнмэдэхийн төрсөн ах нь байгаа юм. Аав их сайн дуучин, уяач,сайхан барилддаг хүн байсан. Аав улсын наадамд олон жил хурдан морь уясан. Манай Төв аймаг болон Сэргэлэн сум наадам хийдэггүй байсан болохоор улсын наадамд л морьдоо уралдуулдаг байлаа. Хурдан хүлгүүд нь улсын наадамд боломжийн дээгүүр давхидаг ч байсан хараахан айраг, түрүү аваагүй болохоор улсын алдарт уяачийн цол, чимэгт хүрээгүй.
-Та хэдэн настайгаасаа хурдан морь унаж байв?
-Би мэдээ орсон цагаасаа л морины нуруун дээр гарч байсан. Гэхдээ нэг их олон жил хурдан морь унаагүй. Том биетэй, өсгөлүүн хүүхэд байсан болохоор дунд сургуулийн дөрөвдүгээр анги хүртлээ унасан. Тэгээд л аавыгаа даган туслах уяачийн ажил хийх болсон доо. Олон жил аавтайгаа улсын баяр наадамд морь уяж, сайхан нааддаг байлаа. Хамгийн сүүлд 1995 онд морь уяад, түүнээс хойш наадамд барилддаг болсон. Улаанбаатар хотод орж ирээд сургууль соёл, бэлтгэл сургуулилалт , ажил төрөл, ахуй амьдрал гээд морь уях завгүй болсон.
-Аав тань Төв аймгийн театрын дуучин хүн байсан гэв үү?
-Тийм ээ, Төв аймгийн Хөгжимт драмын театрт “Учиртай гурван толгой” дуурийг тавихад Төв аймагт анхны Юндэнгийн дүрийг бүтээж, дуулж байсан хүн. Удмын сайн уртын дуучин хүн л дээ. Монголын үндэсний телевизийн 1992 оны “Сайхан битүүлж байна уу” нэвтрүүлэгт аав, Монгол Улсын “Тод манлай” уяач Ц.Хэнмэдэх ах хоёр, Улсын II төв эмнэлгийн дотрын их эмч дүүгийн хамтаар оролцож, тэр телевизийн нэвтрүүлгийг эхлүүлэн, ах, дүү гурвуулаа хамтдаа дуулсан бичлэг нь байдаг.
Тэгэхээр дуулах авьяас удамшин өвлөгддөг байгаа биз. Аавын аав, миний өвөө Шархайн дууч Цэрэн гэж Төв халхад алдартай дуучин хүн байсан юм билээ. Өвөө маань Шархайн хөндий, Бор-Өндөрт нэр нь түгэж алдаршсан, цуутай дуучин, ерөөлч, магтаалч, бэлэн цэцэн үгтэй, бэлгэ дэмбэрэлтэй хэлц үгийг байнга хэрэглэдэг хүн байсан гэдэг. Өвөө бас уяач, сайн адуучин, морь уран уургалдаг хүн байжээ.
Дагшиг наадмын хурдан морины зургаан насанд тус бүрт зургаа, нийт 36 хурдан хүлэг уяж, уралдуулж байсан гэнэ лээ. Монгол Улсын “Тод манлай” Ц.Хэнмэдэх ах өвөөгийн тэр амжилтыг давтаж, 1998 онд зургаан насанд 36 хурдан хүлгийг уяж, сойн уралдуулсан юм.
-Өөрт чинь удмын дуулах авьяас өвлөгдсөн болов уу?
-Би дуулах нь дуулна. Харин аавын болон өвөөгийн хэмжээнд хүртэл дуулж чадахгүй. Гэхдээ яах вэ. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай шүү. Телевизийн хоёр ч нэвтрүүлэгт орохдоо дуулж байсан бичлэг байдаг. Зүүнхараад А.Сүхбат аваргатай хэдэн бөхтэй бэлтгэл хийж байх үед МҮОНРТ-ийнхэн очиж, “Манлайн баясгалан” нэвтрүүлгийг хийсэн юм. МУСГ Л.Цагаандалай ах намайг тэр нэвтрүүлэгт дуул гэсээр анх дуулуулж байлаа.
-Уртын дуу дуулах арга барил, дэг жаяг, аян данг аав тань зааж өгсөн үү?
-Уртын дуу дуулах арга барилыг аав зааж өгөөгүй. Би багаасаа аавтайгаа цуг найр, наадам дамжин явахдаа дагаж аялсаар байгаад л сурсан.
-Танай өвөө Шархайн дууч Цэвээн, Богд хааны ордны дуучин байсан юм уу?
-Яг ч тийм биш л дээ. Богд хаан ордны найр наадмын үеэр урьж дуулуулдаг байсан гэсэн. Манай гэрийхэн энэ талаар нарийн сайн мэдэхгүй. Харин архивын баримт, мэдээ байдгийг А.Сүхбат аварга олж харсан байна лээ. Өвөө уртын нэг дууг найран дээр давтаж дуулдаггүй, олон дуу мэддэг байсан гэж настангууд ярьдаг. Манайх олон үе удмаараа Манзушир хутагтын албат, шавь нар байсан юм билээ. Богд Хаан уулын Овооны энгэрийнхэн гэдэг мундаг эрдэм номтой хутагт, хувилгаад, алдартай дуучид манай удамд байсан гэдэг.
Эмээ маань Тогтохбаяр гэж сайхан хөгшин байлаа. Солгой хувилгааны удмын хүн. Дугарсүрэн генерал эмээгийн болон Солгой хувилгааны талаар өгүүлсэн ном бичсэн байдаг юм. Манзушир Цэрэндорж хутагтад Гадин Засгийн хошуунаас нэгэн хурдан шарга азарга өргөлд иржээ. Түүний үр төлөөс дөрвөн шарга азарга гарсан байдаг. Тэр азарганууд хэн, хэнд очив гэхээр Цэрэндорж хутагтын ах Мөр, хүргэн Шуухинаа Жадамба, уяач Шатан Гомбожав, манай өвөө Шархайн дууч Цэрэн нарт очсон байдаг. Одоо Ц.Хэнмэдэх ахын адуу өвөөгийн тэр хурдан шарга азарганы угшил байгаа юм.
-Танай “Их шавь” БТДС-ийн чөлөөт бөхийн ангийн анхны төгсөгчдөөс өндөр амжилт гаргасан тамирчид гэвэл хэн, хэн байна вэ?
-Манай анги дотроо самбо, жүдо, чөлөөт бөх гэж хуваагдан мэргэжлийн хичээлд ордог байлаа. Бусад онолын хичээлдээ хамтдаа суудаг байсан. Чөлөөт бөхийн ангиас Монгол Улсын харцага Г.Элбэг, мастеруудын дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, спортын мастер Нямдорж, Сарангуа гээд сайн тамирчид төрөн гарсан. Бид Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГТ Д. Сэрээтэр багшийн чанга, хатуу гарт нухлагдан, нарийн сурны амтыг мэдэрсний хүчинд өнөөдөр өдий зэрэгтэй бөхчүүд болсон.

-Та улсын наадамд хэр олон жил барилдсан бэ?
-Улсын наадамд бараг л 20 гаруй жил зодоглосон. Хамгийн сайн барилдсан жилээ дөрвийн даваанд унасан. 1995 онд гурвын даваанд Ж.Мөнхбат аваргад, 1996 онд улсын улсын начин Лу.Энхбаярт ахад өвдөг шороодож, 1997, 1998 онд Төв аймагтаа барилдсан.1999 онд Хайдав арсланд унасан. Дөрвийн даваанд унасан жилүүдийн наадамд Б.Гантогтох, өндөр Н.Ганбаатар, Д.Бумбаяр, Ч.Санжаадамба нарт унаж байлаа.
-Заал, танхимын барилдаанд хэр амжилттай барилдаж байв?
-Хамгийн өндөр амжилт нь “Тамирчдын баяр”-аар шөвгийн дөрөвт үлдэж байсан. Тэр барилдаанд Д.Сумьяабазар аварга түрүүлж байв. Үндэсний бөхийг “Геннисийн амжилтад” бүртгүүлэх 6000 бөхийн барилдаанд М.Жамъянпүрэв харцагаар долоо даваад наймын даваанд С.Мөнхбат аваргад унасан.
-Үндэсний бөх, чөлөөт бөхөөр барилддаг тамирчин жүдо бөхийн “Мастерс”-ын ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ. Жүдогийн “Мастерс”-ын УАШТ-д түрүүлээд ДАШТ-д оролцох эрхийг хүртсэн үү?
-2012 оны аравнэгдүгээр сард болсон “Мастерс”-ын УАШТ-ий +100 кг-ын жинд түрүүлж, ДАШТ-д оролцох эрхийг хүртсэн. Тэгээд АНУ-ын Майамид болсон “Мастерс”-ын ДАШТ-д очиж барилдсан. ДАШТ-д их хөгтэй зүйл тохиолдсон. Булангаа андуурч цэнхэр кимонотой татамид гарсан чинь цагаантай гарах ёстой гээд буулгасан. Кимоно сольчихоод ирсэн чинь барилдуулалгүй өрсөлдөгч Нидерландын бөхөд ялалтыг заачихсан. Тэгээд л торгуулийн дагах тойргийн барилдаанд Канад, Венесуэлийн бөхийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын бөхийг ялсан.
-Тэр “Мастерс”-ын ДАШТ-ээс хойш яагаад дахиж дэлхийн аваргад барилдаагүй юм бэ?
-ДАШТ-д явах тийм амар зүйл биш л дээ. Замын зардал, буудал, хоол, унааны мөнгө их өндөр гардаг. Тэр бүхнийг хувиасаа гаргаад байх тийм амар хялбар зүйл биш. Ивээн тэтгэгч байгууллагатай байсан бол ДАШТ-д яваад л байх байлаа.
-2019 онд чөлөөт бөхийн “Мастерс”-ын УАШТ-д түрүүлсэн. Тэр УАШТ-д гадаадын бөхчүүд барилдсан. Нээлттэй тэмцээн байсан юм уу?
-Тийм ээ, нээлттэй УАШТ байсан болохоор ОХУ, Хятад, Тажикстаны бөхчүүд ирж барилдсан юм.Манай жинд цөөхөн бөх орсон. Долоон бөх зургаан тойргийн барилдаан хийсэн. Би түрүүлж алтан медаль хүртэж, Түмэнжаргал мөнгөн медаль, Хүлэгээ, Амгаа хоёр хүрэл медаль авсан.
-Үндэсний бөхчүүдийг сэргээш хэрэглэдэг, даваа, цол наймаалцаж, найраа хийдэг гээд бөхчүүдийн нэр хүнд унаж, үзэгч, сонирхогчид нь буурсан. Үнэхээр үндэсний бөхөд цолны найраа, сэргээшийн асуудал байдаг юм уу?
-Монголын үндэсний бөхийн холбооны хувьд одоо эв зүйгээ олж, цэгцэндээ орж байгаа. Харин цолны найраа, сэргээш байсан гэвэл бөхчүүдээ гүтгэсэн зүйл болох байх. Огт тийм зүйл байхгүй гэвэл бас худал хэлсэн болно. Улсын цол наймаалцдаг тодорхой бүлэг хүмүүс бол байсан. Цөөн тооны сэргээш хэрэглэдэг бөхчүүд бий. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэдэг л болоод байгаа. Энэ бүхэнтэй МҮБХ сүүлийн жилүүдэд амжилттай, үр дүнтэй тэмцэж байна. Үүнийг таслан зогсоох нь зөв.
| Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН |
|
Таеквондо-гийн насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо
2026-11-18 07:10:00
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
С.БЯМБАЦОГТ: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой
2026-11-17 15:21:56
У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгсөн анхны Ерөнхийлөгч болох уу
2026-11-17 14:00:47
Б.Энхбаяр: Ажлаа өгч, нэр төрөө сэргээлгэнэ
2026-11-17 12:41:55
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоо, хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар ярилцав
2026-11-17 12:14:01
Э.БАТШУГАР: МОНГОЛ УЛС УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО
2026-11-17 12:09:58
Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
2026-11-17 12:02:59
Жүдо бөхийн залуучуудын шигшээ баг дэлхийн аваргад мордлоо
2026-11-17 11:59:10
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө
2026-11-17 11:25:19
Д.Гэгээ гардан тулааны Азийн аваргаас хос алтан медаль хүртлээ
2026-11-17 11:19:19
Азийн “И-спорт” болон оюуны спортын анхдугаар наадамд 2027 онд зохиогдоно
2026-11-17 10:19:17
73-р сургууль “Зуунмод цом –2026” тэмцээнээс 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртжээ
2026-11-17 10:03:56
Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2026-11-17 09:58:42
Жюү жицү-гийн дэлхийн аваргаас эгч, дүү хоёр алт, мөнгөн медаль хүртжээ
2026-11-17 09:38:38
Б.Одмандах Муслим Магомаевын уралдааны хоёрдугаар байрт шалгарлаа
2026-11-17 08:23:05
Пара таеквондо-гийн улсын аваргууд тодорлоо
2026-11-17 07:20:00
Жюү жицү-гийн дэлхийн аварга Б.Цолмонд хүндэтгэл үзүүлэв
2026-11-17 07:10:00
“ЗУНЫ ШӨНИЙН ЗҮҮД”, “ЖАРГААГҮЙ НАР”, “БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ТЭРГҮҮТЭЙ ЖҮЖГИЙН НАЙРУУЛАГЧ Ч.ТҮВШИН
2026-11-17 07:02:35
“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
2026-11-17 07:00:37
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗРААС Д.БАТЛУТ, Б.ЭНХБАЯР ЯВЖ, Ж.ЭНХБАЯР СЭЛГЭГДЭЖ, Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Х.ГАНХУЯГ НАР ИРЭХ ТОХИРОО
2026-11-17 07:00:00
СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
2026-11-17 07:00:00
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН АРДЫН НАМЫНХАН АЖЛАА ӨГЧ, ШАЛГУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ
2026-11-17 07:00:00
ХОТЫН АВАРГААС ЭХЭЛСЭН ХОЛЫН МӨРӨӨДӨЛ
2026-11-17 07:00:00
ГАДААД ӨР 11 ИХ НАЯДААР НЭМЭГДЭХ УЛСЫН ТӨСВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-17 06:50:49
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |