• Өнөөдөр 2026-11-17

СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ

2026-11-17,   109

           Монголд сэтгүүлчийг нэг дуудлага, нэг мэдүүлэг, нэг хилийн хориг, нэг шөнийн саатуулалт хангалттай. Хэрэг хожим хэрэгсэхгүй болсон ч хохирол аль хэдийн учирчихсан байдаг. Энэ хандлагын нэг жишээ бол 10 гаруй хоног хоригдож буй сэтгүүлч Б.Даваахүү юм. Түүнийг Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө үүрээр ажлаа тараад гэртээ харих замд нь цагдаагийн байгууллагаас саатуулсан сэтгүүлч Б.Даваахүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хориод 10 гаруй хонож байна. Энэхүү үйл явдал нь зөвхөн нэг сэтгүүлчийн эрх ашгийн асуудал бус, Монгол дахь хэвлэлийн эрх чөлөө, мөрдөн шалгах ажиллагааны ил тод байдал, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэлийн талаарх өргөн хүрээний хэлэлцүүлгийг нийгэмд өрнүүлээд байна. Энэ талаар Б.Даваахүүгийн өмгөөлөгч Г.Лувсансампил "Прокурорын зүгээс мөрдөн байцаалтын нууц гэх үндэслэлээр нотлох баримтыг өмгөөлөгчид харуулахаас татгалзаж, танилцуулаагүй. Нэг талаараа үндэслэлгүйгээр хорьсон. Мөн одоогоор хэний гомдлоор, ямар үндэслэлээр гэдгийг хэлэх боломжгүй байна. Ерөнхийдөө, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 23.7.1-т зааснаар нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэсэн зүйл ангиар хориод байгаа. Анх прокурор, шүүх дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1 оргон зайлах, 14.9.1.3 нотлох баримт устгах, гэмтээх гэсэн зүйл ангиар хорих санал гаргасан" гэв. Түүнчлэн Б.Даваахүүгийн гадаад паспортыг хураан авсан бөгөөд оргон зайлах эрсдэлгүй гэдгийг шүүхээс өмнө нь тогтоосон байхад ийнхүү хорьж байгаа нь хэргийг гадуур шалгах бүрэн боломжийг хааж буй хэлбэр хэмээн шүүмжилж байна. Одоогоор сэтгүүлчийн биеийн байдал хэвийн сайн байгаа бөгөөд өмгөөлөгчид нь шат дараалсан гомдол гарган ажиллах аж.

Олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй асуудал бол буруутгалын агуулгыг өмгөөлөгчдөд ч танилцуулаагүй явдал юм

        Ардчилсан нийгэмд сэтгүүлч хүн олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилласныхаа төлөө бус, харин гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон тохиолдолд л хариуцлага хүлээх ёстой. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны нууц нэрийн дор нотлох баримтыг өмгөөлөгчид нь ч харуулахгүйгээр шууд цагдан хорьж байгаа нь хүний эрх болон хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой халдаж буй дохио хэмээн салбарынхан үзэж, түүнийг нэн даруй суллаж, гадуур шалгахыг шаардаад буй билээ. Мөн шүүх зөвхөн "болзошгүй" гэсэн таамаглалд бус, бодит нөхцөл байдалд тулгуурласан үндэслэлтэй шийдвэр гаргах учиртай. Хувийн бичиг баримт нь хураагдсан, тодорхой оршин суух газартай, мөрдөн байцаалтад хамтран ажиллахад бэлэн хүнийг хорьсон байна. Тэгэхээр энэ шийдвэр шаардлагатай, хэмжээ нь тохирсон эсэхэд эргэлзэх үндэслэл бий гэж хуульчид тайлбарлаж байна.

           Олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй асуудал бол буруутгалын агуулгыг өмгөөлөгчдөд ч танилцуулаагүй явдал юм. Мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах нь хууль ёсны зорилго мөн. Гэхдээ сэжигтэн, түүний өмгөөлөгч ямар үйлдлийн төлөө, ямар баримтад үндэслэн эрх чөлөөгөө хасуулж буйгаа мэдэхгүй бол цагдан хорих шийдвэрийг үр дүнтэй эсэргүүцэх боломжгүй болно. Иймээс энэ байдал өмгөөлөх эрхийн мөн чанарт нөлөөлж байна гэж үзэх хүн цөөнгүй байна.

           Б.Даваахүүгийн хэрэг цор ганц тохиолдол биш. Сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн процессыг хэрхэн хэрэглэж ирснийг хуульчид, судлаачид өмнө нь ч анхааруулж байжээ. Судалгаар илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн 84 хувийг цахим орчинд үйлдсэн гэж бүртгэсэн бөгөөд нийт холбогдогчдын 13–14 хувь зарим үзүүлэлтээр зургаан хувь нь сэтгүүлчид байна.

           Хамгийн анхаарал татсан дүгнэлт нь эдгээр хэргийн тал орчим хувь нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатандаа хэрэгсэхгүй болдог явдал юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийн эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хамгийн хүнд цохилт өгч буй зүйл нь шүүхийн ял бус, ял оногдохоос өмнө хэрэглэдэг албадлага юм. Үүнд мөрдөгч байнга дуудах, мэдүүлэг авах, хилээр гарахыг хязгаарлах, баривчлах, цагдан хорих, утас компьютерт үзлэг хийх зэрэг арга хэмжээ орно. Судлаачид энэ үзэгдлийг "процессын албадлага нь шийтгэлээс өмнө нөлөөлнө" гэж нэрлэжээ.

мөрдөгч байнга дуудах, удаа дараа мэдүүлэг авах, хилээр гарахыг хязгаарлах, баривчлах, цагдан хорих, гар утас, компьютерт үзлэг хийх зэрэг арга хэмжээ сар, жилээр үргэлжилж болдог

Судалгаанд дурдсанаар 2020 оны нэгдүгээр сараас 2025 оны ёсдүгээр сарын хооронд 218 удаа хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Арга хэмжээний төрлөөр ангилбал:

  • цагдан хорих: 21
  • хилээр гарахыг хориглох зэрэг хязгаарлалт тогтоох: 25
  • хувийн баталгаа гаргах: 198

           Эдгээрийн нийлбэр нь 244 болж, нийт дүн болох 218-аас их байна. Судлаачдын тайлбарласнаар нэг хүнд давхардуулан арга хэмжээ авсан тохиолдол байгаатай холбоотой. Иймээс давхардлыг нягтлах хүртэл эдгээр тоог хувиар тооцоогүй гэжээ. 2020–2024 онд анхан шатны шүүх энэ төрлийн 105 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

           Б.Даваахүүг "Нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэх зүйл ангиар шалгаж байгаа. Энэ нь судалгаанд хамрагдсан худал мэдээллийн хэргээс өөр зүйл анги боловч хэвлэлийн эрх чөлөөний мэргэжилтнүүдийн анхааруулж буй хандлагатай ижил шинжтэй. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хамгийн хүнд арга хэмжээг хэрэглэж буй нь энэ хандлагыг дахин харуулж байна.

           Сэтгүүлчийг шүүхээр ял шийтгүүлэх нь харьцангуй ховор. Гэтэл мөрдөгч байнга дуудах, удаа дараа мэдүүлэг авах, хилээр гарахыг хязгаарлах, баривчлах, цагдан хорих, гар утас, компьютерт үзлэг хийх зэрэг арга хэмжээ сар, жилээр үргэлжилж болдог. Эцэст нь хэрэг хэрэгсэхгүй болсон ч тэр хугацаанд сэтгүүлч ажлаа хийж чадахгүй, эх сурвалжууд нь ил болох эрсдэлд орж, санхүү, сэтгэл зүйн дарамт амсдаг нь нууц биш. Энэ байдал тухайн нэг сэтгүүлчээр хязгаарлагдахгүй. Бусад сэтгүүлч, иргэд "би ч ийм байдалд орж магадгүй" гэж эмээж, эрх баригчдыг шүүмжлэхээсээ өмнө өөрийгөө цензурддэг болж байна. Нэг үгээр ардчилсан улсад үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боож байна.

           Буруутгал нууц хэвээр. Нотлох баримт нууц хэвээр. Харин үүний үр дагавар ил. Сэтгүүлч хоригдож, түүний ажил зогсож, бусад сэтгүүлч үүнийг харж байна. Албадлагын хамгийн хүчтэй нөлөө нь ганц хүнийг хорьдогт бус, бусдыг дуугүй болгодогт байдаг бололтой.

 


СЭТГҮҮЛЧДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ "ПРАКТИК АЛБАДЛАГА" ГЭЖ ЮУ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188