• Өнөөдөр 2026-11-17

“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ

2026-11-17,   187

-НААДМЫН ӨГЛӨӨ ГҮҮН ЗЭЛЭН ДЭЭРЭЭ БОСООГООРОО ГАРСАН БОЛОХООР НЬ БОСОО ХЭЭР ГЭЖ НЭРЛЭСЭН ЮМ БИЛЭЭ-

     Олон жилийн наадамд магнайдаа тоосгүй түрүүлж, хурд, хүчээ гайхуулсан босоо хээр уяан дээрээ өөрийгөө сойж, эзнээ харуулдан зогсоно. Төгс-Очир уяач ч хээр мориныхоо дэргэдээс холдох нь битгий хэл, нүд салгаж чадахгүй ааш зан, нүд, чихнийх нь хөдөлгөөн, хувирал бүрийг нь ажиглан сууна. Энэ бол “Тод магнай” киноны Төгс-Очир уяачийн дүр. Тэрээр төрийн наадамд уяхад нас нь хэлбийсэн хээр морио өрөвдөн хайрлаж, сунгааны морьд дагаад сул давхиж байхад нь хүртэл “Яах вэ хөөрхий, шөрмөс нь тэнийг” гээд баярлаж зогсох нь монгол уяачийн морио хайрлаж байгаа хайрыг тод харуулахаас гадна хурдан хээр морины чадлыг ч бас харуулдаг.

    ...Наадмын урд шөнө түүний нойр нь хүрэхгүй гаанс нэрэн сууж байснаа морин дээрээ очоод “Өтлөнө гэдэг буян даа. Одоо чи бид хоёрыг тоох хүн ч алга. Шандаст сайн хүлэг болохоо олон удаа харуулсан даа, чи минь. Маргааш наадам боллоо. Мэдэж байна уу, хүлэг минь. Уйлж байна уу даа” гээд мориныхоо хүзүү, толгойг нь илж, энгэртээ наагаад, аргадсан янзтай нулимсыг нь арчиж өгдөг сөн. Тэрхүү дүрслэлээр морь эзэн хоёр бие биедээ ээнэгшин дасаж, хэчнээн дотно болж болдгийг харуулдаг. "Тод магнай" кинон дээр босоо хээр морь хэдийгээр 23 настай ч гэсэн төрийн наадамд түрүүлж, түмэн олны манлай шандаст хурдан хүлэг гэдгээ дахин баталж, уясан эзэн, унасан хүүхдээ шимшрүүлээд төгсдөг. Ийнхүү хурдан морины бүх шинж бүрдсэн гэдгээрээ алдаршиж, “Тод магнай” кинонд мөнхөрсөн босоо хээр морины эзэн Ёндонгийн Аюурзанатай ярилцлаа. Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн аварга малчин, алтан төлийн эзэн тэрбээр өдгөө 76 настай билээ. Түүний хурдан хээр морь нь таван сумын ойд тасралтгүй айраг, түрүү хүртэж байснаас гадна овоо тахилгын наадамд 19 дараалан айргийн тавд хурдалж байжээ.

/Босоо хээр морь Архангай аймгийн Хашаат суманд түрүүлсэн нь/

-“Тод магнай” киноны гол дүр болох босоо хээр морь ямар угшилтай вэ. Таны унаган адуу юу?

     -Би босоо хээр морио найман настайд нь Санжаа гэдэг нутгийнхаа хүнээс авч байлаа. Тэдний сайхан хүрэн гүүнээс хоёр, гурван хурдан хээр морь гарсан байдаг юм. Түүний нэг нь миний босоо хээр. Хээр азарга нь мөн тэдний унаган адуу байсан. Миний хээр морийг Сайхан булгийн дэнж гэдэг газар наадмын өглөө гүүн зэлэн дээрээ босоогоороо гарсан гэж Санжаа ярьдаг байсан юм. Тийм ч учраас босоо хээр гэж нэрлэсэн юм билээ. Тэдний хотноос олон сайхан хурдан хүлэг төрсөн. 

-Хээр морь нь тань дээр ирэхээсээ өмнө уралдаж байсан уу?

     -1990-ээд оны эхээр Санжаа гуай бид хоёрын хэн хэн нь хурдан морь сонирхдог, уях гэж оролддог байлаа. Хээр морь найман нас хүртлээ сумын наадамд түрүүлж байгаагүй ч айргийн таваас мултардаггүй байсан юм. Надад ирэхээсээ өмнө сум, орон нутгийнхний дунд хурдан гэдэг нь тодорчихсон адуу байсан.

-Та хээр мориныхоо уяа сойлгыг хэрхэн тааруулж байв. Улсын наадамд уралдаж байв уу?

    -Босоо хээр морь минь надад ирээд Өгийннуур сумын 30 жилийн ойд түрүүлж, Хотонтын 70 жилд аман хүзүүдэж, Гурванбулгийн 40 жилийн ойд айргийн гуравт хурдалж байлаа. Мөн Хархорины Улаан загалмайн наадамд түрүүлж байсан. 10 настайд нь улсын наадамд уралдуулах гэж уяж байгаад явж чадаагүй. Хурдан хүлэг минь ойн олон сайхан наадамд айраг, түрүү хүртсэнд нь би баяртай байдаг юм.

 

БИ БОСОО ХЭЭР МОРИО “ПЛАНЕТИ-5” МОТОЦИКЛИЙН ҮНЭЭР АВЧ БАЙСАН

-Та Санжаа гуайнхаас хурдан хээр морийг нь ямар ханшаар авч байв. Та нэлээн гуйж байж авсан уу?

    -1982 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр би Санжаадорж гэдэг хүнээр мотоциклоо унуулаад эмээлээ ганзагалаад, хоёр шил архитай тэднийд очиж байлаа. Нэг шил архи задлачихаад “Хээр морийг чинь авъя, Санжаа гуай” гэтэл дуугарахгүй суугаад байв. Удалгүй босож, хаалгаар шагайж харснаа “Дөрөв, таван морьтой хүн уяан дээр бууж байна” гэхээр нь “За, хүмүүс орж ирэхээс өмнө би таны хээр морийг тань авъя” гээд  бурхан дээр нь гурван мянган төгрөг тавьтал “За, тэг, тэг. Хоёулаа дараа зөрүүг нь яръя. Өөр нутгийн хүн авах гээд ирэхээр нь өгөөгүй юм. Нутагтаа өгчихье” гэсэн. Дараа нь би хоёр тугалтай үнээ, нэг морь өгөөд тухайн үеийн “планети-5” мотоциклийн үнээр тэр сайхан хурдан хүлгээ авч байлаа даа. Морио барьж авч, чөдөрлөж байгаад эмээллэж, мордоод тэднийхээс явж байтал цас бурганасан юм. Миний өмнө явсан Санжаадоржийн мотоциклийн резак нь мултарч унаад зам дээр “хэвтэж” байсан юм билээ. Гэтэл хээр морь минь цас бурганаж байхад хүртэл тийм жижиг зүйлийг олж хараад, үргэж байгаа юм даа. Аргагүй нүд, зүрх сайтай морь байсан даа, хөөрхий.

-Хээр морийг та өөрөө шинжиж авсан уу. Хүмүүс танд санал болгож байв уу?

     -Ихэнх шинж нь гүйцсэн сайхан морь байсан. Кинон дээр бүх шинжийг нь дурддаг шүү дээ. Монгол мориндоо бол томдоо орно. Тэгээд зузаан, бяр сайтай, дөрвөн хөл, ахар сүүл, шилбээрээ бүдүүн тийм морь байлаа. Би өөрөө шинжиж, сонирхож байж л тэднийхээс авсан юм. Ер нь хурдална гэдгийг нь ч мэдэж байсан. Над дээр ирээд ойн олон сайхан түрүү хүртсэн дээ. Эд эзнээ олно гэдэг сайхан л юм билээ. 

-Морийг нь “Тод магнай” кинонд тоглуулна” гэхэд та дуртай хүлээж авсан уу. Тухайн үед морь нь хэдэн настай байсан бэ?

     -Хурдан морь судлаач Х.Баярмагнай Ж.Бунтар найруулагчийг дагуулж ирээд “Танай морийг кинонд тоглуулахад шинж нь бүрэн, хүн харахад сайхан юм. Тэгээд кинонд тоглуулах саналтай байна” гэж байсан юм. Морийг минь кинонд тоглуулна гэхэд би дуртай хүлээж авсан. Намайг таньж мэддэг хүмүүс “Хайран сайхан хурдан хүлгээ кинонд тоглуулаад хурдыг нь кино өгчихлөө” гэж шүүмжилдэг л юм. Гэхдээ босоо хээр морь минь кинонд мөнхөрч, үр хүүхэд, хойч үеийнхэнд түүх болон үлдэж байгаа нь сайхан юм даа. Түүнийг нь бодож би хурдан морио кинонд тоглуулсан. Миний морь кинонд “тоглохдоо” 14 настай байсан. Харин кинон дээр 23 настай гэж гардаг. Морийг минь кинонд тоглож байхад Гурванбулаг сумаас өндөр настай уяач морийг минь үзэх гэж хоёр богц цагаан идээтэй манайхыг зорьж ирж байж билээ. Тэр уяач миний морийг өдөржингөө ажиглаж суусан. Тэгээд “Аргагүй шинж нь бүрдсэн морь гэж энийг л хэлэх байх даа. Ахар сүүл нь цаана юм, самсаа сайхантай юм байна” гэж байж билээ. Их л мундаг уяаж шиг санагдаж байсан.

/Өвөрхангай аймгийн Хархорин суманд түрүүлсэн нь/

-Түмэнг буудуулчихаад хээр хэвтэж байхад морь нь хажууд нь янцгаагаад зогсож байдаг хэсэг их сайхан санагддаг. Тэр хэсгийг үзэхээр танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

     -Босоо хээр минь кинонд тоглохоосоо өмнө хүн хаздаг, өшиглөдөг, булгидаг айхавтар морь байсан. Санжаа гуайнд байхдаа унаач хүүхдээ булгиад шидчихдэг, Санжаа гуайг хусуур бариад очихоор дайрч унагачихаад, дээгүүр нь харайгаад давхичихдаг тийм ааштай морь байсан юм. Манайд ирээд ааштай байсан ч гэсэн надад “муухай зан” гаргаж байгаагүй. Харин ерөөлтэй юм ерөөлөөр болдог гэдэг шиг кинонд тоглохдоо их сайхан номхорсон. Кинонд гарч байгаа бүх дүрсийг өөрөөр нь авсан. Түмэнг буудуулаад хээр хэвтэж байхад хажууд нь сул зогсож байгааг нь харах их сайхан ханьтай санагддаг юм. Кинон дээр Төмөр-Очир гуай “Ямар ч унаган морь эзнээ явгалдаггүй л юм даа” гэдэг шүү дээ. Надад ч бас тэгж санагддаг. Миний морийг мэдэх хүмүүс “Энэ их догшин морь байсан. Хүн тэгнээд ирнэ гэж лав байхгүй. Аюур худлаа ярьж байгаа юм” гэцгээдэг л байсан. Тэгж л хүн үнэмшихээргүй, итгэхээргүй болтол номхорсон юм даа хөөрхий.

-Хээр морь бургасны ерөөлд нуугдаж байгаа, Түмэнгийн хажууд сул зогсож байгаа зураг авалтыг хаана авсан бэ?

     -Хээр морины зургийг Элсэн тасархайд авсан. Түмэн буудуулж унаад морь нь бургасны ёроолд бүлтгэнээд зогсож байдаг хэсэг байдаг даа. Түүнийг Тарнын бургасан дотор авсан юм. Тэр үед морь минь үнэхээр номхон болчихсон, жолоо нь сул бүлтгэнээд зогсож байдаг. Тэр хэсгийг харахаар би морио өрөвдөөд байдаг юм. Хадан дээр тоглож байгаа ишгэний дүрсийг ч тэнд авсан. Бусдыг нь манай гэрийн гадаа, Хөгшин голын ойролцоо авсан.

-Киноны төгсгөлд хээр морь түрүүлж ирээд үхчихдэг шүү дээ. Тэгээд нүднээс нь нулимс урсдаг. Тэр бас бодит дүрс гэсэн үг үү?

     -Хээр морийг унагаад хөлд нь хатуу хийж  байгаад авсан юм. Нулимс урсаж байгаа нь бодит дүрс гээд л бод. Кинон дээр мориныхоо толгойг Элсэн тасархайн Хадат хошуу гэх хайрханд хадганд ороогоод тавьсан бол жинхэнэ хээр мориныхоо толгойг 5-6 жил гэртээ хадгалж байгаад Лүн хайрхандаа өргөсөн дөө. Сайн морины толгойг хадгалах сайн байдаг л гэдэг юм билээ. 

-Морь нь айргийн тавд хурдлаад барианд орж байгааг нь харах танд ямар санагддаг вэ. Олон сайхан түрүүг хүртэж байсан уяачийн хувьд?

    -Хээр морь минь барианд орж ирэхдээ барагтай бол өөр морьтой хамт орж ирдэггүй байсан. Морь айраг, түрүү хүртээд хөлсийг нь хусаад зогсож байхад тэр жилийн ядаргаа тайлагдах шиг болдог. Мориноос их сайхан энерги авдаг.  Дээр үед морь уяна гэдэг сарын л ажил байлаа шүү дээ. Харин одоо бол жилийн дөрвөн улирал тэжээж, тариа, ногоонд нь анхаардаг болсон юм билээ. Намайг уяж байх үед байгалийнх нь өвсөөр л уралдуулдаг байлаа даа.

-Та Хашаат сумынхаа аль хэсгээр нутагладаг вэ?

    -Орхон гол манай баруун талаар урсдаг. Зүүн талаар Хөгшин гол урсана. Урд талд Лүн хангай гэж хурдан морины шүншигтэй, тахилгатай хайрхан байдаг юм. Би насаараа энэ хайрхныхаа ар хормойд нутаглаж байна. Лүн хангайд мөргөх гэж наадмаас өмнө бөхчүүд, сонгуулиар улстөрчид ирж мөргөдөг юм. “Тод магнай” кинон дээр Хөгшин гол минь гардаг. Голын ус элбэг байгааг харахаар их сайхан санагддаг юм. Одоо бол нэлээн нарийхан болсон. 

-Та босоо хээрээс гадна ямар морь уяж байсан бэ?

     -Босоо хээрээс гадна хоёр азарга уясан. Мөн 10-аад морь худалдаж авсан байна. Аймаг, сумандаа бүгд сайхан хурдалсан даа. Олон сайхан хурдан хүлгийн буянаар сайхан амьдарч яваа гэж боддог. 

 


“ТОД МАГНАЙ” КИНОНЫ БОСОО ХЭЭР МОРИНЫ ЭЗЭН Ё.АЮУРЗАНА: САМСАА УУЖИМ, ХӨЛ, ШИЛБЭ БҮДҮҮН, САЙХАН НҮДТЭЙ ХЭЭР МОРЬ МИНЬ КИНОНД МӨНХӨРСӨН ДӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188