• Өнөөдөр 2024-10-14

ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БУЮУ ХӨДӨЛГӨЖ ЭХЛЭХ МЕГА ТӨСЛҮҮД

2024-02-24,   604

Дэлхийн эдийн засгийн чуулганы индэр дээрээс мега төслүүддээ “хямдрал” зарлаж, гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан. Харин хөгжлийн хөшүүрэг гэгдэж буй хөдөлгөж эхлэх мега төслүүд эдийн засгийг эргэлтэд оруулах уу эсвэл эрсдэл хүлээх үү гэсэн асуудал гарч байгааг шинжээчид хэлж байна.

Олон улсад 500 сая ам.доллароос дээш мөнгөн дүнтэй төслийг мега төсөл гэдэг. Харин Монгол Улстай адил хөгжиж буй оронд 500 сая ам.доллар гэлтгүй үүнээс бага дүнтэй хөрөнгө оруулалт ч мега төсөл болох нь бий. Их хэмжээний хөрөнгө оруулалтаар босох мега төслүүд тухайн оронд ашигтай бүтээн байгуулалт болохоос гадна валютыг чангаруулдаг ч гэдэг. Тухайлбал, мега төслийн хөрөнгө оруулалт тухайн улсын банкаар дамжиж, тэр хэмжээний өндөр мөнгөн дүн нь улсын валютын нөөцөд нь нөлөөлснөөр валютыг нь бусад валюттай харьцах ханшийг чангаруулдаг.

                      Манай улсын хувьд 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хэдий олон удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан ч хуулийн нэр томьёог өөрчлөх, хөрөнгө оруулалт хариуцсан байгууллагыг өөрчлөх зэрэг бүтэцтэй холбоотой өнгөц өөрчлөлт хийж байснаас реформын шинжтэй цогц өөрчлөлт хийгээгүй. Тэгвэл Дэлхийн эдийн засгийн чуулганы индрээс “хямдрал” зарлаж, гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан мега төслүүд Монголд реформын шинэ үеийг авчрах боломжтой талаар мэргэжлийнхэн онцолж байна. Үүнтэй холбоотойгоор улсын хөгжлийн хөшүүрэг болох хөдөлгөөнд орж эхэлсэн болон удахгүй хөдөлгөж эхлэх мега төслүүдийг танилцуулъя.

ТАВАНТОЛГОЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

                      Монгол Улс 450 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайлбал, түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл 300 мВт+150 мВт гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний ээлжийн 300 мВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яамнаас зарлаж, бүтээн байгуулалт амжилттай эхлээд явж байгаа. 2013 оноос хойш байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, археологи, геологийн тогтцын судалгаа хийж, ТЭЗҮ-тэй холбоотой ажлуудыг бүрэн гүйцээгээд байсан Тавантолгой дулааны цахилгаан станцын төслийг 30 хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 70 хувийг нь зээлийн санхүүжилтээр босгох тооцоо гаргасан. Төлөвлөгөөний дагуу явбал улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарыг баталгаатай эрчим хүчээр хангаад зогсохгүй нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх давхар давхар боломж бүрдэж буй. Цаашилбал, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэгдэж байна.

                      Төлөвлөгөөгөөр төслийн гүйцэтгэгч байгууллагатай барилга угсралтай ажил гүйцэтгэсэн Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл амжилттай хэрэгжвэл 2025 онд нийт 450 мВт-ын шинэ дулааны цахилгаан станц, үүний сацуу 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын байнгын ашиглалтад хүлээн авах боломжтой. Манай оронд хийсэн судалгаагаар Монгол жилд ойролцоогоор 160 сая ам.долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулдаг. Харин Тавантолгой дулааны цахилгаан станц төсөл амжилттай хэрэгжиж, бүрэн ашиглалтад орвол бид дээр дурдсан хэмжээний мөнгийг дотооддоо үлдээх, цаашлаад дараа дараагийн чухал ач холбогдолтой төслүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэх аж.

НҮҮРСНИЙ ДАВХАРГЫН МЕТАН ХИЙН ТӨСӨЛ

                      Монгол Улс анх 2017 онд нүүрсээ боловсруулж, байгалийн хий үйлдвэрлэх судалгаа явуулж, “Эрдэнэс Метан” ХХК-ийг байгуулж, Тавантолгойн бүлэг ордод нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлыг эхлүүлсэн байдаг. Ингэхдээ Тавантолгойн нүүрсний орд газарт метан хийн нөөц байгааг тогтоож, хайгуулын ажилдаа орсон. “Эрдэнэс Метан” ХХК-д хайгуулын ажлын төсвийг улсын төсвөөс гаргалгүй 100 хувь гаднын хөрөнгө оруулалтаар хийх боломж бүрдсэн бөгөөд Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй гурван компани идэвхтэй хайгуул хийж, цооног ухаж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хайгуулын ажлыг гурван жилийн дотор багтаан дуусгах бөгөөд эхний туршилтын олборлолт өндөр хүлээлттэй байгааг гаднын шинжээчид ч онцолж буй.

                      Хэрэв нөөц тогтоогдсон тохиолдолд Монгол нүүрсний давхаргын метан хий олборлож, эрчим хүчний тодорхой хэсгийг дотоодоос хангах, цаашлаад экспортлох боломжтой болж байгаа юм. Анхны олборлолтын цооногийн туршилт хараахан гараагүй байгаа ч эерэг хүлээлттэй байгаа нүүрсний давхаргын метан хийн төсөл монголчуудын удахгүй хөдөлгөх том мега төсөл болох гэнэ.

ХОЁР УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ

                      Олон жилийн өмнөөс яригдаж ирсэн хоёр усан цахилгаан станцын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд болсон “Бүс ба зам”-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнтэй албан ёсны уулзалт хийж ярьсан байдаг. Дээд хэмжээний уулзалт ч үр дүнгээ өгч, Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг хэрэгжүүлэхээр болж, Эгийн голын УЦС-ыг судлахаа хоёр хөршийн төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

                      Тухайлбал, Монгол, БНХАУ-ын тал Эрдэнэбүрэнгийн УЦС барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Баянхонгор аймаг болон БНХАУ-ын Ганьсу муж хооронд найрсаг, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр, Монгол Улсын Баянхонгор аймгийн Баянхонгор сум, БНХАУ-ын Ганьсу мужийн Жючуань хот хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурж, баталгаажуулснаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын ажил албажиж байгаа юм. Мөн Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй хийсэн албан уулзалтаараа Эгийн голын УЦС-ын асуудлаар ярьж, хоёр тал зөвшилцөлд хүрчээ. ОХУ-ын талаас Монгол түлш, шатахуун тасралтгүй нийлүүлж, тогтвортой байлгахаа мэдэгдсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын УЦС-ыг байгуулах асуудлыг нарийвчлан судлахаа мэдэгдсэн байна. Ингэснээр олон жилийн турш гацаанд ороод байсан Эгийн голын УЦС-ын ажил нэг шат урагшлав.

ЗЭС ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

                      Зэсийг баяжмал хэлбэрээр экспортлохоо илүүтэй бүрэн боловсруулж, арилжаалах нь манай улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд ч манай орон зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барих төсөл санаачилсан. Төслийн урьдчилсан ТЭЗҮ-д онцолсноор төсөл 1.9-2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд эсрэгээрээ төслийг хэрэгжүүлж чадвал бид жилд нэг сая тонн зэсийн баяжмал боловсруулж, 257 мянган тонн катодын цэвэр зэс, 5.7 тонн алт, 57 тонн мөнгө үйлдвэрлэх тооцоо гарсан байдаг. Түүнчлэн манай урд хөрш дэлхийн зэсийн хэрэглээний тал орчим хувийг дангаараа эзэлдэг бөгөөд БНХАУ-ын хөрөнгө оруулагчид зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхол ч өндөр байгаа гэнэ. Дэлхийд 25-30 сая тонн зэсийн эрэлт үүсээд байгаа энэ нөхцөлд манай орон сүүлийн 30 гаруй жил яригдаж буй зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрээ амжилттай бүтээн байгуулж чадвал төсвийн орлогод шууд нөлөөлөөд зогсохгүй гадагшаа экспортолж, валютын нөөцөө нэмэгдүүлж чадвал монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чангаруулах том хүлээлт үүсээд байна.

Энэ мэтчилэн Монгол Улс хөгжлийн хөшүүрэг болох мега төслүүддээ гаднын хөрөнгө оруулагчдыг татаж, ар араас нь хөдөлгөж эхэллээ. Үүгээр ч зогсохгүй энэ онд Монголд улсын төсвийн 3.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1050 төсөл, хөтөлбөр, гадаадын зээл, тусламжаар 1.8 их наяд төгрөгийн 130 төсөл хэрэгжүүлэх юм.

 

 


ТАНИЛЦ: ХӨГЖЛИЙН ХӨШҮҮРЭГ БУЮУ ХӨДӨЛГӨЖ ЭХЛЭХ МЕГА ТӨСЛҮҮД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-23 18:36:02
    УС: Энэ бүхэнд асар их ус хэрэгтэй, гэтэл говьд хийх гээд байгаа энэ бүгдийг ямар усаар ажиллуулах вэ? Өмнөговийг бүхэлд нь сөнөөчихөөд Монгол Улс хөгжсөн гэх үү? Энэ тэнэглэлээ зогсоо. Эсвэл Орхон-Онги төслөө хэрэгжүүлсний дараа наадахаа ярь.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188