• Өнөөдөр 2026-09-24

МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзаж, хоёр орны уул уурхай, аж үйлдвэр, геологи-хайгуул, газрын тос, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

     Уулзалтын үеэр Беларусь Улсын газрын тосны салбарын туршлага, технологийн талаар танилцуулсан байна. Тус улс жилд хоёр сая тонн газрын тос, 200 сая шоо метр дагалдах хий олборлон, дотооддоо бүрэн боловсруулж, шатахууны хэрэгцээгээ хангадаг аж. Мөн Беларусийн газрын тосны ордууд газрын гүнд байрладагтай холбоотойгоор хайгуул, өрөмдлөгийн технологи, туршлага өндөр хөгжсөнийг Элчин сайд онцолж, Монгол Улстай хамтарсан судалгаа, хайгуулын ажил хийх сонирхлоо илэрхийлжээ.

      Үүнтэй холбогдуулан Монгол Улсын газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх зорилттой уялдуулан хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон байна. Түүнчлэн Беларусь Улс Монгол Улсаас олборлож буй төмрийн хүдрийг ОХУ-аар дамжуулан импортлон авдаг бөгөөд цаашид Монгол Улстай шууд гэрээ байгуулж, төмрийн хүдэр импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин Монгол Улс дотооддоо гангийн үйлдвэр байгуулах бодлого хэрэгжүүлж байгааг сайд Г.Дамдинням танилцуулж, цаашид боловсруулсан бүтээгдэхүүнийг Беларусийн металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтойг онцолжээ.

       Мөн уулзалтын үеэр Беларусийн алдарт “БелАЗ” хүнд даацын уул уурхайн машин, механизмын угсралтын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах саналыг Элчин сайд дэвшүүлсэн байна. Монгол Улсад угсралтын үйлдвэрлэл бий болгосноор ажлын байр нэмэгдүүлэх, татварын орлогыг дотооддоо төвлөрүүлэхээс гадна цаашид зарим эд анги, сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх талаар талууд санал солилцсон байна. Уг саналыг Монголын уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ болон эдийн засгийн үр өгөөжтэй уялдуулан судалж, хэрэгжүүлэхэд нээлттэй байгаагаа сайд Г.Дамдинням илэрхийлжээ.

      Талууд цаашид уул уурхай, геологи-хайгуул, газрын тос, металлург, уул уурхайн техник үйлдвэрлэл, төмөр замын тээвэр, боловсруулах үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр зэрэг салбарт хамтын ажиллагааг бодит төсөл болгон хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.


МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188