Үзэгчид байраа эзэлжээ. Хөгжимчид, дуучин, удирдаач ч бэлэн болжээ. Хөшиг нээгдлээ. Удирдаач хийлч рүү дохитол асар өндөр өнгөнөөс “Уяхан замбуу тивийн наран” дуу эгшиглэлээ. Танхим нам гүм болж, тэнд суусан хүн бүр тэрхүү ер бусын гайхамшигт хоолойн чадал, увдис, эгшигт автав. Харин үүнтэй нь зэрэгцэн Монголоос ирсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, төгөлдөр хуурч Т.Цолмон тэргүүтэй уран бүтээлчид сандралдаж, “Тасалдчих вий дээ” гэж алга нь чийгтэн тэвдэж суутал дуучин маань огт торохгүйгээр улам дээшээ цангинуулан цуурайтуулсаар, сэтгэл дүүртэл сайхан дуулаад дуусгажээ. Үзэгчид ч алмайран шогширч, нижигнэтэл алга ташлаа. Тэр гайхамшигт уртын дуучин нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад байлаа.
Хөгжим судлаач Д.Оюунцэцэг 1986 онд Оросын Яраслов мужид болсон “Орос, Монголын соёлын өдрүүд”-ийн концертод Н.Норовбанзадын тийн сайхан дуулсан тухай телевизийн нэгэн нэвтрүүлэгт хоолой зангируулан байж нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож, сэтгэл хөдөлтөл ярьсан байдаг. Тэрбээр “Дэргэдээс нь үзсэн бидний шар үс босож, амьсгалахаа бараг мартаж байсан даа. Дуулаад дуусахад нь үзэгчид ч нирхийтэл алга ташиж, хөлөө дэвсэх нь дэвсээд пижигнээд л явчихсан. Уртын дуу сонссон хүмүүс тэгж алга ташиж, омогшин хөөрч байсныг би лав мэдэхгүй. Тийм чадалтай уртын дуучин байлаа даа” гэж дурссан нь бий.
.jpg)
Угаас тэр “Уяхан замбуу тивийн наран”-г мөн ч төгөлдөр содон эгшиглүүлсэн билээ. Үүгээр зогсохгүй “Сэрүүн хангайн нууц”-ыг тайлж, “Эртний сайхан”-д хүрч, хүлэг морины “Дөмөн” алхаанд бодол тээж, “Урьхан хонгор салхи”-ийг сэвэлзүүлж, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Өвгөн шувуу”, “Идэр жинчин” гээд олон сайхан уртын дууг дэлхийд цуурайтуулсан давтагдашгүй сонгодог хоолой түүнийх гэдгийг ертөнц даяар мэдэх билээ. Ерөөс энэ агуу дуучны замнал алдрайхан байхаасаа хултай айраг цалгиуланхан дуулсан үеэс нь л эхэлжээ. Тэр тухай уншигч та дараагийн хэсгээс мэдэх юм.
НОМ ЭРДЭМТЭЙ ААВ, ДУУНД ДУРТАЙ ЭЭЖИЙН ОХИН
Цэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуу болон Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны Дэрэн сумын уугуул Дамдин бол Хүрээ хийдэд шавилан суудаг бичиг номын хүн. Нутгийн охин Намжилтай ханилан, хоёр хүү, хоёр охинтой болсны ууган нь бидний өгүүлж буй Н.Норовбанзад буюу “Дуучин шар”. Дамдин гуай сэргэлэн цовоо, цангинуулан дуулдаг охиноо хүний хэл амнаас хамгаалах гэхдээ ээжээр нь овоглох болсон байж. Ирэх цагийн элгэнд дуу хоолойгоороо нэр алдраа дуурсгах зууны манлай дуучин эмэгтэйн ээж Намжил бүсгүй ураг удам олуулаа, алиа хошин зантай нэгэн байна. Дуулах, дэмбээдэх, үлгэр, домог ярих бол угаас түүнд өгөгдсөн зан чанар. Ёстой л нөгөө үйлэнд уран, үгэнд цэцэн, найранд гурван дуутай гэдгийн жинхэнэ биелэл болсон бүсгүй тэр байж. Энэ тухай ач, зээ нар нь “Эмээ хүүхэд, багачуудад цэцэн үгс, уран зүйрлэлээр хошигнодог, үлгэр домог хүүрнэхдээ давтан ярьдаггүй, уран, цээж сайтай байсан сан” гэж бататган дурссаныг зээ охин нь болох Банзрагчийн Дэлгэрмаа бидэнд ярьсан. Ерөөс энэ нийтлэлийн гол өгүүлэгч, үүтгэгч нь тэр болой.
ДЭРЭНГИЙН УЛААН БУЛАНГААС ДУНДГОВЬ АЙМГИЙН КЛУБТ ОЧСОН НЬ
“Дуучин шар” хэмээн өхөөрдүүлж, сайхан дуу хоолойгоороо нутаг хошууныхныхаа хайрыг татах жаахан охин,
“Ногоон морины толгойд
Ногтон зангиа бөнжийж байна
Ноён харуулын Гүнжидмаа
Нойроо хүрэхээр талимаарч байна” гээд л цангинуулж гарна. Энэ бол ирээдүйд ХХ зууны манлай уртын дууч болох охиндоо ээжийнх нь зааж өгсөн анхны дуу. Хонгор бага насандаа хонины бэлчээрт, хол, ойрын гийчдийн дунд гээд хаана л бол хаана дуулчихдаг, дуулж зогсохдоо хэзээний том дуучин аятай бардам ихэмсэг, цовоо дуулахыг нь яана. Нас бага болохоор арай ч найр хуримд уригдахгүй. Гэхдээ аавынхаа моринд сундлаад хааяа боржигон найранд саатна. Саатахаараа цугласан олны дуулах ер бусын гайхамшигтайгаар эгшиглэх уртын дуу гэгчийн увдисыг алмайран чагнаж, “Ийм л сайхан дуучин болох сон” гэж мөрөөднө. Есөн настай Н.Норовбанзад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын бага сургуульд 1940 онд элсэв. Сургууль гэгч санаан зоргоор дуулах газар биш. Энд ном эрдэмд шамдах нь сайхан ч эрх чөлөөтэй дуулах газрыг л тэр мөрөөднө. Тэр мөрөөдлийн эхлэл Дэрэн сумын Улаан булангийн концерт. 1946 онд 15 настайдаа тэрээр анх удаа нийслэлд хөл тавьж, “Идэр жинчин” уртын дуугаар Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярт оролцлоо. Энэ дууг түүний багш, зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва гуайн хувилбараар ард түмэн андахгүй байх. Залуу идэр жинчдийн жавхаа сүр, зорилго хүслийг илэрхийлсэн ийм нэг дууг эмэгтэй хүний хоолойн чадлыг гайхуулан дуулсан нь чансаатай эхлэл гэмээр. Үүнээс хойш жилийн дараа тэр Дэрэнгийн Улаан булангаас Дундговь аймгийн клубт дагалдан жүжигчин болсон байна. Энд тэр “Далан худалч”-ийн Алимаа, Эрдэнийн Доржийн бидон чирдэг урагшгүй хүүхдэд тоглож, “Учиртай гурван толгой” жүжгийн бүүвэйн дууг дуулснаа бахдан ярьсан байдаг.

МОСКВАГИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭЖ, АРДЫН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГЫН ДУУЧИН БОЛЛОО
1957 он. Дэлхийн залуучууд, оюутны их наадам Москва хотноо болох жил, аймгийн клубын жүжигчин Н.Норовбанзадын алдраа цуурайтуулах чухал он цаг. Тус наадамд оролцогчдыг шалгаруулах уран бүтээлчдийн баг орон нутгуудаар явжээ. Энэ үеэр Дундговь аймагт ирсэн шалгаруулалтын багийн гишүүн Д.Янжинлхам багш “Сэрүүн сайхан хангай” дууг сэтгэл сэргэж, цээж тэнийтэл дуулах Н.Норовбанзадын цээл сайхан хоолойг бахархан онцолж, “Энэ хүүхдийг заавал явуулаарай” хэмээн захиж байсан гэдэг. Улмаар Н.Норовбанзад хотод бусад оролцогчдын хамт хоёр сар бэлтгэл хийж, Москвагийн уртын дууны зургадугаар фестивалыг зорьсон байна. Энэ наадмын анхны алтан медалийг хүртсэн ээжийнхээ тухай охин Б.Дэлгэрмаа нь “Сэрүүн сайхан хангайн бал бурам амтагдсан цэвэр салхи үлээж түргэн урсгалт голын харгиа чихнээ шуугин сонстох мэт сэтгэлийн их цэнгэл эдлүүлэх “Сэрүүн сайхан хангай” дуугаар ээжийн уртын дууны замнал эхэлсэн.
“Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урсана аа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ...” гээд л ээжийн минь уянгалаг цээл хоолой цангинах бүрд л эрхгүй л огшдог. Энэ дуу ээжийг минь ард түмэндээ танигдан хайрлагдсан уртын дууч болгосон төдийгүй, 1974 онд ЮНЕСКО-д Монголоос бүртгэгдсэн соёлын биет бус өвд мөнхөд хадгалагдсан шүү дээ” гэж догдлонгуй агаад бахдангуй хуучилна. Москвагийн уртын дууны их наадмаас том шагнал хүртээд ирж буй залуу охин эргээд аймгийнхаа клубт байгаад байна гэж үгүй. Амжилт ямагт боломжийг урин дууддагийн жишгээр тэр уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд багтаж, урьд очих нь бүү хэл бодож, зүүдэлж ч байгаагүй хоёр улсад тоглолтоор хөл тавьсан нь Франц, БНХАУ. Уг тоглолтоос ирэхэд нь Ардын дуу бүжгийн чуулга түүнийг тосож авах нь тэр. Ингэж тэр амьдралынхаа 50 оныг элээсэн Чуулга, эрхэм багш, уртын дууны нэрт мастер агуу Ж.Дорждагва хоёртойгоо учран золгосон түүхтэй. Ардын дуу бүжгийн чуулгад 1957-1992 он хүртэл ажиллаж, СУИС-д уртын дууны анги нээн, уртын дуугаа ирээдүй хойчдоо өвлүүлэн сургахаар багшилж байжээ.
.jpg)
ХАНИЙН ХАЙРАНД ЭРХЭЛСЭН ОН ЖИЛҮҮД
Хорь ч хүрээгүйн дээр ховорхон хоолойтой сайхан охинд хайр дурлалын харц онож тусахгүй байна гэж мэдээж үгүй. Тэрбээр Ардын дуу бүжгийн чуулга, Москвагийн их наадмаас өмнө насны ханьтайгаа учирчээ. Энэ хүн бол “Зам”, “Сүүлчийн буун дуу” зэрэг олон сайхан роман, тууж бичсэн, үргэлжилсэн үгийн нэрт мастер Намсрайн Банзрагч юм шүү дээ. Өөрөөс нь тав ах, аймгийн сонины эрхлэгч энэ залуугийн эцэг, эх Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас гаралтай. Гэсэн ч өртөөний албанд дайчлагдан ах, дүүсийн хамт Завхан аймгийн Алдархаанд суманд суурьшсан аж. Дэрэн сумын Улаан булангийн сайн дурын уран сайханч Н.Норовбанзадтай учирсны тухайд тэр албан ажлаар энэ суманд ирж, нэгэн охинд захиа дамжуулан өгч байхдаа анх харж, танилцжээ.
Н.Норовбанзад дуучин ханийгаа анх харж байсан тухайгаа “Нүдэнд дулаахан, дугуй бор царайтай, давхраатай алаг нүдтэй, өтгөн хар халимагтай, жигдхэн цагаан шүдтэй хөөрхөн хархүү нүдэнд туссан” гэж бичсэн байдаг. Хайр сэтгэлийн учир ургуулж, гал голомтоо бадрааж, Дундговь аймгийн Мандалговь суманд амьдарч, анхны үрээ өлгийдөн авсан тэд нэг нь ирээдүйд Зууны манлай уртын дуучин, нөгөөх нь үргэлжилсэн үгийн нэрт мастер, зохиолч болно гэж зүүдлээ ч үгүй байх. Мандалговьд хоёр он угтсаны хойно гэр бүлээрээ аймгийн төв рүү нүүж, гэргий Н.Норовбанзад нь Шүүх, үйлдвэрчний эвлэлд бичээчээр хэсэг ажиллажээ. Гэсэн ч тэрбээр мөнхөд өөрийг нь хөглөж, амьдралыг нь аз жаргалаар тэтгэдэг урлаг, уран сайхнаасаа алхам ч холдоогүй. Харин ч аймагт болох концертуудад идэвхтэй оролцож, дуулахаасаа өмнө дөрвөн мөрт шүлэг хүртэл уншчихдаг байсан гэдэг. Тийн унших шүлгийг хань нь бичиж өгдөг байжээ. Ингээд залуу хосын ажил, амьдрал аятайхан дэвжиж, гэргий нь аймгийн клубт, гэрийн эзэн нь Соёлын хэлтсийн дарга болж дэвшсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа багаасаа шүлэг, зохиол оролдсон Н.Банзрагч улсын уралдаанд “Цэрмаагийн баяр” жүжгийн зохиолоороо хоёрдугаар байр эзэлж, тэр баярт мөчөөс таван жилийн хойно Н.Норовбанзад дуучин “Сэрүүн сайхан хангай” дуугаараа Москвагийн наадмаас алтан медаль хүртсэн байдаг.
Аавынхаа тухай охин Б.Дэлгэрмаа нь “Аав ээж хоёрын уран бүтээлээ туурвиж байсан цаг үе өөр байсан. Аав бага сургуульд сурч байхдаа шүлэг оролдож, 15 настайдаа сэтгүүлд “Зун” гэх анхны шүлгээ хэвлүүлж, зохиолч болох замналаа эхлүүлсэн байдаг. Тэгээд 1957- 1982 он хүртэл “Утга зохиол урлаг” сонинд ажиллахдаа гэрийн бараа ховор хардаг, сурвалжилга, томилолтоор байнга явна. 1982 оноос мэргэжлийн зохиолч болсноос хойш гэртээ сууж зохиол бүтээлээ туурвиж, зохиолч нөхөдтэйгээ уулзах гэж Монголын зохиолчдын хороо руу хааяа явдаг байлаа. Аав минь үг дуу цөөтэй, ээжтэй бол үргэлж л хүүрнэлдэж байдаг сан. Урлагийн хүний ар гэр, амьдралыг дааж явна гэдэг амаргүй ч хэдийдээ зохиол бүтээлээ амжуулж туурвидаг байсныг нь одоо ч бид гайхан биширдэг. Ээжийн минь хамгийн дотны сонсогч, дэмжигч, шүүмжлэгч, уртын дууг дээдлэн шүтдэг, урлагийн торгон мэдрэмжтэй хүн байсан. Мэдээ орсон цагаасаа л ээж, аавынхаа дуусашгүй дотны яриа, элгэмсэг халуун хайрыг мэдэрч өссөн дөө, бид. Аавын уран бүтээлийг ээжгүйгээр дүрслэх, төсөөлөх боломжгүй. Аль ч зохиол, бүтээлийг нь уншихад хамгийн гэгээлэг сайхан дүрд ээжийг минь, үр хүүхэд биднийгээ шингээн туурвисан байдаг” гэж дурссан юм.
Харин ээжийнхээ тухай “Ээж минь маш нягт нямбай, цэвэрч, сайхан хоол хийдэг, хийж чадахгүй зүйл гэж байхгүй жинхэнэ төгс төгөлдөр эмэгтэй байсан. Дуулахаас гадна олон авьяастай. Тоглолтынхоо дээл, малгайны загварыг өөрөө гаргадаг, юмыг зохиож, бүтээж хийх дуртай хүн байлаа. Очсон орон газрынхаа соёл, ахуй амьдралыг их ажигладаг, энэ зүйлийг ингэж хэрэглэвэл Монголын орчин нөхцөлд зохих юм байна гэх ухааныг олдог байсан. Аливаа зүйлийг хэлэхээс илүү үйлдлээрээ үлгэрлэн үзүүлнэ. Ажилдаа явахаасаа хоёр цагийн өмнө босож, хоол ундаа бэлдэж, нүүрээ будчихаад явдаг байсан. Үргэлж өөрийгөө тольддог, дэгжин эмэгтэй байсан шүү” гэж ярьсан.
УРТЫН ДУУГАА ТЭР ДЭЛХИЙД ЦУУРАЙТУУЛАГЧ БАЙЛАА
Улаан залаатай булган малгай, эхнэр үс, мөнгөн гоёл унжуулж, дээлнийхээ гадуур өмссөн гоёмсог торгон нөмрөг бол түүний давтагдашгүй гоёл. Нарийхан хөмсөг, танан цагаан шүд, хацрын улаан нь цаанаа нэг донжтой. Үндэсний дээл хувцсаа ингэж сайхан иж бүрэн өмсөж, уртын дуугаа хадаах гэж л төрсөн энэ эмэгтэй бүхний харцанд содон, түмний сонорт тодхон. Уул тал, ураг садны найран дээр л дуулагддаг байсан уртын дууг Дундговь нутгийн дууч нэгэн бүсгүй дэлхийд цуурайтуулна чинээ хэн санана. Нэрт дуучин Н.Норовбанзад уртын дууны олон зүйлд анхдагч байсныг онцлох нь зүйтэй байх. Уртын дууны гайхамшгийг түгээн дэлгэрүүлж, өвөрмөц хоолойныхоо чадал, авьяасыг бишрүүлэн цуурайтуулаагүй улс, орон гэж түүнд үлдээгүй л болов уу. Заримаас нь дурдвал, Франц, Дани, Орос, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Бангладеш, Герман, Итали, Чехословак, Унгар, Болгар, Польш, Югослав, АНУ зэрэг оронд тоглолтоор очиж байжээ. Эдгээрээс Япон Улсад хамгийн олон удаа тоглосон байдаг байна. Үүгээрээ тэр тал нутгаас уртын дуугаа дуулж, дэлхийг тойрсон эмэгтэй болсон билээ. Очсон газрынх нь хэн бүхэн түүний хоолойг гайхан биширч, бахдан шүтэж байсан тухай яриа, түүх арвин. Тухайлбал, Японы NHK концертын танхимд анх удаа дуулсан монгол дуучин болж, түүний дуулахыг сонссон япон хүмүүс “Эх дэлхийгээс тасран сансар огторгуйд дүүлэх мэт, нарт ертөнцөд хүмүүн болж төрсөндөө талархаж буй мэт” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Мөн түүний дуулахыг сонссон нэгэн франц хүн “Оргилуун дарс бүхий болор хундага жингэнэн дуугарахыг сонслоо” хэмээн уулга алдсан гэдэг. Ийнхүү дэлхийд гайхагдсан түүний дуу хоолойг ханатал алмайран чагнаж, дахиулан сонсох хувь зөвхөн монголчуудад тохиосон гэж гэхээр дахин дахин огшмоор.
Н.Норовбанзад дуучны авьяас, билгийг зөв чиглүүлэн сургасан эрхэм хүндтэй багш нарыг нь дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Түүнийг аймгийн клубын уран сайханч байхад нь олж мэдэрч, Москвагийн уртын дууны их наадамд хөтөлж, олонд, түүний дуулалтыг олонд таниулах гарааг тавьж өгсөн эрхэм бол Д.Янжинлхам. Дараа нь Ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байсан алдарт Ж.Дорждагва гуай Н.Норовбанзадыг угтан авч, олон сайхан дуу зааж сургажээ. Ийм агуу уран бүтээлчдийн шавь болсноороо тэр ч мөн азтай. Тэдний зөв чиглүүлэг авьяас, билгийг нь ургуулан тордож, тэднийхээ итгэлийг дааж, бахархал нь болж чадсан байна. Мэдээж түүнд ч бас уртын дуучин Д.Цэвээнсүрэнгээс эхлээд олон шавь бий. Тэр дундаа 1974 онд байгуулагдсан “Уртын дуучдын түр сургууль”-аас Ш.Чимидцэеэ, А.Нэргүй, Д.Баттөмөр, Б.Сарантуяа, Ж.Нансалмаа Б.Гэрэлтогтох, Г.Тэрбиш зэрэг шавь нар нь төрсөн байна. Харин Ц.Чулуунцэцэг, Т.Алтантулга, Ц.Дашцэрмаа, Ц.Дэлгэр, Б.Батмэнд нар түүний отгон шавь юм. Н.Норовбанзад дуучнаар дуулах эрдэм заалгасан бүх шавь нь багшийгаа дурссан байдаг. Ингээд бид зарим шавьтай нь дурсамж яриа өрнүүлснээ хүргэе.
АРДЫН ЖҮЖИГЧИН Ш.ЧИМЭДЦЭЕЭ: НОРОВОО БАГШ МИНЬ ИХ ӨВӨРМӨЦ ХООЛОЙТОЙ, ЦАНГИНАСАН ДУУЛАЛТТАЙ ХҮН БАЙЛАА
Түүний ууган шавь нарын нэг Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ “Арав гаруйхан настайдаа л бид багш дээрээ ирж байлаа. Энэ гайхамшигтай хүний дуулахыг радиогоор сонсож байснаас уулзаж байгаагүй юм. Тухайн үед магнитофон гэж байхгүй. Багш зөвхөн хоолойгоороо л хичээлээ заана. Багштайгаа өнгөрүүлсэн дурсамж олон бий. Тэдгээрийн дотроос санаанаас гардаггүй нь 1988 онд Ардын дуу дуулаачдын анхдугаар уралдаан боллоо. Энэ уралдаанд орох оролцогч 12 дуу бэлдэх юм. Би ч оролцохоор Сүхбаатар аймгаас ирлээ. Тэгсэн бие нэг эвгүй оргиод болдоггүй ээ. Багшдаа “Миний бие эвгүй байна, би больдог юм уу” гэсэн чинь “Тэгж болохгүй, ирчихээд буцна гэхдээ яадаг юм” гээд “Манайд очъё” гэж байна. Гэртээ очоод надад сайхан амттай хар шөл буцалгаж, цай чанаж өглөө. Миний хөлс гараад жигтэйхэн сайхан боллоо. Ингээд багш “За, чи одоо Ардын дуу бүжгийн чуулгад очиж сургуулилалтаа хий. Явахдаа Цэдэнбалын байшингийн урдуур гараарай. Тэнд нэг ногоон мод байдаг юм, тэрийг сайн хараарай” гэсэн. Сүүлд нь судлахад, ногоон өнгө хүний сэтгэлийг сэргээж, тайвшруулдаг юм байна. Багш тухайн үед тэрийг мэдэж байжээ. Багшийнхаа тэр их энэрэл хайр, ухааны дэмээр уралдаандаа ороод, би түрүүлж байлаа шүү дээ” гэж дурссан юм.
Мөн “Багшийн ярьсан бүхэн одоо ч их тод. Сүүлд би гавьяат болчихоод “Багш аа, би тэгж дууллаа, тэд дахиуллаа” гээд ярив аа. Гэтэл багш ер юман чинээ ойшоож үзэхгүй “Болоогүй болоогүй, чи дуулах болоогүй. 55 наснаасаа хойш л сайн дуулж магадгүй” гэж байсан. Тэр үнэн байсан байна лээ. Би 55 наснаасаа хойш олон цомог гаргасан. Мөн гурван актав том дуу дуулсан. Тэгэхээр багш хүн бол шавийнхаа судлаач, шавь нь судлагдахуун нь байдаг юм билээ. Намайг “Энэ гайгүй юм бичдэг хүн болно” гэдэг байсан. Миний багш их өвөрмөц хоолойтой, цангинасан дуулалттай хүн байсан. Багшийн хоолой шиг содон дуугаралттай хүнтэй би дахиж таараагүй, одоо ч төрөөгүй байж мэднэ” гэв.
МУГЖ Б.БАТМЭНД: БАГШИЙН МИНЬ УРТЫН ДУУ ДУУЛАХ ЧАДВАРЫГ ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН
Говь-Алтай аймгийн Тонхил сумаас 1993 онд СУИС-ийн Уртын дуучны ангид шалгалт өгөхөөр ирсэн, түүний отгон шавь нарын нэг бол Гавьяат жүжигчин Б.Батмэнд. Тэрбээр багшийнхаа тухай “СУИС-д шалгалт өгөхөд бор дээлтэй эмэгтэй надаас сонсголын шалгалт авлаа. Толгойныхоо орой дээр хоёр хуруугаа гаргахаар нь “Хоёр өнгө дуугарч байна” гэсэн чинь “Сандрахгүй бол чи сонсож л байна шүү дээ” гэснээр би шалгалтдаа тэнцэж байлаа. Ингэж би Н.Норовбанзад багшийнхаа шавь болж байлаа. Урлагийн хүний сахилга бат, ёс зүй, хөдөлмөрлөх чадвар, тэсвэр тэвчээр, дуу хуураа яаж сурч, хийж буй бүтээлдээ хэрхэн чин сэтгэлээсээ хандах гээд бүхнийг нэвт шувт биедээ шингээсэн хүн бол Норовоо багш. Миний хувьд 28 жил дуулж байна. Олон сайхан уран бүтээлчтэй ажиллаж байна. Тэр дундаас гарцаагүй урлагийн хүн ямар байх ёстойг биедээ бат суулгаж байж 70 гаруй нас хүртлээ дуулах юм байна гэдгийг биеэрээ үлгэрлэсэн хүн. Багш маань 2002 онд бурхан болсон. Гэтэл тэр оныхоо зургадугаар сард л дэлхийн шилдэг дуучдын тоглолтод оролцоод, дуу хоолойгоо гайхуулаад явж байсан хүн шүү дээ. Багшийн минь уртын дуу дуулах чадварыг дэлхий үнэлсэн. Шавь нартаа заах барил нь өөрөө аялж өгөөд, даган дуулуулах. Шавь нарынхаа сэтгэлзүйг мөн сайн мэдэрч, тэр дагуу ажилладаг байсан. Өнөөдөр би шавь нартаа багшаасаа сурсан заах арга барил, дуулах эрдмээс зааж байгаа. Ер нь багшаасаа ганц дуулах биш, бүх л зүйлийг нь сурч, шингээж авсан даа” гэлээ.
Монгол түмнийг хоёр зуун дамнуулан дуу хуураараа цэнгүүлэн жаргааж буй монгол үндэстний биет бус өв болох уртын дууг өнөөдрийг хүртэл монгол хүний цээжинд эгшиглэх, зүүдлэн санагалзах хязгааргүй орон зай болтол нь бүтээсэн олон авьяастны гол төлөөлөгч нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзад билээ. Түүний дуунуудыг багтаасан пянзаас “Уяхан замбуу тивийн наран” дууг нь яг одоо сонсож сууна. Тэр яар аргагүй талын Монголын уртын дууг дэлхийд цуурайтуулсан хүчирхэг дуу хоолойн эзэн мөн ажээ.
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД... |
|