• Өнөөдөр 2024-05-03

THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг

2023-09-09,   2757

  Орчин цагийн урлагт уран бүтээл өнгө аясаараа аргагүй ялгардаг хүн бол реппер Thunder буюу Б.Өлзий-Учрал билээ. Тэрбээр “Backyard” тэмцээний ялагч болсноор “Тоонот” прокдашнд харьяалагдаж, олонд танигдаж  эхэлсэн. Тэр цагаас хойш тасралтгүй  уран бүтээлээ туурвиж, ”Бүгд о-гээс эхэлдэг”, “Дандаа даардаг охин”, “Ганцхан шалтгаан  зэрэг” хит дуунуудыг бүтээж, өөрийгөө урлаж, залууст үлгэр дуурайлал болсоор байгаа билээ.  Thunder Монгол Улсын Их Сургуулийг программ хангамжийн мэргэжлээр төгссөн.   Харин нэг л өдөр  эзэмшсэн мэргэжлээ орхиж мөрөөдлөө дагасан гэдэг.   Харин одоо тэр  “Нэг л өдөр” анхны бие даасан тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийж, өнгөрсөн арван жилийн тайлангаа үзүүлэхээр догдлол дүүрэн хүлээж байна.

Бид түүний тоглолтын бэлтгэл үеэр ярилцсанаа хүргэж байна.

-Сайн байна уу, анхны бие даасан тоглолтоо хийх гээд догдлол дүүрэн байгаа байх. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байгаа вэ?

               - Чанартай тоглолт үзүүлэхийн тулд өдөр болгон бэлтгэлээ хийж байна.  Өнгөрсөн арван жилийн хугацаанд хийсэн бүх  дуугаа л дуулахыг зорьж байгаа. Тоглолтынхоо өмнө сонсогчдодоо бэлэг болгож нэлээн хэдэн дуу цацсан. Үнэндээ энэ жил л тоглолтоо хийхгүй бол дахиж ийм том хэмжээний тоглолт хийж чадахгүй юм шиг мэдрэмж төрсөн юм. 

-Thunder ямархуу хүүхэд байв?

               -Айлын ганц хүү болоод ч тэр юм уу, би нэлээд зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг хүүхэд байсан.  Бас нэлээд “шар”-тай бууж өгөх дургүй байлаа. Хорооллын эцсийн хойд хэсэг Улаанбаатарын хамгийн  харанхуй газрын нэг байхад би тэнд өссөн. Тэр үед ах нар өргөн өмд өмсөж, томдсон малгайтай цамцтай гудамжаар хип хоп дуу  дуулдаг байлаа.  Тэрийг нь дуурайж явсаар нэг л мэдэхэд энэ урсгалд автсан байсан даа. Ер нь миний үеийн хүүхдүүд хип хоп хөгжмөөр хүмүүжсэн.

               Ганцаараа байх дуртай хүн чинь дуугаар “хань” хийж, хэт их сонсох тал байдаг. Тэр утгаараа миний хүүхэд насны хамгийн сайн найз дуу хөгжим байсан. Би багадаа шүлэг зохиодог байлаа.  Тэрийгээ “Авьяасаа ашиглаад, яагаад дуу хийж болохгүй гэж” бодоод, сурагч байхдаа анхны дуугаа хийж байлаа.

-Таны бөхийн зодог, шуудаг өмссөн зургийг харж байсан юм байна. Хүүхэд байхдаа барилддаг байсан юм уу?

               -Ахлах ангидаа сонирхож, Биеийн тамирын сургуульд багш, дасгалжуулагчаар сурч байлаа. Тэгээд гараа гэмтээгээд, жоохон зүрх “үхээд” МУИС-д элсэж байсан даа.  Хүссэн хүн болгон тамирчин болохгүй шүү дээ.

-Тэгвэл өнгөрсөн арван жилд Өлзий-Учрал хэр өөрчлөгдсөн байна вэ?

               -Би өөрийгөө илүү тайван болсныг анзаарсан. Бас хүссэнээрээ  амьдарч, тодорхой хэмжээний амжилтад хүрсэн байна.  Тоглолтоо өөрийнхөө чадах хэмжээнд хамгийн сайнаараа хийгээд, чимээгүй орчинд хэсэг ганцаараа байна.  Тэгэхдээ ирээдүйд юу хийх, өнгөрсөнд юу хийснээ эргэцүүлж, өөртөө амарна.

-Анхны дуугаа цацсан уу, авдрынхаа ёроолд хадгалсан уу?

               - Тэр “хүнд” нийгмийн сэдэвтэй хип хоп дуу байсан. Одоо ч миний компьютер дээр хадгалаатай байгаа. Би өмнөх  дуунуудаа “Авдрын ёроол” гэх контентоор цацдаг. Анхны дуугаа цацах бодол бий.  Ерөнхийдөө “Авдрын ёроол”-ын дуунууд миний дотоод хүн, амьдралын түүхийг харуулсан байдаг. Бусад нь олон нийтэд зориулсан арилжааны болон урам зориг өгөх зорилготой дуунууд.

-Тэгвэл  цалин өгсөн анхны тайз хаана байв?

               -Их сургуулийн оюутны арга хэмжээнд анх дуулж байлаа.  Тэнд миний дууг мэдэж, намайг дуулахыг сонирхож байсан  хүн бараг байгаагүй.  Тэр үед их эвгүй санагдаж байсан ч дуугаа дуулж дуусгаад л буусан даа. Тухайн үед 50000 төгрөгөөр л дуулж байсан байх.

“Хамгийн хайртай дуугаа хэл”  гэвэл би “Ганцхан шалтгаан” гэж хэлнэ 

-Таны урам зориг өгсөн дуунуудаас “Ганцхан шалтгаан”-ыг онцлохгүй байхын аргагүй.  Тэр дуу бүтсэн талаар дурсамжаа яриач?

               -“Хамгийн хайртай дуугаа хэл”  гэвэл би “Ганцхан шалтгаан” гэж хэлнэ.  Энэ дуу бүтэж эхлэх цагаасаа л надад олон сайхан мэдрэмжийг өгсөн. Маш хурдан хугацаанд бүтээгдэж,  хит болсон. Тэр чинээгээрээ олон хүнд урам зориг, амьдрах итгэл, тэмцэх хүч өгсөн нь дууны сэтгэгдлүүдээс харагдана. Заяа эдгэрээд над руу залгахад өмнө авч байгаагүй сайхан мэдрэмжийг мэдэрсэн. Ер нь дуу хөгжим хэрэггүй зүйл биш гэдгийг энэ дуу нотлох байх.

-Эерэг мессеж өгсөн дуу олон гаргах тусам хүмүүс уран бүтээлчийг нь үргэлж эерэг, сайн хүн байх ёстой юм шиг хүлээж авах үе бий. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

               -Тэдний буруу биш ч намайг тэгж хүлээж аваад, яг л өөгүй хүн мэтээр хараад байдаг. Угтаа би бусдын  л адил сул өмд, малгайтай цамцаа өмсөөд, өөрийнхөө алдаж, онодог хүн шүү дээ.  Байгаагаар минь хүлээж зөвшөөрөөсэй л гэж хүсэж байна.

 -Саяхан цацагдсан “Хөхөө шувуу домог” гэх дууны талаар яривал, ээждээ зориулсан уу?

               -Надад хэн нэгэнд зориулж гаргасан уран бүтээл байхгүй. Зүгээр л өөр төрсөн мэдрэмжээ л илэрхийлдэг.  Энэ дууны хөгжмийг сонсож байхад үгнүүд нь аялагдаад байсан. Тэгэхээр миний зүрх сэтгэлээс гарсан гэсэн үг.

-“Реп дэмбээ”-д орж байсан үеэр эргэн дурсвал, одоо бичлэгээ эргээд үзэхэд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

               -Миний амьдралын хамгийн сайхан он цаг магадгүй тэр үе байх. Хичээлээ тараад л тийшээ гүйдэг байлаа. Одоо бодоход их амгалан ч байж. Зарим хүмүүс өмнөх бичлэгүүдээсээ ичээд, устгуулах гээд байдаг юм билээ. Би бол ичдэггүй, 17 настай хичээл зүтгэлтэй хүү байж дээ л  гэж хардаг.  

-“Backyard” тэмцээн, “Тоонот”-ынхны талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?

               -Backyard бол миний амьдралын нэг шинэ эргэлтийн цэг байсан.  Тоонот бол миний хоёр дахь гэр бүл. Амьдрал, ажил гээд бүхий л цаг хугацаа хамт өнгөрөөж байна даа.  Бид хэд нэгнийхээ хөгжилтэй бичлэгийг хийж хошигнох дуртай. Бас ажиллах үедээ тултал гар нийлж чаддаг.

-Үеийнхээ уран бүтээлчдээс  хэнтэй нь илүү ойр дотно вэ?

               -Тэр, энэ гээд хэлэхэд хэцүү юм, бүгд л адилхан шүү дээ. “Ганцыг нэрлэ” гэвэл Mийгаа/Maberrant/-г хэлэх байх.  “Рэп дэмбээ”, “Backyard” гээд бүх л цаг үе нөхөрлөж, хоорондоо өрсөлдөж хамт байна.

-Ярилцлагын төгсгөлд сонсогч нартаа хандаж үг хэлээч?

               -Арван жилийн турш надтай хамт байсан бүх хүнд баярлалаа. Та нарын нүдний өмнө нь өнөөдрийн Thunder бий болсон байна. Өнгөрсөн хугацаанд уран бүтээлээрээ дамжуулан та нарт хань болж, ганцаардуулаагүй гэж найдаж байна. Би та нартаа байх даа  үргэлж жаргалтай байдаг. Сошиал сүлжээнд бичсэн бүх сэтгэгдлийг нь уншдаг шүү, цаашдаа ч хамтдаа байцгаая.

 

 


THUNDER БУЮУ Б.ӨЛЗИЙ-УЧРАЛ: Хэн нэгнийг ганцаардсан үед миний дуу хань болоосой гэж хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188